Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0783/З |
Дугаар | 378 |
Огноо | 2020-06-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 378
Дугаар 221/МА2020/0378 | Улаанбаатар хот |
“Б.С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, М.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О, Б.О.А.Ж.Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Б.С.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г.К.Х.Д, Б.О.А.Ж.Я, тус яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.С.М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О.А.Ж.Яны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Б.С.М” ХХК-ийн ашигт малтмалын MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А.М.Г.Т.Г.К.Х.Д-д даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ хүрээнд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Тус хүсэлтэд нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх гаргасан байна.
Улмаар Б.О.А.Ж.Я-ны 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж хуульчилсан. Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд яам нь гомдол урьдчилан шийдвэрлүүлэх чиг үүрэггүй байгууллага юм.
Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү нөхцөл байдал баримтаар тогтоогдсон нөхцөлд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.
Иймээс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлтийг 7 хуудас нотлох баримтын хамтаар шүүхэд гарган өгч хэлэлцүүлсэн.
Гэвч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж, хэргийг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж үнэлэлт өгч дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” шаардлагыг тус тус зөрчиж шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шаардлагыг хангаж хэлбэржиж гараагүйг дурдах нь зүйтэй.
Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим”, 5.1-д “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 15 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж хуульчилж зохицуулсны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 432 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг тус тус үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 432 дугаар шийдвэрийг буруутгах боломжгүй... гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг тус тус зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хэргийн оролцогчийн гомдлыг хангаж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд “Б.С.М” ХХК нь “Б.О.А.Ж.Яны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэл гаргасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Б.С.М” ХХК-ийн MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Хүсэлт хүргүүлэх тухай” Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт” гаргасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гэж заасан ба 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.
Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас дээрх хуулийн дагуу саналаа ирүүлсэн.
Б.О.А.Ж.Я нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2 дахь хэсгийн 4-д “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 2 дахь хэсгийн 10-д “Байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтыг шүүгч судалж хараагүй, орон нутгийн удирдлага, байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй.
Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Б.О.А.Ж.Я, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус байна.
Шүүгч яамны дүгнэлтэд хэт ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О, Б.О.А.Ж.Яны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нараас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр[1] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр[2] ирүүлсэн 2019/18 дугаар дүгнэлтийг[3] үндэслэн нэхэмжлэгч “Б.С.М” ХХК-ийн эзэмшлийн MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Тус шийдвэрийг гаргахдаа Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлтээр “....Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгийг үндэслэн “Б.С.М” ХХК нь MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй...” гэснийг үндэслэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тус тус зааснаар “Б.С.М” ХХК-ийн эзэмшлийн MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1-2103 дугаар албан бичгээр “...“Б.С.М” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлуудаа эхлээд байна. Иймд үйл ажиллагаа эхлээгүй байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтэй байна” гэх саналыг Б.О.А.Ж.Я-анд хүргүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулах боломжтой бөгөөд үүрэгтэй байсан. Гэтэл “Б.С.М” ХХК нь MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй гэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр 2019/18 дугаар дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2243 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар татсан Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь бие даасан хариуцагч байхааргүй боловч Б.О.А.Ж.Я-наас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбараа шүүхэд ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2019/18 дугаар хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрээр “Б.С.М” ХХК-ийн эзэмшлийн MV-021167 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд хайгуул эрэх, хайх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул анхан шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой гэж дүгнэн маргаан бүхий 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, шударга ёсны зарчимд нийцжээ гэж шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1531 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын “Гуравдагч этгээдээр Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн иргэдийн Нийтийн Хурал, мөн нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 254 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагч Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй, шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг этгээдээс төлөөлөл оролцуулахгүй байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй.
Мөн Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 06/6472 дугаар албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч “Б.С.М” ХХК нь маргаан бүхий 2019/18 дугаар дүгнэлтийн агуулгыг тухайн үед мэдсэн гэж үзэхээр байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаар хариуцагч Б.О.А.Ж.Я-наас эрх нь зөрчигдөж буй “Б.С.М” ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 тоот дүгнэлтийг албан ёсоор хүргүүлж, хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй бөгөөд тус яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дүгнэлтээ нэхэмжлэгч компанид хүргүүлээгүй тухайгаа мэдүүлжээ.
Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Мөн Улсын комиссын “ “Б.С.М” ХХК-ийн Номгоны нүүрсний уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах тухай” 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай албан даалгавраар 3 сарын хугацаанд тодорхой ажиллагаануудыг явуулж, Улсын комиссод тайлагнаж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан боловч уг хугацааг дуусахаас өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа нь ойлгомжгүй бөгөөд иргэн, хуулийн этгээдээс төрийн захиргааны байгууллагад итгэх хууль ёсны итгэлийг алдагдуулсан үйлдэл болжээ.
Хариуцагч Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Өмнөговь аймгийн Засаг дарга санал, дүгнэлтээ ирүүлсэн. Гол нь нутгийн иргэдийг төлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаль орчны хууль тогтоомжийг биечлэн газар дээр нь хэрэгжүүлж байгаа субъектүүд албан ёсны байр сууриа илэрхийлж байхад яам дүгнэлт гаргахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч нэгэнт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөлд шат шатны байгууллагууд холбогдох хууль тогтоомжид заасан өөрийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж аливаа шийдвэрийг гаргах нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хөндөгдөж болзошгүй захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэх болно.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэр, Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/18 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч “Б.С.М” ХХК-ийн MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А.М.Г.Т.Г.К.Х.Д-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх “Б.С.М” ХХК-ийн MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А.М.Г.Т.Г.К.Х.Д-д даалгасан атлаа түүний ямар эс үйлдэхүй хууль бус болох талаар дүгнэлт өгөөгүй, түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор уг маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болж нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь сэргэх бүрэн боломжтой байна.
Мөн хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Б.С.М” ХХК-иас MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр А.М.Г.Т.Г.К.Х.Дд хандаагүй тул энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О, Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...“Б.С.М” ХХК-ийн ашигт малтмалын MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А.М.Г.Т.Г.К.Х.Д-д даалгасугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.С.М” ХХК-ийн MV-021167 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг А.М.Г.Т.Г.К.Х.Д-д даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О, Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал