Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0393

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

Захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Ө-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Совдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харицуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал: Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” гэж тус тус заасан. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Засгийн газрын тогтоолын 6.1-д энэ тогтоолын 3, 4 дэх хэсэгт заасан байгууллагуудын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан “Б” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж “Б” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, татан буулгах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгасан.

Уг тогтоолоор өгсөн үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/130 дугаар тушаалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөллийг оролцуулан татан буулгах ажлын хэсгийг байгуулсан. Татан буулгах ажлын хэсэг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэсэн ба энэ хүрээнд Ажлын хэсгийн ахлагч Д.Совдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалыг гаргаж “Б” ТӨААТҮГ-ын 250 гаруй хүмүүсийг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон байдаг. ...Нэхэмжлэгч Ц.Өын хуучин ажиллаж байсан ерөнхий технологич гэсэн албан тушаал нь одоо байхгүй болж вактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч болж зөвхөн нэр нь өөрчлөгдөж тухайн байхгүй болсон албан тушаал дээр Ц.Өын эрх ашиг хэрхэн яаж зөрчигдсөн нь тодорхойгүй байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 32.2 дахь хэсэг “татан буулгах комисс томилогдмогц хуулийн этгээдийг удирдах бүрэн эрх уг комисст шилжинэ гэж” заасан тул ажлын хэсгийн ахлагч дээрх тушаал гаргах эрхтэй гэж үзэж байна. Татан буулгах ажиллагаатай холбогдон гарсан захиргааны актуудыг нотлох баримтын хүрээнд

гаргаж өгч байсан нь хэрэгт авагдсан байгаа.

Захиргаа болон иргэний хэргийн шүүх нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн харьяалал заагийг тухайн акт нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн эсэхээс хамаарч шийдвэрлэж, хариуцагчийг тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн акт нь Хөдөлмөрийн хуулийг баримталсан, шүүхээр шийдвэрлэгдэх маргаан нь Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах тул иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...300 дугаартай шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдыг  хариуцагчаар  татаж,

татан буулгах ажлын хэсгийн тушаалыг илт хууль бусад тооцож байгаа боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын эрх ашиг хэрхэн хөндөгдөх талаар дүгнэлт хийсэнгүй.

  1. Монгол Улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28.1 дэх хэсэг,

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 5 дахь хэсгээр татан буулгах комиссыг томилохыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасан байна.

  1. Төрийн захиргааны эрх бүхий 3 байгууллагын хамтарсан төлөөлөл татан

буулгах комисст орж ажилласан. Иймд татан буулгах ажлын хэсгийн тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдуулж илт хууль бусад тооцоод байгаа нь үндэслэлгүй байна.

  1. Б үйлдвэр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Засгийн

газрын тогтоолоор улсын төсөвт үйлдвэр болж бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан тул хөдөлмөрийн гэрээтэй ажиллагсдыг чөлөөлж, албан тушаалд дахин

томилсон нь иргэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зүйл биш бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтүүд хийжээ. Жишээлбэл: Хуулийн этгээд татан буугдаагүй, бүтэц, орон тоо өөрчлөгдөөгүй, ажиллагсдыг бөөнөөр халах үндэслэл байгаагүй гэх зэргээр хөдөлмөрийн маргаанд хамаарах иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байгаа асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

  1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар татан буулгах ажлыг

энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэл нь захиргааны байгууллагын гаргасан захиргааны актад хамааралтай тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдуулж татан буулгах комиссын шийдвэрийг илт хууль бусад тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

  1. Нэхэмжлэлд дурдсан татан буулгах комиссын шийдвэр нь Монгол Улсын

иргэний хуулийн 32.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1 дэх заалтад хамааруулж хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаанд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг журамтай. Гэтэл нэхэмжлэгч тал татан буулгах комиссын шийдвэрийг өөр шүүхэд хянуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, гаргасан шаардлага нь ажилд эргүүлэн томилуулах гэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

            Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Ө-оос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Совдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоол[1]-ын 2, 4 дэх хэсгээр “УИХ-ын 2017 оны 81, 82 дугаар тогтоолоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах”-ыг Засгийн газарт даалгасныг хэрэгжүүлэх зорилгоор “Б” ААТУҮГ /аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар-/ыг татан буулгаж, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд “Б” УТҮГ /улсын төсөвт үйлдвэрийн газар/ байгуулжээ.

Уг тогтоолын 5, 6 дахь хэсгээр зарим байгууллагыг татан буулгаж, шинээр байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгажээ.

Энэхүү Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаал[2] гаргаж, “Б” ААТУҮГ-ыг татан буулгах ажлыг хийж гүйцэтгэх ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совдоор ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Совдоос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаал[3]-аар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2018 оны 188 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Б” ААТУҮГ-ын ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлж, эдгээр ажиллагсдад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажиллагсадтай цалин хөлс, эд хөрөнгийн тооцоог холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод дүрэм, журмын дагуу хийж дуусгахыг Ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгон шийдвэрлэжээ.

1.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “хуулийн этгээдийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан үндэслэлээр татан буулгах”-аар заасны дагуу “Б” ААТУҮГ нь эрх бүхий

байгууллага болох Засгийн газрын шийдвэрээр татан буугдсан.

Мөн Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт “татан буугдаж, шинээр байгуулагдсан “Б” УТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх”-ээр даалгасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар[4] “шинээр байгуулагдсан “Б” УТҮГ-ын дүрэм, бүтэц”-ийг баталж, мөн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар[5] “Б” УТҮГ-ын Орон тооны хязгаарыг баталжээ. Үүгээр татан буугдахаас өмнөх үйл ажиллагааны журам, дүрэм, уг байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны бүтэц шинэчлэгдсэн байна.

Энэхүү шинэчлэгдсэн бүтэц, байгууллагын өмнөх бүтцийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын орон тоонд байсан “Үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологич” гэсэн орон тоо шинэ бүтцээр[6]  хасагдсан байна.

Гэтэл энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгээр “Б” ААТҮГ нь хуулийн этгээд болохын хувьд “Б” УТҮГ болж зохион байгуулалтын төрөл, хэлбэр, өөрчлөгдсөнөөс биш 32 дугаар зүйлд зааснаар татан буулгагдсан үр дагавар үүсгээгүй байна. ... Засгийн газрын дээрх тогтоолд заасанчлан тус газрын чиг үүрэг хадгалагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт орохооргүй байна. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” үндэслэл үүсэхгүй, зохион байгуулалтын бүтцийн хувьд зарим нэг өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй ч бүх албан хаагчдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гарааг цуцлах үндэслэл болохгүй.... “Б” УТҮГ-ын ажиллагсдыг чөлөөлж, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 47 дугаар зүйлийн 47.1.6 заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 5, 6 дахь хэсгээр “татан буулгах комисс томилж, татан буугдаж, шинээр байгуулагдсан байгууллагуудын дүрэм, зохион байгуулалтын бүтэц,  орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгажээ. Сайд нь энэхүү тогтоолд заасны дагуу 2018 оны А-130 дугаар тушаалаар “комисс байгуулж, өөрийн доод шатны бүтцийн газрын даргыг комисс буюу Ажлын хэсгийн ахлагчаар томилж, тушаалын 1 дэх хэсэгт “Б” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар,... татан буулгах...”, мөн тушаалын хавсралтын Ажлын хэсгийн удирдамжид “...“Б” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар,... татан буулгах...” ажлыг хийж гүйцэтгэхийг комисс буюу Ажлын хэсэгт үүрэг” болгожээ.

Үүнээс үзэхэд Ажлын хэсэг ахлагч Д.Совдоос “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар маргаан бүхий  Б/172 дугаар тушаалыг гаргасан”  гэж үзэх үндэслэлгүй харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагаас өгсөн үүргийн дагуу томилсон комиссын ахлагчийн хувьд “татан буулгах үйл ажиллагаанд хамаарах ажлыг гүйцэтгэсэн”  гэж үзэх үндэслэлтэй.

Тухайлан хэлбэл, Ажлын хэсгийн ахлагч Д.Совд нь өөрийн шууд харьяалах дээд шатны албан тушаалтан, сайдаас болон татан буулгах эрх бүхий байгууллага Засгийн газраас даалгасан “байгууллагыг татан буулгах” ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар хариуцагчаас “Ажлын хэсэг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу татан буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ хүрээнд Ажлын хэсгийн ахлагч Д.Совдын...Б/172 тушаалыг гаргасан” гэсэн тайлбарыг буруутгах, үгүйсгэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “Татан буулгах” гэсэн ажил, үйл ажиллагаанд татан буугдаж байгаа байгууллагын ажилтнуудыг чөлөөлж, тэдэнд тэтгэмж олгосон үйл ажиллагааг хамааруулсан эрх бүхий этгээд болох Засгийн газар, сайдын шийдвэрийг биелүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” хэлнэ,  мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой, тус шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байна.

Харин нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж байгаа маргаан бүхий Б/172 дугаар тушаалын зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж, байгууллагын орон тоо, бүтэц шинэчлэгдсэн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр, орон тоо нь хасагдсан. Үүний учир шүүхээс энэхүү маргаан бүхий тушаалыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарахаас өмнөх ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, ажиллах боломжгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй юм.

            “Б” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар[7] тус байгууллагын орон тоог хасч, шинээр орон тоо тогтоосны дагуу гарсан “Б” УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар[8] нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал нь маргаан бүхий Б/172 дугаар тушаалыг гаргасан албан тушаалтнаас гаргаагүй, маргаан бүхий Б/172 дугаар тушаалтай хамааралгүй, тусдаа гаргасан шийдвэр байгааг дурдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгчийн маргаж буй “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн ...ажлын хэсэг нь ажилтан, ажилтны төлөөлөгч нарт огт мэдэгдэхгүйгээр Б/172 тушаалыг гаргасан...илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.” гэж маргаж байгаа үндэслэл нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарна, харин илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй. Мөн хариуцагчаас гарган өгсөн “ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасны дагуу ажилтны төлөөлөгч нарт акт гарахаас өмнө 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн, уг мэдэгдэлд[9] нэхэмжлэгч  гарын үсэг зураагүй байгааг” нотлох баримтаар нэхэмжлэгчийн маргаж байгаа “актыг мэдэгдээгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд сарын өмнө, бөөнөөр чөлөөлөх тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэх ажил олгогчийн үүргийг, ажилтнуудын эрхийг хамгаалах зохицуулалтыг нэгэнт илт хууль бус актын энэ маргаанд тайлбарлах ч илүүц байна.” гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж ажлын хэсгийн ахлагч Д.Совдод холбогдох захиргааны хэргийн хариуцагчийн эрх залгамжлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн, гэтэл шүүхийн шийдвэрт[10] хариуцагчийг ажлын хэсгийн ахлагч Д.Совд байхаар тодорхойлсон нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан боловч нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ө-ын “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Совдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Б” ТӨААТҮГ-ын захирлын тушаалын хэвлэмэл хуудсаар гаргасан “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай Б/172 тушаалын 1, 2 дугаар хавсралтын Ц.Ө-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Б” УТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, мөн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 95-96 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 110-112 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 115-129 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас, 39-48 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 49-54 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 71 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 158 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 157 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтас 76-80 дахь тал

[10] Хэргийн 2-р хавтас 149 дэх тал