Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 113/ШШ2017/0013

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Б овогт С-ын Я, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 2-19 тоотод оршин суух, РД: (ЕИ69010400);

Хариуцагч: ГСА-ийн З;

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийг Шивээговь сумын Засаг даргыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Шивээговь сумын Засаг даргад дахин нэр дэвшсэн С.Я миний биеийг томилохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны орон нутгийн сонгуулиар ард иргэд өөрсдийн сонголтоо хийж Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн билээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдааны №08 дугаар “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг гаргаж С.Я миний нэрийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Шивээговь сумын Засаг даргыг томилохгүй байгаа нь Монгол улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөрчиж байна. Аймгийн Засаг дарга Г.Батсуурь нь “Шивээговь сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн С.Я миний биеийг төсвийн ерөнхийлөн захирагч болсон тохиолдолд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж заасныг зөрчих үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул түүнийг томилох боломжгүй байна.” гэж удаа дараа албан бичгээр хариу өгөөд байна. Мөн аймгийн Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 албан бичигтээ: “С.Я нь сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд 2015, 2016 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт авсан. Үүний дагуу Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 256 дугаар “Хариуцлага тооцуулах санал хүргүүлэх тухай”, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаар “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийн дагуу С.Ягаанцэцэгт сахилгын шийтгэл буюу ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсч байгаа болно.”, мөн “...С.Я нь санхүүгийн сахилгын зөрчил гаргасан байхад нь үүнийг үл анзаарч албан тушаал дэвшүүлэн Шивээговь сумын Засаг даргаар томилох нь ямар ч хуулинд нийцэхгүй шударга бус явдал болно.” гэжээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж байхад одоо болтол надад сахилгын шийтгэл ногдуулаагүйбайгаа тул би хуулийн дагуу өөрийгөө сахилгын шийтгэлгүй гэж үзэж байна. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №08 дугаар “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор нэр дэвшсэн С.Ягаанцэцэг миний биеийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан шаардлагуудыг бүрэн хангаж байгаа ба Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нь Монгол улсын Үндсэн хуулинд заагдсан сонгох, сонгогдох эрхийг минь улс төржилт болон хувийн үзлээр хязгаарлаж байна гэж би үзэж байна. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийг Шивээговь сумын Засаг даргыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Шивээговь сумын Засаг даргад дахин нэр дэвшсэн С.Я миний биеийг томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Я аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргад томилуулахаар Ж.Батмөнхийн нэрийг дэвшүүлсэн боловч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн  шаардлагыг хангахгүй байна гэж үзэж буцаасан болно. Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 15 хоногт Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлсэн боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан тул хуулийн хугацаанд буюу 5 хоногт багтаан томилохоос татгалзаж буцаасан тухай албан бичгийг хүргүүлсэн. Харин Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь С.Ягаанцэцэгийг дахин нэр дэвшүүлээгүй юм. Өөрөөр хэлбэл Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлээгүй ба С.Я гэдэг шинэ хүний нэрийг Шивээговь сумын Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн болно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг нь зөвхөн нэг нэр дэвшигчийн дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг зохицуулсан заалт юм. Аймгийн Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр С.Я-ийг томилохоос татгалзсан тухай мэдэгдсэн боловч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...” гэсэн хуулийн хугацаанд  С.Я-ийг дахин нэрийг нь дэвшүүлээгүй болно. Мөн нэхэмжлэгч С.Я-ийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор сумын Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлээгүй. Нэхэмжлэгч С.Я нь Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2015, 2016 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авсан байна. Энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1 “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх”, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т “...санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан,... албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 256 дугаар “Хариуцлага тооцох санал хүргүүлэх тухай”, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаар “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгүүдээр С.Я-ийг сумын Засаг даргаар томилоход Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байх үндэслэл бүхий нөхцөл үүсч байгаа болно. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” гэж заасны дагуу Шивээговь сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч болно. Аймгийн Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар албан бичгээр Шивээговь сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн С.Я нь Төсвийн ерөнхийлөн захирагч болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж заасныг зөрчих үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул түүнийг томилох боломжгүй болохыг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд зааснаар болон санхүүгийн зөрчил гаргасан албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна гэсэн болохоос албан тушаал дэвшүүлэн томилно гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй болно. Өөрөөр хэлбэл Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ягаанцэцэг нь санхүүгийн сахилгын зөрчил гаргасан байхад нь үүнийг үл анзаарч албан тушаалд дэвшүүлэн Шивээговь сумын Засаг даргаар томилох нь ямар ч хуулинд нийцэхгүй шударга бус явдал болно. Аймгийн Засаг дарга нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А/475 дугаар албан бичигт нэхэмжлэгч С.Я-т “Сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн үндэслэлээр сумын Засаг даргаар томилохоос татгалзаагүй ба одоо эрхэлж байгаа албан тушаалд нь аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд өгсөн дүгнэлт нь цаашид сумын Засаг даргаар буюу Төсвийн шууд захирагчаар ажилласан тохиолдолд Төсвийн тухай хуулийг зөрчих үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж болно. Аймгийн Засаг даргын хувьд Шивээговь сумын иргэдийн сонголтыг хүндэтгэн хүлээн авч байгаа ба хуулинд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч ирүүлсэн тохиолдолд томилогдоход татгалзахгүй байгаагаа удаа дараа мэдэгдсэн болно. Иймт С.Я-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьт холбогдуулж “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар намайг томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тус сумын Засаг даргад дахин нэр дэвшсэн С.Я миний биеийг томилуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор тус сумын Засаг даргаар Ж.Батмөнхийг томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн барьсан боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж буцаажээ. Мөн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргаар Ж.Батмөнхийг томилуулахаар “дахин нэр дэвшүүлсэн” боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж томилохоос татгалзан буцаасан байна. Харин тус аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Батмөнхийг биш С.Я-ийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “дахин нэр дэвшүүлээгүй” хуулийн уг заалт нь “зөвхөн нэг нэр дэвшигчийн дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг зохицуулсан заалт” юм; мөн нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь  Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2015, 2016 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт авсныг үл анзаарч албан тушаал дэвшүүлэн Шивээговь сумын Засаг даргаар томилох нь хуульд нийцэхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “...50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг” томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор заасан байх бөгөөд хуулийн уг заалт нь зөвхөн нэг нэр дэвшигчийн тухайд бус харин хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчийн тухайд зохицуулсан заалт байна. Мөн хуулийн “...эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар...” гэж заасан нь тухайн шатны Хуралд үүрэг болгосон заалт байх бөгөөд 15 хоногийн дотор хуралдаж нэр дэвшүүлээгүй нь “дахин нэр дэвшүүлээгүй” гэж үзэх боломжгүй юм.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд “дээд боловсролтой; төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; ялгүй байх гэсэн 5 шаардлагыг хангасан байхаар хуульд тусгажээ.

Гэтэл тус сумын Засаг даргад нэр дэвшигч С.Я Говьсүмбэр аймгийн Аудитын газрын “...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон нэгтгэсэн санхүүгийн тайланд хамрагдсан “хязгаарлалттай” дүгнэлтийн жагсаалт”-д орсон байгаа нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна гэх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг Төсвийн ерөнхийлөн захирагч болсноор Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж магадгүй гэсэн үндэслэлээр Шивээговь сумын Засаг даргаар томилохгүй байх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр С.Я-гийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар томилохоос татгалзсан тус аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг тус сумын Засаг даргаар томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Я-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргаар томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Я-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЗУЛ