Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1369

 

С.Жамсрангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Жамсрангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Янсанмаад холбогдох

 

Эвлэрлийн гэрээний дагуу 76 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Жамсрангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төв аймгийн Мод үржүүлгийн барилгад ажиллаж байсан Б.Төрмөнх буюу одоо гэрчээр асуугдах залуу 2014 оны 7 дугаар сард манай ажил дээр ирж уулзаад манай эгч Төв аймгийн тендерт оролцох болсон, та оролцооч гэж гуйсан. Ингээд н.Хишигжаргал гэх эмэгтэйтэй уулзаж 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай компанийн Хаан банкны 5990303490 тоот дансанд 390 470 000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа С.Хатанбаатар бид хоёр А.Янсанмаад 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 8 дугаар сарын 08-ны 90 000 000 төгрөг, 8 дугаар сарын 19-ний өдөр 89 000 000 төгрөг, нийт 185 890 000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. 89 500 000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт байрлах цайны газар аваачиж өгсөн. Гэтэл тендер шалгаруулалт хүчингүй болж 9 дүгээр сарын 13-ны өдөр дахин зарлагдахаар болсон. А.Янсанмаа дахин зарлагдах тендер хүчингүй болно гэсэн боловч 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд 139 000 000 төгрөгийг зээл хүүгийн хамт төлөхөөр н.Хишигжаргалтай гэрээ байгуулсан. Уг зээлийг төлж чадаагүй тул С.Хатанбаатар, Б.Төрмөнх бид 3 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж н.Хишигжаргалд 170 000 000 төгрөгийг өгнө, өгч чадахгүй бол Авлигатай тэмцэх газар хандана гээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.Янсанмаа ирээд 2016 оны 2 сард бид эвлэрлийн гэрээ байгуулж 76 500 000 төгрөгийг авахаар тохирсон. Би өгсөн мөнгөнөөсөө 76 500 000 төгрөг авъя гэж тохироод 6 capын хугацаа олгосон. Би хүү алданги огт тооцоогүй. Эвлэрлийн гэрээний дагуу А.Янсанмаагаас 76 500 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 189 500 000 төгрөг дотор н.Хишигжаргалаас 445 000 000 төгрөгийг зээлж авсан хүүгийн хамт 189 500 000 болж, шүүхийн шийдвэр гарсан. Нийт 81 500 000 төгрөг өгсөнөөс 5 000 000 төгрөгийг хасаж, 76 500 000 төгрөгийн эвлэрлийн гэрээ байгуулсан. 45 000 000 төгрөг нь А.Янсанмаад өгсөн 189 500 000 төгрөгийн үлдэгдэл мөнгө, мөн н.Хишигжаргал надаас 16 000 000 төгрөг авсан, 16 000 000 төгрөгийг А.Янсанмаа өгнө гэж хэлдэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 9 500 000 төгрөг би өгсөн. н.Хишигжаргалын өмгөөлөгч н.Мөнхбатад 4 000 000 төгрөг, өөрийн өмгөөлөгч н.Тунгалагбуянтад 2 000 000 төгрөг, тендер авч өгнө гэж хэлсэн хүмүүсийг Тэрэлж рүү авч явахад 5 000 000 төгрөгийг зарцуулсан. А.Янсанмаа надад дансаар 2016 оны 1 дүгээр сард 5 000 000 төгрөгийг төлсөн, ингээд 81 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөг хасч 76 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь хэн нэгний дарамт шахалтгүй, хууран мэхлээгүй эвлэрлийн гэрээ. Хариуцагч талаас хууран мэхэлсэнтэй холбоотой баримт хэрэгт өгөөгүй, хууран мэхлэгдсэн гэдгээ хариуцагч нотолж чадахгүй байгаа тул эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Янсанмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Анх 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Жамсран нь н.Хишигжаргалтай зээлийн гэрээ байгуулж 170 000 000 төгрөгийг зээлсэн ба гэрч Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг. Ингээд 2014 оны 9 сард С.Жамсран нь А.Янсанмаад 189 500 000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээ бичгээр байхгүй тул амаар тохирсон гэж үзэж байгаа. Уг үйл баримтад хариуцагч маргахгүй. н.Хишигжаргал нь С.Жамсранд холбогдуулж 261 850 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч С.Жамсран нь хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Үүний дараа 2016 онд Б.Төрмөнх, С.Хатанбаатар, Т.Цибүүдэй нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба уг эвлэрлийн гэрээгээр 189 500 000 төгрөгийн оронд Гэгээ хотхонд байрлах 39 байрны 49.29 м.кв 2 өрөө орон сууц 76 500 000 төгрөгөөр, мөн 39 дүгээр байрны 39.72 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 65 565 030 төгрөгт тооцож нийлээд 149 916 500 төгрөгт тус орон сууцнуудыг өгөх, үлдэгдэл 47 587 580 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулна гээд иргэн Т.Цибүүдэй, Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын эвлэрлийн гэрээ байгуулсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу С.Жамсран, н.Хишигжаргал нарын хооронд хэлцэл байгуулагдсан ба 2 орон сууцыг С.Жамсран, н.Хишигжаргалын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Төлбөр барагдуулах гэрээгээр н.Хишигжаргалын өмчлөлд орон сууцыг шилжүүлвэл 73 000 000 төгрөгөөс чөлөөлнө гэсэн. С.Жамсран Б.Төрмөнх, Т.Цибүүдэй, С.Хатанбаатар нарыг хариуцагчаар татаж төлбөрөө хугацаанд нь төлөөгүй би 73 000 000 төгрөгөөс чөлөөлөгдөөгүй тул уг 73 000 000 төгрөг, мөн үлдэгдэл төлбөр 47 000 000 төгрөг 110 000 000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Жамсран Б.Төрмөнх, С.Хатанбаатар нараас татгалзаж, Т.Цибүүдэйтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Эндээс А.Янсанмаа, С.Жамсран нарын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Эвлэрлийн гэрээ 76 500 000 төгрөгийг А.Янсанмаагаар төлүүлэхээр гарын үсэг зуруулсан байдаг ба хариуцагч 179 000 000 төгрөг зээлсэн үйл баримт дээр маргаагүй, зээлийн гэрээний төлбөрт орон сууцыг өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2014 оны 4 сард байгуулагдсан 76 500 000 төгрөгийн эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хоорондын зээлийн харилцааг шүүх дүгнээд хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байгаа тул эвлэрлийн гэрээг хуурамч гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч А.Янсанмаагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Жамсранд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч А.Янсанмаагийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Янсанмаагийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Янсанмаагаас 382 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Жамсранд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан захирамжаар М.Хишигжаргалын нэхэмжилсэн 261 850 000 төгрөгийг хариуцагч С.Жамсран бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01640 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.Жамсран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, 10 000 000 төгрөгийг хариуцагч Т.Цибүүдэй нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байдаг. Харин Т.Цибүүдэй нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39-р байрны 148 тоотод байрлах 46.29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 76 358 500 төгрөгөөр, мөн 39 дүгээр байрны 30 тоот, 39.72 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 65 538 000 төгрөгт тооцон нийт 141 896 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба Т.Цибүүдээгийн зүгээс дээрх үүргээ биелүүлсэн.

Эдгээр хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Жамсрангийн зээлийн гэрээний үүрэг гэж нэхээд байгаа төлбөрийн талаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамжууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу бэлнээр болон бэлэн бусаар мөнгө шилжүүлээгүй, 189 500 000 төгрөгтэй холбоотой хүчин төгөлдөр шийдвэртэй талаар талууд маргаагүй.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх тогтоосон хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэн Т.Цибүүдэй нь Иргэний хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан Иргэний эрх зүйн чадвар, чадамжтай этгээд бөгөөд өөрийгөө болон бусдыг төлөөлж хэлцэл хийх эрх бүхий этгээд юм. С.Жамсран нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Цибүүдэй, Б.Төрмөнх, С.Хатанбаатарт нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 28 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарыг хасаж, нэхэмжлэгч С.Жамсран, хариуцагч Т.Цибүүдэй нар нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, иргэн А.Янсанмаагийн С.Жамсранд төлөх төлбөрийн талаар эвлэрэн хэлэлцсэн бөгөөд 01640 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01640 дугаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч С.Жамсран, хариуцагч Т.Цибүүдэй болон гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаагүй бөгөөд тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна. Т.Цибүүдэй нь иргэн А.Янсанмаагийн нэрийн өмнөөс түүний өр төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй хэдий ч өөрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж А.Янсанмаагийн С.Жамсранд төлөх төлбөрийг төлөх талаар хэлцэл хийж, шүүх энэ асуудалд дүгнэлтийг хийж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гаргасан байх бөгөөд үүнийг буруутгах боломжгүй юм. Мөн С.Жамсран нь хариуцагчаар хэнийг татах нь түүний эрхийн асуудал бөгөөд Т.Цибүүдэйг А.Янсанмаагийн нэрийн өмнөөс хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байдаг.

Мөн Т.Цибүүдэй нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн "...ээж гадаад улс руу явсан хойгуур С.Жамсрантай ээжийн өрийг төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан, тухайн үед эх А.Янсанмаатай холбоо барих боломжгүй байсан тул түүний өмнөөс өөрийн эд хөрөнгөөр төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан" гэх мэдүүлгийг өгсөн ба энэ талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Иймд шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримтыг илт үгүйсгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой байдлаар үнэлэх үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч А.Янсанмаагийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зевшөөрдөггүй бөгөөд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт дурдсанчлан иргэн С.Жамсран нь хууль мэдэхгүйг далимдуулан эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн. Мөн 189 500 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1640 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймд А.Янсанмаа нь С.Жамсранд 45 000 000 төгрөгийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1640 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Жамсран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, 10 000 000 төгрөгийг хариуцагч Т.Цибүүдэй нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөхөөр, харин Т.Цибүүдэй нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 76 358 500 төгрөгөөр, мөн 1 өрөө орон сууцыг 65 538 000 төгрөгт тооцон нийт 141 896 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх ба Т.Цибүүдэйгийн зүгээс дээрх үүргээ биелүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4-т "Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй" гэж заасан байдаг бөгөөд Т.Цибүүдэй болон А.Янсанмаа нар нь 141 896 500 төгрөгийн эд хөрөнгийг С.Жамсранд шилжүүлэн өгсөн байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь иргэн Т.Цибүүдэй, А.Янсанмаа нарын хууль ёсны эрх, ашигт ноцтойгоор халдаж байгаа үйлдэл юм.

Шүүгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1640 тоот шийдвэрийг илт үгүйсгэж хэргийг шийдвэрлэж, мөн иргэн Т.Цибүүдэй, А.Янсанмаа нарын эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа нь түүний мэргэжил, ур чадварын хувьд доголдолтой болохыг нотлон харуулж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.Жамсран нь хохирсон болон түүнд хохирол учирсан талаар нотлох баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай захирамжаар М.Хишигжаргалын нэхэмжилсэн 261 850 000 төгрөгийг барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд, иргэн Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарын эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1640 дугаар шүүгчийн захирамжаар С.Жамсран нь 10 000 000 төгрөгийг бэлнээр, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн зүүн талын Гэгээ 39 дүгээр байрны 148 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 76 358 500 төгрөгөөр, мөн 39 дүгээр байрны 30 тоот, 1 өрөө орон сууцыг 65 538 000 төгрөгт тооцон нийт 141 896 500 төгрөгийг Т.Цибүүдэйгээс авахаар тохиролцсон ба Т.Цибүүдэй дээрх үүргээ биелүүлсэн байдаг.

Дээрх үйл баримтын талаар талууд хэн аль нь маргадаггүй. Энэ нөхцөл байдлаас авч үзвэл иргэн С.Жамсран ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сөрег нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1335 дугаартай шүүгчийн захирамжаар М.Хишигжаргалын нэхэмжлэлтэй, С.Жамсранд холбогдох 261 850 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор С.Жамсран нь М.Хишигжаргалд өгөх өрөндөө иргэн С.Хатанбаатар, Б.Төрмөнх нарын тендерийн баталгаа болгон тавьсан (4 өрөө байр 1, 2 өрөө байр 1) байруудыг А.Янсанмаад өгсөн 180 000 000 төгрөгийн өрөнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Уг хэрэгтэй холбоотой иргэн С.Хатанбаатар, Б.Төрмөнх нар нь С.Жамсран, М.Хишигжаргал нарыг өөрсдийгөө залилан мэхэлсэн гэж үзэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 5/144 дугаар хариу мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргасан байгаа.

Мөн С.Жамсран нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Цибүүдэй, Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарт холбогдуулан "гэрээний үүрэгт 120 667 100 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэл гарган тус шүүхийн 01640 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Үүнээс харахад М.Хишигжаргал, С.Жамсран нар нь иргэн Б.Төрмөнх, С.Хатанбаатар нарыг залилан мэхэлсэн үйлдлүүд харагдаж байх бөгөөд иргэн А.Янсанмаатай эвлэрлийн гэрээ байгуулж, тухайн асуудлаар дахин иргэний журмаар А.Янсанмаад холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг халхавчлах зорилгоор хийсэн үйлдэл гэж харж болохоор байна.

Мөн гэрч Б.Төрмөнх, С.Хатанбаатар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ "...тухайн үед эвлэрлийн гэрээ байгуулахдаа С.Жамсран өөрийн таньдаг нотариатч дээр Б.Төрмөнх, С.Хатанбаатар, А.Янсанмаа бид нарыг дагуулж очсон. А.Янсанмаа эгч яах гэж байгаа талаар биднээс асуухад бид мэдэхгүй гэж хариулсан. Тухайн үед хийсэн эвлэрлийн гэрээ ямар дүнгээр хийсэнг мэдэхгүй" гэсэн байдаг. Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч С.Жамсран нь А.Янсанмааг хууран мэхлэх замаар хэлцэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А.Янсанмаагийн нэхэмжлэлтэй, С.Жамсранд холбогдох С.Жамсран, А.Янсмаа нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Жамсран нь хариуцагч А.Янсанмаад холбогдуулан эвлэрлийн гэрээний дагуу 76 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Хариуцагч А.Янсанмаа 2014 оны 8 дугаар сард нэхэмжлэгч С.Жамсрангаас зээлж авсан гэх 76 500 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар талууд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр "Эвлэрлийн гэрээ" байгуулсан, уг мөнгөн хөрөнгө бэлнээр шилжээгүй үйл баримт талуудын тайлбар, хэргийн 4, 140-142 дугаар талд авагдсан Эвлэрлийн гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хоорондын дээрх гэрээнд 76 500 000 төгрөгийг зээлж авсан агуулгын талаар  тэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, хуулиар тогтоосон шаардлага хангасан байдлаар гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

Дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх, түүнчлэн мөн хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хууран мэхэлж, дүр үзүүлэн хийсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин уг хэлцэлд дурдсан мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч бодитой шилжүүлээгүй байгаа учраас зээлийн гэрээний үүрэг хариуцагч талд үүссэн гэж үзэх боломжгүй.   

 

Нэхэмжлэгч С.Жамсранд А.Янсанмаагийн төлөх ёстой байсан 189 500 000 төгрөгийн үүргийг С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, Б.Төрмөнх нар С.Жамсрантай эвлэрлийн гэрээ байгуулах замаар шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээ/хх-24-25/, энэ гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаатай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлаар талууд эвлэрэн хэлэлцэж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1640 дүгээр захирамжаар тогтоогдож байна./хх-126-129/

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ.

 

Хариуцагч А.Янсанмаагийн хувьд С.Жамсрангийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний 189 500 000 төгрөгийг төлөх  үүргийг өөр гуравдагч этгээд шилжүүлэн авсан. Тэрээр үүнийг татгалзаагүй ба энэ үүргийг С.Хатанбаатар, Т.Цибүүдэй, Б.Төрмөнх нар шилжүүлэн авч гүйцэтгэхийг нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн байх тул хариуцагч А.Янсанмаагийн дээрх үүргийг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, зохигчдын маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  А.Янсанмаагаас 76 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг  нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Жамсрангийн хариуцагч А.Янсанмаагаас 76 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч А.Янсанмаагийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                             ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                                             Б.НАРМАНДАХ