Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 954

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр        Дугаар 181/ШШ2016/00954            Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39-02 тоотод оршин суух, Жао овогт Энхтуяагийн Оргил/РД: УХ68111277/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу, 20-р байр, 62 тоотод байрлах, “Ориент Инвест ББСБ” ХХК,  

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжтай Э.Оргил надаас 212 616 000 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгох юм.

Би уг зээлэнд өөрийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-2204010539 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 39-02 тоот 133.9 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010542 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 39-19 тоот 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгсөөр байтал анх өгсөн үнэлгээний 50 хувиар бууруулан 119 800 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ нь миний хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчиж байна. Дээрх гомдлоо ахлах гүйцэтгэгч Д.Анхтуяад гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаад байна” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжаар Э.Оргилоос 212 616 000 төгрөг гаргуулах “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Э.Оргилын анхны албадан дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02245 дугаар шийдвэрээр хэлэлцэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Э.Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-т харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа хүчин төгөлдөр явагдсан. Үнэлгээ бол үнэн зөв байсан гэж Улсын Дээд Шүүхийн тогтоолоор хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Тийм ч учраас Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу дуудлага худалдаа явуулах тохиролцсон үнэ буюу тогтоосон үнийн 50 хувиар тооцож 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр тооцож явуулах нь зөв юмаа гэж үзэж Шийдвэр гүйцэтгэх аажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Шийтвэр гүйцэтгэх тухай хуульд 34.3-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацаа дууссан мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд үнэ бүхий, үнэ нь мэдэгдэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 70.200 төлдөг. Тэрнээс бол энэ үнэлгээ нь тодорхой зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг бодох ёстой тул дутуу төлсөн гэж үзэж байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э.Оргил хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хамт амьдардаг Ш.Мөнхзулд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Оргилын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжаар Э.Оргилоос 212 616 000 төгрөгийг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3351 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 248 дугаар захирамжийн болон 3351 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010539 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39-02 тоот 133.9 м.кв талбайтай, 4 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010542 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, 39-19 тоот 4 өрөө орон сууцуудыг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 159/01, 163/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 159/02, 159/03 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолуудаар хураан авсан болох нь 159/01, 163/01, 159/02, 159/03 дугаар тогтоолуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т “төлбөр төлөгчид .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах/цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;” гэж заасан.

 

Нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 02 тоот, 19 тоот орон сууцны үнийн саналыг авч, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 1/14 үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарган, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Өнөөдөр” сонинд албадан дуудлага худалдааны зар гарган, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 3/42109 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад зааснаар 02 тоот, 19 тоот орон сууцуудыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь № 1/14 тогтоол, “Өнөөдөр” сонины № 5698 дугаар, 3/42109 тоот мэдэгдэл болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протоколын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 02 тоот, 19 тоот орон сууцыг албадан худалдан борлуулах 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн явуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Э.Оргилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Э.Оргилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ