Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0430

 

   

    

 

 

 

 

 

 

 

“С Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй, “С Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.14-д заасныг үндэслэл болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн “С Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй. Мөн хуулийг дутуу, буруу ойлгон тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгч талын буруугаас болоогүй бөгөөд Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэсний дагуу актаар газрын хэвлийг хүлээлгэн өгснөөр эдэлбэр газраа ашиглах боломжтой болох ёстой. Газрын хэвлийг хуульд заасны дагуу актаар өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй тул газрын хэвлийг ашиглах нөхцөл өнөөдрийг хүртэл бүрдээгүй. Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр уурхайн эдэлбэр газрыг акт хүлээлгэж өгөөгүй байна гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн бөгөөд акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй нь баримтаар нотлогдоод байхад шүүх ямар нотлох баримт, хуулийг үндэслээд шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн үзлэгээр газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон гэж дүгнээд байгаа нь тун ойлгомжгүй. Нэхэмжлэгч газрын хэвлийг бидэнд хуульд заасны дагуу актаар хүлээлгэн өгөөгүй тул газрын хэвлийг ашиглаагүй гэж тайлбарласаар байтал үзлэг хийхэд ашиглаагүй байсан. Тиймээс буруу гэнэ. Хэрэв актаар хүлээлгэн өгөөгүй байхад ашигласан бол харин “С Б” ХХК хууль зөрчиж, газрын хэвлийг ашигласан болох байлаа.

...Шүүх хуульд заасан ажиллагааг Захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байгаа нь хууль зөрчсөн зүйлгүй, гаргасан акт нь хууль зөрчөөгүй гэж үзэж актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж дүгнэж байгаа нь ямар хуулийн заалтыг үндэслээд хэрхэн дүгнэж байна гэж ойлгох вэ? Хариуцагч нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэлгүй акт гаргасныг хууль зөрчсөн байна гэхдээ зүгээрээ гэж дүгнэж шийдвэрээ гаргаж болохгүй.

“С Б” ХХК-ийн хувьд хууль зөрчсөн аливаа зүйл байхгүй бөгөөд хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө авч, холбогдох бичиг баримтаа батлуулж, заримыг нь батлуулахаар ажиллаж байсан бөгөөд хуульд заасны дагуу газрын хэвлийг олгоогүй байж байтал шийдвэр гарч, урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангалгүйгээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж,  үндэслэлтэй  дүгнэлт  хийгээгүй  байх  тул  шийдвэрийг  хүчингүй  болгож,

хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “С Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.14-д заасныг үндэслэл болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн “С Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг хэрэгт нотлох баримтаар аваагүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт хэрэгт авагдаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан үзэж, гомдлын хүрээнд дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахдаа Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана” гэж заасны дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулж, тангараг өргүүлээгүй, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэл болгосон заалтдаа “...106.1.14” гэсэн бичвэрийн алдаа гаргасан байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ