Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00066

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01307 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1908 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ү.Б-д холбогдох,

Гэрээний үүргээс учирсан хохиролд 13 369 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, нарийн бичгийн даргаар  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Ү.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр 50 мянгат, 17 дугаар байрны 1 давхарт байрлах 36 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 12 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан.

Ингээд уг обьектод үйл ажиллагаа явуулахад шаардлагатай засан сайжруулалт, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлж, элдэв зөрчил гаргалгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн, манай компани 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариу мэдэгдэл, хүсэлт явуулсан боловч албан ёсоор хариу өгөөгүй, 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд тухайн өрөөг суллахыг шаардаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсноор бидний зүгээс эд хөрөнгийн хохиролд орсон.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Лхагвадулам, Л.Даваахүү, Х.Алтансүх нарын өмч болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Б-ас гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хариуцагч нь түрээсийн гэрээг байгуулах эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 6 352 000 төгрөг, мөн түрээсийн байранд хийсэн засварын зардалд 6 837 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Сайн ломбард нь манай дэлгүүрт 2016 оны 03 сараас эхлэн байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Манай хүү хүнд өвдөж бид удахгүй гадагшаа удаан хугацаагаар явж эмчлүүлэх шаардлага гарсны улмаас дэлгүүрийн үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зогсоож хаахаас өөр аргагүй болсон. Энэ тухайгаа түрээсийн гэрээнд заасан ёсоор түрээслүүлэгч талд албан ёсоор мэдэгдэж, гэрээг цуцлах тухай саналыг тавьсан. Би засварын зардлыг баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч 2 837 500 төгрөгийг зөвшөөрч төлнө. Харин хаяг хийлгэсэн зардал 2 500 000 төгрөг, ажлын засварын хөлс 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн хаягийг “Т” ХХК нь өөрсдөө авч явсан, түүнийг дахин ашиглах боломжтой юм. Харин засварын ажлын хөлсөнд нэхэмжилсэн 1 500 000 төгрөг нь дээрх 2 897 500 төгрөгийн материалын зардалд багтсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 6 532 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ү.Б- нь гэр бүлийн гишүүн хамтдаа харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан тул эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Ү.Б-ас 9 537 500 төгрөгийг гаргуулах “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Б-ас нэхэмжлэл хангагдсан 9 537 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 167 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1908 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Б-ас 3 537 500 /гурван сая таван зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 832 000 /есөн сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Ү.Б-ас 71 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-иас 19 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүсгэдэг хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэнгүй.

Талуудын хооронд анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан бөгөөд үүний үр дагаварт тэрхүү гэрээний үүрэг гэж шилжүүлсэн бүхий л зүйлээ буцаан авах эрх Иргэний хуулийн 6 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан, нарийвчилсан заалтуудаар нэхэмжлэгч “Т” ХХК-д үүссэн байгааг дүгнэлгүйгээр, Иргэний хуулийн 51 дүгээр бүлэг буюу гэрээний бус үүргийн эрх зүйн харилцааг зохицуулдаг Үндэслэлгүйгээр хөрөнгөжихийн хэм хэмжээг хэрэглэж, Түрээсийн төлбөрт төлсөн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул түүнд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр түрээслүүлэгчийн зүгээс Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө шаардахад шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдал дээр дүгнэлт хийгээд, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэдэг мөртлөө яг ижилхэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр төлөөд, эргүүлээд төлсөн төлбөрөө шаардахад түрээсийн хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнээд байгаа нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь өгсөн авснаа буцаан шилжүүлдэг үр дагаврыг аль ч тохиолдолд үүсгэж байдгийг шүүхээс ялгамжтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, улмаар Иргэний хуулийн тухайн эрх зүйн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болгоогүй нь алдаатай болсон байна. Харин хоёр шатны шүүхийн маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлтэд тулгуурлан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ү.Б-ас түрээсийн гэрээ цуцласнаас учирсан хохиролд 6 837 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн ихэсгэж, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт шилжүүлсэн, мөн засварт зарцуулсан нийт 13 369 500 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2 837 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзжээ.

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Т” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр 50 000-ын 17 дугаар байрны 1 давхарт байрлах “Бадмаараг” дэлгүүрийн 36 мкв талбайг 1 жилийн хугацаатай барьцаалан зээлдэх газар ажиллуулах зорилгоор ашиглаж, сар бүр түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Гэрээний дагуу түрээсийн төлбөрт 6 000 000 төгрөг төлөгджээ. Гэрээ түрээслүүлэгчийн санаачилгаар цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Түрээсийн гэрээний агуулгыг тодорхойлсон Иргэний хуулийн дээрх зохицуулалтад түрээслүүлэгч гэрээний зүйлийн өмчлөгч байх шаардлага заагдаагүй байна.

Түрээс нь субъектын болон түүний үйл ажиллагааны зорилгын онцлогоос шалтгаалан эд хөрөнгө хөлслөх харилцааны тусгай төрөлд хамаардаг гэрээ юм.  Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний адил бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцааг үүсгэдэг учир түрээслүүлэгчийг зайлшгүй тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаггүй болно. Эдгээр гэрээний дагуу хөрөнгө нь зөвхөн эзэмшил, ашиглалтад шилждэг учир ийнхүү шилжүүлж буй этгээд нь хөрөнгийг эзэмших, ашиглах эрхтэй этгээд байх учиртай. Харин худалдах-худалдан авах, зээл, бэлэглэлийн гэрээгээр хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах буюу өмчлөх эрх шилждэг учир эрх шилжүүлж буй тал зайлшгүй өмчлөгч байх, эсхүл өмчлөгчийн эрхийг эдлэх эрх бүхий этгээд байх учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ү.Баттулгыг түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээд учир түрээслэх эрхгүй гэж үзсэн нь эрх зүйн хувьд алдаатай болжээ. Гэрээний зүйл болох эд хөрөнгийг Ү.Баттулгын гэр бүлийн гишүүд болох Л.Лхагвадулам, Л.Даваахүү, Х.Алтансүх нар өмчлөх эрхтэй байх нь Ү.Баттулгын дээрх эд хөрөнгийг бусдад түрээслэх эрхийг хязгаарлах, улмаар зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм. Эд хөрөнгийн өмчлөгч нар түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар ямар нэг шаардлага гаргаагүй, Ү.Баттулгын бүрэн эрхийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түрээсийн гэрээ түрээслүүлэгчийн санаачилгаар цуцлагдаж, гэрээ дуусгавар болсон ба хариуцагч тал нэхэмжлэлээс эд хөрөнгөд хийгдсэн засварын зардлын 2 837 500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, түрээслэгчээс ажлын хөлсөд төлсөн 1 500 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг хасахад маргах зүйлгүй гэж нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд тайлбарласан зэргийг харгалзан хариуцагчаас 3 537 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдлийг буруутгах үндэслэлгүй болно. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д зааснаар түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д зааснаар хөлслөгч нь талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй ба хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй байна.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас 3 537 500 төгрөг гаргуулж, мөнгөн төлбөрийн шаардлагаас үлдэх хэсгийг, мөн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1908 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.6., 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Б-ас 3 537 500 \гурван сая таван зуун гучин долоон мянга таван зуун\ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 832 000 \есөн сая найман зуун гучин хоёр мянган\ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5., 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6.-д зааснаар хариуцагч Ү.Б-ас 3 537 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, 9 832 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН