| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 187/2017/0166/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 533
Д.Энхдуламд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
ялтан Д.Энхдулам, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Энхдуламын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201726030596 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Валдир овогт Даваажавын Энхдулам, 1980 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Зэд” цайны газар тогооч ажилтай, ам бүл 7, эх, дүү, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 9-369 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧП80100600/,
Д.Энхдулам нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Зэд” цайны газар тогоочоор ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байсан Ж.Ундраагийн мартаж явсан “Ай фоне-7 плас” загварын ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Д.Энхдуламд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Д.Энхдуламыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар Даваажавын Энхдуламыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Энхдуламд сануулж, шүүгдэгч Д.Энхдулам нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, ...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхдуламд бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Энхдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би иргэн Ж.Ундраагийн мартаж явсан “Ай фоне-7 плас” загварын ягаан өнгийн гар утсыг нь олж буцаан өгсөн. Хохирогч Ж.Ундраа нь ямар нэгэн гомдол саналгүй гэсэн. Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн тул миний хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Ялтан Д.Энхдуламын өмгөөлөгч Б.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ж.Ундраа нь гар утсаа авсан учраас ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ тухайн үед илэрхийлж байсан. Мөн Д.Энхдулам нь шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Д.Энхдуламын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болох боломжтой байна” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Энхдулам нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Зэд” цайны газар тогоочоор ажиллаж байхдаа иргэн Ж.Ундраагийн мартаж явсан “Ай фоне-7 плас” загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Давж заалдах гомдолд хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Д.Энхдулам нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Зэд” цайны газар тогоочоор ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үйлчлүүлж байсан Ж.Ундраагийн мартаж явсан “Ай фоне-7 плас” загварын ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг түүний эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Ундраагийн “...Гар утас байхгүйг мэдээд 10 гаруй минутын дараа буцаж “Зэд” цайны газар ирээд ажиллуулж байсан хүнд нь “би утсаа орхисон байна, та хараагүй биз” гэхэд “үйлчлүүлэгчид маань эд зүйлээ орхисон тохиолдолд бид нар буцааж өгдөг, та эд зүйлээ орхиогүй, манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс авсан байхыг үгүйсгэхгүй” гэж хэлэхээр нь би өөрийн утасны дугаараа өгөөд “өөр хүн утас олоод ирвэл над руу залгаарай” гэж хэлээд явсан. Би тухайн ягаан өнгийн “I phone 7 plus” загварын гap утсыг 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр “Скай центр”-ийн “l phone” гар утасны тасгаас 2.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би уг гар утсаа 2.300.000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдагдсан утас 3553 7208 2835 517 имей кодтой юм. Тухайн гар утасны ID-г устгасан тул ямар нэгэн код нэхэхгүй, тиймээс ашиглах боломжтой...” /хх-13-17/,
“... Би өөрийн “I phone 7 plus” загварын ягаан өнгийн /имей код 3553 7208 2835 517/ гар утсыг хүлээж авсан учир Д.Энхдуламаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” /хх-17/,
гэрч Б.Нэмэхбаярын “...Энхдулам эгч Нисэхэд байдаг “Зэд” цайны газар ажилладаг ба ажлаа хийж байхдаа тухайн гар утсыг олсон гэж надад хэлсэн. Тухайн гар утсыг Энхдуламаас 400.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-18/,
“...Тухайн гар утсыг ашиглаж байхад Цагдаагийн газраас холбогдож болсон асуудлыг хэлсэн учир Цагдаагийн газарт очиж гар утсыг хүлээлгэж өгсөн. Энэ талаараа Энхдуламд хэлэхэд мөнгийг маань буцааж өгсөн...” /хх-19-20/,
Д.Энхдуламын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би утсыг аваад дуугарч магадгүй гэж бодоод гадаа нуучихсан юм. Гэтэл 20-30 минутын дараа нэг эмэгтэй орж ирээд “эгчээ энд утас орхисон байж магадгүй, та харсан уу” гэж асуухаар нь олон хүн байсан учир гаргаж өгөхөөс ичээд “утас байгаагүй, байсан бол гаргаад өгчихнө, манайх өмнө нь орхиод явсан эд зүйлийг хүмүүст нь буцаагаад өгч байсан, хувьдаа ашигладаггүй гэж хэлэхэд нөгөө эмэгтэй гар утасны дугаараа өгөөд “хэрэв хэн нэгэн миний гар утсыг олоод танай цайны газарт ирвэл надад хэлээрэй” гээд явсан. Нөгөө эмэгтэйг явсны дараа би гар утсыг нь унтраагаад хамаатны дүү Б.Нэмэхбаярт 400.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-28-30/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-38/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Д.Энхдуламын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Д.Энхдуламын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Д.Энхдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхдулам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, ял шийтгүүлсэн этгээд Д.Энхдуламын “...Хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “Валдир овогт Даваажавын Энхдуламыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Валдир овогт Даваажавын Энхдуламыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар Даваажавын Энхдуламыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Энхдуламд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Энхдуламд сануулсугай.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхдулам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Энхдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.МЯГМАРЖАВ