| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 186/2017/0119/Э |
| Дугаар | 516 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 516
Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Байгалмаа,
Ялтан Н.Цогтгэрэл, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,
Ялтан Б.Сайннямбуугийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нарт холбогдох эрүүгийн 201625032183 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Лочин овогт Нямсүрэнгийн Цогтгэрэл, 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 48 дугаар гудамжны 601 тоотод оршин суудаг,
2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 671 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 24 дүгээр захирамжаар хугацааны өмнө буюу эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж суллагдсан, /РД: УХ93031236/,
Боржгон овогт Батжаргалын Сайннямбуу, 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 33 дугаар гудамжны 407 тоотод оршин суудаг,
2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: УИ94061256/,
Тогос овогт Хатанбаатарын Мөнхсайхан, 1997 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар
хороо, Сургуулийн 41-846 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 18 дугаар байрны 78 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УХ97010417/,
Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-ын автобусны буудлын орчим хохирогч А.Түвшинхүү, Э.Замбалдорж, Д.Дашням нарыг “машин дотор юу гээд байсан бэ” гэж өдөж хоргоон үл ялих зүйлээр шалтаглан зодож, Б.Сайннямбуу нь хохирогч А.Түвшинхүүг газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Сайннямбууд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Н.Цогтгэрэл, Х.Мөнхсайхан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Сайннямбууг Н.Цогтгэрэл, Х.Мөнхсайхан нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Цогтгэрэлийг Х.Мөнхсайхан, Б.Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.Мөнхсайханыг Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сайннямбууд 3 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд 3 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Мөнхсайханд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайннямбуугийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайхан, Б.Сайннямбуу нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цогтгэрэлийн цагдан хоригдсон нийт 7 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нарт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Мөнхсайханд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сайннямбууд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Н.Цогтгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нямсүрэн овогтой Цогтгэрэл миний бие …хэргийн зүйлчлэл болон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний энэ хэргийн хохирогч гэх гурван залуу гурвуулаа урд сууж байсан залуу Хайлаастын давхарын буудал дээр нөгөө хоёроо аваад буусан гэж мэдүүлсэн байдаг. Хэрэг гарсан газар бол Хайлаастын 15-ын буудал бөгөөд энэ буудлын хоорондын зай 1 километр гаран байдаг. Машин дотор хохирогч болох гурван залуу манай дүү Мөнхсайхантай маргалдаад байсан. Тэр үед хохирогч нар архи уусан байсан болохоор би маргааныг тасалж найз дүү хоёроо аваад буусан. Жолоочид хандан чи наад гурван залуугаа хүргэж өгчихөөд ирээрэй гэсэн. Тэгээд хүлээж байтал машин нэг хэсэгтээ ирэхгүй байсан болохоор хойноос нь 15-ын буудал руу алхаад очтол машин асаалттай, хаалга нь онгорхой зогсож байсан. Жолоочоос юу болсон талаар асуугаад зогсож байтал “түрүүний машин дотор маргалдаад байсан бацаанууд байна, бид бол Хайлаастын атаманууд, та нар мэдэх үү” гээд гудамжны үзүүрээс орилоод байсан чинь Мөнхсайхан, Сайннямбуу хоёр гүйгээд очсон. Би очоод салгах гэхэд нэг залуу намайг барьж аваад салахгүй байхаар нь түлхэж холдуулаад нөгөө хоёрыгоо “одоо больцгоо, болно” гээд аваад явсан. Би өмнө хэрэгт холбогдож байсан болохоор ахиад асуудалд холбогдохыг хүсээгүй учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөн таслан зогсоохыг хичээж салгасан байтал байцаагч болон прокурор гэмт хэргийн үнэн зөвийг олохын оронд хэт нэг талыг баримтлан ажилласанд гомдолтой байна. Бид гурвуулаа нийлж давамгай хүчээр цөөн хүнийг зодож хохироогоогүй байтал бүлэглэж хүн зодсон, шөнийн 1 цаг өнгөрч байхад бидний машиныг явуулахгүй гудамжны үзүүрт гурван согтуу залуу ямар учраас биднийг отоод зогсож байсныг, шөнийн цагт гудамж талбайд болсон хэргийг олон нийтийн газар догшин авирлаж бусдыг бүлэглэж зодсон гэж зүйлчилж яллаж байгааг ойлгохгүй байна. Цогтгэрэл миний хувьд иргэн хүний үүргээ биелүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлж таслан зогсоохыг хичээж салгасан байтал намайг урьд өмнө ял эдэлж байсан гэх шалтгаанаар яллаж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж сэдэлтийг тогтоож, хэргийг зөв зүйлчилж өгнө үү…” гэв.
Ялтан Н.Цогтгэрэлийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Н.Цогтгэрэлийг танхайн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч бүлэглэн танхайрсан болох нь бүрэн тогтоогдохгүй байх тул өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн байр суурьтай байсан. Н.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Энэ шинэ хуулиар танхайн гэмт хэргийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон. Иймд хохирогч Түвшинхүүгийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэх үйлдэл үлдэж байна. Түвшинхүүгийн биед Сайннямбуу гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдэлд Н.Цогтгэрэл оролцоогүй. Харин ч тэр хоёрыг салгах зорилготой байсан гэдгээ Н.Цогтгэрэл удаа, дараа мэдүүлсэн. Иймд Н.Цогтгэрэлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.
Ялтан Б.Сайннямбуугийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэлийг хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ зүйл анги нь торгох, албадан ажил хийлгэх, баривчлах гэсэн ялын санкцитай. Иймд Сайннямбууд баривчлах ял оногдуулж өгнө үү. Шинэ Эрүүгийн хуулиар баривчлах ял байхгүй болсон тул Сайннямбууг ялаас чөлөөлж өгнө үү” гэв.
Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний давж заалдах гомдолд дурдсан асуудал тогтоогдоогүй. Сайннямбуу хохирогчид гэмтэл учруулсан бөгөөд уг үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжтэй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Цогтгэрэл, Мөнхсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу бүлэглэн танхайрсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх дээрх зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс ялтан нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Цогтгэрэлийн хувь бүлэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн. Иймд Мөнхсайхан, Цогтгэрэл нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 20.16 дахь хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Уг зүйлд оногдуулах ялын доод хэмжээ 1 жилээс эхэлж байгаа тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул энэ зүйл ангиар хэргийг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үйлдсэн хэргийн хувьд нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Сайннямбуу нь Н.Цогтгэрэл, Х.Мөнхсайхан нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-ын автобусны буудлын орчим хохирогч А.Түвшинхүү, Э.Замбалдорж, Д.Дашням нарыг “машин дотор юу гээд байсан бэ” гэж халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, хохирогч А.Түвшинхүүг газарт унагаж нүүрэн тус газарт өшиглөж, бие махбодид нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Н.Цогтгэрэл, Х.Мөнхсайхан нар нь Б.Сайннямбуутай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 2016 оны 11 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 15-ын автобусны буудлын орчим хохирогч А.Түвшинхүү, Э.Замбалдорж, Д.Дашням нарыг “машин дотор юу гээд байсан бэ” гэж халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч А.Түвшинхүүгийн “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр би хамт ажилладаг Дашням, Замбалдорж нарын хамт Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн тэнд нэг пабад тус бүр 2 шил пиво авч уугаад 00 цаг өнгөрч байхад гараад автобусны буудал дээр очсон. Замбалдорж, Дашням хоёр хоорондоо барьцалдаад барилдаж байхад би такси барих гээд гараа өргөсөн чинь нэг хэсэг такси олдохгүй байсан. Тэгсэн чинь нэг жижиг машин ирээд жолооч нь “хаашаа явах уу” гээд асуухаар нь “Хайлааст явна” гэж хэлсэн. Тэр машин дотор жолоочоос гадна 3 хүн сууж явсан. Бид гурав орой болсон байхаар нь хамгийн ойрхон гэртээ Замбалдоржийн гэрт нь очиж хонох гэж байсан. Тэгээд такси олдохгүй байх гэж бодоод бид гурав чихээд суусан. Миний санаж байгаагаар бид гурав хойд талд нь нэг танихгүй залуутай суугаад урд талын суудал дээр хоёр залуу давхарлаж суусан байсан. Тэгээд замд явж байхад Замбалдорж хэзээ ингээд чихээд явдаг такси байдаг юм гэсэн чинь хойд талд хамт сууж байсан нэг залуу нь Замбалдоржтой маргалдаад байсан. Би одоо юу гэж хэрэлдэж байсан талаар санахгүй байна. Тэр үед бид нар хоорондоо тийм их сүртэй маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ тэгээд л өнгөрсөн. Машин Хайлааст руу өнгөрөөд явж байхад нөгөө гурван залуу машинаас бууя гээд нэг газар буусан. Тэгээд дээшээ дахиад өгсөж байхад Замбалдорж “15-ын буудал биш байна, 84-н буудал байна, хэтэрчихсэн байна” гэсэн чинь нөгөө жолооч нь буцаж эргээд бид гурвыг нөгөө гурван залуугийн буусан газар буулгасан. Тэгээд зам хөндлөн гарсан чинь нөгөө гурван залуу араас дуудаад над руу дайрахаас илүү Замбалдорж, Дашням хоёр руу дайраад байсан. Би тэд нарыг нэг хэсэг салгах гэж оролдож байхад нэг залуу намайг цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Би тэр үед нүдний шилтэй байсан. Нэг хэсэг ухаан балартаад байж байхад нэг залуу ирээд миний утсыг “утсаа ав” гээд надад өгчихөөд яваад өгсөн. Тэгээд Замбалдоржийн гэрт нь очоод үзсэн чинь нүднээс цус гарсан байсан. ...Намайг тэр хүмүүсийн нэг нь цохиж унагаагаад нүд рүү нэг удаа өшиглөсөн...” /хх-18-20/,
Хохирогч Э.Замбалдоржийн “...2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хамт ажилладаг Түвшинхүү, Дашням нартай хамт 32-ын тойргийн уулзварын орчим байдаг караокед орж тус бүр 2 шил пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад бид 3 манай гэр рүү явах гээд такси барих гэсэн боловч олдохгүй байсан ба жоохон халамцуу байсан болохоор Дашням бид хоёр гадаа барилдсан. Түвшинхүү ах такси барих гээд гараа өргөж байсан. Тэгсэн чинь удалгүй такси олчихлоо гээд очсон чинь дотор нь 3-4 хүн байсан. Тэгээд өөр такси олдохгүй болохоор нь арга буюу чихээд суусан бөгөөд бид гурав ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад урд талын суудал дээр өөр хоёр хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь би жолоочид нь хандаж такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу гэж хэлсэн чинь хойд талын суудал дээр бид нартай сууж байсан залуу сүртэй юм бэ адилхан л шахцалдаад явж байна шүү дээ гээд бид нар жоохон маргалдсан. Тэгээд Түвшинхүү ах “боль боль” гээд жаахан явж байгаад давхарын буудал дээр бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. Тэгээд бид нар дээшээ Хайлааст руу явсан бөгөөд нэг харсан чинь Хайлаастын 15-ын буудал өнгөрчихсөн байхаар нь жолооч нь буцаж эргээд Хайлаастын 15-ын буудал дээр буулгасан. Тэр үед жолооч нь машины гэрлээр дохиод байсан нь сонин санагдсан. Тэгээд юм бодолгүй бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд хэн бэ гээд очих гэсэн чинь Түвшинхүү, Дашням хоёр намайг “боль боль” гээд цаашаа авч явсан бөгөөд “Аяз” караокены цаад талын гудамжинд очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг нэг нь барьж аваад газар унагаагаад өшиглөөд байсан. Нөгөө хоёрыг маань яаж зодож байсныг хараагүй. Тэгээд тэр гурав яваад өгсөн бөгөөд бид гурав манай гэрт очсон чинь Түвшинхүү ахын нүд нь хавдчихсан байхаар эмнэлэг орж үзүүлсэн. ...Тухайн үед харанхуй байсан бөгөөд нэг нь намайг барьж аваад газар унагаагаад нэг, хоёр удаа нуруу руу өшиглөсөн...” /хх-24-25/,
Хохирогч Д.Дашнямын “...Бид гурав ар талын суудал дээр нэг танихгүй хүнтэй суугаад урд талын суудал дээр өөр хоёр хүн давхарлаад сууж байсан. Тэгээд явж байхдаа шахалдаад байхаар нь Замбалдорж жолоочид нь хандаж “такси чинь ингэж чихэж явдаг болчихсон юм уу” гэсэн чинь хойд талын суудал дээр бид нартай хамт сууж байсан залуу “сүртэй юм бэ” гээд тэд нар жоохон маргалдсан. Тэгээд Түвшинхүү ах “хэрэггүй” гээд явж байгаад удалгүй бид гуравтай цуг явж байсан гурван залуу буусан. Тэгээд бид нар дээшээ Хайлааст руу явсан бөгөөд нэг харсан чинь Хайлаастын 15-ын буудал өнгөрчихсөн байхаар нь Замбалдорж жолоочид нь хэлээд буцаж эргээд Хайлаастын 15-ын буудал дээр буусан. Тэгээд бид гурав буугаад зам гараад алхаж байсан чинь араас гурван залуу дуудсан бөгөөд нөгөө таксинд сууж байсан гурван залуу байсан ба Замбалдорж “хэн бэ” гэхээр нь бид хоёр “боль боль” гээд цаашаа авч явсан бөгөөд нэг гудамжны үзүүрт очоод тэр гурав бид гурвыг зодсон. Намайг газар хальтарч унахад нэг нь миний бие рүү өшиглөөд цохиод байсан. Тэр үед би хальтарч унаад байж байхад нэг залуу нь хүрч ирээд миний бие рүү 2-3 удаа өшиглөөд гараараа бас цохиод байсан...” /хх-27-28/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №15360 дугаар дүгнэлтэд “...1. А.Түвшинхүүгийн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-43/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-119/, хохирогч А.Түвшинхүүд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 352.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-146/, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 176.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан Танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн уг гэмт хэргийг “догшин авирлаж” гэсэн ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул шүүгдэгч Б.Сайннямбуугийн үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг, шүүгдэгч Н.Цогтгэрэл, Х.Мөнхсайхан нарын үйлдлийг “Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт оногдуулсан ялын хэмжээг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Мөнхсайханд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Мөнхсайханы эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн, Х.Мөнхсайханы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.Сайннямбуу, Н.Цогтгэрэл нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ял шийтгүүлсэн этгээд Н.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “Боржгон овгийн Батжаргалын Сайннямбууг Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэлийг Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан, Боржгон овгийн Батжаргалын Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайханыг Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, Боржгон овгийн Батжаргалын Сайннямбуу нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Боржгон овгийн Батжаргалын Сайннямбууг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Лочин овгийн Нямсүрэнгийн Цогтгэрэл, Тогос овгийн Хатанбаатарын Мөнхсайхан нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сайннямбууд 3 жил 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд 3 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Мөнхсайханд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайннямбууг 2 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Цогтгэрэлийг 1 жил 7 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайхан, Б.Сайннямбуу нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цогтгэрэл, Б.Сайннямбуу нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,
- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цогтгэрэлийн цагдан хоригдсон нийт 7 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Цогтгэрэлийн цагдан хоригдсон нийт 7 хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Сайннямбуу, Х.Мөнхсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.” гэж,
- 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Мөнхсайханд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.” гэснийг “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ял шийтгүүлсэн этгээд Н.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ