Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 534

 

                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Сайнтуяад холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд,

ялтан Б.Сайнтуяа, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Сайнтуяа, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Сайнтуяад холбогдох эрүүгийн 201526030696 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяа, 1976 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дээжис” караокег түрээслэн ажиллуулж байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 60 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: КЮ76013008/,   

          Б.Сайнтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захаас нь хоёр гараараа заамдаж, түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед хүнд гэмтэл учирсан, Л.Амарсанаа нь уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 8 дугаар сарын 28-нд нас барсан буюу бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Сайнтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сайнтуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяаг 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сайнтуяад оногдуулсан 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Сайнтуяа нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Сайнтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг миний бие эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өргөдөл гаргаж байна. Учир нь, миний бие нь энэ хэргийг санаатай төлөвлөж хийгээгүй, ямар нэгэн хувийн өс хонзон санасан зүйл байхгүй. ...Талийгаач эхнэртэйгээ хүний пивонуудыг уугаад караокены цагийг дуусгаад явахаар гарч ирсэн. Тэгэхээр нь би та хоёр хүний цаг дээр орж хүмүүсийн тав тух алдагдуулан пивыг нь уусан, та хоёр тооцоог нь хий гээд караокены гадна бүргэд хаалгыг хаагаад өөр ч олон юм ярьсангүй цэвэрлэгээгээ үргэлжлүүлээд 00 ороод гараад ирсэн чинь талийгаач эхнэртэйгээ хоёулаа гарцгаасан байсан. ...Би цаг орой болж шөнийн 01 цаг өнгөрч байна, манайх одоо хаалаа гэхэд тэд дундаасаа мөнгө цуглуулаад тооцоогоо хийсэн. Талийгаач Амарсанаа “гичий авгай” гээд татахаар нь гэнэт цочирдон уурлаад жирэмсэн байсан би эргэж хараад гичий авгай болгоод байгаарай гээд чи миний насан дээр ингэж явж чадах уу гээд бид хоёр бие биенийхээ энгэрээс харилцан хоёр гараараа барилцаж авсан. Би эмэгтэй хүн л хойно эрэгтэй хүний гарыг дийлэхгүй зууралдаад зогсож байтал Эрдэнэбилэг ирээд чи согтуу байна, яагаад эмэгтэй хүнийг заамдаад байгаа юм бэ гээд гарыг нь тавиулаад дараа нь миний гарыг цохиж тавиулахад биеийнхээ хүчинд унасан уу, хажуу талд байсан микро машиныг түших гэж байгаад унасан уу хойшоо унасан. Түүнээс бие давхар, туранхай биетэй хүн хүчтэй түлхэж хүний аминд хүрэх чадвар байгаагүй. Архи пиво уусан өчнөөн л хүмүүсийг ая эвийг нь олж үйлчилж байсан. Арай ч ийм хэрэгт холбогдоно гэж бодсонгүй, ийм харамсалтай гэнэтийн зүйл болсонд маш их харамсаж, шаналж гэмшиж байна. ...Дээрх хэргийг хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй болсон үйл явдлын гэм бурууг үнэн шударгаар шүүж өгөхийг миний бие хүсч байна. Тэгээд л эмнэлэгт хүргэгдсэн үеэс шаардлагатай мөнгө төгрөгийг өгч эргэж тойрч асууж очиж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд ...чадах ядахаараа ажил гололгүй хийж том охиныхоо сургалтын төлбөрийг хүнээс гуйлгүй төлж хоёр охиныхоо төлөө бүхнийг зарцуулж амьдралаа авч явсан. Түрээсийн байранд амьдарч, ажиллуулж байсан караоке маань ч мөн л түрээсийнх байсан. Хорих газар хоригдох болгонд нялх бага хүүхдүүдээ айл айлаар дамжуулан харуулж байсан. Талийгаачийн ар гэрээс нь нэхэмжилсэн бүх зардлыг өөрийн боломжоор төлж 6.850.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Лхагвасүрэн гуайд бэлнээр, өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн. Ар гэрийнхэн нь байнга заналхийлж дөрвөн мөчийг чинь тасдаж уулын уруу өнхрүүлнэ, үе удмаараа алуурчин, хүүхдүүд нь хүртэл алуурчин гэдэг. ...Талийгаачийн аавынх нь дүү Баярмаа, Цэцэгмаа гэх хоёр дүү нь ...алуурчин гэж намайг нүүр нүдгүй цүнхээрээ зодож үс гэзэгнээс зулгааж дайрахад хоёр цагдаа хамгаалж хоёр давхар луу гаргаж салгаж байсан. Мөн эхнэр Сайнзаяа нь надад мөнгө өгсөнгүй хадмуудад өглөө гээд бас бөөн хэл амаар доромжилж дайрсан. Санаатай хийгээгүй хэргийнхээ төлөө ...доромжлуулж ...байгаадаа гомдолтой байна. ...Би эмэгтэй хүнийхээ хувьд, эх хүнийхээ хувьд нялх балчир охидтой хүний хувьд энэ хэрэг л үнэн зөвөөр шийдвэрлэгдэж хожим ажил төрөл хийгээд таван төгрөгтэй золгож эхэлбэл талийгаачийн үр хүүхдүүдэд бага гэлтгүй илүүчилж өгөх юмсан гэж хүртэл бодож санааширч сууна. ...Шийтгэх тогтоолоор гаргасан тогтоолыг үндэслэлгүй болгож өгч зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү... ”  гэв. 

Ялтан Б.Сайнтуяагийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх тогтоолынхоо дүгнэх хэсэгт санаатай хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэдгийг дүгнэхдээ Б.Сайнтуяа нь амь хохирогчтой муудалцаж, гэрч Сайнзаяа, Эрдэнэбилэг нарын хажууд түлхсэн идэвхитэй үйлдэл, уг түлхэлтийн улмаас хатуу мохоо гадаргуу бүхий цементэн талбайд амь хохирогч толгойгоороо унаж хүнд гэмтэл авч улмаар амь нас нь хохирсон хор уршиг хооронд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд шүүхийн дүгнэлтэд шууд нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй орхигдуулсан, нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заахгүйгээр шүүхийн тогтоол гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Тухайн маргаан болоход 2 гэрч болох Эрдэнэбилэг, Сайнзаяа нар байсан. Сайнзаяагийн гэрчийн түлхсэн гэх мэдүүлгийг авч үзээд санаатай гэж дүгнэсэн атлаа Эрдэнэбилэгийн түлхэлт, цохилт огт ороогүй гэсэн 7-8 удаагийн мэдүүлгийг авч үзээгүй. Гэм буруугийн асуудалд түлхсэний улмаас унаж гэмтэл авсан гэдэгт дүгнэлт хийгээд байгаа болохоос биш үнэхээр түлхэлт үүссэн үү гэдэг асуудал нь ганцхан амь хохирогчийн эхнэр Сайнзаяагийн мэдүүлгээр нотлогддог. Бусад байдлаар нотлогдсон зүйл байхгүй. Гэрч Эрдэнэбилэг 4 удаа мэдүүлэхдээ түлхсэн асуудал байхгүй гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтыг оновчтой үнэлж үзээгүй гэж үзэж байна. Гэм буруугийн асуудлыг 2002 оны Эрүүгийн хуулиар шууд бус санаатай гэж үзсэн. Харин шинэ Эрүүгийн хуулиар гэм буруугийн асуудлыг санаатай, болгоомжгүй эсхүл холимог хэлбэр байж болно гэсэн. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн асуудлыг өмгөөлөгч хууль хэрэглээний хувьд авч үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуучин Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан найруулгыг арай өөр байдлаар тайлбарласан. Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй байгаа боловч шинэ хуулийн зохицуулалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангаж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд зүйлчлэл буруу хийгдсэн Эрүүгийн хуулийн хэрэглэх ёсгүй зүйлчлэлийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэх хууль зүйн үндэслэл харагдаж байна. Б.Сайнтуяагийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ жирэмсэн, одоо 1 настай хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эх. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дүгнэхэд шүүх авч үзэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугийн сэдэлт, зорилгын асуудлыг зөв тогтоож өгөөгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулах хууль зүйн үндэслэл Б.Сайнтуяад байгаа болохыг анхаарч үзнэ үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би одоо хүүгийнхээ ажлыг хийж байгаа. Б.Сайнтуяа санамсаргүйгээр миний хүүг алаагүй, боож түлхэж унагаасан. Хүзүү нь улайсан баримт байдаг” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэн, Ц.Сайнзаяа нарын өмгөөлөгч Б.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Түлхсэн идэвхитэй үйлдэл нь гэрч Отгонцэцэгийн “миний найз Б.Сайнтуяа 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр намайг залгахад би нэг залууг уусан юмныхаа тооцоог хийхгүй, тооцоогоо хийчихээд яасан сүртэй авгай вэ гэж хэлэхээр нь зөрүүлээд түлхэж унагаагаад гэмтээсэн гээд ярьж байсан” гэж мэдүүлдэг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр байна гэж яриад байна. Гэтэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэр дээр гэрч Эрдэнэбилэгийн 4 удаагийн өгсөн байцаалт нь тодорхой бус байдаг гэдэг боловч “Би Б.Сайнтуяад наад хүн чинь боогдоод байгаа юм биш үү” гэж хэлсэн байдаг. Энэ мэдүүлгийг нь харахаар энэ нь өөрөө гэм буруугийн болгоомжгүй хэлбэр байж болохгүй, санаатай хэлбэр байна. Ял хойшлуулах асуудал нь хөнгөн хэрэгт яригдах байх гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэрч нарын өгсөн мэдүүлэгт ялтан Б.Сайнтуяа нь хүнийг санаатай алсан болох нь хангалттай нотлогдсон учраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан “санаатай” хэлбэртэйгээр хүнийг алсан нь тогтоогдсон учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Б.Сайнтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээжис” караокены зүүн хойд хэсэгт иргэн Л.Амарсанаатай хувийн таарамжгүй харьцаа буюу “гичий, авгай” гэж хэллээ гэсний улмаас маргалдаж, Л.Амарсанаагийн хувцасны захаас нь хоёр гараараа заамдаж, түлхэн унагаасны улмаас Л.Амарсанаагийн биед хүнд гэмтэл учирсан ба Л.Амарсанаа нь уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2015 оны 8 дугаар сарын 28-нд нас барсан буюу бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Лхагвасүрэнгийн “...Миний хүү Л.Амарсанаа нь 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр караокены урд хүнд түлхүүлээд унан, ухаан алдан Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очоод, 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орж, эмчлүүлж байгаад 2015 оны 8 дугаар сарын 28-ны нас барсан ...Би хүү Амарсанааг харахад нүд нь хөхөрч хавдсан, хүзүү нь цамцны захаар боосон гэмээр маш их улаасан байсан. Өмдөндөө өтгөнөө гаргасан, үнэртэж байсан. Өөр ил харагдах шарх, сорви байгаагүй. Бид эрүүл саруул хүүгээ алдсан явдалд гомдолтой байна...” /хх-46-52-I, хх-247-II/,

Ц.Сайнзаяагийн гэрчээр өгсөн “...Тэгээд Б.Сайнтуяа манай нөхөр Л.Амарсанааг заамдсан гараараа хойш түлхсэн бөгөөд Л.Амарсанаа хойшоогоо микроны дугуйны харалдаа хатуу цементэн гадаргуу дээр толгойгоороо саваад хүчтэй “таг” гээд дуу гаргаад унасан. Би унахаар нь гүйж очиход талийгаач ухаангүй болчихсон, толгойг нь өргөхөд чихний ар талаас цус гарсан ба миний гар цус болсон. Би тухайн үед хажууд нь байсан тул түлхэхийг нь харсан…” /хх-74-82-I/,

түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн “...Б.Сайнтуяа эхэлж “чи намайг авгай гэж хэлдэг хэн бэ” гээд Л.Амарсанааг заамдаж авсан. Л.Амарсанаа түлхэлтээс болж газарт унасан. Б.Сайнтуяа түлхэж газарт унагаасан. Б.Сайнтуяа нь талийгаачийг амьд байхад би түлхсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байснаа нас барсны дараа мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Би Б.Сайнтуяагаас “та гараа тавьчих, би нөхрөө аваад явъя, миний нөхөр согтуу байна” гэсэн. Тэгээд Б.Сайнтуяа гараа тавих үедээ Л.Амарсанааг түлхсэн. Б.Сайнтуяа манай нөхрийн захтай футболкных нь хоёр захнаас хоолой руу нь хүчтэй, шахаж, боож заамдаж барьсан байсан....” /хх-1-5, 130-131, 133-III/,

гэрч М.Эрдэнэбилэгийн “...Тэгсэн Сайнтуяа Амарсанааг заамдсан гараараа хойш нь түлхсэн юм. Амарсанаа хойшоогоо гэдэргээ саваад толгойгоороо хатуу цементэн дээр уначихсан бөгөөд босч ирэхгүй байсан. Амарсанаагийн чихнээс цус гарч байсан. Тэгээд бид нар сандраад 13 дугаар хорооны хүн эмнэлэгийн хүлээн авахад Одончулуун бид хоёр оруулсан...” /хх-53-54-I/,

гэрч Л.Энхболдын “...Тэднийг салгах гээд Эрдэнэбилэг явсан. Удалгүй “Амарсанаа уначихлаа” гээд орилолдоод байсан. Тэгэхээр нь би гүйгээд очтол Амарсанаа газар унасан, ухаангүй, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байсан ...Караокены Сайнтуяа “чи намайг гичий авгай гэж хэллээ, намайг гичий, авгай гэдэг хэн бэ” гэж хэрэлдэж байсан. Амарсанааг Сайнтуяа энгэрээс нь заамдаад микроны ардуур орсон...” /хх-93-I/,

гэрч Ц.Сайнжаргалын “...Би юу болсон талаар асуутал Наранжаргал надад “өчигдөр Шувууны “Дээжис” нэртэй караокед Амарсанаа, Сайнзаяа, Отгонзаяа бид дөрөв орж 2, 2 пиво уугаад гарч явсан. Тэгсэн Амарсанаагийн хуучин ажиллаж байсан газрын найзууд нь таараад хамт сууж байгаад гарах гэтэл нөгөө хоёр залуу нь 16.000 төгрөгийн тооцоо дутуу байсан юм байна. Тэгээд гарахдаа Амарсанаа тэр Сайнтуяад “нэг доор байдаг хүмүүс байж ямар сүртэй авгай вэ” гэж хэлэхэд нь Сайнтуяа гэдэг хүн “чи намайг авгай гэж хэллээ, би авгай гэж хэлүүлэх дургүй” гээд караоке дотроо хэрэлдэж байгаад гадаа гарч Амарсанааг цамцны урд хэсгээс нь заамдаж аваад нүүр рүү нь цохиод, хойшоо түлхсэн...” /хх-112-113-I/,

гэрч Д.Отгонцэцэгийн “...Миний найз Сайнтуяа нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр намайг өөр рүү нь залгаж асуутал, надад “би нэг залууг түлхсэн чинь цаашаа унаад гэмтчихсэн, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байгаа, өөрөө уусан юмныхаа тооцоог хийхгүй, чи яасан сүртэй авгай вэ гээд түлхэхээр нь би зөрүүлээд түлхэхэд унаад гэмтчихсэн” гэж хэлсэн. Энэ асуудлаас болж цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн...” /хх-107-108-I/,

гэрч Э.Баярмаагийн “...Би 2015 оны 8 дугаар сарын 22-оос 23-нд шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж хонож ажилласан юм. 8 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчим гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гартал зүс таних Сайнтуяа, Сайнзаяа нар нь 2-3 залуучуудтай байсан ба нэг хүн нь газар унасан байдалтай байсан. Сайнтуяаг Сайнзаяа нь “манай нөхрийг түлхээд унгаачихлаа” гээд орилоод байсан...” /хх-95-96-I/,

гэрч Б.Одончулууны “...Би микроны урд талд Нямбат, Энхболд нартай тамхи татаад, юм яриад зогсож байтал машины хойд талд нэг “таг” гээд л хүн унаж байгаа дуу надад чанга сонсогдсон. Тэгээд гүйгээд очиход Амарсанаа газар уначихсан байсан бөгөөд ухаан алдчихсан, зүүн талын чихнээс нь цус гарсан, цементэн дээр цус болсон байсан ...Яг хажууд нь Сайнзаяа, Сайнтуяа, Эрдэнэбилэг нар байсан ба Эрдэнэбилэг болон Сайнзаяа нар ярихдаа “Сайнтуяа Амарсанааг боож байгаад түлхээд газар толгойгоор нь унагаачихсан” гэж ярьж байхыг нь би сонссон...” /хх-83-84-I/,

гэрч Ч.Нямбатын “...Микроны ард талд талийгаач Амарсанаа, түүний эхнэр, Эрдэнэбилэг, караокены эмэгтэй нар хоорондоо маргалдаад байж байсан. Тэгтэл удалгүй “тас” хийгээд л явахаар нь микроны дунд хаалгыг онгойлгоод хартал талийгаач Амарсанаа микроны баруун хойд талын дугуйны харалдаа газар цементэн дээр толгойгоороо уначихсан байсан. Машинаас буугаад очиход зүүн талын чихний ард талд цус болсон байсан. Тэгсэн Одончулуун эмнэлэг, цагдаа дуудсан...” /хх-88-89-I/,

“...Тас хийсэн чимээ гарсан. Тэгээд буугаад очиход талийгаачийн хөл талд Сайнтуяа, Эрдэнэбилэг, талийгаачийн эхнэр тэр гурав зогсож байсан. Би “яасан бэ “ гэхэд Эрдэнэбилэг надад “Сайнтуяа Амарсанааг заамдаад, түлхээд унагаасан” гэж хэлсэн...” /хх-136-III/,

 

гэрч Ж.Энхжаргалын “...Манай найз Б.Сайнтуяа ямар хэрэгт холбогдсон талаар надад ярьсан. Шувуун фабрикын эмнэлгийн гадаа нэг халамцуу хүнтэй хамт явсан хүнээс караокены тооцоогоо аваад буцаад явахад нөгөө халамцуу залуу нь “муу гичий, авгай” гэж хэлэхээр нь эргэж хараад барьцалдаад авсан. Билгээ гэх залуу салгах гээд ирж байхад нөгөө хүн хойшоогоо саваад унасан. Тэгээд тэр хүн нь гэмтлийн эмнэлэгт бие нь муу байгаа гэж байсан...” /хх-104-I/,

 

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, мөргөлдөх, унах хүчин зүйлээр үүсгэгдсэн. Талийгаачийн баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна салстын цус харвалт гэмтлүүд нь суурь ясны хугаралттай холбоотойгоор илрэн гарах боломжтой. Хүзүүний цус хуралт бүхий гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Хэрэг болсон гэх үед талийгаач нь заамдуулсаны улмаас амьсгал бүтэлтэд орж ухаан алдаж унасан эсэхийг тогтоох боломжгүй...” /хх-142-145-I/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 12251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-134-I/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: суурь ясны зүүн дунд хонхорын дунд хэсгээс дээш зүүн зулай, чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун, зүүн урд хонхорын төв хэсгийн цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл дээрх цусжсан хураа авах мэс заслын дараах байдал, тархины зүүн зулай, чамархайн ар хэсэг, дагзны дэлбэн, баруун зулай, дагзны дэлбэн, зүүн чамархайн дэлбэн, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, дотор булан, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна, дотно хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны гадна салстын цус харвалт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тул цусанд этилийн спирт үзэх боломжгүй. 4. Талийгаач нь үхэлд хүргээгүй, уушигны хатгалгаа, элэгний хатуурал бүхий өвчтэй байжээ. 5. ГССҮТ-ийн ЭЭМТ-ийн 9074 тоот өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь В (III) бүлгийн цустай байна. 6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 7. ГССҮТ-ийн ЭЭМТ-ийн 9074 тоот өвчний түүхэнд дурдсанаар нас барсан 2015.08.28-ны 10:45 цаг, 2015.08.28-ны өдрийн 13:15 минутад талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 2-4 цаг болсон байна гэжээ...” /хх-138-141-I/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 819 тоот дүгнэлтэд “...1. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.Сайнтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Сайнтуяа нь асуултанд үнэн зөв хариулах чадвартай байна. 4. Б.Сайнтуяа нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.Сайнтуяад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” /хх-164-I/, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1070 тоот дүгнэлтэд “...1. Б.Сайнтуяа нь 2015.08.22-ны өдөр хохирогч Л.Амарсанаатай маргалдах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. 2. Б.Сайнтуяа нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. 3. Б.Сайнтуяа нь хэрэг учрал болох үед буюу 2015.08.22-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Жирэмслэлт нь сэтгэцийн байдалд нөлөөлсөн гэх шинж байхгүй байна…” /хх-125-127-III/ гэх шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13-I/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-17-I/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-221-224-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүх Б.Сайнтуяагийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

         

             2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         

          Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Сайнтуяа нь амь хохирогч Л.Амарсанаатай караокены төлбөрийн асуудлаас болж маргалдан Л.Амарсанаа нь Б.Сайнтуяад хандан “төлбөрөө өгөхийн хооронд юун сүртэй юм бэ, сүртэй авгай вэ” гэж хэлсэн ба “намайг авгай гэж хэллээ, би авгай гэж дуудуулах дургүй, авгай болгоод байгаарай” гэж Б.Сайнтуяа нь Л.Амарсанааг заамдсан ба тэд харилцан заамдалцаж, фудболкны захны хэсгээрээ харилцан боох үйлдэл хийж байгаад салах мөчид Б.Сайнтуяа нь Л.Амарсанааг арагш нь хүчтэй түлхсэн ба энэ үйлдлийн улмаас талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба цементэн дээр толгойн ар дагзаараа хүчтэй савж унан тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 5 хоногийг дараа нас барсан үйл баримт тогтоогдож байна.

         

          Иймд шүүгдэгч Б.Сайнтуяагийн дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Б.Сайнтуяад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Түүнчлэн шүүгдэгч Б.Сайнтуяагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

         

          Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ял шийтгүүлсэн этгээд Б.Сайнтуяагийн “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, харин түүний өмгөөлөгч С.Тэгшжаргалын “...Б.Сайнтуяагийн үйлдлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээр зүйлчилж, ялыг хойшлуулах боломжтой...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяаг 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Сайнтуяад 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сайнтуяад оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнтуяад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сайнтуяагийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Сайнтуяа, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ