Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00108

 

С.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1369 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Я-д холбогдох,

Эвлэрлийн гэрээний дагуу 76 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төв аймгийн Мод үржүүлгийн барилгад ажиллаж байсан Б.Төрмөнх буюу одоо гэрчээр асуугдах залуу 2014 оны 7 дугаар сард манай ажил дээр ирж уулзаад манай эгч Төв аймгийн тендерт оролцох болсон, та оролцооч гэж гуйсан. Ингээд н.Хишигжаргал гэх эмэгтэйтэй уулзаж 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай компанийн Хаан банкны 5990303490 тоот дансанд 390 470 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа С.Хатанбаатар бид хоёр А.Я-д 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны 90 000 000 төгрөг, 08 дугаар сарын 19-ний өдөр 89 000 000 төгрөг, нийт 185 890 000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. 89 500 000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт байрлах цайны газар аваачиж өгсөн. Гэтэл тендер шалгаруулалт хүчингүй болж 09 дүгээр сарын 13-ны өдөр дахин зарлагдахаар болсон. А.Я- дахин зарлагдах тендер хүчингүй болно гэсэн боловч 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 139 000 000 төгрөгийг зээл хүүгийн хамт төлөхөөр н.Хишигжаргалтай гэрээ байгуулсан. Уг зээлийг төлж чадаагүй тул С.Хатанбаатар, Б.Төрмөнх бид 3 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж н.Хишигжаргалд 170 000 000 төгрөгийг өгнө, өгч чадахгүй бол Авлигатай тэмцэх газар хандана гээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Я- ирээд 2016 оны 2 сард бид эвлэрлийн гэрээ байгуулж 76 500 000 төгрөгийг авахаар тохирсон. Би өгсөн мөнгөнөөсөө 76 500 000 төгрөг авъя гэж тохироод 6 capын хугацаа олгосон. Би хүү алданги огт тооцоогүй.

Эвлэрлийн гэрээний дагуу А.Я-гаас 76 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Анх 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Ж- нь н.Хишигжаргалтай зээлийн гэрээ байгуулж 170 000 000 төгрөгийг зээлсэн ба гэрч Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Ингээд 2014 оны 9 сард С.Ж- нь А.Я-д 189 500 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээ бичгээр байхгүй тул амаар тохирсон гэж үзэж байгаа. Уг үйл баримтад хариуцагч маргахгүй. н.Хишигжаргал нь С.Ж-д холбогдуулж 261 850 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч С.Ж- нь хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Үүний дараа 2016 онд Б.Төрмөнх, С.Хатанбаатар, Т.Цибүүдэй нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба уг эвлэрлийн гэрээгээр 189 500 000 төгрөгийн оронд Гэгээ хотхонд байрлах 39 байрны 49.29 м.кв 2 өрөө орон сууц 76 500 000 төгрөгөөр, мөн 39 дүгээр байрны 39.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 65 565 030 төгрөгт тооцож нийлээд 149 916 500 төгрөгт тус орон сууцнуудыг өгөх, үлдэгдэл 47 587 580 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулна гээд иргэн Т.Цибүүдэй, Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын эвлэрлийн гэрээ байгуулсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу С.Ж-, н.Хишигжаргал нарын хооронд хэлцэл байгуулагдсан ба 2 орон сууцыг С.Ж-, н.Хишигжаргалын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Төлбөр барагдуулах гэрээгээр н.Хишигжаргалын өмчлөлд орон сууцыг шилжүүлвэл 73 000 000 төгрөгөөс чөлөөлнө гэсэн. С.Ж- Б.Төрмөнх, Т.Цибүүдэй, С.Хатанбаатар нарыг хариуцагчаар татаж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй би 73 000 000 төгрөгөөс чөлөөлөгдөөгүй тул уг 73 000 000 төгрөг, мөн үлдэгдэл төлбөр 47 000 000 төгрөг 110 000 000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Ж- Б.Төрмөнх, С.Хатанбаатар нараас татгалзаж, Т.Цибүүдэйтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Эндээс А.Я-, С.Ж- нарын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Эвлэрлийн гэрээ 76 500 000 төгрөгийг А.Я-гаар төлүүлэхээр гарын үсэг зуруулсан байдаг ба хариуцагч 179 000 000 төгрөг зээлсэн үйл баримт дээр маргаагүй, зээлийн гэрээний төлбөрт орон сууцыг өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ.

...2014 оны 4 сард байгуулагдсан 76 500 000 төгрөгийн эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хоорондын зээлийн харилцааг шүүх дүгнээд хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байгаа тул эвлэрлийн гэрээг хуурамч гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

...189 500 000 төгрөг дотор н.Хишигжаргалаас 445 000 000 төгрөгийг зээлж авсан хүүгийн хамт 189 500 000 болж, шүүхийн шийдвэр гарсан. Нийт 81 500 000 төгрөг өгснөөс 5 000 000 төгрөгийг хасаж, 76 500 000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан. 45 000 000 төгрөг нь А.Я-д өгсөн 189 500 000 төгрөгийн үлдэгдэл мөнгө, мөн н.Хишигжаргал надаас 16 000 000 төгрөг авсан, 16 000 000 төгрөгийг А.Я- өгнө гэж хэлдэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 9 500 000 төгрөг би өгсөн. н.Хишигжаргалын өмгөөлөгч н.Мөнхбатад 4 000 000 төгрөг, өөрийн өмгөөлөгч н.Тунгалагбуянтад 2 000 000 төгрөг, тендер авч өгнө гэж хэлсэн хүмүүсийг Тэрэлж рүү авч явахад 5 000 000 төгрөгийг зарцуулсан. А.Я- надад дансаар 2016 оны 01 дүгээр сард 5 000 000 төгрөгийг төлсөн, ингээд 81 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөг хасч 76 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хэн нэгний дарамт шахалтгүй, хууран мэхлээгүй эвлэрлийн гэрээ. Хариуцагч талаас хууран мэхэлсэнтэй холбоотой баримт хэрэгт өгөөгүй, хууран мэхлэгдсэн гэдгээ хариуцагч нотолж чадахгүй байгаа тул эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.Я-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч А.Я-гийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Я-гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Я-гаас 382 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1369 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ж-гийн хариуцагч А.Я-гаас 76 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч А.Я-гаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...А.Я-, С.Ж- бид нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 19-нд байгуулсан 76 500 000 төгрөгний эвлэрлийн гэрээг 2 тал тооцоог хийж, харилцан тохиролцож хийсэн бичгийн нотлох баримт бол энэ гэрээ. Иргэний хуулийн 42.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар уг хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл. Хариуцагч А.Я- нь 2014 оны 8 сард зээлсэн 76 500 000 тегрөгний төлбөрийг иргэн С Жамсран надад төлөх талаараа уг өр төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөх хугацаагаа хүртэл сунгаж 2016 оны 05 дугаар сарын 19-нд төлж барагдуулахаар уг эвлэрлийн гэрээг байгуулж төлбөр төлөх хугацаагаа сунгаснаа хүртэл гараараа бичсэн. А.Я- нь 76 500 000 төгрөгийг 2014 оны 8 сард авсан, авснаа хэзээ яаж төлөх талаараа 2016 оны 02 дугаар сарын 19-нд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон байхад давж заалдах шатны шүүхээс мөнгийг Иргэний хуулийн 282.4-т зааснаар бодитой шилжүүлээгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс А.Я-гаас гаргуулж С.Ж- надад олгосон 45 сая төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нь А.Я-гийн С.Ж- надад төлөх 189 500 000 төгрөгтэй огт хамааралгүй. 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С.Ж-, С.Цибүүдэй нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 19-нд байгуулсан С.Ж-, А.Я- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ тус тусдаа асуудал. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй нь алдаатай болжээ. Магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Ж- нь хариуцагч А.Я-д холбогдуулан эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх буюу 76 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч А.Я- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч А.Я- 2014 оны 08 дугаар сард нэхэмжлэгч С.Ж-гаас зээлсэн  мөнгөнөөс үлдэх 76 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар талууд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг гэрээний оролцогч талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуульд заасан хэлбэрээр байгуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57.1.-д заасан үндэслэлүүдийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч С.Ж-д төлөх ёстой байсан 189 500 000 төгрөгийн үүргийг С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, Б.Төрмөнх нар С.Ж-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шилжүүлж авсан бөгөөд энэхүү гэрээний дагуу эдгээр хүмүүсээс үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэгч С.Ж-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1640 дүгээр захирамжаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталжээ.

Бусдад шилжсэн үүргийг биелүүлэх талаар үүрэг гүйцэтгүүлэгч болон шинэ үүрэг гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг шүүх баталсан байхад шүүгчийн захирамж гарсан өдөр А.Я- С.Ж-тай үүрэг хүлээсэн эвлэрлийн гэрээ байгуулсан нь хүсэл зоригийн зөрчилтэй байдлыг илэрхийлсэн гэж үзэхээр боловч энэ нөхцөл баримтаар тогтоогдоогүйгээс гадна өр шилжсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.  

Дээрх байдлаар хариуцагч А.Я-гийн С.Ж-гийн өмнө хүлээх зээлийн үүрэг өөр этгээдэд шилжсэнээр дуусгавар болсон гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасан шаардлагад нийцжээ. Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор Иргэний хуульд заасан байна.

Иргэний хууль болон эвлэрлийн гэрээнд зааснаар үүрэг өөр этгээдэд шилсэн учир А.Я-гийн үүрэг дуусгавар болох нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5.-д заасан зохицуулалтад хамаарна.

 Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна. Харин магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1369 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хүчингүй болгож” гэсний дараа “Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5.-д зааснаар” гэж, “хариуцагч А.Я-гийн” гэсний өмнө “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж тус тус нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН