Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

О.М холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.М холбогдох 1917001370075 дугаартай 1 хавтас 142 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч О.М гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.М нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэрэгт” гэх газар оршин суух Л.Б гэрийг хүнгүй байхад нь сэм нэвтэрч бэлэн 140 000 төгрөг, 0,75 граммын Чингис нэртэй архи 1 шил, 0,5 граммын Ауруг нэртэй архи 1 шилийг тус тус хулгайлж нийт 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш овогт О М хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Haojue маркийн хар өнгийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдан ирсэн “1917001370075 Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлд хавсаргах бичлэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.М нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О овогтой М миний бие 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2019/ШЦТ/93 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Миний бие хоёр гар мухар. Хувцасаа угаах бие засах зэрэг үйлдлийг хийхэд хүндрэлтэй байдаг. Хорих ялаар шийтгэгдэхээс өмнө эхнэр Б, дүү Б нарын асрамжинд  байсан. Би энэ хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Миний хүнд байдлыг харгалзан үзэж давж заалдах хуралд оролцуулан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар солиж өгнө үү та бүхний итгэлийг алдахгүй гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М холбогдох хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ялаар шийтгэсэн. 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэх боломжгүй талаар үйлчлүүлэгчдээ хэлж ойлгуулсан боловч тухайн зүйлчлэлийг өөрчилж, тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг О.М зүгээс гаргасан. Зүйлчлэл өөрчлөгдөж байж энэ асуудал яригдах байх. Анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдардаг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг нөхцөл байдалд эргэлзээ бүхий байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд санал гаргаж байсан. Учир нь 2019 оны 07 сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд О.М мэдүүлэг зэргээс авч үзэхэд орон байранд нэвтэрч үйлдэхийг анхан шатны шүүхээс сэм орж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Тухайн үеийн нөхцөл абйдлаас харахад сэм орсон биш, ус уух зорилгоор гэрт орж, субеъктив санаа зорилго сүүлд үүссэн учраас хүн амьдрах зориулалттай орон байранд сэм орж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх санал, хүсэлтийг өмгөөлөгчийн хувьд гаргаж байна гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч нь хүнд гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг, анх удаа үйлдсэн, хохирлоо төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж, хянан харгалзана гэж тодорхой заасан байгаа. Гэтэл шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх хүнд гэмт хэрэгт холбогдсон учраас тэнсэж, хянан харгалзах боломжгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг өөрчлөх талаар санал гаргаж байна. Харин шүүгдэгч нь тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ

Шүүгдэгч О.М нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэрэгт” гэх газар оршин суух Л.Б гэрийг хүнгүй байхад нь нэвтэрч авдар дотроос нь бэлэн мөнгө 140 000 төгрөг, 0,75 граммын Чингис нэртэй архи 1 шил, 0,5 граммын Ауруг нэртэй архи 1 шилийг тус тус хулгайлж нийт 175 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч О.М түүний өмгөөлөгчийн: ... хорих ялыг тэнсэн харгалзах ялаар солих эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч О.М хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ялыг тэнсэх үндэслэлгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                          О.ОДНЯМАА