Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0105/З |
Дугаар | 411 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 411
Дугаар 221/МА2020/0411 | Улаанбаатар хот |
“Р” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Х.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Р” ХХК-ийн гомдолтой, Н.М.Х.Г-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Р” ХХК-иас Н.М.Х.Г-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0066944 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.С шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...Г.Б нь хүнсний аюулгүй байдлын талаар нийтийн ашиг сонирхолд хамааралтай асуудлаар мэдээлэл гаргаж, түүний гаргасан мэдээллийн дагуу хяналт, шалгалтыг явуулж, түүнийг хохирогчоор татаж мэдүүлэг авсныг буруутгах боломжгүй бөгөөд холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэх боломжгүй байна” гэжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд хохирогч, 3.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тус тусад нь хуульчлан зохицуулсан. Мэдээлэл өгсөн Г.Б-гийн ямар хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдсөн талаар мэдүүлэгт нь огт байхгүй байхад анхан шатны шүүх хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж буруу дүгнэсэн.
2. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “... “Р” ХХК-ийн агуулахад үзлэг хийхээр очсон байх бөгөөд тухайн үед агуулахад тус компанийн нярав Л.А нь байсан болох нь тухайн үеийн нөхцөл байдал, үзлэгийн тэмдэглэлд өгсөн биеийн байцаалтаар тогтоогдож байна. Үүнийг дахин тодруулах шаардлагагүй” гэжээ.
Нярав ажилтан Л.А гэсэн байх боловч нярав гэдгийг нотолсон баримт байхгүй, тухайн эд хөрөнгийн эзэмшигч нь гэдгийг нотлоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэл”-д компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, холбогдогч болгон тэмдэглэл үйлдсэн байна.
3. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...иргэн Л.А-гаас холбогдогчоос мэдүүлэг авахдаа эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан байх бөгөөд тус зүйлийн 2.3-д “Эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах” гэж заасан эрхийг танилцуулсан байх тул дээрх эрхээр нь хангаагүй байна гэж үзэж үндэслэлгүй байна” гэжээ.
Холбогдогч гарын үсэг зурсныг эрхээр нь хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Монгол хэл сайн мэддэг, мэдүүлгээ Монгол хэлээр өгнө гэж холбогдогч өөрөө хүсэлтээ бичиж өгөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад холбогдогч зөвхөн гарын үсгээ л зурсан байдаг. Энэ нь холбогдогчид эрхийг нь хангалттай тайлбарлаж өгсөн, холбогдогч өөрийнхөө эрхийг хангалттай ойлгосон гэдэг нотлох баримт болж чадахгүй.
4. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...хавтаст хэрэгт эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн тэмдэглэл авагджээ. Дээрх тэмдэглэлээс үзвэл эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч “Р” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа холбогдохоор залгаж байсан, нярав Л.А-тай холбогдох үедээ шалгалттай холбоотой бичиг баримтаа гаргаж, ирүүлэхийг шаардаж байсан болох нь тогтоогдож байна. Иймд шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтныг дуудан ирүүлж, холбогдох материалыг шалгаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна” гэжээ.
Үзлэг хийсэн тэмдэглэлд компанийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй, холбогдох материалыг нь гаргуулж шалгаагүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хийсэн. Хуульд үзлэг хийхдээ эзэмшигчийг нь, эзэмшигчийг нь байхгүй бол хөндлөнгийн гэрч оролцуулахаар зохицуулсан байдаг. Гэтэл үзлэгийн тэмдэглэл дээр аль аль нь байхгүй, эзэмшигчийг нь байлцуулж тодруулга хийгээгүй.
5. “Үзлэг хийхдээ үзлэгт оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулаагүй” гэх тайлбарын тухайд.
Удирдамжийн дагуу шалгалт, үзлэг хийхдээ улсын 2 байцаагч очсон гэдэг тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэл дээр ганцхан улсын байцаагчийн гарын үсэг байдаг.
Мөн хөндлөнгийн гэрч байсан байхад гарын үсэг зуруулаагүй. Хөндлөнгийн гэрч байсан талаар бас л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Дээрх тайлбар, мэдүүлгүүдээс дүгнэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.3, 2.9, 3.2 дугаар зүйлийн 1, 3.6 дугаар зүйлийн 1, 4.3 дугаар зүйлийн 7, 4.13 дугаар зүйлийн 1.6-д заасныг тус тус зөрчиж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байна.
Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д зааснаар хуульд заасан шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х.Э нь иргэн Г.Б-гээс ирүүлсэн “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Яантагийн хажууд Окескигийн хашаан дотор байрлах худалдааны агуулахад “Р” ХХК Оросын Холбооны Улсаас импортоор оруулж ирсэн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хугацааг засварлаж байна, шалгаж өгнө үү” гэх гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-02/478 дугаар “Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан гэх зөрчилд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 0066944 дугаартай шийтгэлийн хуудсаар “Р” ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, 6.15 дугаар зүйлийн 3.1-д “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж тус тус заасан.
Гомдол гаргагчаас хяналт шалгалтын явцад хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд “В.А” ХХН-тэй байгуулсан 08/17 ВТК дугаар гэрээний 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн 4.13-д “...түүнчлэн хадгалах хугацаа дууссан барааг буцаавал зохино” гэсэн заалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Х.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж маргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших бөгөөд хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил нь нэгэнт нотлогдож буй энэ тохиолдолд мэдүүлэг өгсөн иргэн Г.Б-гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхээс үл хамааран хүнсний аюулгүй байдлын талаар нийтийн ашиг сонирхолд хамааралтай асуудлаар мэдээлэл гаргасныг хүлээн авч, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг авсан байх тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй.
“Р” ХХК-ийн төлөөлөгч А.А-ээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.М.Х.Г-т хандан Л.А-д “Р” ХХК-ийг төлөөлж холбогдох баримт бичиг хүлээн авах, өгөх, гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг ирүүлжээ.
Уг итгэмжлэлийг үндэслэн Л.А-г тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул “...Л.А нь компанийн нярав гэдгийг нотолсон баримт байхгүй, тухайн эд хөрөнгийн эзэмшигч болохыг нотлоогүй, үзлэгт компанийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д “Эд зүйл, баримт бичиг ... -т үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно” гэж зааснаар Л.А-г байлцуулан зөрчлийг шалгаж гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж баталгаажуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгийн биеийн байцаалтаар тухайн үед агуулахад тус компанийн нярав Л.А байснаар тогтоогдож байна.
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзэхэд Л.А-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан, мөн зүйлийн 2.3-д “Эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах” гэж заасан эрхийг танилцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Хэдийгээр гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “...Л.А нь Монгол хэлээр ярьдаг боловч бичгээр уншиж ойлгодог эсэхийг мэдэхгүй, баримтад гарын үсэг зурсан нь холбогдогч өөрийнхөө эрхийг хангалттай ойлгосон гэдгийг нотлохгүй” гэж тайлбарлах боловч хэрэв Л.А нь Монгол хэл сайн эзэмшээгүй, тухайн компанийг төлөөлөх бүрэн боломжгүй гэж үзсэн бол түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохгүй байх, эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөр төлөөлөгчийг оролцуулах эрх нь “Р” ХХК-ийн хувьд нээлттэй байсан тул үүгээр хариуцагчийг буруутгаж, гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд заавал хөндлөнгийн гэрч оролцуулахаар хуульчлаагүй, түүнчлэн үзлэгийн явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж баталгаажуулсан байх тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн зөв дүгнэж, шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН