Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00097

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01825 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1960 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Хны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн Хинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл олгохыг Хинд даалгах, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5 616 554 154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, Б.Хэрлэнчимэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Засгийн газраас Хаар дамжуулан БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээл авах хүсэл зоригийг Хинд илэрхийлсэн. Хны төвийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот зээлийн хорооны шийдвэрээр “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн Монгол 888 төслийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 9% хүүтэй, эхний 12 cap хүү төлөх нөхцөлтэй олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулах, зээл олгохын өмнөх шаардлагыг цементийн агуулахыг нэмж барьцаалах, банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх, БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Хны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэж тохирсон.

“Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохыг зөвшөөрч “Э” ХХК-ийн хүсэл зоригийг хүлээн авч зөвшөөрсний дагуу дэд зээлдэгч “Э” ХХК-д олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ЭДХ1 Хөгжлийн банк нь арилжааны банкуудтай /Х/ байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн 4 дүгээр зүйлд Арилжааны банк дараах эрхтэй 4.2.2-д “Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд төсөл санхүүжүүлэхэд зориулан олгох зээлийн эх үүсвэрийг байршуулахыг шаардах” гэсний дагуу Х 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/8825 тоот албан бичгээр Хөгжлийн банкнаас “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохоор шийдвэрлэсэн тул төслийн эх үүсвэрийг Хны 5000000015 тоот дансанд шилжүүлж өгөхийг шаардсан. Энэ нь “Э” ХХК болон Хны хооронд байгуулагдах зээлийн гэрээний гол нөхцлийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасны дагуу тохиролцож улмаар Х нь хүсэл зоригийг баталгаажуулж 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот Хны төв зээлийн хорооны шийдвэр гаргасан болно. Иймд талууд гэрээний гол нөхцлөө тохиролцож Иргэний хуулийн 196.1.2-т заасны дагуу Хны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот шийдвэрийг баталгаажуулан дэд зээлдэгч “Э” ХХК болон зээлдүүлэгч Хөгжлийн банкинд хүргүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулаглагдсан гэж тооцно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн нэмэлт санхүүжилтийг арилжааны банкны /Х/ гаргасан хүсэлтийг үндэслэн, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор нэмэлт санхүүжилтийг батлан дэд зээлдэгч “Э” ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг зөвшөөрсөн болно. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2/126 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Хинд хандаж Засгийн газрын 2013 оны 239 болон 2014 оны 212 дугаар тогтоолуудын дагуу экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх ажлын хүрээнд танай банкнаас дэд зээл олгохоор эцсийн шийдвэр гарч, батлагдсан “Э” ХХК-ийн зээлийг дамжуулан санхүүжүүлэх хүсэлтийг үндэслэн, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу тус дэд зээлдэгчид саранхүүжилт олгохыг шийдвэрлэсэн. Иймд Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журмын 2, 3 дахь заалт болон танай банктай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 1029, З-ЭИ-С-2014- 94 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.7-д тусгасны дагуу дэд зээлдэгч “Э” ХХК-тай зээлийн гэрээ гэрээг байгуулан ирүүлнэ үү гэсний дагуу Хны төв зээлийн хороо 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж гаргасан 19/1004 шийдвэр нь Хөгжлийн банкнаас олгох БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмжийн зориулалтын зээл 13 тэрбум төгрөгийг “Э” ХХК-ийн хөрөнгө оруулалтын хугацаа нь дуусаагүй зээлүүдийг хаах хууль бус шийдвэрийг гаргаж, Засгийн газраас олгосон зээлийн зориулалтыг дур мэдэн өөрчилж үндсэн тоног төхөөрөмж худалдан авахаар өөрийн банкны гаргасан зээлийн хорооны шийдвэрийг өөрчилж, зээлдэгч “Э” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, 2016 оны 08 дугаар сард хугацаа дуусах зээлийн гэрээг урьдчилан төлүүлж хаахаар шийдвэрлэсэн нь зээлдүүлэгч Х зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ дангаараа зөрчиж, Хны төв зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зээл олгох нөхцөл тохиролцоогоо зөрчиж Засгийн газрын шийдвэр болон зээлдэгчийн эрхэд хууль бусаар халдаж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн байна.

Х санаатайгаар Улсын Их хурал болон Засгийн газар, Хөгжлийн банк “Э” ХХК-ийг хууран мэхэлж, Монгол 888 төслийн хүрээнд зээл олгох 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэрээ өөрчилж, стратегийн ач холбогдол бүхий үндэсний үйлдвэрлэлийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж улмаар Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.5-д заасныг зөрчсөн. Х нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хны төв зээлийн хорооны 833а тоот шийдвэрээр зээлийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон тохиролцооноос ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж, “Э” ХХК-ийг хууран мэхэлж улмаар БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авах 13 тэрбум төгрөгийн зээлийн зориулалтыг “Э” ХХК-ийн хугацаа нь дуусаагүй хөрөнгө оруулалтын зээлүүдийг хаахаар санаатай өөрчилсөн. Банкнаас зээлийн мөнгийг өөр зээлийн өрөнд суутгахаар шийдвэрлэсэн нь банкны зээлийн үйл ажиллагааны зорилгод нийцэхгүй, зээлдэгч “Э” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөгжлийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг “Э” ХХК-ийн БҮК-1 төсөлд олгох шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2/126 тоот мэдэгдлээр Хинд хүргүүлсэний дараа Х 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдриин 19/1003 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хны төв зээлийн хорооны 833а тоот шийдвэрийн нөхцлийг хэвээр үлдээснээ бидэнд мэдэгдсэн боловч өөрийн банкны явцуу эрх ашгийн төлөө 833а тоот шийдвэртээ хууль бус нэмэлт засвар зөвхөн нэг талын эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн тулган шаардалт хийж угтвар болзол нэртэйгээр Хинд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн хаасан байх, үндсэн зээлийн хувьд эхний 12 сард хөнгөлөлттэй гэж, барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөгийг төлүүлэх, зээл хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх гэсэн нэмэлт засваруудыг хийж бидэнд хүргүүлсэн байна.

Засгийн газрын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөгжлийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг “Э” ХХК-ийн БҮК-1 төсөлд олгохоор шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2/126 тоот мэдэгдлээр “Э” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан зохих газруудад бүртгүүлэн ирүүлэхийг Хинд мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээг байгуулаагүй зээл олгоогүйгээс үүдэн “Э” ХХК-ийн БҮК-1 төслийн хэрэгжилтийг 2015.01.30-2015.06.30 хүртэл хугацаанд буюу 150 хоног зогсоосон хугацаанд манай компанийн олох байсан орлого 5 616 554 150 төгрөгийн хохирол учраад байна.

Манай компани нь Монгол банкинд энэ талаар гомдол гаргасныг шалган үзэж Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-6/179 албан тоотоор Хинд “Танай банкны зээлийн хорооны шийдвэрээр Хөгжлийн банкнаас Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн санхүүжилтэд зориулан олгож буй зээлийн эх үүсвэрээс “Э” ХХК-ийн Хнаас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй алхам болж байна. Иймд та бүхэн шийдвэрээ эргэн харж, өөрийн харилцагч байгууллагатай зөвшилцөж шийдвэрээ гарган бидэнд ирүүлнэ үү” гэсэн нь Хны хууль бус үйл ажиллагаа явуулж хэрэглэгчээ хохироосон, илтэд зах зээлд давамгай байдлаа ашиглан, хууль зөрчиж байгааг нотлож өгсөн бөгөөд Х өнөөдрийг хүртэл Монгол банкинд хариу хүргүүлэхгүй манай компанийн эрх ашгийг зөрчиж Хөгжлийн банкнаас авах БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээлийг санаатайгаар хашин боогдуулж байна.

Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор дэмжигдэн хэрэгжиж буй тэргүүлэх чиглэлийн төслийн үйл ажиллагаанд салбарын яам буюу Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/680 тоот албан бичгээр Хны гүйцэтгэх захирал Н.Като-д хандаж “Э” ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 555 тоот албан бичгээр экспортыг орлох 888 төслийн хүрээнд танай банкнаас санхүүжигдэж буй БҮК-1 төслийн талаар гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй тус байгууллагын ажилд хүндрэл учруулж байгаа тул Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд тус компанийн хэрэгжүүлж байгаа БҮК-1 төсөлд шаардлагатай зээлийн хөрөнгийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэлийн талаарх тайлбарыг тус яаманд ирүүлнэ үү. БҮК-1 төслийн үйл ажиллагаа хүндрэл учруулж буй байдлыг тодруулан салбарын яамнаас дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоо арга замыг хайх гэсэн боловч Хны зүгээс Барилга хот байгуулалтын сайдад хариуг ирүүлэхгүй илтэд өөрийн буруутай үйл ажиллагаа, дээрэнгүй байдлаа мөн л харуулж ямар ч хариу өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Х нь тодорхой хариу өгөхгүй яах нь мэдэгдэхгүй үл тоосон байдал гаргаж байсан тул бид ШӨХТГ-т хандсан. Манай компанийн зүгээс Хны зах зээлдэх давамгай байдлаа ашиглаж, хэт монополь байдалтайгаар хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 556 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/11 дүгээр удирдамжийн дагуу Х ХХК-ийн “Э” ХХК-д зээл олгохтой холбогдох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг явуулсан болно.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Хинд явуулсан хяналт шалгалтын талаар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд “Х” ХХК-ийн зүгээс өөрийн шаардлага гаргасан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрийг зөрчин, Хөгжлийн банкны эх үүсвэрээс “Э” ХХК-д олгох БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан зээлдүүлэхэд Хинд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх барьцаанд байгаа 2 газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх, Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх гэсэн шаардлагуудыг нэмж тавьсан, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.9, 7.1.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болжээ гэсэн. Х нь 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлөхөд уг барьцааны зүйлүүдэд хамаарахгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцлийг тулгаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.

Иймд Хны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн Хинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгож, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Хинд даалган, Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5 616 554 150 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус банк нь “Э” ХХК-д 2011 оноос хойш арилжааны банкнуудын дунджаас бага хүүтэй, урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгож ирсэн. 2014 оны 833а дугаар Зээлийн хорооны шийдвэр нь холбогдох хууль тогтоомжоор үндэслэн гарсан. Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөх байгууллагын банкны газарт өгч байгаа чиглэл юм. Энэ нь “Э” ХХК-ийн ашиг сонирхолыг зөрчөөгүй, харин ч зээл олгохыг тодорхой нөхцөлтэйгөөр дэмжсэн шийдвэр болно. Энэ шийдвэр Банкны нууцын зэрэглэлд хамаарах баримт бичиг бөгөөд Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүх байгууллагын дотоод үйл ажиллагааг хянан шалгах зорилго, чиг үүрэггүй болно.

2015 оны 19/1003 дугаар бүхий Зээлийн ерөнхий нөхцлийн маягт нь Зээл хүсэгчийн санхүүгийн чадавхи, барьцаа хөрөнгө, эрсдлийн үнэлгээ, хэрэгжүүлэх төслийг судлан үзээд илэрхийлж байгаа нэг талын санал юм. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК хүлээн аваагүй нөхцөлд эрх зүйн үр дагавар үүсэхгүй, хэлцэл хийгдээгүй юм. “Э” ХХК нь 11/163, 11/165 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих зээл, түүнийг хүүг төлөх хугацааг 270 гаруй хоногоор хэтрүүлсэний зэрэгцээ зээлийг зориулалтын бусаар ашигласан. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, Зээлийн гэрээгээр тогтоосон журмыг тус тус зөрчсөн тул дээрх болзолыг тавихад хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, хүүг буцаан төлөх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх тухай хуулийн зохицуулалтыг биелүүлэх шаардлагаас үүдэлтэй.

“Э” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 522 дугаар албан тоотоор хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж барагдуулахаар шийдвэр гаргаж өгч тусламж үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 620 дугаар албан тоотоор банкны болзлыг хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтийг нэр бүхий 13 арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Эдгээр банкуудын нэг нь л Х юм. “Э” ХХК нь дээрх 13 арилжааны банкны алинд нь ч зээл хүсч хандах боломжтой бөгөөд ийнхүү хандсанаар Х “Э” ХХК-ийн өмнө зээл олгох үүрэг хүлээхгүй. Зөвхөн Монгол Улсын Хөгжлийн банк болон зээлдэгч банкнаас тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа нөхцөлд л холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, зээл олгоно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих хөтөлбөр нь зөвхөн “Э” ХХК-д олгохоор зориулагдаагүй болно. Х “Э” ХХК-ийн өмнө БҮК-1 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ байхгүй болно. Түүнчлэн Хөгжлийн банкнаас “Э” ХХК-ийн БҮК-1 төслийг санхүүжүүлэх зорилгоор Хинд эх үүсвэр шилжүүлээгүй. Мөн “Э” ХХК зээлийн гэрээ байгуулахад тавигдах нөхцөлүүдийг биелүүлээгүй, хангахгүй байгаа.

Иймд банк зээл олгох үүрэг хүлээгээгүй, цаашилбал, зээлийн гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлцэл хийгдээгүй, Хинд Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд зориулан эх үүсвэр шилжүүлээгүй байхад хохирол нэхэмжлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд нийцэхгүй юм. Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01825 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 9.4.7., 227 дугаар зүйлийн 227.4., 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасныг баримтлан БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Хинд даалган, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5 616 554 154 төгрөгийг Хнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1960 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01825 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн Хинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Хинд даалган, Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01 дүгээр сарын 30-ныөдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5 616 554 150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 157 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх “Х” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгж гэдгийг тогтоосон хэрэгт хамаарал бүхий баримт захиргааны байгууллагын шийдвэр байхгүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Х”, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг давамгай байдалтай аж, ахуйн нэгжээр тогтоосон боловч уг актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх илт хууль бус акт болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх байдлаар “Х”-ыг давамгай байдалтай аж, ахуйн нэгж мөн эсэх асуудалд анхаарлаа хандуулан Иргэний хуулйн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар тайлбарласан нь талуудын хооронд үүссэн маргааны харилцаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийг буруутгажээ. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наяад төгрөг зарцуулах, үйлдвэрлэгчид хямд хүүтэй зээл олгох ажлын хүрээнд үйлдвэржилтийг дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийг шалгаруулж, төсөл санаачлагчид өөрсдийн сонгосон арилжааны банкандаа хандаж, материалаа судлуулан, банк зээл олгох боломжтой гэж үзвэл Хөгжлийн банк зээлийг гаргахаар шийдвэрлэсний дагуу “Э” ХХК уг төсөлд хамрагдан дэмжигдсэн байна. Иймээс Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолоор дэд зээлдэгчид санхүүжилт олгохыг зөвшөөрчээ. Дээрх үйл баримтаас үзвэл, Х давамгай байдалтай аж ахуйн нэгж мөн биш асуудал талуудын маргааны харилцаанд огт хамааралгүй, харин Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэгч Хөгжлийн банкны зөвшөөрлөөр Х зөвхөн зээл дамжуулан олгох, төрөөс санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулан авах зээлийн ажиллагаа явагдах нөхцлийг өөрчилж, зээлийн гэрээнд талууд тэгш байх зарчим алдагдаж, банк өөрийн эрх ашигт нийцүүлсэн давуу байдлыг гэрээнд тусгах тулгалт хийсэн үйлдлээс үүссэн маргааны агуулгыг давж заалдах шатны шүүх нягтлан үзээгүй алдаа гаргажээ.

Хөгжлийн банкнаас Гурван талт гэрээг баталгаажуулснаар “Э” ХХК-д зээл олгохыг дэмжсэн зөвшөөрлөө Хинд хүргүүлсэн үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс талууд гэрээний харилцааны үүргийг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх байдлаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар тайлбарласан нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан өмнөх зээлийн гэрээний үүргийг дээрх төслийн хэмжээнд дэмжигдсэн зээлийн гэрээнд нэмж тусгах эрх зүйн боломжгүй тул Хны зүгээс зээлийн гэрээнд шинээр оруулах гэсэн шаардлагууд нь хууль бус юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Банк гэрээнд өөрийн эрх ашгийг дээгүүр тавьж аливаа асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэж ирсэн үйл баримтыг шүүх гэрээнд оролцогчдын тэгш байдлыг нотлогдсон гэж өрөөсгөл дүгнэх боломжгүй юм. Хны зээлийн хорооны шийдвэрт зээлийн гэрээ байгуулах зээл олгохын өмнөх нөхцөл шаардлагыг Цементийн агуулахыг нэмж барьцаалах, банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх, БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Хны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг нэмэлт нөхцөл тавьж талууд хүлээн зөвшөөрч, гэрээний эрх зүйн харилцааны чөлөөт байдлын  зарчимд  нийцүүлэн  зээлийг дамжуулан зээлдүүлэх дараагийн  үе  шатанд шилжиж талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан нөхцөл бүрдсэн асуудлыг шүүх анхааран үзсэнгүй. Дамжуулан зээлдүүлэх гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний эрх зүйн тусгай ангийн нэгэн өвөрмөц төрөл уг гэрээнд үндсэн зээлдэгч Хөгжлийн банк, дамжуулан зээлдүүлэх үүрэг нь арилжааны Х, Дэд зээлдэгч нь “Э” ХХК болно. Иймд банк зээлдэгч нарын хооронд үүсдэг ердийн зээлийн гэрээнээс өөр, нэг нь нөгөөгөөс хамааралтай, харилцан үүрэг хүлээдэг онцлогтой учир Х дангаараа асуудлыг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн гэрээний нөхцлийг шаардах эрх хязгаарлагдмал болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Тухайбал, “Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөгжлийн банкинд зээл олгох (ХХ-118) шийдвэрээ хүргүүлж улмаар зээлдэгч “Э” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11/9233 тоот (XX-119) албан бичгээр зээл олгох шийдвэрээ хүргүүлсэн нь гэрээний бэлтгэл үе шат дуусгавар болж гагцхүү гэрээг баталгаажуулах үлдсэн бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/15/24 гэрээг баталгаажуулаагүй (XX 130-137) болно. Эдгээр үйл баримтад хамаарах харилцаанд анхан шатны шүүх дүгнэлт хийж, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг баталгаажуулах шаардлагатай гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь буруу юм.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх шаардлагыг давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.

Шүүх Хны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19/1002 19/1003, 19/1004 тоот шийдвэрүүдэд Хнаас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлагыг “Э” ХХК-д тавьсан байна гэж үзэхдээ хугацаанаас өмнө төлбөр шаардах болсон хууль зүйн үндэслэл, мөн “Э” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг огт хөндөөгүй орхигдууснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж дүгнэлт хийх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х төв зээлийн хорооны шийдвэр албан ёсоор гарч, Зээлийн нөхцлийг “Э” ХХК-д 13.0 тэрбум төгрөгийн “Монгол 888” төслийн зээлийг “60 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, 12 cap хүү төлөх” нөхцөлтэй “Э” ХХК-д олгохоор зөвшөөрчээ гэж шүүх үзэхдээ энэ зээлийн гэрээ байгуулах үүргээ “Х” биелүүлээгүй гэм буруугийн асуудлыг хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй орхигдуулсан атлаа зээлийн гэрээ байгуулаагүйг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Шүүхийн дүгнэлтийг агуулга талаас нь үзвэл, хэрэгт цугласан нотлох баримтыг шүүх заасан атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “зээлийн гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг эсрэгээр зээлийн гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон байна. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1960 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан тус банкны зээлийн хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19\1004 дугаартай шийдвэрийн “угтвар болзлууд” хэсгийн “банкинд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг “Х” ХХК-д даалгах, Хөгжлийн банкаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийг олгоогүйгээс төслийн хэрэгжилт зогссоны хохиролд буюу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд олох байсан орлого 5 616 554 150 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Х” ХХК нь шаардлагуудыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” \БҮК-1\ төслийг хэрэгжүүлэх зорилгоор 13 115 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Хөгжлийн банк 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2\518 тоот албан бичгээр “дамжуулан зээлдүүлэх гэрээ”-нд заасан материалуудыг бүрэн бүрдүүлж, эх үүсвэр шилжүүлэх тухай албан ёсны хүсэлт ирүүлсэн тохиолдолд “Э” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулж, “Х” ХХК-д зээл олгохыг мэдэгджээ.

“Х” ХХК-ийн зээлийн хороо 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21\8825 тоот албан бичгээр Хөгжлийн банкинд зээлийн эх үүсвэрийг шилжүүлэх хүсэлтээ явуулсан ба Хөгжлийн банк 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2\216 тоот албан бичгээр гурван талт гэрээг баталгаажуулснаар зээлийг олгоход татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн байна.

“Х” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 19\1002, 19\1003, 19\1004 дүгээр шийдвэрүүдээр “Э” ХХК-д “Х” ХХК-иас урьд авсан зээлүүдийг төлөхийг шаарджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүйгээс гадна гэрээ байгуулах үе шатанд гэрээ байгуулах үүрэг үүсээгүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.2.-т зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болдог байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах бэлтгэл ажиллагаа явагдаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч ийнхүү бэлтгэл ажиллагаа явагдаж байсан нь талуудыг заавал гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзэх, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заажээ.   

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д зааснаар нэг этгээд өөрийн  хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэдэг. Нэг талын гаргасан саналыг нөгөө тал зөвшөөрөх эсэх нь түүний хүсэл зоригоос шалтгаалах бөгөөд дээрх саналыг зөвшөөрөөгүй байхад гэрээ байгуулахыг шаардах үндэслэлгүй болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д зааснаар банк нь зээлдүүлэгчийн хувьд зээл олгохдоо зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй байдаг нь зээл эргэн төлөгдөх боломжийг судлах  хэлбэр бөгөөд энэ нь зээл олгох эсэхийг шийдвэрлэх үндэслэлүүдийн нэг болдог. “Э” ХХК нь “Х” ХХК-иас урьд авсан зээлүүдийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг дутагдал гаргасан тохиолдолд “Х” ХХК нь дараагийн их хэмжээний зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ түрүүчийн зээлийн төлөлтийн талаар шаардлага тавьсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг байна. Энэ утгаар арилжааны банк нь төсөл хэрэгжүүлэгчид олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцах тул төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадвар, зээл эргэн төлөгдөх боломжийг сайтар судлах, улмаар зээл олгохын тулд төсөл хэрэгжүүлэгчээс санхүүгийн байдлаа сайжруулах, өр авлагаа багасгахыг шаардах эрхтэй болно.

Нөгөө талаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0485 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221\МА2016\0578 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 396 дугаар тогтоолоор Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6\16 тоот дүгнэлт, 6\42 тоот албан шаардлага, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаартай шийтгэврүүдийг илт хууль бус акт болохыг тогтоожээ. Давж заалдах шатны шүүх “Х” ХХК-ийг Улаанбаатар хотод давамгай байдалтай аж ахуйн нэгж биш гэж үзэж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4.-т заасан зохицуулалт зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд хамааралгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4.-т зааснаар тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй байдаг ба хариуцагч “Х” ХХК-ийг тухайн маргаантай харилцаанд “давамгай байдал бүхий этгээд” гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1960 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181\Ш32017\13248 дугаар захирамжаар төлөх хугацааг нь хойшлуулсан 65 157 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч “Э” ХХК-иас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН