Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0460

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Прокурорын газрын прокурор

Ц.М-ын дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, дүгнэлт гаргагч прокурор Ц.М, хариуцагч улсын байцаагч Ө.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 341 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Прокурорын газрын прокурор Ц.М-ын дүгнэлттэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А-д холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 341 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т тус тус зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шийдвэрийг эс зөвшөөрч

давж заалдах гомдолдоо: “...1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-

д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 12.1.10-д “хууль ёсны ашиг, сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэхийг хориглосон байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд хэрэглэгчид сандарч хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А, улсын байцаагч Ш.З нар Баянгол дүүрэгт байрлах И худалдааны төв, Оргил худалдааны төв, Дүүхээ захуудаар явж хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн талаар шалгалт хийхэд И дэлгүүрт үхрийн мах ангиллаасаа хамааран кг нь 13300-18300 төгрөг байсан. Гэтэл иргэд, хэрэглэгчид сандарч хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцөлж, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс "С” ХХК-ийн И худалдааны төв нь хонины махыг кг тутамд нь 1200-1350 төгрөг, үхрийн махыг кг тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр нэмж махны үнийг 20900 төгрөгт хүргэж хэрэглэгчдийг хохироосон талаарх хэрэглэгчийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд хандаж мэдээллэсэн.

Хэрэглэгчдийг хохироосон баримт нь зөрчлийн хэрэгт хавсаргасан фэйсбүүк цахим хуудасны хэрэглэгч иргэн Orgil Oogii-гийн нийтлэл НӨАТ-ын баримт, TV4 телевизийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шууд нэвтрүүлэг. "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж-ийн гарын үсэгтэй 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/448 тоот "С” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргаж өгсөн 2020 оны 3 дугаар сарын 10, 13-ны өдрийн барааны үнийн өөрчлөлтийн хуудас зэргээр тогтоогдсон.

...Хяналт шалгалтаар "С” ХХК нь өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх" гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн байх тул …тухайн аж ахуй эрхлэгчид 20,000 нэгжийн торгууль ногдуулсан.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч миний бие 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр махны үнээ нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироосон "С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 20,000 нэгжээр торгох арга хэмжээ авсан. ...Нийслэлийн прокурорын дүгнэлт 2 өөр гаргасан. Тухайн торгуулийн албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байна

3. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасныг үндэслэн "Скай хайпермаркет” ХХК-д ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлд "Хуулийн этгээдийн эрх үүрэг, 34.2-т “ Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ", 34.2.9-т " rамшгийн үед бараа , үйлчилгээний үнийн хөөрөгдөл , зохиомол хомсдол үүсгэхгүй байх" гэж , Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт " Гамшиг , аюулт үзэгдэл , халдварт өвчин , осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ" гэж, өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10.д "хууль ёсны ашиг, сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх" гэж тус тус заасан байна. Тухайн зөрчил нь 3 газар харьяалалтай зөрчил байх ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид харьяалуулсан харьяаллын дагуу "С” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. ...0059282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийн И худалдааны төвд “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” асуудлыг шалгаж тус “С” ХХК-д 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-аас “С” ХХК-ийн “махны үнэ нэмэгдүүлсэн” үйлдэл нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийг зөрчсөн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн Гамшгаас хамгаалах тухай хуулийн зөрчилтэй холбоотой гэсэн үндэслэлээр улсын байцаагч нь хууль буруу хэрэглэж шийтгэл ногдуулсан, харьяаллын дагуу Гамшгийн улсын байцаагчаар шалгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар “махны үнийг нэмэгдүүлсэн” гэх үйлдэлд буруутгагдаж, уг үйлдэлдээ 20.000.000 төгрөгний торгуулийн шийтгэл хүлээсэн “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д “Холбогдогч дараахь эрхтэй: ...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, “С” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр үүссэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс хамаарч тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна.

Анхан шатны шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “С” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ