Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00098

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК, Б.Э- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32 146 859 669 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, А.Кадирбек, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “Э” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагч Б.Э- нар нь 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Х” ХХК-тай 11/163 тоот зээлийн гэрээ байгуулан 12 тэрбум төгрөгийг, 60 сарын хугацаатайгаар, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нартай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11/163-1 тоот барьцаат гэрээ болон 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11/163-2 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг байгуулан тус гэрээнүүдэд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхийн бүртгэлийн газар болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус бүртгүүлж баталгаажуулсан. Мөн 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11/165 тоот зээлийн гэрээ байгуулан 5 тэрбум төгрөгийг, 60 сарын хугацаатайгаар, жилийн 13,2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Дахин 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 15 тэрбум төгрөгийг, 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Мөн талууд 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13/109-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн шугамын гэрээний хугацааг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 5,5 хувь болгож өөрчилсөн байдаг. Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар “Э” ХХК болон иргэн Б.Э-, Д.Сэргэлэн нартай барьцааны гэрээ байгуулан, барьцааны гэрээнд заасан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан.

Зээлдэгч нар нь 2014 оны 05 дугаар сарын 05-наас хойш Х дахь харилцах дансаараа аливаа орлого дамжуулахгүй, зээлийн зориулалт, ашиглалтанд хяналт тавих боломжийг үгүй хийж зээлийн төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байна. “Э” ХХК-д олгосон зээлүүд нь хугацааны үзүүлэлтээр муу чанарын үзүүлэлтээр ангилагдаж эрсдлийн сан байгуулагдсан буюу Х нь хариуцагчийн төлөөгүй байгаа гэрээний үүрэгтэй дүйцүүлэн 17,6 тэрбум төгрөгийг Монголбанкинд эрсдлийн сан хэлбэрээр ямар ч хүүгүй хөдөлгөөнгүй байршуулж уг мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжоо алдан давхар хохирч байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 тоот 12 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний дагуу дараах зээлийн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 6 676 721 447 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 675 371 735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 341 540 648 төгрөг нийт 9 693 633 830 төгрөг, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11/165 тоот 5 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн төлбөр 3 499 669 630 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 402 322 415 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165 231 749 төгрөг нийт 5 067 233 794 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13/109 тоот 15 000 000 000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний дагуу дараах төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн төлбөр 15 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 257 166 429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 128 835 616 төгрөг нийт 17 386 002 045 төгрөг, 3 гэрээний дагуу нийт 32 146 859 669 төгрөгийг хариуцагч “Э” ХХК, Б.Э- нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байна. Харин гэрээг цуцалж байгаа үндэслэл нь зээлийн гэрээний 7.1.1, 8.2-ийг үндэслэсэн байна. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, харин ч 24 сараар сунгасан.

Гэтэл “Х” ХХК нь зах зээлд хэт давамгай зүй ёсны монополь байдлаа ашиглан дээрх 13 тэрбум төгрөгийн зээлээ олгохгүй харин ч эсрэгээр барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулах үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож зээл олгох шийдвэрээ хэрэгжүүлэхгүй улаан цайм дээрэм хийж байгаа хууль бус үйлдэл гаргасан. Зээлийн эргэн төлөлт зогссон бөгөөд Хны буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс үүдэн гарсан нөхцөл байдал тул хариуцагчийн зүгээс буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд одоогоор энэхүү хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Зээл төлөх хэвийн нөхцөл байдлыг Х санаатай алдагдуулсан нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот зээлийн хорооны шийдвэр гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээл төлөх боломжгүй болгосон буруутай үйлдэл нь “Х” ХХК-иас шалтгаалсан. “Х” ХХК нь “Э” ХХК-тай байгуулсан гурван зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаа зогсож, цаашид гэрээний аль нэг заалтыг хэрэглэх боломжгүй болж үүрэг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм. Гэтэл гэрээний эрх зүйн харилцаа зогссон өдрөөс хойш гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэлийг нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Хугацаа хэтрүүлсэн нөхцөл нь “Э” ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй. “Х” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкнаас “Х” ХХК-иар дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж зээл олгох эцсийн шийдвэр гарсан тул “Х” ХХК-ийг зээлийн гэрээг “Э” ХХК-тай гэрээ байгуулж ирэхийг мэдэгдэхэд “Х” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хороогоор хуралдуулж 833А тоот зээлийн шийдвэрийг өөрчилж 2016 оны 08 сард хугацаа нь дуусах зээлүүдийг хаах хууль бус шийдвэр гаргасан юм. Иргэний хуулийн ерөнхий ангийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зохицуулсан зохицуулалтыг “Х” ХХК хэрэглэж “Э” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлэх ёстой байхад нэхэмжлэгч талаас нэг ч удаа гэрээ цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж гэрээний үүрэг шаардах эрхийг “Х” ХХК-д гэрээгээр болон хуулиар олгоогүй байна. Гэрээг цуцлах тухай санал гаргасан даруй гэрээ цуцлах санал гаргаагүй тал гэрээг цуцлах хугацааг тогтоох эрхийг хуулийн 204.2-д хуульчилж өгсөн байдаг. Энэхүү зохицуулалтын гол шалгуур нь талууд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө талууд эвийн журмаар урьдчилсан нөхцөлд шийдвэрлэхээр оролдлого хийх ёстой байдагт оршино. Гэтэл “Х” ХХК нь гэрээг цуцлах мэдэгдэл “Э” ХХК-д ирүүлж байгаагүй мөн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх санал санаачлага гаргаагүй гэв гэнэтхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой нөхцөл байдал бүрдсэн төдийгүй хуульд заасан журмын дагуу гэрээг хугацаа нь дуусаагүй байхад цуцалсан тул “Х” ХХК-ийг 11/165 тоот, 11/163 тоот, ЗШГ-13/109 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээг цуцласан хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч “Э” ХХК, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 32 146 877 669 /гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун далан долоон мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 161 208 148 төгрөг, зээлдэгчийн бусад хөрөнгүүдээс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК, Б.Э- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа Ү-2204024626 улсын бүртгэлийн дугаартай, 000066658 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462.9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга,  0229601 эзэмших эрхийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар, 0229664 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар, 0328426 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар, Ү-2003006601 улсын бүртгэлийн дугаартай, 00006495 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Э цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд тоног төхөөрөмжийн хамт, 0153759 гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймгийн Дархан сумын 080100360 нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар, Ү-2204024376 улсын бүртгэлийн дугаартай, 000066348 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга, 0228420 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай, Ү-2003006601 улсын бүртгэлийн дугаартай, 00006495 гэрчилгээний дугаартай, Дархан Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Э цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, тоног төхөөрөмжийн хамт, 0153759 гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 080100360 тоот нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар, Ү-2204024376 улсын бүртгэлийн дугаартай, 000066348 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга, 0228420 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай, Ү-2204024626 улсын бүртгэлийн дугаартай, 000066658 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462,9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга, 0229601 гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар, 0229664 гэрчилгээний дугаартай, сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар, 0328426 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар  2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5-2 дугаартай, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13/109 дугаартай тус тус барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 208 148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 161 208 148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байх боловч 73 дугаар зүйлийн 73.2.1-д заасан агуулгаар сөрөг нэхэмжлэл бүрийг шүүх заавал хүлээн авахаар бус, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор буюу хамт шийдвэрлэгдэх шаардлагатай байвал сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх тухай зохицуулсан ойлголт болохыг анхаараагүй явдал юм. Тэгвэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн 5 шаардлагаас зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох тухай ганц шаардлагыг нь шүүх хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй билээ. Хариуцагч тэдгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг өмнө нь өөр шүүхэд буюу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээж аваад, иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан, хариуцагч нь өөрийн хүсэлтээр тухайн маргаанаас дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа татан авч, сөрөг нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нь үндэслэлгүй билээ. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийснийг анхаарна уу.

Түүнчлэн хариуцагчийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлүүлж байсан дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Хны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг шаардсан маргаанд нөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын  28-ны өдрийн  183/ШТ2016/00150  дугаар тогтоолоор  эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар гомдол хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэмэлт тайлбараа дэлгэрүүлэх болно. Магадлалын хянавал хэсэгт Д.Сэргэлэнг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, эрхийг нь хязгаарласан гэх дүгнэлт хийсний хувьд энэхүү хэрэг маргааны агуулга нь нэхэмжлэгчээс “Э” ХХК болон Б.Э- нарт холбогдуулан 3 зээлийн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, 24 сарын хугацаанд огт төлбөр хийлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учир зээлийн гэрээнүүдийг цуцлаж, үлдэгдэл зээл болон хүүгийн төлбөрийг шаардахад оршиж байсан юм.

Нэхэмжлэлийн дээрх агуулгын хүрээнд иргэн Д.Сэргэлэнгээс Х ямар нэг зүйл шаардаагүй, эрх нь зөрчигдөхөөр сөрөг нөлөө үзүүлэхээр маргаан хийгээгүй илэрхий байхад шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт анхаарал татаж байна. Харин иргэн Д.Сэргэлэн Х буюу өөр бусад хэн нэг этгээдийн эсрэг шаардлага байгаа бол хэдийд ч нэхэмжлэл гарган шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь бүрэн нээлттэй ба шүүхээс энэхүү эрхийг нь хязгаарласан ямар ч шийдвэр гаргаагүй билээ. Харамсалтай нь гомдлынхоо эхэнд тодорхойлсон агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэх ажиллагаа анхан шатны шүүх дээр бүтэн 1 жил орчим хугацаанд үргэлжлэхэд шүүхээс хариуцагчдын эрхийг хязгаарласан бус харин ч гаргасан олон хүсэлтүүдийг хүлээн авч удаа дараа хурлыг хойшлуулж байсан, нэхэмжлэгчийн шаардлага хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдэлгүй зөрчигдөж ирснийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл талуудын тэгш эрхийг хангасан эсэх асуудлаар маргааныг харвал нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлоос хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямагт давуу байдалтай явагдаж ирснийг хэргийн хугацаа, хуульд заасан зарчим, маргаан хянан шийдвэрлэсэн үйл явцаас бодитой дүгнэлтийг харах боломжтой гэдгийг хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь асуудалд бодитой дүгнэлт хийхийг хүсье.

Хариуцагчийн зүгээс зээл авсан болон эргэн төлөх үүргээ зөрчсөн үйл баримт дээр маргадаггүй бөгөөд харин эргэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн шалтгааныг тайлбарлахдаа Х нь дахин нэмж бидэнд зээл олгох ёстой байсан, түүнийг олгоогүй гэх шалтаг хэлж маргадаг ба аль болох удаан хугацаа авахыг хичээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шалих шалихгүй асуудлаар удаа дараа хойш татах тактик баримталж ирснийг хэргийн явц, тухай бүр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж байсан баримтаас тодорхой харагдана. Товчхондоо хэрэг маргааныг аль болох шийдүүлэхгүй байх бүхий л арга замын Эд чиглэсэн процессоор маргахаас бус, маргааны агуулгад шууд хамаатай, ач холбогдолтой, үндэслэл бүхий нэг ч зүйлд санаа бодлоо чилээж ирээгүй нь хуульчийн мэргэжлийн үүрэг хариуцлага, цаашилбал шүүхийн ажиллагаан дахь сөрөг үр дагаврыг нийгэмд бий болгоход хортой байдлаараа дээд шатны шүүхийн хяналтад байх ёстой асуудал болохыг ч анхаарч харах учиртай санагдана.

Иймд дээрх бодит байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль хэрэглээний алдааг засах замаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байдлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй, барьцаа хөрөнгийн жагсаалтыг ойлгомжгүй заасан зэргээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, тодорхой байх шаардлагыг зөрчсөн байна. Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Э” ХХК болон Б.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 146 859 669 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Э” ХХК нь шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзсанаас гадна зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалсан банкны ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлийг заажээ:

1.Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан;

2.Нэхэмжлэгч хамтран хариуцагчаар заасан этгээдэд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй;

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй;

4.Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй.

1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд хариу тооцогдох агуулгатай байгаа тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т заасан журмаар зохицуулагджээ.

Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ эрх нь тухайн сөрөг нэхэмжлэлийг зайлшгүй үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх ёстой гэж үзэх үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт  хянан хэлэлцдэг бөгөөд бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг байна.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ дараахь таван шаардлагыг тусгажээ:

-зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцласныг хууль бус болохыг тогтоолгох;

-зээлийн 3 гэрээг “муу”, “эргэлзээтэй” ангилалд бүртгэснийг хүчингүй болгуулах;

-зээлийн 3 гэрээний хугацааг сунгасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах;

-газар эзэмших хоёр эрхийг барьцаанаас чөлөөлүүлэх;

-газар эзэмших хоёр эрхийг барьцаанаас чөлөөлүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах.

Анхан шатны шүүх дээрх таван шаардлагаас эхний шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох агуулгатай, үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзэж, үлдэх дөрвөн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

Давж заалдах шатны шүүх “үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй” гэж дүгнэж, сөрөг шаардлагуудыг  “үндсэн нэхэмжлэлд тооцогдохоор байна” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэснээс гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд үндсэн нэхэмжлэлтэй хэрхэн тооцогдож байгаа үндэслэлийг магадлалдаа заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд ийнхүү үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт тухайн шаардлагыг бие даасан нэхэмжлэлээр гаргах хариуцагчийн эрхийг хязгаарладаггүй болно. Нөгөө талаар, сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагууд нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус байна.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

2.Нэхэмжлэгч “Х” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “Э” ХХК, иргэн Б.Э-, Д.Сэргэлэн нарыг заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сэргэлэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Анхан шатны шүүх шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  183\Ш32017\02938 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Д.Сэргэлэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг шүүгчийн захирамжаар бус харин шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэх байсан гэж үзсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөнөөс гадна хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай болжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 26.3.-т зааснаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эсэхийг өөрөө шийдвэрлэх эрхтэй учир анх сонгосон гурван хариуцагчаас нэгэнд нь холбогдох шаардлагаас татгалзсан байхад шүүх түүний хүсэлтийг үл харгалзан тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар үргэлжлүүлэн оролцуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 106.5.-д заасан зохицуулалт нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тохиолдлыг тусгасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан товлогдоогүй байхад гаргасан нэхэмжлэгчийн татгалзалд хамааралгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгчийн захирамжид хуулийн дээрх зүйл, заалтыг баримталсан нь “нэхэмжлэлийг татан авах” гэсэн ойлголт зөвхөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т тусгагдсантай холбоотой гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3., 106.5.-д зааснаар тухайн асуудлыг шүүх шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэдэг тул давж заалдах шатны шүүх “хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлээд гаргах шийдвэрээр шийдвэрлэх журамтай” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд өрөөсгөл болжээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь эсхүл зарим хэсгээс татгалзсан тохиолдолд шүүх тухайн асуудлыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор шийдвэрлэхээс гадна шүүхийн шийдвэрээр ч шийдвэрлэх боломжтой болохоос бус зөвхөн шийдвэрээр шийдвэрлэнэ гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Д.Сэргэлэнд холбогдуулан нэхэмжлэлээсээ татгалзсаны дараа Д.Сэргэлэн нь барьцааны гэрээнээс өөрийн эзэмших эрхтэй газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа тухайн шаардлагын зүйл болж буй 1044 мкв талбайтай газраар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэгчийн шаардлага байхгүй болохыг заасан ба шүүхийн уг дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлага зохигчдын хоорондох маргааны зүйлийн талаар байх ёстой ба тухайн маргааны зүйл болоогүй асуудлаар уг этгээд тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183\Ш32017\03067 тоот захирамжид энэ талаар тодорхой дүгнэжээ.

Хуулийн мөн зүйл, заалтад “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож болох тухай хуулийн зохицуулалтыг “шүүх оролцуулах үүрэгтэй”, “зайлшгүй оролцуулна” гэж ойлгох үндэслэлгүй.

Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэдэг тул ийнхүү оролцуулах шаардлагагүй гэж үзсэн дүгнэлтээ бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасан шаардлагад нийцсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

  Шүүх ийнхүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн авах эсэхийг тухайн маргааны зүйл, хэргийн нөхцөл байдлыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зүйл, тухайн иргэний хэргийн зохигчдын маргааны зүйлд хамаарахгүй байна гэж дүгнэж, Д.Сэргэлэнг бие даасан нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгчийн захирамжид заасан байхад давж заалдах шатны шүүх “Д.Сэргэлэнгийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй гэж урьдаас шийдвэр гаргах замаар түүнийг бие даасан шаардлага гаргасан, эсхүл гаргаагүй гуравдагч этгээдийн аль нэгээр оролцуулаагүй” гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Д.Сэргэлэнг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогчид шүүхэд гаргаагүй, Д.Сэргэлэн ч ийм хүсэлт ирүүлээгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4.Анхан шатны шүүх “зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээнүүдийг хууль бус үйлдлийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй нь алдаатай болжээ. Харин энэхүү алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл дээрх байдлаар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, үүргийн хэмжээ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11\163 дугаартай зээлийн гэрээгээр 12 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай 1 жилийн 13,2%-ийн хүүтэй, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11\165 дугаартай зээлийн гэрээгээр 5 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жилийн 13,2%-ийн хүүтэй, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13\109 дугаартай шугамын зээлийн гэрээгээр 15 тэрбум төгрөгийг 12 сарын хугацаатай, 7 %-ийн хүүтэй тус тус зээлүүлсэн байх ба шүүх эдгээр гэрээгээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11\163-1, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11\163-2, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11\165-1, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12\5-2, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БГ 13\109 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж, зээлдэгч талын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Анхан шатны шүүх барьцааны дээрх гэрээнээс 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12\5-2, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13\109 дугаартай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1., 156 дугаар зүйлийн 156.3.-т заасан шаардлагад нийцжээ.

Зээлийн дээрх гурван гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч “Э” ХХК зохих ёсоор биелүүлээгүй, 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11\163 дугаартай гэрээний эргэн төлөлтийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11\165 дугаартай гэрээний төлөлтийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13\109 дугаартай гэрээний төлөлтийг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус тус хийгээгүй гэх нэхэмжлэгч “Х” ХХК-ийн шаардлагын үндэслэлийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Улмаар хариуцагч “Э” ХХК-иас

-2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11\163 дугаартай  зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 6 676 721 447 төгрөг, хүүгийн  2 675 371 735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 341 540 648 төгрөг, нийт 9 693 633 830 төгрөг

-2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11\165 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3 499 669 630 төгрөг, хүүд 1 402 322 415 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 165 231 749 төгрөг, нийт 5 067 223 794 төгрөг

-2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗШГ-13\109 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15 000 000 000 төгрөг, хүүд 2 257 166 429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 128 835 616 төгрөг, нийт 17 386 002 045 төгрөг тус тус гаргуулах тухай 32 146 859 669 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч тал гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцласныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдох хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан шаардлагад нийцжээ. Зээлийн гэрээнүүдийн хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан байна.  

  Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлаа тогтоох хэсэгт заагаагүй, мөн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийг давхардуулан бичсэн, зарим заалтыг алдаатай найруулсан, улсын тэмдэгтийн хураамжид холбогдох шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулсан, нэхэмжлэлийн хангах дүнг алдаатай тооцсон зэрэг зөрчлийг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Барьцааны зүйл болох зарим хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзах нэхэмжлэгчийн эрх нээлттэй байх тул шүүхийн бус журмаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Х” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлж, төлбөр төлсөн баримтыг гомдолдоо хавсарган ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлдэг. Мөн хуулийн 57.1.-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэдэг ба улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгодог байна. Харин мөн зүйлийн 57.4.-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлдөг байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгоогүй нөхцөлд “хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ”-г тодорхойлох боломжгүй тул үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлөх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т  заасан зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг тул  “хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээ” гэдэг нь шүүхийн нэхэмжлэлийг хангаж, эсхүл хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр тодорхойлогдох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан агуулгад тусгагджээ. Анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 32 146 877 669 төгрөгийн хэмжээг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бус харин зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж буй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын буюу анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүй болно.

Нөгөө талаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын гомдолдоо хүсэлт хавсарган ирүүлсэн байх ба уг хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамжийн талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т заасан зохицуулалтыг буруу ойлгож, хураамжийг дутуу төлсөн бол нөхөн төлөх боломжтойгоо илэрхийлжээ.

Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч “Х” ХХК-ийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ, журмаар хураамж төлсөн гэж дүгнэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2019 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

“1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 32 146 859 669 \гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун тавин есөн мянга зургаан зуун жаран есөн\ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцласныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдох хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч “Э” ХХК, Б.Э- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дараахь барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай:

- Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 27 тоот хаягт байрлах 4462.9 м.кв талбайтай 7 давхар орон сууцны барилга /улсын бүртгэлийн дугаар Ү-2204024626, гэрчилгээний дугаар 000066658/,

- Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 3011/0097 тоот нэгж талбарын 9008 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0229601/,

- Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 3002/0002 нэгж талбарын 1155 м.кв талбайтай банкны үйлчилгээний зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0229664/,

- Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 6001/0058 нэгж талбарын 600 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0328426/,

- Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг үйлдвэрийн районд байрлах Э цементийн үйлдвэрийн зориулалттай байгууламжууд, тоног төхөөрөмжийн хамт /улсын бүртгэлийн дугаар Ү-2003006601, гэрчилгээний дугаар 00006495/,

- Дархан Уул аймгийн Дархан сумын 080100360 нэгж талбарын 141954,06 м.кв талбайтай цементийн үйлдвэрийн зориулалттай газар /гэрчилгээний дугаар 0153759/,

- Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол токиогийн гудамж 89 хаягт орших 8192,67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай барилга /улсын бүртгэлийн дугаар Ү-2204024376, гэрчилгээний дугаар 000066348/,

- Баянзүрх дүүрэг 3010/0071 тоот нэгж талбарын 26,853 м.кв талбай /гэрчилгээний дугаар 0228420/,

3.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12\5-2 дугаартай, 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ-13\109 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.”

2.Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН