Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00111

 

С.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2061 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Д-, Н.А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 827 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид 2015 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дэнжийн мянгын зах дээр хөдөө орон нутгаас ирдэг махнаас бэлэн мөнгөөр авч зээлээр “С” ХХК-нд нийлүүлдэг байсан. “С” ХХК-ийн мах хариуцсан захирал Н.Баатарцогт, менежер Д.Батбаяр нар бидэн дээр ирж махаа авдаг байсан ба нийт 22 удаагийн худалдан авалтаар 30 213 110 төгрөгийн мах авсан.

Үүнээс 13 385 900 төгрөгийг нь “Хаан” банкны харилцах дансаар эдгээр хүмүүс шилжүүлдэг байсан. Үлдэгдэл 16 827 210 төгрөгийг авахаар бид удаа дараа дээрх байгууллагын захирал, хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан бодогч нартай уулзаж хандсан боловч тооцоо нийлж өгнө гээд удаашруулсаар сүүлдээ захирлууд нь солигдоод хариуцах эзэнгүй болж өдий хүрснээр бид маш их хохирч байна.

Иймд “С” ХХК-иас махны үлдэгдэл төлбөр 16 827 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Баатарцогт гэдэг хүн махыг ченжүүдээс худалдаж аваад байгууллагад тушаадаг. Н.Баатарцогтын нэхэмжлэхийн дагуу түүнд байгуулагаас мөнгийг төлдөг. Энэ харилцааг авч үзвэл байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учруулсан хохирлыг байгууллага хариуцаад дараа нь байгууллага ажилтнаасаа нэхэмжлэх байдал өнгөцхөн харагдаж байгаа. Гэхдээ харилцааг авч үзэхэд Н.Баатарцогт энэ компанид үндсэндээ 20 жил ажилласан байгууллагын итгэлийг хүлээсэн ажилтан байсан. Өмнө нь цагаан идээний нийлүүлэлт хариуцаж байхдаа зөрчил гаргаад байгууллага нь түүнийг уучлаад махны салбарт томилсон, махны салбарыг хариуцан 4 сар ажиллаад зөрчил гаргаад явсан. Энэ хэргийн нэхэмжлэгч Н.А- нь Н.Баатарцогтын төрсөн дүү. Н.Баатарцогт өөрийнхөө махны мөнгийг аваад, цаашаа яаж өгдөг байсан нарийн юмнуудыг эд нар өөрсдөө мэдэж байгаа. Ченжүүдээс “Миний дэлгүүр”-т мах нийлүүлж, худалдах, худалдан авах харилцаа үүсч байна. Бид хүлээж авсан махны төлбөрийг төлсөн баримт байгаа юм. Худалдааны харилцаа явагдаж байгаа бол анхан шатны баримтаар баталгаажуулах ёстой. Н.Баатарцогт болон нэхэмжлэгч нарын хооронд компанид мах нийлүүлж байгаа субъектуудын хооронд мах нийлүүлсэн анхан шатны баримт байхгүй. “С” ХХК-ийн хувьд Н.А-, С.Д- нарын мах гэж хүлээж авсан баримт байхгүй. Яагаад гэхээр Н.Баатарцогт энэ хүмүүсээс авчихаад салбаруудаар нь тараагаад өгчихдөг байгууллагын тооцоон дээр Н.Баатарцогтоос авсан мах л гэж байгаа. Гэтэл Н.Баатарцогт нэхэмжлэгч нар нь ч гэсэн хоорондоо нарийн данс тооцоо байхгүй. Тэгэхээр хариуцагч талын хувьд ч С.Д-оос ийм мах хүлээн авсан гэдгээ нотолж чадахгүй. “С” ХХК нь ажилтандаа итгэл хүлээлгэсэн үйлдэл харагдаж байна. Нэхэмжлэгч нар өгсөн авснаа нарийн баримтжуулж падаанаа үйлдээгүйн гай гарч ирж байгаа юм. Нотлох үүрэг нь нэхэмжлэгч талд байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 16 827 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Д-, Н.А- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2061 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас 16 827 210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Д-ид 15 927 210 төгрөг, нэхэмжлэгч Н.А-ид 900 000 төгрөгийг тус тус олгосугай” гэж, 2 дахь заалтын “...242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “242 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 242 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 100 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “С” ХХК-д 22 удаагийн нийлүүлэлтээр 30 213 110 төгрөгийн махыг худалдсан, үүнээс 13 385 900 төгрөгийг дансаар хүлээн авсан гэх боловч талуудын хооронд 30 213 110 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах-худалдан авах харилцаа үүссэн болохоо шүүхийн шатанд огт нотлоогүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нь ямар хэмжээтэй махыг компанид нийлүүлсэн хийгээд түүнийг баталгаажуулсан байх нь гэрээний талуудын эрх, үүрэг, улмаар гэрээний биелэлт, үр дүн, төлөх төлбөрийг тодорхой болгох ач холбогдолтой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч нар нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хариуцагчаас авлагатай болохоо нотлоогүй. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас нэхэж буй мөнгөн дүнд тохирох махыг компанид нийлүүлсэн эсэх, компани махыг нэхэмжлэгч нараас хүлээн авсан эсэх нь анхан шатны шүүхийн баримтаар огт тогтоогоогүй, нотлогдоогүй. “С” ХХК болон махны нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулагдаж байгаагүй, компанийн санхүүгийн тоо бүртгэл, баримт бичигт нэхэмжлэгч нарын нэрээр огт мах нийлүүлэгдээгүй. Max нийлүүлсэн талаараа нотлох баримтыг нэхэмжлэгчид шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Д-, Н.А- нар нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 827 210 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч “С” ХХК-д 22 удаагийн нийлүүлэлтээр мах худалдсан гэж үндэслэсэн боловч шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Зохигчид худалдах-худалдан авах гэрээний харилцаатай байсан гэж үзэхээр боловч шаардлагын үндэслэл болж буй гэрээ байгуулагдсан гэж үзэх, хэдий хэмжээний ямар мах ямар үнээр худалдаж-худалдан авсан, хэдий хэмжээний төлбөр төлөх үүрэг хариуцагчид ногдох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч “С” ХХК-ийн махны салбарын захирлаар ажиллаж байсан  нэхэмжлэгч Н.А-ийн төрсөн ах Н.Баатарцогтын тодорхойлолт, түүний гаргасан тооцоо, мэдүүлэг, уг компанид дайвар бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан М.Батбаярын мэдүүлэг зэрэг нь бусад баримтаар давхар нотлогдоогүй тул хариуцагч “С” ХХК-ийн үүрэг, түүний хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж болох боловч хэдий хэмжээний ямар мах хэзээ нийлүүлж, хэдий хэмжээний төлбөр авахыг баталгаажуулаагүй явдал нь шаардах эрхийг үгүйсгэж байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх талуудын нотлогооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоож, хариуцагчийг татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээний харилцаатай байсан, өөрийн шаардлагын бодит үндэслэлийг баримтаар нотолсон тохиолдолд нэхэмжлэлийг татгалзсан хариуцагч эдгээр баримтыг үгүйсгэх учиртай. Гэтэл нэхэмжлэгч нар хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлох баримт гаргаагүй байхад хариуцагчийг хүлээн авсан махны үнийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нар нь өөрт учирсан хохирлоо Н.Баатарцогтоос шаардахад энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүй юм.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу боловч төлөөлүүлэгч төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг татгалзаагүй тул уг алдаа магадлалыг хүчингүй болгох үндэслэл болоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2061 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/02126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 242 087 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН