Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00109

 

О.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1274 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Ө-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.М-, У.М- нарт холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг 54 000 000 төгрөгөөр О.Намнандоржоос худалдаж авсан бөгөөд улсын бүртгэлийн 00435830 дугаар гэрчилгээгээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш хувийн асуудлаас шалтгаалан түр хугацаанд өөр газар амьдарч байсан ба орон сууцны түлхүүрийг ахдаа үлдээсэн байсан. Гэтэл миний орон сууцанд танихгүй хүмүүс болох У.М-, Д.М- нар хууль бусаар амьдарч байх тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид уг орон сууцанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа. Бид Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг н.Батсүх, н.Намнандорж нараас 90 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 65 000 000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. н.Батсүх, н.Намнандорж нартай уг орон сууцыг худалдаж авсан талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй.

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.М-, У.М- нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 407 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20 000 төгрөгийг нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулж, хариуцагч Д.М-, У.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 427 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ө-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1274 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч У.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Ө-ы нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.8-д нийцэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч О.Ө- нь тус орон сууцны өмчлөгч, тэрээр бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэх эрхтэй гэж үзсэн боловч хариуцагч нар бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авах болсон үндэслэлийг тодруулах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч нар нь тус байрыг иргэн М.Батсүх, О.Намнандорж нараас худалдан авсан боловч гэрээ хэлцэл байгуулаагүй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар ч гэрээ хэлцэл байгуулагдаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. 4.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тохиолдолд хэлцлийг заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болно. Нэгэнт нэхэмжлэгч нь өмчлөгч болох нь хангалттай тогтоогдож байгаа тул тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. 106 дугаар зүйлийн 106.1, 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр л хязгаарлах ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан хүсэлтүүдийг гаргаж байсан ба анхан шатны шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэл байгаа эсэхийг тодруулахаар хариуцагчийн хүсэлтэд дурдаад буй эрүүгийн хэрэгтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш32О16/О5807 дугаартай захирамжийг гаргасан. Уг захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох баримтууд ирж хэрэгт авагдсан ба уг баримтуудаар тус эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч О.Ө- нь хамааралгүй болох нь хангалттай тогтоогддог. Түүнчлэн хариуцагч нар нь тус байрыг О.Ө-аас худалдаж аваагүй буюу түүнтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагчийг хүсэлтээ нотлох боломжийг нь олгож байсан нь харагдана. Түүнчлэн хэрэгт авагдсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”, О.Ө-ы нэр дээрх “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаар О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэрэгт У.Мөнх-Аддар нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь, хариуцагч нар нь М.Батсүх гэдэг хүнээс байрыг худалдаж авсан. О.Намнандорж гэдэг хүнээс авч өгөх ёстой байсан гэх хариуцагчийн тайлбараас үзвэл холбогдох буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болох нь харагддаг.

Иймд дээр дурдсан үндэслэлийг хүлээн авч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1274 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Ө- нь хариуцагч Д.М-, У.М- нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нь орон сууцанд хууль ёсоор оршин сууж байгаа гэж марган, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч О.Ө- нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 дугаар байрны 05 тоотод байршилтай 54,39 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар тухай бүртгэлийг үнэн зөвд тооцох ба нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тухайн орон сууцанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа, орон сууцыг Батсүх, Намнандорж нараас 90 000 000 төгрөгөөр худалдаж авсан, 65 000 000 төгрөгийг нь төлж барагдуулсан гэх хариуцагч нарын тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч О.Ө- өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотолсон бол хариуцагч нарыг тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Хариуцагч Д.М-, У.М- нар нь маргааны зүйл болж буй эд хөрөнгийг М.Батсүх, эсхүл О.Намнандоржоос худалдаж авсан гэх байдлыг нотлох ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт худалдах-худалдан авах гэрээ авагдаагүй, гэрээ, хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна эдгээр хүмүүс тухайн орон сууцыг худалдах буюу өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй этгээд мөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

О.Намнандорж гэгч М.Батсүхэд өртэй байх, уг өрөнд орон сууц өгөхөөр тохиролцох, орон сууцыг М.Батсүх нь Д.М-, У.М- нарт худалдах зэрэг үйл явдал болон ажиллагаа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдээгүй тохиолдолд өмчлөгчийн хууль ёсны эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

О.Намнандоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй байдал өмчлөгчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхийг мөн хязгаарлахгүй болно.

Давж заалдах шатны шүүх “О.Ө- нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4., 65 дугаар зүйлийн 65.1.8.-д нийцэхгүй” гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д зааснаар нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдааны үед илэрвэл хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, М.Батсүхээс 355 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэх асуудлаар О.Намнандорж гэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явагдаж байгаа ба нэхэмжлэгч О.Ө-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй, түүний өмчлөх эрх олж авсан үйл баримт эрүүгийн журмаар шалгагдаагүй нөхцөлд тухайн орон сууцыг хууль бус эзэмшлээс шаардах тухай О.Ө-ы нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1274 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 427 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН