| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2017/0058/э |
| Дугаар | 2017/ДШМ/37 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Н.Амарсанаа |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ДШМ/37
Ж.Б, Х, Ж.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Н.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар шүүхийн тогтоолтой, Ж.Б, Х, Ж.Г нарт холбогдох, эрүүгийн 201601000015 дугаартай, 3 хавтас, 736 хуудас эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэлийн Прокурорын газраас;
Шүүгдэгч: Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан,
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Х / -д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан,
Шүүгдэгч: Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Ж.Б, БНХАУ-ын иргэн Х нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр тасалгаанд 19-20 дугаар зууны эхэн үед хамаарах 11310000 төгрөгийн үнэ бүхий Монгол Улсын Засгийн газрын 2002.10.25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалтын түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, Нацагдорж бурхан 1 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн Ж.Б, БНХАУ-ын иргэн Х нар нь Ж.Гтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 08-80 ДГО улсын дугаартай автобусаар 19-20 дугаар зууны үед хамаарах 69000000 төгрөгийн үнэ бүхий Многол Улсын Засгийн газрын 202 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалтын түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах шар өнгийн сууж буй дүрстэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Б, Х, Ж.Г нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурор Д.Баярмагнай эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийн 1 дэх заалт: Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын хувьд ноогдох хөрөнгийг болон шүүгдэгч Ж.Гын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх иргэний нэхэмжпэгч Дэлгэр тээх ХХК-ийн өмчлөлийн 08-88 ДГО улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох талаар санал гаргасан.
Тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191 тоот шүүгчийн захирамжаар уг хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байх ба уг захирамжийн 2 дахь заалтанд “...яллагдагч нарын хувьд ноогдох хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо “эд зүйлийн үнэлгээ” гэх баримтыг мөрдөн байцаагч өөрөө үйлдсэн, түүн дээр гарын үсэг зурсан нэр бүхий этгээдүүд нь ямар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр уг үнэлгээг тогтоосон зэрэг нь хэрэгт тодорхойгүй /хх-ийн 47,177-180/, эргэлзээтэй, мөрдөн байцаалтын шатанд уг ажиллагаа явуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-242 дугаартай захирамж, 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б-69 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/333 дугаартай захирамжийн дагуу байгуулагдсан “Дүүргийн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эрүү, иргэний хэргийн холбогдолтой эд хөрөнгөнд зах зээлийн дундаж үнэлгээ тогтоох комисс”-оос Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль, зах зээлийн ханш, Монгол банкны үнэлгээ зэргийг харгалзан “Үнэлгээ тогтоох комиссын ажиллах журам”-ын дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг гаргасан байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх захирамжууд нь хүчин төгөлдөр хэвээр байгаа, мөн “Дүүргийн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эрүү, иргэний хэргийн холбогдолтой эд хөрөнгөнд зах зээлийн дундаж үнэлгээ тогтоох комисс” нь хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Шүүгчийн захирамжийн 2 дахь заалт: Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 66 тоот магадлалд дурдсан “Мэнтүг бурхан” 1 ширхэг, “очир бариултай металл хонх” 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хэдийд хэн нэвтрүүлсэнийг шалгаж тогтоох ажиллагааг шалгаагүй байна гэжээ.
Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 66 тоот магадлалын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/114 дугаартай тушаал, хавсралтыг авч хэрэгт хавсаргах /2-ХХ-ийн 232-236/, яллагдагч Ж.Гын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Замын-Үүдийн Авто замын боомтоор улсын хил нэвтэрсэн тухай лавлагааг Гадаадын иргэн харъяатын газраас авч хэрэгт хавсаргах /2-ХХ-ийн 238-239/, Гадаадын иргэн, харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын бүртгэлийн “15М” системд үзлэг хийх /2-ХХ-ийн 241-247/, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн бүрдүүлэлтийн программд үзлэг хийх /2-ХХ-ийн 249-250, 3-ХХ-ийн 1-3/, Гаалийн Ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Билгүүнийг гэрчээр байцаах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан яллагдагч Ж.Гыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улсын иргэн Х, Монгол улсын иргэн Ж.Б нартай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 08-88 ДГО улсын дугаартай автобусаар 19-20 дугаар зууны үед хамаарах 6.900.000 төгрөгийн үнэ бүхий Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын Түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах “шар өнгийн сууж буй дүртэй “Мэнтүг бурхан” 1 ширхэг, “очир бариултай металл хонх” 19 ширхэг зэргийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгчийн захирамжийн 3 дахь заалт: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.Б нарын Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх дээрх 78 төрлийн эд зүйлийг 18.210.000 төгрөгийн үнэ бүхий гэж дүгнэсэн байх ба түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл нь Сангийн сайдын 2013 оны Журам батлах тухай 140 дүгээр тушаалаар батлагдсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ыг баримталж дээрх үнэлгээг тогтоосон талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан ба үнэлгээний эх сурвалжийг хэрэгт хавсаргаагүй тул эх сурвалжийг тогтоох гэжээ.
Улсын Дээд шүүхийн тайлбарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан “түүх соёлын дурсгалт зүйл” .... гэдэгт “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд заасан эд зүйлсийг хамааруулан ойлгохын гадна эдгээр эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэх нь тухайн нэрлэсэн зүйлийн тоо, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдоно гэж ойлговол зохино” гэж тайлбарласнаас үзвэл түүх, соёлын дурсгалт зүйлийн “үнийн дүнгээс” шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл нь Сангийн сайдын 2013 оны Журам батлах тухай 140 дүгээр тушаалаар батлагдсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ыг баримталж үнэлгээг тогтоосон талаар хурлын тэмдэглэлд бүрэн тусгагдсан байна. Тухайн үнэлгээний эх сурвалж болох Сангийн сайдын 2013 оны Журам батлах тухай 140 дүгээр тушаалаар батлагдсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ыг хэрэгт хавсаргах шаардлагагүй бөгөөд шүүх дээрх журмыг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах эрх нь нээлттэй байна.
Шүүгчийн захирамжийн 4 дэх заалт: ... шүүгдэгч Ж.Гыг энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж байгаа бол тухайн зүйл, хэсгийн аль хэлбэрээр хамжигчийн үүрэг гүйцэтгэснийг тодорхойлох. Мөн шүүгдэгч нарын үйлдлийн субьектив санаа зорилгыг дахин шалгаж, бүрэн тогтоох шаардлагатай байна гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээдийг хамжигч гэнэ” гэж заажээ.
Дээрх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжийн 5 дахь хэсэгт “Яллагдагч Ж.Б, Ж.Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзжээ. Хэдийгээр тухайн зүйл, хэсэгт “бүлэглэж” гэсэн нөхцөл байгаа боловч шүүгдэгч нарын хэн нь гэмт хэрэг үйлдэхэд ямар үүрэг гүйцэтгэж уг гэмт хэргийг үйлдсэн нь тодорхойгүй буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоогоогүй байна” гэж заасны дагуу яллагдагч Ж.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамласан бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ямар хэлбэрээр хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх нь нээлттэй байна.
Субьектив санаа зорилгын хувьд Ж.Б, БНХАУ-ын иргэн Х, Ж.Г нар нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хэрэгт яллагдагч нарын эд хөрөнгийг битүүмжилж, үнэлгээ тогтоосон байгаа. Энэ үнэлгээг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/242 дугаартай захирамж, 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/333 дугаартай захирамжийн дагуу байгуулагдсан Дүүргийн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа эрүү, иргэний хэргийн холбогдолтой эд хөрөнгөнд зах зээлийн дундаж үнэлгээ тогтоох комиссоос Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль, зах зээлийн ханш, Монгол банкны үнэлгээ зэргийг харгалзан үнэлгээ тогтоох комиссын ажиллах журмын дагуу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг гаргасан байдаг. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас 1 дэх заалт нь эдгээр баримтаар үгүйсгэгдэж байгаа юм. Мөн дараагийн заалтанд Мэнтүг бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хэдийд хэн нэвтрүүлсэнийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн. Гын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бурхан, 19 ширхэг металл хонхыг өөрийн ажиллаж байсан компанийн автобусаараа Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэж яллах дүгнэлтэндээ дурдаад, мөн нотлох баримтуудыг яллах дүгнэлтэнд дурдсан байхад хэргийг хэн үйлдсэн юм бэ, хэзээ үйлдсэн юм бэ гэж буцаагаад байгаа нь үндэслэлгүй. Гыг энэ хэргийг үйлдээгүй гэж байгаа бол цагаатгах эрх нь байгаа шүү дээ. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх дээрх 78 төрлийн эд зүйлийг 18210000 төгрөгийн үнэ бүхий гэж дүгнэсэн байх ба түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл нь Сангийн сайдын 2013 оны журам батлах тухай 140 дүгээр тушаалаар батлагдсан түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журмыг баримталж дээрх үнэлгээг тогтоосон талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Гэтэл дүгнэлт болон хурлын тэмдэглэлд тусгагдсан үнэлгээний эх сурвалжийг хэрэгт хавсаргаагүй байна гэжээ. Эх сурвалж нь өөрөө 140 дүгээр тушаалаар батлагдсан түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам. Энэ хэрэгт авагдаагүй. Шүүх хэрэгт авагдах байсан гэж байгаа бол шүүх өөрөө аваад, хэрэгт хавсаргах боломжтой. Зөвлөлийн дарга ч юм уу, гишүүдээс нь шүүх хуралдаанд дуудаж оролцуулаад эх сурвалжийн талаар тодруулаад асуух боломжтой байсан. Ийм боломжтой зүйлийг боломжгүй мэтээр дүгнэж мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч Ж.Гыг энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж байгаа бол тухайн зүйл, хэсгийн аль хэлбэрээр хамжигчийн үүрэг гүйцэтгэснийг тодорхойлох. Өмнө нь шүүгчийн захирамжаар хэргийг буцаахдаа хамтран оролцогч нарыг журамлаагүй байна гэж мөрдөн байцаалтанд буцаагаад, давж заалдах шатны шүүхээс энэ нь зүйтэй байна гэж үзсэн. Яллагдагч нарыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд зааснаар журамлан Гыг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар журамласан байгаа. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгож ял оногдуулсан байгаа. Яг ямар үйлдлээр хамжаад байгаа гэдгийг шүүх дүгнээд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Хятад улсын иргэн Х, Б нар нь Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа ба Б, Х нарын захиалгаар хамгийн сүүлд Г хүлээж авсан байдаг. Гын мэдүүлэгт би тухайн зүйлийг болохгүй зүйл байна гэж мэдээд, Хятад улс руу утсаар яриад, хар машинтай 2 хүнд өгсөн гэж мэдүүлдэг. Гыг яагаад Хятад улс руу бурханыг нэвтрүүлсэн гэж үзээд байгаа юм бэ гэхээр Гын утасны биллийг шалгахад Хятад улс руу залгасан зүйл байдаггүй. Үүгээрээ Г худлаа мэдүүлэг өгч байгаа нь нотлогдож байгаа юм. Мөн мөрдөн байцаалтын шатанд хар машинтай 2 хүн гэдэг тогтоогддоггүй. Г нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгч байгаа нь үнэн мэдүүлэг өгөх ёстой. Гын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлэг өөрөө нотлох баримт гэж заасан байгаа. Ийм учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б, БНХАУ-ын иргэн Х нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр тасалгаанд 19-20 дугаар зууны эхэн үед хамаарах 11310000 төгрөгийн үнэ бүхий Монгол Улсын Засгийн газрын 2002.10.25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалтын түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, Нацагдорж бурхан 1 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Мөн шүүгдэгч Ж.Б, БНХАУ-ын иргэн Х нар нь Ж.Гтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 08-80 ДГО улсын дугаартай автобусаар 19-20 дугаар зууны үед хамаарах 69000000 төгрөгийн үнэ бүхий Многол Улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалтын түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах шар өнгийн сууж буй дүрстэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч Ж.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг, шүүгдэгч Х /HAN ZHIGANG/ -д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-д заасныг, шүүгдэгч Ж.Год Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг тус тус журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т нийцээгүй буюу шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, үнэлгээний эх сурвалжийг хэрэгт хавсаргаагүй гэж үзсэн нь ойлгомжгүйн гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаас үзэхэд энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй, улмаар шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах замаар дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжтой гэж үзнэ.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээх бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын нөхцөл байдлыг болон “Мэнтүг бурхан” 1 ширхэг, “Очир бариултай металл хонх” 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хэн нэвтрүүлснийг зайлшгүй нотлуулахаар шаардсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, шүүх хөндлөнгийн байх зарчимд болон мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасантай нийцээгүй байна.
Иймд Дээд шатны прокурор буюу Нийслэлийн прокурор Д.Баярмагнайгийн эсэргүүцэл үндэслэлтэй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БАТЧИМЭГ