Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/93

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Оийн Мт холбогдох эрүүгийн 1917001370075 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш овогт Оийн М /РД: /, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 5 дугаар баг, Х гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Яллагдагч О.М нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Г аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар оршин суух иргэн Л.Бийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 140 000 төгрөг, 0,75 граммын Чингис нэртэй архи 1 шил, 0,5 граммын Ауруг нэртэй архи 1 шилийг тус тус хулгайлж нийт 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч О.М нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр  Г аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газар оршин суух Л.Бийн гэрийг хүнгүй байхад нь сэм нэвтэрч бэлэн 140 000 төгрөг, 0,75 граммын Ч нэртэй архи 1 шил, 0,5 граммын Ауруг нэртэй архи 1 шилийг тус тус хулгайлж нийт 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед хонь эргүүлээд явж байгаад ам цангаад байхаар нь айлд ус уух гэж очсон. Өмнө нь Б гэх айлд 2 удаа очиж байсан. Манай хорооноос хойш ойролцоо байдаг. Намайг гэрт нь очиход хаалга нь онгорхой, хүнгүй байхаар нь авдар дээр нь байсан 1 шил архи, авдар дотроос нь 1 шил архи, цүнхэнд байсан мөнгийг бүгдийг нь тус тус авсан. Архийг нь ганцаараа уусан. Архи харагдахаар нь уумаар санагдаад авчихсан. Авсан мөнгөө өөрт нь буцаагаад өгчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд хонио хяргаж дуусаад Б сумын 1 дүгээр багийн нутаг Т гэх газарт гэртээ ирээд тос хайгаад авдараа ухаж үзтэл авдар дотор байсан 2 шил архи, 140 000 төгрөг алга болсон байсан. Би тухайн үед эхнэр О руу утсаар залгаж авдар дотор байсан мөнгө, 2 шил архи алга болсон байна гэж хэлээд гадаа харанхуй болсон байсан болохоор амраад 2019 оны 07 дугаар сарын 24-ний өглөө эрт босоод гэрийн гадаа мөр харахад зүүн хойд зүгээс гэрийн гадаа мотоцикль ирж зогссон мөр, 1 хүний гутлын мөр байсан...Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй явж байгаад 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл өгсөн. Гэрээс 140 000 төгрөг, 2 шил архи алга болсон гэж өргөдөл гаргавал хохирол багатай болохоор эзнийг нь олж чадахгүй болов уу гэж бодоод хүчийг авахуулж, эзнийг нь олуулах зорилгоор бэлэн 9 700 000 төгрөг алга болсон байна гэж өргөдөлдөө дурдаж, гэрчийн мэдүүлэг өгсөн юм. Манай гэрийн хойморт байдаг хоёр авдарны зүүн талын авдар дотор байсан хүрэн өнгийн түрийвчин дотроос 140 000 төгрөг   /7 ширхэг 20 000 дэвсгэрт/, авдар дотор байсан нэг шил архи, авдар дээр байсан 1 шил архи алга болсон байсан. Хулгай ордог өдөр манай гэрийн хаалга ямар нэгэн түгжээ, цоожгүй би гэрийн хаалгыг хаагаад явсан байсан. Миний бие 175 500 төгрөгийг бүрэн бүтнээр хүлээн авсан. Мт хуулийн дагуу авах ёстой арга хэмжээг нь авна уу” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-29 хуудас/

 

1.3. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хонио эрээд явж байгаад Б гуайн гэрт очиход манай гэрээс 2 шил архи, бэлэн мөнгө алга боллоо танайхнаас хүн явсан уу гэж асуухаар нь манайхаас явсан хүн байхгүй, Д л согтуу байсан даа гэдгийг хэлсэн. М нь ганцаараа мотоцикль жолоодох, гэрийн хаалга онгойлгох түрийвчнээс мөнгө хоёр гараараа хавчаад сугалж авч чаддаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/

 

1.4. Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайд малд унадаг байсан хар өнгийн Хаожи маркийн улсын дугааргүй мотоцикль байдаг байсан. 2 жилийн өмнө малаа хариул гээд Мт өгсөн. Тэр мотоцикль одоо Мөнхбаатарын эзэмшлийн мотоцикль. Б, О, М нар нь манайд нэг сарын 300 000 төгрөгний цалин, төлийн 10 хувиар бодож төл өгдөг. Жилд нэг мотоцикль өвлийн идшийг нь даадаг. 3 жилд нэг машин өгдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр аав надад мал хариулж байгаад мөнгөтэй болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмээд аав мөнгөтэй болсон байна гэж хэлсэн юм. Аав надад мөнгө харуулаагүй. Зүгээр л мөнгөтэй болсон гэж хэлсэн. Аав хааяа гэртээ архи уусан байдалтай ирдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

 

1.6. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б сумын Т гэх газар байх гэртээ ирэхэд манай нөхөр Б гэрт хулгай ороод түрийвчинд байсан мөнгө алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний түрийвчинд байсан 310 000 төгрөгнөөс 170 000 төгрөгийг аваад 140 000 төгрөг үлдсэн гэж Бд хэлсэн. Манайх хөдөө 2 гэр байдаг. Тухайн үед манай нөхөр гэрээ цоожлохгүй хаалгаа хаагаад орхисон байсан гэж хэлсэн. Ер нь манайх гэрээ цоожлохгүй хаалгаа хаагаад л үлдээдэг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

 

1.7. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай ач охин Хнадад аав мөнгөтэй болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мыг хаанаас мөнгөтэй болсон талаар асуухад би Б гуайн гэрээс авсан гэж хэлсэн. Тэгээд би Б гуайн гэрээс авсан мөнгийг чинь харъя гэхэд 7 ширхэг 20 000 төгрөг, нийт 140 000 төгрөг байсан. Тэгэхээр нь би энэ мөнгөө буцааж өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй Б сумын цагдаагаас дуудаад Маас гэрчийн мэдүүлэг аваад уг 140 000 төгрөгийг Банди гуайд хүлээлгэн өгсөн гэсэн. М ганцаараа мотоцикль жолоодох, гэрийн хаалга онгойлгох, түрийвчнээс мөнгө хоёр гараараа хавчаад сугалж авч чаддаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М ер нь архи уусан ирж байгаагүй санагдаж байна. Мт мөнгө байдаггүй. Он сарыг нь санахгүй байна ээж О Мын халааснаас 140 000 төгрөг авч хойд айлын Б гуайд өгсөн гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/

 

1.9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 4-7, 11-14 хуудас/

 

1.10. Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 16-20 хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт / х.х-ийн 22, 48 хуудас/

 

1.12. Хавтаст хэрэгт хавсаргагдан ирсэн “1917001370075 Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD дээрх бичлэг

 

1.13. Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / х.х-ийн 50-52 хуудас/

 

Иймд шүүгдэгч О.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин яллах дүгнэлтэнд шүүгдэгч О.Мыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гэм буруугийн дүгнэлтэндээ Тухай өдөр шүүгдэгч О.Мын мал нь тус айлын гадаа очсон байсан ба түүний ам нь цангасан учир ус уух зорилгоор айлд орсны дараа хулгай хийх сэдэлт төрсөн учир машин механизмыг учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзэх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

Улсын яллагч нь шүүгдэгч О.Мөнхбаатарыг хулгай хийх зорилгоор хохирогч Л.Бийн гэрт очсон гэж мэтгэлзсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Мыг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь хохирогч Л.Бийн гэрийн хаалга нь онгорхой байсан ба шүүгдэгч О.Мт гэрт орсны дараагаар эд зүйл авах сэдэлт төрсөн тул орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь: шүүгдэгч О.М нь хохирогч Л.Бийн гэрийг хүнгүй болохыг мэдсэн атлаа сэм орж авдарыг нь ухаж эд зүйл авсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлож байна.

       

ХОЁР: Шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний бие 175 500 төгрөгийг бүрэн бүтнээр хүлээн авсан. Одоо надад М гэж хүнд хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

 

2.2. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүү М нь урьд нь хулгай хийж байгаагүй. 2012 онд Багануурт байхдаа хоёр гараа хөлдөөгөөд бугуй хэсгээр нь тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. Сүрхий сэргэлэн зан чанар байхгүй, даруухан уур уцааргүй, архийг хэрэглээ болгож байнга уудаг хүн биш. Хүний мал маллаж амьдралаа авч явдаг, эхнэр Н нь хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. М нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37/

 

2.3. Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь даруухан ааш зантай, хааяа архи хэрэглэдэг. Малд сайн явдаг, хүнд тусархуу төлөв даруу хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

 

2.4. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М нь сургууль цэцэрлэгт сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. 7 жилийн өмнө Б дүүрэгт архи ууж яваад хоёр гараа хөлдөөгөөд бугуй хэсгээрээ тайруулсан ба одоо группэд байдаг. Эхнэр Н нь бичиг үсэг мэдэхгүй хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. Хувийн зан байдлын хувьд даруухан, уур уцааргүй, архи жаахан уудаг. Урд өмнө хэрэг төвөгт орж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

2.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Мөнхбаатар нь ааш зан хэвийн муухай ааш байхгүй. Хааяа архи уух гээд байдаг. Хоёр гар бугуй хэсгээрээ тайруулсан. Одоо группэд байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/

 

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 69 хуудас/

 

2.7. О.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, нийгмийн халамжийн тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарууд, нийгмийн даатгалийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /х.х-ийн 62-63, 71-89 хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч О.Мыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс бага хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг үндэслэлтэй гэж үзэн шүүх хүлээн авлаа.

Мөн улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг татгалзах зүйлгүй гэснийг дурдлаа.

 

Шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Haojue маркийн хар өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдан ирсэн “1917001370075 Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Мыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ш овогт Оийн Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Haojue маркийн хар өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдан ирсэн “1917001370075 Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТТУЛГА