Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор У.Дэндэвдорж,

шүүгдэгч П.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, 

шүүгдэгч Ц.Лхагвасайханы өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 546 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бичсэн эсэргүүцлээр улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Лхагвасайхан, П.Ганхуяг нарт холбогдох 2015 0100 0077 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Харчин овогт Пунцагдоржийн Ганхуяг, 1968 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг үржлийн газрын даргын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 9 дүгээр байрны 3-27 тоотод оршин суух, Монгол Улсын Засгийн хүндэт өргөмжлөл, цом, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан-гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан,  ял шийтгэлгүй, /РД:ШЖ68102970/,

2.Барамсай овогт Цэрэндашдоржийн Лхагвасайхан, 1975 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч
мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороололын Усны гудамжны 1а байрны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51 дүгээр байрны 12
тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /ПД:ФА75082702 /;

Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч ажилтай П.Ганхуяг нь Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/72 тоот тушаалаар “Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо”-ны гишүүнээр томилогдон ажиллаж байх хугацаанд иргэн Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.3-т заасныг тус тус зөрчин Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан Үйлдвэр хөдөө аж ахуй яамны сайдын багц-2 ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үнийн саналыг Ц.Лхагвасайханд хууль бусаар задруулж “Нью Фоос” ХХК-ийг дээрх тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн,

мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/164 дугаар тушаалаар байгуулагдсан “Мал аж ахуйн чиглэлээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах ажлын хэсэгт” ороогүй атлаа тендерийн техникийн тодорхойлолтод заагдаагүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн тендерийн техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг дээрх тендерт шалгарсан “Нью Фоос” ХХК-иас хүлээн авах тухай акт үйлдэж, үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулан хүлээн авч, бусдад хууль бусаар давуу байдал олгон захиалагч тал болох Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, гүйцэтгэгч тал болох “Нью Фоос” ХХК-ийн захирал Ц.Лхагвасайхан нарын хооронд Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тухай ҮХААЯ БНГ 2013 0613 001/74 дугаартай гэрээ байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр захирал Ц.Лхагвасайханаас бэлнээр 5.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сард бэлнээр 5.000.000 төгрөг, тус тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, ажлын хэсэг хүлээн авсаны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрүүдэд өөрийн “ХААН” банкны 5014 1095 64 дугаартай дансаар 15.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан гэмт хэрэгт,

Ц.Лхагвасайхан нь Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулан 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарласан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын багц-2 ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгаран, улмаар уг тендерийн техникийн тодорхойлолтод заагдаагүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн, тендерийн техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг захиалагч талд нийлүүлэх зорилгоор захиалагч тал болох Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, гүйцэтгэгч тал болох “Нью Фоос” ХХК-ийн захирал Ц.Лхагвасайхан нарын хооронд Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тухай ҮХААЯ БНГ 2013 0613 001/74 дугаартай гэрээг байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуягт бэлнээр 5.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сард бэлнээр 5.000.000 төгрөг, тус тоног төхөөрөмж нийлүүлэгдэж ажлын хэсэг хүлээн авсны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрүүдэд П.Ганхуягийн “ХААН” банкны 5014 1095 64 дугаартай дансаар 15.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: П.Ганхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, Ц.Лхагвасайханы үйлдлийг 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 546 дугаартай шүүгчийн захирамждаа:

1.Прокуророос Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягийг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/72 тоот тушаалаар Малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.3-т заасныг тус тус зөрчин албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан Үйлдвэр хөдөө аж ахуй яамны сайдын багц-2 ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үнийн саналыг Ц.Лхагвасайханд хууль бусаар задруулж “Нью Фоос” ХХК-ийг дээрх тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба П.Ганхуяг тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үнийн саналыг хэрхэн задруулсан талаар байцаан шийтгэх ажиллагаа хийгдээгүй тул энэ үйлдлийг нь шалгах шаардлагатай байна.

2.Шүүгдэгч Ц.Лхагвасайхан нь Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан ...ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт оролцохын тулд Худалдан авах ажиллагааны газарт болон ҮХААЯ-тай гэрээ байгуулахдаа БНСУ-ын Асан хотын Чүн Чён Намууд байрлалтай “Вокюнг грийн Хауссес” ХХК-иас ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирж нийлүүлнэ гэж тоног төхөөрөмжийн католог зургуудыг хавсарган материалыг ирүүлсэн байх ба / 1хх-8-20 дугаар тал, 2-хх-13, 94-р тал/ гэрч М.Ганбатын ... хятад ханз, бичгүүдийг хуулж авч байсан гэх мэдүүлэг /5-хх-125-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Лхагвасайхан нь ҮХААЯ-наас тендер зарлах гэж байгааг Ү.Дамдинсүрэн анх мэдэж надад хэлсэн, тэгээд тендерт оролцох материалыг би Ү.Дамдинсүрэн, түүний эхнэр Тунамал-Эрдэнэ нар бүрдүүлж өгч байсан, /2-хх-162-164-р тал/ мөн анх П.Ганхуягтай Ү.Дамдинсүрэн намайг уулзуулж байсан тухай мэдүүлж байх ба үүнээс үүдэн бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй байхад шүүгдэгч Ц.Лхагвасайханд ял өөрчлөн сонсгож /7-хх-215-р тал/ яллагдагчаар 2 удаа байцаалт авснаар /7-хх-216-219/ байцаан шийтгэх ажиллагааг хязгаарлан мөрдөн байцаагчийн болон прокурорын тогтоолоор ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан үйлдэлд ... тусдаа бие даасан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна гэсэн үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Ү.Дамдинсүрэнгийн үйлдэл холбогдлыг бүрэн шалгалгүй, өөрөөс нь байцаалт авснаар хязгаарлан нотлогдсон гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1, 82 дугаар зүйлийн 82.2. 95 дугаар зүйлийн 95.1 дэхь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байх тул шүүгдэгч Ц.Лхагвасайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн дахин Ц.Лхагвасайхан, Ү.Дамдинсүрэн нарын үйлдлийг шалгах шаардлагатай гэж үзлээ.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нарын өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан Д.Батжаргал, Д.Батмөнх нар нь техникийн ямар нэг мэдлэг, мэргэжил эзэмшээгүй, маргаантай байгаа малын ногоон тэжээл бэлтгэх тоног төхөөрөмжийг очиж ажиллуулж үзээгүй, мөн нэг шинжээч нь газар дээр нь очиж үзээгүй дүгнэлт гаргасан болохоо илэрхийлж, эргэлзээтэй байдлыг үүсгэсэн тул тус тоног төхөөрөмжийн талаар Хөдөө аж ахуйн техникийн мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг томилон дахин дүгнэлтийг гаргуулж /7-хх-202-205/, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ж.Цолмонжаргал нь буруутай этгээдээс яаманд учирч буй хохирлыг нэхэмжилж байгаагаа илэрхийлж байх тул нийлүүлсэн тоног төхөөрөмж маргаантай, шүүх хохирол төлбөрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг анхаарах нь зүйтэй байна.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Ц.Золзаяа нь П.Ганхуягт холбогдуулан сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулсан тогтоол үйлдсэн байх боловч П.Ганхуягт урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар ялыг хэвээр үлдээж, ямар ялыг хүчингүй болгож, шинээр ямар ялыг сонсгосон нь ойлгомжгүй ...байна. /6-хх-234/.

-Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор У.Дэндэвдорж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

1. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лхагвасайхан нь “....малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын тендерт Ү.Дамдинсүрэн анх намайг оролц гэж хэлсэн. Би өөрийн менежерээр нь ажилладаг “Нью Фоос” ХХК-иар тендерт оролцохоор болсон. Тендерийн материалыг бүгдийг Ү.Дамдинсүрэн П.Ганхуягтай ярилцан тохиролцож байгаад эхнэр Тунамал-Эрдэнийнхээ хамт хийж өгсөн тэгээд манай компани тендер шалгарсан” гэж мэдүүлсэн. Мөн тухайн үед П.Ганхуяг нь худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/72 тоот тушаалаар малын тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байсан.

Иймд П.Ганхуягийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.3-т заасныг зөрчин 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарласан ҮХААЯ-ны сайдын багц-2 ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн мэдээллийг хуулийн хугацаанаас өмнө бусдад задруулсан, мөн тендерийн гэрээний дагуу “Нью Фоос” ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж нь тендерийн шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж, уг тоног төхөөрөмжийг хүлээн авахад хууль бусаар нөлөөлсөн зэргээр Ц.Лхагвасайханд давуу байдал олгож, улмаар түүнээс хээл хахууль авсан гэж ялласан.

Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан Ц.Лхагвасайханы мэдүүлэг, П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарын банкны гүйлгээний лавлагаа, шинжээчийн дүгнэлт, Д.Лхамсүрэн, С.Оюунцэцэг, Н.Ганибал, Х.Алтангэрэл, Я.Алтангэрэл, Д.Мөнхгэрэл, Б.Мэнджаргал нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, Малын тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн 2 дугаар багц ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан акт, Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тухай гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон. Харин мөрдөн байцаалтад Ү.Дамдинсүрэнгийн эхнэр Н.Тунамал-Эрдэнээс болсон хэргийн талаар гэрчээр байцаалт авсан боловч гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан байдаг. Иймд шүүгчийн захирамжид дурдсан тендерийн мэдээллийг П.Ганхуяг нь хэрхэн задруулсан талаар хийгдэх байцаан шийтгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон болно.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 327 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 690 дугаар магадлалд “...яллагдагч Ц.Лхагвасайханы үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгах шаардлагатай байна." гэх заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Ц.Лхагвасайханыг холбогдуулан ял сонсгож шалгасан.

Мөрдөн байцаалтын явцад Ц.Лхагвасайхан өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх буюу Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарахын тулд Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулан албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

Тэрээр анхнаасаа бусдад хээл хахууль өгч өөрт давуу байдал олж авч, хувийн ашиг сонирхолыг бусдаар дамжуулан гүйцэтгүүлэх санаа зорилготой байсан болох нь Хаан банкны мөнгөн гуйвуулгын баримтууд, Ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр анх П.Ганхуягт хээл хахууль өгсөн баримт, Тендерийн тоног төхөөрөмж нийлүүлж дууссаны дараа П.Ганхуягт 2013 оны 10 дугаар сарын 10-аас 16-ны өдрүүдэд хээл хахууль өгсөн баримт, гэрч С.Оюунцэцэгийн мэдүүлэг, холбогдох бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон.

Шүүгдэгч Ц.Лхагвасайханы тоног төхөөрөмж нийлүүлсэн үйлдлийн тухайд тендерийн техникийн тодорхойлолтод заагдсан БНСУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж нийлүүлэхийн оронд БНХАУ-д үйлдвэрлэсэн тендерийн техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг нийлүүлж бусдыг залилан мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, бусдыг залилан мэхлэх тусдаа биеэ даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна.

Мөн тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын гишүүд болох Х.Алтангэрэл, Я.Алтангэрэл, Д.Мөнхгэрэл, Б.Мэнджаргал, Т.Бат-Эрдэнэ, Х.Жанбота нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар тус тус яллагдагчаар татаж шалгаад, улмаар гаргасан хүсэлтийн дагуу тэдэнд холбогдох хэргийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 690 дугаар магадлалд буруутган үзээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Ц.Лхагвасайханыг ногоон тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт хууль бусаар шалгарч, тендерийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлсэн 1 үйлдэлд бусдыг залилсан, мөн бусдад хээл хахууль өгсөн гэж яллах үндэслэлгүй байна.

3. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт “Нью Фоос” ХХК-ийн нийлүүлсэн 15 ширхэг тоног төхөөрөмж нь тендерийн шаардлага хангасан эсэхийг тогтоолгохоор 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан ба дүгнэлтээр тухайн компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмж тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний хуулийн дагуу хийгдсэн.

Иймд хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлаггүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д зааснаар шүүх хэргийг хянаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

4. Мөрдөн байцаагч нь Ц.Лхагвасайханы өгсөн мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг үндэслэн П.Ганхуягт урьд сонсогсон ялыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу өөрчлөн сонсгож, байцаалт авсан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч П.Ганхуягийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Учир нь мөрдөн байцаалтын явцад дутуу хийгдсэн зүйл зөндөө байгаа гэдэгтэй санал нийлж байна.

 Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулсан гэх асуудлын тухайд Ү.Дамдинсүрэн “би зуучлалд оролцоогүй” гэж хэлээд байхад нь өөрт нь мэдэгдэлгүйгээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, гэм буруутай гэх асуудалд давж заалдах гомдол гаргах боломж олгоогүй байцаан шийтгэх ажиллагааны алдаа гаргасан.

Хээл хахууль өгсөн, авсан гэх асуудалд гурван субъект холбогдсон байхад нэгийг нь хэрэгсэхгүй болгосон атлаа нөгөө хоёр нь ял оногдуулах гэж байгаа нь буруу юм.

 “Ажлын хэсэгт ороогүй байж хүлээж авсан, үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан байна” гэх зэргээр яллах дүгнэлт буюу яллаж буй байдал нь дотроо зөрчилтэй байна. Үнэлгээний хорооний гишүүд “Нью Фоос” ХХК-ийг шалгаруулаад, үнийн санал нь өндөр байхаар нь хэлцэл хийгээд, гэрээ байгуулсан. Гэтэл яагаад дахин үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан, тэдэнд нөлөөлсөн тухай яригдаж байна вэ. Энэ тухай яригдвал хүлээж авсан ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлсөн байх асуудал яригдаж магадгүй. Гэтэл энэ хэргийг өмнө нь шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд ажлын хэсгийн гэрч нар оролцсон бөгөөд “П.Ганхуяг гэх хүн бидэнд нөлөөлөөгүй. Бид өөрсдийн ажлын хариуцлага алдаж П.Ганхуягт итгэж гарын үсэг зурсан юм” гэж хэлсэн. Хүнд итгэсний төлөө өөр хүнийг шийтгэж болохгүй. Тэдгээр хүмүүс ажлын хариуцлага алдсаныхаа төлөө зохих хариуцлага хүлээсэн.

Ажлын хэсгийн үнийг задруулсан асуудал яригддаг. Ц.Лхагвасайханыг мөрдөн байцаалт, прокурорын шатанд ямар нэгэн байдлаар “чи ингэж хэлэхгүй бол чамайг залилангийн хэрэгт татна” гэж айлган сүрдүүлсэн гэж харж байна. Ц.Лхагвасайханы залилангийн асуудал өмнөх 2 удаагийн анхан шатны шүүх хуралдаанд яригдаж байсан.

Батжаргал, Батмөнх нар 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Эхний шинжээчийн дүгнэлтэд Батжаргал гарын үсэг зурсан. Гэтэл хоёр дахь шинжээчийн дүгнэлтэд мөн Батжаргал гарын үсэг зурсан байсан. Иймд нэг хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаа нь процессын асуудал болж байна. Иргэний нэхэмжлэгч Цолмонжаргал “бид хохирсон тул буруутай этгээдээс мөнгийг гаргуулна” гэж хэлдэг. Гэтэл цаана нь иргэний хариуцагч байх ёстой. Уг нь иргэний хариуцагчаар “Нью Фоос” ХХК-ийг тогтоосон.

Гэтэл Ц.Лхагвасайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Нью Фоос” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолоо хүчингүй болгосон. Иргэний хариуцагч байхгүй болсон хэрэгт иргэний нэхэмжлэгч хэнээс нэхэмжлэх вэ гэсэн процессын алдаа гарч байна. Иймд эдгээр зүйлийг тодорхой болгох ёстой гэв.

Шүүгдэгч П.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед ахлах шинжээч хийж байсан. Мөн гэр бүлийн байдлын хувьд ам бүл 4 гэдгийг хэлэх гэсэн юм. Намайг тендерийн үнийн саналыг задруулсан гэж байна. Энэ тендерийн үнийн саналыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар тухайн жил худалдан авах бараа бүтээгдэхүүн 2013 оны 1 дүгээр сард бүгд тавигдсан. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Лхагвасайханы өмгөөлөгч З.Шүрэнчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь Ц.Лхагвасайхан өөрийн үйлдлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Тэрээр мэдүүлэгтээ он, сар, өдөр, дэс дараалалтай нь тодорхой ярьсан. Түүний мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Хэрэгт нотловол зохих асуудал бүрэн хийгдсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тэдний гэм буруутай эсэхэд зөвхөн цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт өгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “...П.Ганхуяг тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үнийн саналыг хэрхэн задруулсан талаар ... энэ үйлдлийг нь шалгах шаардлагатай байна.” гэж заасан боловч энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаанууд хийгдсэн, энэ талаар ямар ажиллагааг нэмж хийлгэх талаар тодорхой заагаагүй байна. Иймд тендерийн саналыг задруулсан эсэх, гэм буруутай эсэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

2. Мөн тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын гишүүд болох Х.Алтангэрэл, Я.Алтангэрэл, Д.Мөнхгэрэл, Б.Мэнджаргал, Т.Бат-Эрдэнэ, Х.Жанбота нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар тус тус яллагдагчаар татаж шалгаад, тэдний гэм буруугаа хүлээж гаргасан хүсэлтийн дагуу тэдэнд холбогдох хэргийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж шийдвэрлэсэн байхад яллагдагч Ц.Лхагвасайханы хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор ...тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт хууль бусаар шалгарах, тендерийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлэх нэгэн үзүүрт зорилгоор бусдад хээл хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдэлд нь бусдыг залилсан, мөн бусдад хээл хахууль өгсөн гэх өөр өөр үндэслэлүүдээр эрүүгийн хариуцлагад татуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуулийн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Шүүгдэгч Ц.Лхагвасайхан өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тендерт “Нью Фоос” ХХК-ийг шалгарахын тулд Ү.Дамдинсүрэнгээр зуучлуулан П.Ганхуягт хээл хахууль өгснөө хүлээн зөвшөөрч, өөрт давуу байдал олж, хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх санаа зорилготойгоор, гэрээ зөрчиж тендерийн техникийн тодорхойлолтод заагдаагүй, техникийн шаардлага хангахгүй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх нэгэн зорилгот үргэлжилсэн үйлдлийг Ц.Лхагвасайханы бусдад авлигал өгсөн гэмт хэрэгтэй нь давхцуулан ялллагдагчаар татах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул энэ талаар нэмэлт мөрдөн байцаалт явуулах хуулийн  үндэслэлгүй байна гэж үзэв. 

3. Хүнс үйлдвэр хөдөө аж ахуйн яам “Нью Фоос” ХХК-ийн хооронд байгуулсан тендерийн гэрээний техникийн үзүүлэлтийг зөрчиж “Нью Фоос” ХХК-ийн нийлүүлсэн ногоон тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь тухайн тендерийн техникийн үзүүлэлтийн  шаардлага хангаагүй нь шинжээчийн хоёр удаагийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба нэгэнт Хүнс үйлдвэр хөдөө аж ахуйн яам уг төхөөрөмжүүдийг комисс гарган хүлээн авсан, заримыг бусдад дамжуулан түрээслүүлсэн, нийлүүлсэн төдийгүй, бүтээгдэхүүний үнэ, түүний зөрүүгийн талаар хоёр байгууллагын хооронд иргэний маргаан үүсч, хохирлыг авилгын хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн байхад Хүнс үйлдвэр хөдөө аж ахуйн яамны өмчлөлд шилжсэн ногоон тэжээл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чанар байдалд дахин дүгнэлт гаргуулахар шинжээч томилуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна.

4. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Ц.Золзаяа нь яллагдагч П.Ганхуягт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ял сонсгож байцааснаар тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж байсан бөгөөд байцаалтаар хэргийн үйл баримтын талаар тодруулсан өөрчлөлт орсноос бус, хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй байх тул яллагдагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар дахин мөрдөн  байцаалт явуулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд прокурор У.Дэндэвдоржийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч П.Ганхуяг, Ц.Лхагвасайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.