Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 515

 

                                                     

                                                                    

 

 

 

 

 

 

 

           С.Энхтүвшинд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Д.Уянга,

Шүүгдэгч С.Энхтүвшингийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 648 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Уянгын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/41 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201725011342 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Сүх-Очирын Энхтүвшин, 1980 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны Мансартны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЦБ80022379/,

С.Энхтүвшин нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 9 тоотод өөрийн төрсөн дүү Сүх-Очирын Мартатай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Энхтүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Энхтүвшин нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 9 тоотод өөрийн төрсөн дүү Сүх-Очирын Мартатай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр;”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ;” гэж тус тус заасны дагуу хэргийн нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна гэж шүүх үзэв. Учир нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолоор шинжээчид 6 асуултыг тавьж дүгнэлт гаргахыг даалгасан байхад шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5051 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан хохирогчийн биед учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд учирсан гэмтэл мөн эсэх, хэдэн удаагийн үйлчлэлээр хэзээ үүсгэгдсэн байж болох, бусдад зодуулсанаас учирсан гэмтэл байгаа эсэх, мөн цаашид гоо сайхан, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх талаар асуултуудад шинжээч эмч хариулаагүйгээр дүгнэлтийг гаргасан байна. Иймд шинжээч томилох тогтоолд дурдагдсан дээрх асуултуудыг шинжээч эмчээс нарийвчлан асууж тодруулсаны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв. …Боржигон овгийн Сүх-Очирын Энхтүвшинд холбогдох эрүүгийн 201725011342 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Энхтүвшинд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцааж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж…” шийдвэрлэжээ.

Прокурор Д.Уянга бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжид “хохирогчийн биед учирсан гэмтлүүд тухайн цаг хугацаанд учирсан гэмтэл мөн эсэх, хэдэн удаагийн үйлчлэлээр хэзээ үүсгэгдсэн байж болох, бусдад зодуулснаас учирсан гэмтэл байгаа эсэх, мөн цаашид гоо сайхан, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх талаар асуултуудад шинжээч эмч хариулаагүйгээр дүгнэлтийг гаргасан байна” гэж дүгнэсэн байна. Шинжээчийн дүгнэлт нь Мартагийн биед учирсан гэмтлүүдийг тогтоосон, энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж 4 асуултад хариулсан байдаг. Иймд хохирогчид бусдад зодуулснаас учирсан гэмтэл байгаа эсэх, энэ гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэдэг талаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар, шинжээчийг асууж тогтоож болно. Нөгөө талаас шүүгдэгч, хохирогч нараас тухайн цаг үед болсон нөхцөл байдлуудыг асууж тодруулан, шинжээч эмчийн дүгнэлттэй харьцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч С.Энхтүвшингийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч миний зүгээс хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд буюу хохирогч гэртээ согтуу ирсэн, гарсан гэх нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн хохирогчид учирсан гэмтэл ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн бэ гэдгийг нарийвчлан тогтоохгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 зүйлд заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувьд өмгөөлөгч миний зүгээс “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх санал, хүсэлт гаргах боломжгүй болж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн зохицуулалт хүчингүй болсон тул прокурорын саналын дагуу хэргийг анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэвэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болох эсэх талаар магадлалдаа тусгаж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 648 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч С.Энхтүвшинд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ