Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 242

 

Л.Гантөгст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Д.Булганцэцэг,

Өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа, Ц.Дэлгэрням,

Хохирогч Ж.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 504 дүгээр магадлалтай 201525021430 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 онд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй Батмөнх овогт Лянхцэцэгийн Гантөгс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алахыг завдах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Гантөгсийг хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 06 жил, 06 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 137 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Л.Гантөгсөөс 225.930 /хоёр зуун хорин таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа, Ц.Дэлгэрням нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Гантөгс хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Надад Ш.Мөнхжаргалыг алах зорилго битгий хэл санаа ч байгаагүй. Ш.Мөнхжаргалын мөр рүү хатгачхаад үйлдлээ зогсоосон үед Ш.Мөнхжаргал зугтаасан, хойноос нь “ална” гээд хөөсөн зүйлгүй. Гудамж руу харсан камерын бичлэгийг шалгах ёстой байсан. Хэрэг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон байхад хохирогч 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анхны тусламж авсан талаар шалгуулж тодруулах хүсэлт гаргасныг авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хохирогч Ш.Мөнхжаргал нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “эхнэр Сэргэлэнгийн хамт гэмтлийн эмнэлэгт очиж оёулсан” гэж мэдүүлдэг боловч эхнэр Сэргэлэн нь “2015 оны 08 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод ирсэн, ирээд Ш.Мөнхжаргалаас яасан талаар асуутал “ажлынхаа газрын гадаа зогсож байхад мөнгө зээлсэн нөхөр ирээд хутгалсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг болон 2015 оны 08 дугаар сарын 11-нд Гэмтлийн эмнэлэгт анхан шатны тусламж авч эмнэлэгт хэвтсэн баримт, мөн 2015 оны 08 дугаар сарын 05-наас 10-ны өдрийн хооронд яаралтай тусламж аваагүй гэх ГССҮТ-ийн тодорхойлолт, хүлээн авахын эмч О.Цэрэнгийн мэдүүлэг зэрэг баримтаар энэ хэрэгт намайг буруутгаж гүтгэж байгаа нь харагдаж байна. Ш.Мөнхжаргал нь эхлээд 3 сая төгрөг өг гээд өгөх гэхээр 5 сая, 10 төгрөг нэхэж үндэслэлгүйгээр сэтгэл зүйн дарамтад оруулж нэхэж байсан ба 2015 оны 08 дугаар сарын 11-нд бусдад шилээр цохиулчхаад намайг ашиглан буруутгаж, мөнгө салгах зорилгоор гүтгэж байна гэж бодож байна. Би өөрийн үйлдсэн хохирогч Ш.Мөнхжаргалын мөр, гар бугалаг руу хутгаар зүссэн үйлдэлдээ харамсаж байна, үүндээ тохирсон ял зэмийг хүлээхэд бэлэн байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...хэрэгт авагдсан нотлох баримт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийг зөрчсөн. Тухайлбал, CD бичлэгт үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хх-22-23/ нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд камерын бичлэгт авагдсан дүрслэлээс эрс ялгаатай буюу Л.Гантөгсийн гартаа барьсан зүйлээ сугалан авч далайж байгаа нь харагддаг болохоос 3 удаа далайлган буулгаж байгаа нь харагддаггүй юм. Мөн гэрч С.Цэрэндорж “...Мөнхжаргал хэлэхдээ, караокед байхад нэг нөхөр орж ирээд шилээр цохисон гэж ярьж байсан” гэж мэдүүлдэг. Нөгөө талаар 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хохирогч нь ГССҮТөвд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэдэг нь ГССҮТ-ийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн тодорхойлолтоор /хх-207/ үгүйсгэгддэг юм. Мөрдөн байцаагч нь “ ...ойчих үед энэхүү гэмтлийг авах боломжтой эсэх” гэсэн асуулт тавьж, энэ асуултад хариулт авах замаар тодруулсан нь учир дутагдалтай болсон байдаг. Л.Гантөгс нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан цагаасаа эхлэн Ш.Мөнхжаргалын толгой буюу дух хөмсөгний орчимд хатгаагүй, зүүн мөрөн, бугалаг орчимд хутгаар зүссэн гэдгээ хүлээн мэдүүлж ирсэн байдаг. Л.Гантөгс нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн байдаг, мөн түүнийг согтуугаар бусдын биед гэмтэл үчруулсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй бөгөөд түүнийг согтуу байсан гэдгийг нотолж байгаа хохирогч Ш.Мөнхжаргал, гэрч Г.Ган-Эрдэнэ нар өөрсдөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад тэдгээрийн мэдүүлгийг үндэслэж байгаа нь учир дутагдалтай болсон. Шүүгдэгч шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа явдлыг анхан шатны шүүх “үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшээгүй байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй болно. Ийнхүү хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь хэт яллах талыг барьж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хүн алах сэдэлт, зорилготойгоор хутга дэлгүүрээс худалдаж авсан гэх субъектив санаа тогтоогдоогүй. Л.Гантөгсийг бусдыг санаатай алахыг завдсан гэдгийг шууд, гарцаагүй нотолсон эх сурвалж байхгүй. ГССҮТ-ийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор /1-р хх-ийн 207-р тал/ хохирогч Мөнхжаргал нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл яаралтай тусламж аваагүй болох нь нотлогддог бөгөөд хүлээн авахын эмч О.Цэрэндоржоос мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой төдийгүй хэргийн эргэлзээтэй байдлыг нотолж байгаа болно. Мөн  ГССҮТ-ийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэл”-ийн хуулбарт /1-р хх-ийн 205-р тал/ хохирогч бусдад зодуулсан гэх /хутганы талаар огт бичигдээгүй/ бүртгэл, БХХСАХНЭ-ийн “тус эмнэлгээр ирж тусламж үйлчилгээ аваагүй” гэсэн тодорхойлолт зэрэгт ач холбогдол өгсөнгүй. Яллах дүгнэлтэд бичигдсэн яллах талын нотлох баримт болох 2 өөр шинжээчийн дүгнэлтүүдэд шүүх дүгнэлт хийлгүй яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Л.Гантөгс согтуурлын зэргийг тогтоогүй байхад шүүх согтуугаар үйлдсэн гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Мөн “хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй” гэж дүгнэсэн төдийгүй хохиролд 225.930 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Ш.Мөнхжаргалын /хх-ийн 1хх-ийн 177-178-р тал/ хэдийд авахуулсан нь тодорхойгүй зургуудыг хэрэгт хавсаргасан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хохирогч тухайн гэмт хэрэгт өдөөгчийн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй түүний зүй бус харьцаа, хохирогчийн сэдэл, зорилгын улмаас тухайн үйлдлийг хийсэн байдаг тул субъектив бүрэлдэхүүн үгүйсгэгдэж байгаа болно. Аливаа гэмт хэргийн бүрэлдэхүүн нь тухайн хэргийн нөхцөл байдалд хамааралтай объектив, субъектив бүхий л шинжийг агуулж байгаа эсэхээр тодорхойлогддог. Л.Гантөгсийг хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон гэж үзвэл ЭХ-ийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах байсан. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй төдийгүй Л.Гантөгсийн үйлдэлд хүнийг санаатай алъя гэх субъектив санаа зорилго тогтоогдоогүй байхад хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Гомдолд дурдаад байгаа дээрх нөхцөл байдлуудыг дурдахаас өөр аргагүй байхад дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүй урьдаас гэм буруутай, дахин ажиллагаа хийх шаардлагагүй гээд дүгнэчихсэн шүүгчдийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасанчлан ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэг гарах үед гэрч Ган-Эрдэнэ хажууд нь байсан. Энэ процесс нь тухайн караоке баарны камерын бичлэгт тодорхой бичигдсэн. Шүүгдэгч нь хэдийгээр толгойд хутгалаагүй гэдэг боловч хохирогчийн өмсөж явсан саравчтай малгайд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн 31 мм урагдал үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн мөрдөн байцаалтын тэмдэглэлд “...8 дугаар сарын 5-ны шөнө хохирогч Ш.Мөнхжаргал Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан...” талаар дурдсан. Мөн Л.Гантөгс нь 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 2100 цагийн үед дэлгүүрээс хутга худалдаж авсан гэдгийг тогтоосон. Уулзалт хийхээр товлосон цагаасаа хойш хутга худалдаж аваад “ална” гэж хэлээд дайрч байгаа үйлдэл нь бусдыг санаатай алахыг завдсан үйлдэл мөн юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Л.Гантөгс нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 2100 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “London street-28” караоке баарны үүдэнд иргэн Ш.Мөнхжаргалтай хувийн харилцаа буюу өр авлагын улмаас маргалдаж, улмаар түүний амь насыг нь хохироохоор завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх уг гэмт хэргийг харсан гэрч Г.Ган-Эрдэнийн “...нөгөө эрэгтэй хүн дөхөж ирээд “алаад хаячихъя, ална” гээд л зүүн суганаасаа сонингоор боочихсон нэлээд урт хутга гаргаж ирээд Ш.Мөнхжаргал ахын бие рүү хатгаад л явчихсан” гэх мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1085 тоот, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1395 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4423 тоот дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Л.Гантөгсийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчих буюу тодорхой гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг.

Шүүгдэгч Л.Гантөгс нь тодорхой цаг хугацааны явцад өр авлагын маргаантай байсан Ш.Мөнхжаргалтай утсаар маргалдсаны дараагаар, түүнтэй уулзахаар ирэх замдаа дэлгүүрээс зориуд хутга худалдан авч, хохирогчтой ирж уулзахдаа маргалдан, түүнийг “ална” хэмээн заналхийлж, хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай гэмтэл учруулж байгаа хандлага, уг гэмтлүүдийн байрлал, шинж чанар, улмаар хохирогч гэмтэл аваад зугтаахад араас нь хутга барин хөөж байгаа нөхцөл байдал, шүүгдэгчийн гаргаж байсан зан авир, заналхийлэл зэргийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлж тэрээр бусдыг алах санаа зорилготой байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч хэрэг учрал болсон газраас зугтаж амжсанаар Л.Гантөгсийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар түүний хүссэн үр дагавар бий болоогүй тул түүний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 504 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гантөгс, түүний өмгөөлөгч К.Бауиржан, Б.Болортуяа нарын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН