| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0957/Э |
| Дугаар | 959 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 959
2019 11 12 2019/ШЦТ/959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Баярхүү,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Елдэн овогт Н-ийнБд холбогдох эрүүгийн 1902007250265 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан, ам бүл-3, эмэг эх, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Елдэн овогт Н-ийн Б, (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны 57 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 4.8104 грамм жинтэй, ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай ангийн хүүхэд намайг дуудаад Монгол шилтгээнд байдаг Интро музик фестивалд хамт очсон. Тэнд байж байхад Тамираа гэдэг зүс таних залуутай таарсан. Бид хоёр тухайн газраас холхон очоод тамхи татаж байгаад надад цүнхнээсээ өвс гэдэг зүйл гаргаж ирсэн. Би яаж хэрэглэдэг вэ гэхэд надад зааж өгөөд тамхинд хийж тасан. Тэгээд зогсож байхад гэнэт бороо орохоор нь би тэр зүйлийг халаасандаа хийсэн. Би тэндээсээ 11 дүгээр хороолол дахь гэр рүүгээ таксинд суугаад очиход манай найз Хүслэн намайг хамт юм ууя гэж дуудсан. Би явж очоод, бид нар хамт байж байхад хаалга тогшиж цагдаа нар орж ирсэн. Би сандраад өвс гэдэг зүйлийг буйдангийн араар шидсэн. Цагдаа нар бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Монгол шилтгээн”-д болсон “Интро” электро хөгжмийн шоуг үзэж сонирхохоор ганцаараа очсон. Тэнд Тамираа гэдэг өмнө нь зүс таних залуутай тааралдаад тамхилахаар шоу болж байсан газраас зайтай гараад юм ярьж байтал Тамираа үүрч явсан цүнхнээсээ атганы хэмжээтэй ууттай өвс гаргаж ирсэн. Би яаж хэрэглэдэг юм бэ гэж Тамираагаас асуусан чинь надад тамхинд хийж өгсөн. Би ганцаараа хэрэглэж үзсэн. Тамираа хэрэглээгүй. Тэгээд би сонирхож үзмээр санагдаад надад жаахныг өгчхөөч гэж хэлээд Тамираад байсан өвснөөс нь жаахныг авсан. Тэгээд тэнд бороо орж байсан тул би шөнийн 01 цагийн үед гараад такси бариад 11 дүгээр хороололд байдаг байрныхаа гадаа буусан. Гэтэл Эххүслэн над руу залгаад Хаан байгаа юм бэ Ганжаргалынд хүрээд ир гэж хэлсэн. Би 8 дугаар байранд байдаг Ганжаргалынд очоод бид нар пиво уугаад байж байхад хаалга тогшсон. Тухайн үед би өөртөө өвс байгааг санаад өвсөө буйдангийн ар талаар шидэж нуусан. Цагдаа нар орж ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-108-109/,
Гэрч Э.Батбаярын “...цагдаа нь Бийг наадах чинь буйдан руу юм нуучихлаа үз гэсэн тэгээд үзэж шалгахад юу ч байгаагүй тэгээд бид нарыг авч явна гээд үүдний өрөөнд гутал хувцсаа өмсөөд зогсож байхад нэг цагдаа нь энэ юу бэ гээд уутанд боосон зүйл гаргаад ирсэн тэгээд цагдаагийн байгууллага дээр хүргэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Насанд хүрээгүй гэрч М.Эххүслэнгийн “...Ганжаргалын гэр рүү ороход 2 цагдаа үүдэнд нь ирчихсэн байсан. Тэгээд түлхүүрээр нь онгойлгоод орсон 2 цагдаа надтай хамт ороод шалгахад өвс байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19, 32/
Насанд хүрээгүй гэрч Э.Нандин-Эрдэнийн “...Эххүслэн хоолонд гарсан тэгээд байж байтал Б нэг цэнхэр өнгөтэй гялгар ууттай зүйл гаргаж ирээд “Бацаан” байна гээд байсан ер манай 11 дүгээр хорооллын тэр хавиар хар тамхи буюу өвсийг тэгж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Насанд хүрээгүй гэрч О.Анарын “...Б өмсөж байсан дотоож дотроосоо цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл гаргаж ирээд бид нарт харуулж байсан тэгээд Б наадах чинь юу юм гэж асуутал өвс байгаа юмаа гэж хэлж байсан, тэгээд бас татъя гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-26, 31/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ганжаргалын “...Б манай том өрөөнд байдаг буйдангийн хажуу талд байдаг хар ширээний ардуур нэг цэнхэр өнгөтэй зүйл шидэж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-28, 34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №4624 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б УШ01301414” гэж хаягласан 90 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн “Н.Б УШ01301414” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. ...Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно…” гэсэн дүгнэлт /хх-60-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №4690 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд 5 грамм ногоон өнгийн нунтаг зүйл” хаягласан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Шинжилгээнд 5 грамм ногоон өнгийн нунтаг зүйл” хаягласан хар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinal/-ын агуулга илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinal/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно…” гэсэн дүгнэлт /хх-63-64/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Н.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Н.Б нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. ...Н.Б нь сэтгэцийн эмгэггүй байна. ...Н.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Н.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...Н.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. ...Н.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...Н.Бд мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна …” гэсэн дүгнэлт /хх-69-70/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10, 13-14/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №4622, №4624 тоот актууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 69-70/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 100/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 113/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны 57 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт 4.8104 грамм жинтэй, ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан, бусдад өгсөн болох нь дээр дурьдсан гэрч Э.Батбаяр, Б.Галбадрах, насанд хүрээгүй гэрч М.Эххүслэн, Э.Нандин-Эрдэнэ, О.Анар, Б.Ганжаргал нарын мэдүүлгүүд, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №№4622, №4624 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Н.Бий сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Бий мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Бий дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дэх хэсгүүдэд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уутны хамтаар 7.4 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Елдэн овогт Н-ийнБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Бд танилцуулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уутны хамтаар 7.4 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилж ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР