Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 82

 

Э.Оргилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Оргилын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжтай Э.Оргил надаас 212 616 000 төгрөгийг гаргуулж "Ориент инвест" ББСБ-д өгөх юм.

Би уг зээлд өөрийн эзэмшлийн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-02 тоот 133.9 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дүүргийн хороо, 13 дугаар хороолол, 39-19 тоот 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгсөөр байтал анх өгсөн үнэлгээний 50 хувиар бууруулан 119 800 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ нь миний хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчиж байна. Дээрх гомдлоо ахлах гүйцэтгэгч Д.Анхтуяад гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжаар Э.Оргилоос 212 616 000 төгрөг гаргуулж "Ориент инвест" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Э.Оргилын анхны албадан дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02245 дугаар шийдвэрээр хэлэлцэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Э.Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцож анхны дуудлага худалдаа хүчин төгөлдөр явагдсан. Үнэлгээ бол үнэн зөв байсан гэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Тийм ч учраас Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа явуулах тохиролцсон үнэ буюу тогтоосон үнийн 50 хувиар тооцож 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр тооцож явуулах нь зөв юмаа гэж үзэж Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацаа дууссан, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд үнэ бүхий, үнэ нь мэдэгдэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 70 200 төлдөг. Тэрнээс бол энэ үнэлгээ нь тодорхой зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг бодох ёстой тул дутуу төлсөн гэж үзэж байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Э.Оргилын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Оргилын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан улсын бүртгэлийн Ү-2204010539 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-02 тоот, 133.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-2204010542 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-19 тоот, 4 өрөө орон сууцуудын үнийг бууруулан албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байх тул 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч намайг ажлаар БНХАУ явсан байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хурал болж шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангаж өгөөгүй.

Энэ нь миний хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Оргил нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 248 дугаар захирамжаар Э.Оргилоос 212 616 000 төгрөгийг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3351 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн үйл баримт тогтоогдсон.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204010539 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-02 тоот, 133.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Y-2204010542 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-19 тоот, 4 өрөө орон сууцуудыг барьцаалж, хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналыг авсан, уг доод үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын тохиролцсон үнэ болох 5 өрөө орон сууцны үнэ 267 800 000 төгрөгийн 70 хувь болох 187 460 000 төгрөг, 4 өрөө орон сууцны үнэ 239 600 000  төгрөгийн 70 хувь болох 167 720 000 төгрөгөөр тогтоосон, анхны албадан дуудлага худалдаа хүчинтэй, уг дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах хуулийн үндэслэлтэй бөгөөд уг дуудлага худалдааны доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнийн 50 хувь буюу 5 өрөө орон сууцны хувьд 133 900 000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцны хувьд 119 800 000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг хуульд зааснаар тогтоосон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага дахин үнэ тогтоох ажиллагаа явуулахгүй тул хуулиар тогтоосон эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

 

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид шуудангаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлснийг н.Мөнхзул хүлээн авч, тэрээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш тул шүүх хүсэлтийг хянан хэлэлцээгүй нь зөв байна.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа талаар өөрөө шүүхэд мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт нийцнэ. Иймд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулж, тайлбар гаргах хуульд заасан 14 хоногийн хугацаа 10 дугаар сарын 12-ны өдөр дуусах байтал уг хугацаанаас 6 хоногийн өмнө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж /2016.10.06-ны өдрийн 181/ШЗ2016/05136, хх 23 дахь тал/ гаргаж, хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдолыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00954 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

      ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                

                                                                                                Э.ЗОЛЗАЯА