Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00141

 

Ч.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Б-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс ЗИЛ-131 маркийн 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн Ч.М-, Д.Сугар нараас 7 821 177 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч З.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2017 оны 02 сарын 10-ны өдөр манай ээж хөдөөнөөс ирээд би хамт гадуур явж байгаад орой 16 цагийн үед гэртээ иртэл хашаанд байсан 78-92 СБА улсын дугаартай Зил-131 авто машин маань байхгүй байсан. Тэгээд цагдаа хэн авч явсан байх боломжтой вэ гээд Баасансүрэнгийнх рүү утсаар холбогдоход З.Б-гийн эхнэр нь “тиймээ бид энэ айлд очоод 2, 3 цаг хүлээгээд гэрт нь хүн ирээгүй, энэ айл манайхаас 8 500 000 төгрөг зээлээд мөнгөө өгсөн ч гэсэн ашгаа өгөхгүй байгаа. Тийм учраас бид нар машиныг нь хүнээр бариулаад аваад ирсэн. Манай нөхөр адуундаа явсан байна” гэж цагдаад хэлсэн байсан. Нөхөр бид хоёр Баасансүрэнгээс мөнгө зээлэхийн хувьд зээлсэн, зээлсэн мөнгөө ч төлсөн. З.Б-тэй хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцоогүй, мөнгөө зээлэхдээ хүү алданги тооцно гэж ярилцаагүй. Одоо би 78-92 СБА улсын дугаартай Зил-131 маркийн машинаа З.Б-гээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

...2016 оны намар 10 сарын эхээр Д.Сугар нь манайд ирээд хүмүүс самарт яваад байна. Машин авч самарт явах гэсэн юм мөнгө зээлүүлээч гэсэн. Бид мөнгөгүй гэж хэлэхэд дахин дахин манайхаар ирээд самарт явбал ийм ийм ашигтай байна гээд машин хамтарч авъя ашгаа 50 хувиар хуваая гэхээр нь бидэнд машин хэрэггүй гэж хэлээд тоохгүй байтал Д.Сугар нь дахин ирээд “та хоёр мөнгө зээлчих тэгээд самарт явж олсон гарсан ашгаа бүгдийг хуваая” гээд байхаар нь тухайн үед малын тэжээл авах 3 500 000 төгрөг байна гэхэд дахиад 5 000 000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь мөнгөгүй гэхэд “танайх банкнаас зээл авчих лдаа мал ахуйтай юм чинь. Манайх зээл авах боломжгүй байна” гээд байсан. Тухайн үед манайх хүнд зээл аваад өгчихсөн нөгөө хүн маань бас мөнгөө гүйцэд төлөхгүй байгаа, тэгэхээр хэцүү байна гэж манай эхнэр хэлэхэд Д.Сугар нь би ямар тэр хүн шиг чинь хоосон хүн биш гаднаас туугаад явсан ч үхэр байна. Би найдвартай гэж хэлээд эхнэр бид хоёроос гуйж байгаад банкнаас зээл авахуулахаар болж, банкны хүнийг өөрөө дагуулж ирээд 5 000 000 төгрөгийн зээл гаргуулахаар болсон.

Ингээд манайх нийт 8 500 000 төгрөг гаргаж Зил-131 машин авахаар болж Д.Сугар эхнэртэйгээ, би эхнэртэйгээ бид дөрөв ярилцан Д.Сугар бид хоёр самарт явахаар болж, самарт явж ирээд 8 500 000 төгрөгөө төлж дуусгаад үлдсэн бүх ашгаа хуваахаар болсон.

Гэтэл Д.Сугар нь 4 удаа самарт явсан боловч 8 500 000 төгрөгийг хэл амтай өгч дуусаад бидэнд ашиг гэж нэг ч төгрөг өгөөгүй. Миний гаргасан зардал хохирлыг нөхөн төлчих юм бол би Зил-131 машиныг нь буцааж өгнө. Түүнээс биш өгөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Сугар нь самарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яваад 2016 оны 11 сарын 30-ны өдөр ирсэн. Энэ явалтанд нь би цуг явсан. Ингэж явахдаа 4730кг самартай ирсэн. Самрын үнэ энэ үед 1 кг нь 4650 төгрөг байсан. Самраа зараад 21 994 500 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 10 997 250 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3 000 000 надад машин авахад зээлсэн 5 000 000 төгрөг өгсөн. Ингээд 10 997 250 төгрөгнөөс гарсан зардал 8 000 000 төгрөгөө хасахаар 2 997 250 үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 1 498 625 төгрөг надад өгөх байсан. Би Д.Сугараас эм тариа авах гэсэн юм гэж гуйгаад 100 000 төгрөг авсан өөр ямар ч мөнгө аваагүй. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яваад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Ирэхдээ 4500кг самартай ирсэн. Самрын үнэ энэ үед 1 кг нь 3650 төгрөг байсан. Самраа зараад 16 425 000 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 8 212 500 төгрөг болсон. Үүнээс гарсан зардал 3 000 000 надад мөн машин авахад зээлсэн 3 500 000 төгрөг өгсөн, мөн машины эвдрэл гарсан тул 1 000 000 төгрөг зарцуулсан. Ингээд 712 500 төгрөг үлдэж байгаа ба үүнийгээ 2 хуваахаар 356 250 төгрөг надад өгөх байсан.

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр самарт явсан. Ингэж явахдаа 2 отог гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхний отог буусан. 4000 кг самартай ирсэн. Нэг отог нь үлдсэн. Самрын үнэ 1 кг нь 3200 төгрөг байсан. Самраа зараад 12 800 000 төгрөг болсон үүнийг 2 хуваахад 6 400 000 төгрөг болсон, үүнээс Сугар нөгөө хүнтэйгээ ашгаа хуваахад 3 200 000 төгрөг болсон. Үүнийгээ надтай хуваахад 1 600 000 төгрөг надад өгөх байсан. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн отог ирсэн. 4700 кг самартай ирсэн ба самрын үнэ 3600 төгрөг байсан. Энэ самрыг зараад 16 920 000 төгрөг болсон ба энэ мөнгөө 2 хуваахад 8 460 000 төгрөг болсон ба зардал 3 000 000 төгрөгөө хасахад 5 460 000 төгрөгийг хоёр хуваахад 2 730 000 төгрөг болж байгаа ба 2 730 000 надад оногдох ёстой боловч надад энэ олон удаа явахад нэг ч төгрөг өгөөгүй дээрх мөнгийг нэмж тооцвол самрын ашиг багаар бодоход 6 184 875 төгрөг болох ёстой үүн дээрээс банкнаас зээлсэн 5 000 000 төгрөгийн 2 сарын хүү 636 302 төгрөг, тухайн үед тэжээлийн үнэ өссөн тул зөрүү 1 000 000 төгрөг бүгд 7 821 177 төгрөг болж байгаа. Үүнийг Д.Сугар, Ч.М- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Бидэнтэй З.Б- ашиг орлого хуваах, банкны хүү төлөх, алданги алдагдал барагдуулах талаар ярьж тохирсон зүйл огт байхгүй тул үндэслэлгүй зүйл гэж бодож байна. Харин З.Б- нь манай машиныг авч яваад 2-3 самарт явж, мод хийгээд байгаа мөртлөө манайхаас мөнгө нэхээд байгааг нь гайхаж байна. Манайхыг самарт яваад сард багаар бодоход 10 000 000 төгрөг олсон тухай маш тодорхой тооцоог З.Б- гаргажээ. Манайх энэ мөнгийг ЗИЛ-131 машинаараа ажил хийж олсон.

З.Б-гийн хууль бусаар манай машиныг авч явснаас болж 2017 оны 02 дугаар сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх 2 сарын хугацаанд би 20 сая төгрөг олох боломжоо алдсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Д.Сугар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

З.Б- нь машин авч явахдаа бидэнд хэлж ярьсан зүйл огт байхгүй. Самарт явъя, ашгаа хуваая гэж огт яриагүй. Бүгд худлаа. Банкнаас Зил-131 машин худалдаж авах зорилгоор зээл авахуулаагүй. Банк, банкны ажилтан миний хэлж ярьснаар зээл өгнө гэж байхгүй. З.Б-д энэ машинаа аваад яв гэж хашгирах нь битгий хэл уулзаа ч үгүй. Хүний машиныг эзэнд нь мэдэгдэлгүй гэрийн гаднаас нь авч явчихаад, буцаад гүтгэж байгаад гомдолтой байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч З.Б-гийн хууль бус эзэмшлээс /арлын дугаар 69063580, хөдөлгүүрийн дугаар 103460/ Зил-131 маркийн 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж нэхэмжлэгч Ч.М-д олгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлагаас Ч.М-, Д.Сугар нараас 636 302 төгрөгийг гаргуулж З.Б-д олгож, үлдсэн 7 184 875 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109 950 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 141 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Ч.М-, Д.Сугар нараас 19 739 төгрөгийг гаргуулж З.Б-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн: 2 дахь заалтыг: “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар З.Б-гийн Ч.М- Д.Сугар нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б-гээс 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, З.Б-гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 141 000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

...Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Сугар бид хоёрын хоорондын хэлцлийг хуульд заасан хамтран ажиллах гэрээ хийгдэж, Д.Сугар, 3.Баасансүрэн нар нь ...анхнаасаа самар түүж борлуулан ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцож, хамтран хэрэгжүүлэх ажлыг “З.Б- нь Д.Сугарт самарт явахад хэрэглэх Зил 131 маркийн ачааны авто машин худалдан авахад нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 8 500 000 төгрөг өгч, Д.Сугар нь мөнгө нэмж 11 000 000 төгрөгөөр Зил 131 машин худалдан авч Д.Сугар нь уг машинаар уулнаас самар түүж бэлтгэн зарж борлуупах, ашгаа тэнцүү хуваах” гэсэн хэлбэрээр тодорхойлж, талууд ажилд ямар байдлаар оролцох ёстойгоо тохиролцсон байна. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа мөн гэрчүүдийн мэдүүлгээр дээрх дүгнэлтээ няцаагдаж байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна ашгаа хэрхэн хувиарлах талаар тохиролцсон нотлох баримт авагдаагүй гэж дүгнэжээ. Д.Сугар бид хоёр ашгаа хуваах талаар амаар тодорхой тохиролцсон. Үүнийгээ би нэхэмжлэл болон тайлбартаа тодорхой тусгасан. Харин шүүх Д.Сугарын ашгаа хуваахгүйн тул үгүйсгэж байгаа тайлбарыг голлон анхаарч дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Д.Сугар нь мөн л адил хамтран ажиллах талаар үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй л байгаа шүү дээ. Шүүх үүнд огт дүгнэлт өгөхгүй байна гэж үзэж байна. Би ашиг хуваахгүй л байсан бол Д.Сугарт машин авч өгөх ямар ч шаардлага байхгүй, олсон ашиг мөнгө төгрөгөө хуваана гэж малын тэжээлээ авалгүйгээр, банкнаас өөрийн нэр дээрээ зээл авч Д.Сугарт итгэсний улмаас бичиг баримт үйлдэлгүй амаар ярьж тохирч хамтран ажиллахаар болсон, үүнд анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, Д.Сугар бид хоёрын хооронд зээлийн гэрээний тухай ерөөсөө яригдаагүй, би мөнгө банкнаас зээлж Д.Сугарт өгч машин авч самарт яваад ашиг хуваана л гэж тохирсон, Д.Сугар ашгаа хуваагаагүй учир би банканд хүү төлж хохирсон хохирлоо нэхэмжилсэн, энэ тухай бид амаар ярьж тохирсон байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд мөн л үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр би Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохоор хүсэлт гаргасан, тухайн үед миний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байсан тул эмнэлгийн баримтыг хавсаргаж давж заалдах шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж хүргүүлсэн боловч миний хүсэлтийг огт хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг хийсэн, хуралдааныг хийх болсон, миний хүсэлтийг хэлэлцээгүй шалтгааны талаар магадлалдаа огт тусгаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба мөн л хуулийг буруу хэрэглэж нэг талыг барьж шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ч.М- хариуцагч З.Б-гийн хууль бус эзэмшлээс Зил-131 маркийн 78-92 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлөх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бол хариуцагч З.Б- нь нэхэмжлэгч Ч.М- Д.Сугар нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 7 821 177 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн автомашиныг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор үндсэн нэхэмжлэлийг хангаж, банкны зээлийн эргэн төлөлтөд зарцуулсан 636 302 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгохоор сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Зохигчид самар түүж хамтран ажиллах талаар амаар тохиролцсон талаар талууд маргаагүй энэ тохиролцоо тодорхой байдлаар хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба амаар хийсэн хэлцлийн талаарх гэрчийн мэдүүлэг нь тухайн үйл баримтын нотлогоо болох боломжтой юм.

Талууд хамтран ажиллах гэрээний бүх нөхцлийг тодорхой тохиролцоогүй байх нь тухайн хэлцлийг огт хийгдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Анхан шатны шүүх энэхүү тодорхой бус байдлыг самар зарсны ашгийн тал хувийг авах тухай шаардлагыг буюу сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамааруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтын талаар цугларвал зохих нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаалгах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 141 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН