Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 175

 

Т.Б- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Наранчимэг,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1902002830178 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн Т..............йн ..........., 20......... оны .......  дүгээр сарын ..........-ний өдөр ............ аймгийн ........... суманд төрсөн, .............настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ............. дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 6-260 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............ /,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 2.2965 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч .............. овгийн .............. хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Т.Бд энэ тогтоолоор шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Т.Бд шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, тус ялыг нээлттэй сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Бын цагдан хоригдсон нийт 34 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цагаан өнгийн гялгар уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.1271 грамм, цэвэр жин 1.2275 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1.1271, улаан өнгийн уутанд шар ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 2.4500 грамм, цэвэр жин 1.0690 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.9545 грамм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие цаашид Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн гэмт хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа, цаашид гэмт хэрэг дахин үйлдэхгүй болно. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж, Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б нь “миний өмнө үйлдсэн хулгайн гэмт хэрэг байгаа учраас одоогийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ хулгайн гэмт хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэргийг нэгтгэх тухай асуудлыг ярьсан. Гэхдээ тухайн хулгайн хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэн гэдэг мөрдөгч дээр байгаа нь тодорхойгүй байсан учир тухайн үед лавлагаа авах ямар нэг боломж байгаагүй. Иймээс анхан шатны шүүх хулгайн хэрэгт нотлох баримт байхгүй учир хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Т.Б нь өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож байгаа. Би өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн дэслэгч Өлзийжаргалаас прокурорын тогтоолыг нь хуулбарлаж авсан. Энэ тогтоол нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоол бөгөөд энэ тогтоолоор Т.Б нь 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдэж, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Т.Б нь хулгайн гэмт хэргийг 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдсэн, одоогийн ял шийтгүүлж байгаа хэргийг 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээсээ хойш дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байгаа этгээдийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт гэж үзэн энэхүү яллах дүгнэлтийг хэрэгт хавсаргах саналтай байна. Мөн хүнд ял оногдуулж болох хэрэгт нь хөнгөн ялыг багтааж шийдвэрлэх боломжтой тул Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ш.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 2.2965 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Т.Бын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон. Мөн өмнө нь үйлдсэн гэмт хэрэгт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан байсныг хорих ялаар сольж нэмж нэгтгэсэн энэхүү шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байна. Т.Бын хувьд Сонгинохайрхан дүүрэгт дахин гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагдсан байна. Харин энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар дээрх хэргүүдийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Т.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай 2.2965 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь:

 

насанд хүрээгүй гэрч Э.Пүрэв-Эрдэнийн “...тэгсэн цагдаа нар бид хоёрын биед үзлэг хийхэд Т.Бын халааснаас нь нөгөө ууттай өвс гарч ирсэн. Би тэр өвсийг Т.Б авсан байсныг мэдээгүй. Би тэр өвсийг хаячихсан гэж ойлгож байсан юм. ...” /хх 33-34/,

 

шүүгдэгч Т.Бын яллагдагчаар өгсөн “...Э.Пүрэв-Эрдэнэ уг мансууруулах өвсийг хаясан юм. Харин дараа нь Э.Пүрэв-Эрдэнэ “энд олон хүн байна авчих, өөр газар хаясан нь дээр байх” гэж хэлэхээр нь би тэр хаясан мансууруулах өвсийг авсан юм. Би тэрийг өөр газар хаяхаар авсан юм. Тэгсэн хаяхаа мартсан байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 56/ гэх мэдүүлгүүд,

 

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-14-15/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2326 дугаартай дүгнэлт /хх-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2095 дугаартай дүгнэлт /хх-43/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Т.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Т.Бын хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Т.Б “...Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2-д “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Т.Быг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байх бөгөөд шүүгдэгч нь хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас хэргийг нэгтгэн шалгах шаардлагагүй, ингэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх нөхцөл байдал тогтоогдохгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ