Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2017/0010/З |
Дугаар | 113/ШШ2017/0014 |
Огноо | 2017-09-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 113/ШШ2017/0014
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, шүүгч С.Отгонтуяа, Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: М Б овогт Ц-н Х, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ-16 тоотод оршин суух (РД:ЕЭ61030199);
Хариуцагч: (1) ГСА-ийн З;
(2) ГСА-ийн Б С-ын ТГ-т[1] холбогдох
“Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон аймгийн Засаг даргаас Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хуулийн дагуу ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг аймгийн Засаг даргад даалгах”[2] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү, хариуцагч Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга В.Гантуяа, иргэдийн төлөөлөгч Ш.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 207 дугаар тогтоолд нийцүүлэн, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/58 дугаартай албан тоотын дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг 1/ “Говьсүмбэр аймгийн Засаг дарга /Г.Батсуурь/-ын зүгээс 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Х-ыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2/ Говьсүмбэр аймгийн Засаг даргын зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3/ Ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, 4/ хуулийн дагуу ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг гаргуулахыг хариуцагчид даалгах гэж тодруулж байна.
Намайг Авлигатай тэмцэх газар 2014 оны 12 сараас сэжигтнээр татаж, мөн 20140800289 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 2015 оны 3 дугаар сарын 26-наас албан тушаал эрхлэх эрхийг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоол гарсан. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн прокуророос 2015 оны 10 дугаар сарын 15-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлэн шүүгдэгч болсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газарт 3 удаа дуудагдаж, 2 удаа тайлбар мэдүүлэг өгсөн. Шүүх хурал 2-3 удаа хойшилж, 2016 оны 01 дүгээр сарын 10-нд шүүх хурал болж, хэргийг шүүхээс мөрдөн байцаалтанд буцаасан. Үүнээс хойш 8 сарын дараа 2016 оны 9 дүгээр сарын 26-нд гэмт хэрэг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй болохоо илэрхийлж 3 удаа хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлт /гомдол тайлбар/ өгсөн. Миний бие нь 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2012 оны ээлжит сонгуулийн дараа дахин томилогдож, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын албыг хашиж ирсэн. Гэтэл намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр шалгасан ажиллагаатай холбогдуулан аймгийн прокурорын тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Ц.Х-ыг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” Б/26 дугаар захирамжаар намайг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн. Энэхүү захирамж нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүчингүй болох ёстой. Ингэснээр ажил албан тушаалдаа хэвээр ажиллаж байсанд тооцогдох нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл чөлөөлөгдөөгүй, огцруулаагүй болохыг илэрхийлэх юм. Учир нь энэ өдөр миний хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан болно. Нэгэнт намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Прокурорын тогтоол гарсныг мэдсэн буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс намайг ажиллаж байсан ажил албан тушаалд эргүүлэн ажиллуулах үүрэг томилох эрх бүхий этгээд буюу Говьсүмбэр аймгийн Засаг даргын энэхүү эс үйлдэхүйг шүүхээр хууль бус болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай юм. Баянтал сумын Засаг даргыг томилох эрх бүхий этгээд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга юм. Иймээс томилох эрх бүхий этгээд өөрийн шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлж миний ажилгүй байсан хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл тодорхойлж, авах ёстой цалинг олгох ёстой. Цалингийн хамт нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийгдэнэ. Үүнийг мөн адил томилох эрх бүхий мөртлөө томилон ажиллуулаагүй буруутай этгээд хариуцах ёстой. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа /томилох эрх бүхий/ буруутай этгээдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосноор миний бие ажиллаж байснаар тооцогдох тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу тэтгэмж авах ёстой. Иймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, хамгаалж өгнө үү” гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг дарга нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргын үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснээр төрийн цалин хөлс авах эрх үүснэ. Харин нэхэмжлэгчийн хувьд түүний албан үүргээ хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарснаар тус бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс авах үндэслэл бүрдэхгүй. Иймээс түүний нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх боломжгүй болно. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Баянтал сумын Засаг даргаар Д.Мөнх-Эрдэнийг томилсон бөгөөд нэхэмжлэгч Ц.Х-ыг тус сумын Засаг даргаар эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг Баянтал сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шинээр Засаг дарга томилогдсон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг нийслэл, сум, дүүргийн хурлын болон бүх шатны засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгч Ц.Х-т тус тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сумын Засаг даргын албан тушаал эрхэлж байсан Ц.Х-ыг аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар албан үүргийг нь гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 26-наас хойш сонгуулийн үр дүнд дараагийн сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар томилогдсон. Иймд Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, чөлөөлөх нь Засаг даргын Тамгын газрын даргын эрх хэмжээнд заасан асуудал биш. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлснээр, төрийн цалин авах эрх үүснэ”. Харин нэхэмжлэгчийн хувьд түүний албан үүргээ хэрэгжүүлэхийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар албан үүргийг нь гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр гарснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд цалин хөлс авах үндэслэл бүрдэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-наас хойш сонгуулийн үр дүнд дараагийн шатны Засаг дарга томилогдох хүртэлх хугацааны цалинг олгох, 2015 оны 3 дугаар сарын 26-наас сонгуулийн үр дүнд дараагийн шатны Засаг дарга томилогдох хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн шимтгэлийг нөхөн бичилт хийх боломжгүй байна. Ээлжит сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд улс төрийн албан хаагчид олгодог 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж нь 2017 оны төсөвт тусгагдаагүй байна. Бид үүнийг ойлгохдоо 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар албан үүргийг нь гүйцэтгүүлэхийг түр түдгэлзүүлэх хууль ёсны шийдвэр нь гарч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Мөн Ц.Хүрэлбаатарыг Засаг даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, чөлөөлөх хууль ёсны шийдвэр гараагүй тул 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд Ц.Х-ын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Санхүү албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан Мөнхбаясгалан нь тооцоолол хийгээгүй орхисон нь тэтгэмж олгох нөхцөл бүрдээгүй байна. Нэхэмжлэгч Баянтал сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай аймгийн Засаг даргын болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, мөн томилж чөлөөлөхийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүрэгт хамаарахгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамж гараагүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч Ц.Х-ын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“Аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Дээрх маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргаас огцруулсан буюу чөлөөлсөн шийдвэр байхгүй, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад захирамжаа хүчингүй болгохгүй байгаа нь эрх зөрчиж байна” гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “аймгийн Засаг даргын захирамжаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэр гарснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, цалин хөлс олгохыг зогсоосон, Ц.Х-ыг Баянтал сумын Засаг даргаар томилох тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргажээ.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль (2002 он)[3] -ийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу гаргасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Х-ын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн бөгөөд аймгийн Прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 05/20, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/3 дугаар тогтоолуудаар “... яллагдагч Ц.Х-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ... албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож”, энэ талаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна[4].
Тус хуулийн 75 дугаар зүйлд заасан “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх” зохицуулалт нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч зэрэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эрхлэн явуулж буй этгээдээс байцаан шийтгэх ажиллагааны журмыг хангах зорилгоор авч буй албадлагын бусад арга хэмжээний нэг төрөл бөгөөд сэжигтэн, яллагдагч албан тушаалаа үргэлжлүүлэн хаших нь тухайн байцаан шийтгэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байвал түүнийг “эрхэлж буй албан тушаалын бүрэн эрх хэрэгжүүлэх”-ийг түр хугацаагаар (эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуустал) зогсоох, улмаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд албан тушаалаас огцруулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй бол эрх бүхий этгээдээс түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор түүний эрх зүйн үйлчлэл /нөлөөлөл/ дуусгавар болж, албан тушаалаа эрхлэх эрх сэргэх агуулгыг энэ хэм хэмжээ илэрхийлнэ.
Ц.Х-ын хувьд, аймгийн Засаг даргын 2015 оны Б/26 дугаар захирамжийг яллагдагчид албадлагын бусад арга хэмжээ авч буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр биш, харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад түүний “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх”-ээр гаргасан мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгжүүлсэн[5] шийдвэр гэж үзнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар 26.3-д “... сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж заасныг 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах” зохицуулалттай харьцуулан авч үзвэл Ц.Х-ын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн хугацаанд[6] түүний “Баянтал сумын Засаг даргын бүрэн эрх”-ийн хугацаа дуусгавар болоогүй байсан тул “түдгэлзүүлсэн шалтгаан арилсан байхад захирамжийг хүчингүй болгохгүй байгаа нь эрх зөрчиж байна” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын дээрх прокурорын тогтоолуудаар 20141000289 тоот эрүүгийн хэргээс Ц.Х-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, “албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шйдвэрлэснээр[7] түүнд авсан уг албадлагын бусад арга хэмжээний үйлчлэл дуусгавар болсон.
2016 оны 10 сард болсон орон нутгийн ээлжит сонгуулийн дараа аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар Д.Мөнх-Эрдэнийг “Баянтал сумын Засаг дарга”-аар томилсон[8] боловч энэ хугацаанд Ц.Х-ыг тус албан тушаалаас чөлөөлсөн буюу огцруулсан шийдвэр гараагүй болох нь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/1373, Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 113, аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/803 дугаар албан бичгүүдээр[9] нотлогдож байх тул бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх Ц.Х-ын эрх боломжийг аймгийн Засаг даргын 2015 оны Б/26 дугаар захирамж хязгаарласан байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий этгээдийн шийдвэрээр түүний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байхад аймгийн Засаг даргын зүгээс мөрдөн байцаагчийн уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ түүний адил “Ц.Х-ын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн”, дараа нь мөрдөн байцаагчийн гаргасан дээрх тогтоолыг прокуророос хүчингүй болгосноор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тухай мэдэгдсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан “... аймгийн Засаг даргын захирамжаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай шийдвэр гарснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж ...” хэмээн тайлбарлаж, түүнд хуульд заасан Баянтал сумын Засаг даргын албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйг зөвтгөх боломжгүй юм.
Сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасны дагуу төрийн улс төрийн албан тушаалд хамаарах боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”, 27.1.2-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах” баталгаагаар хангагдах учиртай тул аймгийн Засаг дарга нь яллагдагчид албадлагын бусад арга хэмжээ авах эрх бүхий этгээдийн шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан захирамжаа “Ц.Х-ын албан тушаалаа хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр” гэж үзэж, уг захирамж хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэхэмжлэгчид олгоход чиглэсэн ямар нэг шийдвэр үйл ажиллагаа явуулаагүй, тэрхүү боломжийг хязгаарласан шийдвэр болох 2015 оны Б/26 дугаар захирамжаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүй нь тус тус нь хууль бус байна.
Монгол Улсын Засаг захиргааг, нутаг дэвсгэрйн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасан бөгөөд Ц.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг прокурор хүчингүй болгосноос хойш, аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар Д.Мөнх-Эрдэнийг Засаг даргаар томилох хүртэл “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга”-ын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх нэхэмжлэгчид хадгалагдаж байсан хэдий боловч түүнийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаагүй, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгоход чиглэсэн шийдвэр гаргаагүй нь аймгийн Засаг даргын хариуцлага хүлээх үндэслэл болно.
“Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд авах ёстой 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Ц.Х-ын Баянтал сумын Засаг даргын албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхийг түдгэлзүүлсэн захирамжаа хүчингүй болгоогүй, сумын Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус дээр дурдсан үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдсон ба тэдгээр хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх, ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд чөлөөлөгдөхгүй байх эрх”[10] сэргэнэ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын зүгээс 2015 оны Б/26 дугаар захирамжаас үл хамааран сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх, холбогдох тэтгэмж авах эрх баталгаа түүнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон болно.
Нэхэмжлэгч нь Баянтал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 810.000 төгрөгөөр цалинжиж, түүн дээр нэг сарын үндсэн цалингийн 30 хувиар тогтоосон онцгой нөхцлийн нэмэгдэл авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[11] тогтоогдож байна.
Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:
Ажилгүй байсан нийт хугацаа: 40 хоног (2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл)[12]
2015 онд цалин авсан сүүлийн 3 сарыг авч үзвэл: 1 дүгээр сард 1090800 төгрөг, 2 дугаар сард 1085400 төгрөг, 3 дугаар сард 1092600 төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 3268800 төгрөг:3 сар=1089600 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 1089600 төгрөг:22 хоног (сарын ажлын дундаж өдөр)=49527 төгрөг болно.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 49527 төгрөг*40 хоног=1981080 төгрөг байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 40 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1981080 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэн, 1053000 төгрөг /нэг сарын цалин/*6 сар=6318000 төгрөг болох уг нэг удаагийн тэтгэмжийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “.... хохирсон” гэж тайлбарлах ба дээрх байдлаар хууль бусад тооцогдсон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдсон зэргийг хамтатган дүгнэвэл Ц.Хүрэлбаатар нь Баянтал сумын Засаг даргын ажил албан тушаалыг хашиж байсан тохиолдолд энэ тэтгэмжийг нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлох үндэслэлтэй юм.
Шүүхээс 2017 оны 9 дүгээ сарын 29-ний өдрийн 10.00 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнд 2017 оны 9 дүгээр сарын 26–ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ... тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан “шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнд хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан, нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр хариу тайлбар ирүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан[13], хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.1, 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан Ц.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгохгүй байгаа болон Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, эдгээр хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1981080 (нэг сая есөн зуун наян нэгэн мянга наян) төгрөг, ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж болох 6318000 (зургаан сая гурван зуун арван найман мянган) төгрөгийг тус тус аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД С.ОТГОНТУЯА
Б.СИЙЛЭГМАА
[1] Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагыг Баянтал сумын Засаг даргад холбогдуулж өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн бүх шаардлага аймгийн Засаг даргад холбогдох тул түүнээс нэхэмжилж байна” гэ тодруулсан болно.
[2] Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагын ... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хуулийн дагуу ээлжит сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн тохиолдолд олгох 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг даалгах... хэсэг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт хамаарна” гэж тодорхойлж байсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа “1/ нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг ... аймгийн Засаг даргаас Ц.Х-ыг бүрэн эрхийнхээ хугацаанд сумын Засаг даргын эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ... хэмээн тодруулж байна” гэнэ.
[3] 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон.
[4] Хэргийн I хавтасны 5 дахь талд “Ц.Х-ыг сумын Засаг даргаар томилох тухай” аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/04 дүгээр захирамж, 6 дахь талд “Ц.Х-ын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар захирамж, 8-13, 53-58 дугаар талд аймгийн Прокурорын газрын 2016 оны 5/20, 5/03 дугаар тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5/366 дугаар албан бичиг, түүнийг аймгийн Засаг даргад хүргүүлсэнтэй талаар баримт бичгүүд авагдсан.
[5] Эрүүгийн байцаан шийтгэх хууль (2002)-ийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу
[6] 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал
[7] Хэргийн I хавтасны 147 дахь талд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2016 оны 5/20, 5/3 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар хохирогч Х.Алтанцэцэцэг, Л.Лхагвасүрэн нарын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай Монгол улсын Ерөнхий прокурын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5/192 дугаар прокурорын тогтоол авагдсан.
[8] Хэргийн I хавтасны 68 дахь талд аймгийн Засаг даргын 2016 оны Б/74 дүгээр захирамж авагдсан.
[9] Эдгээр бичгийн нотлох баримтууд нь хэргийн I хавтасны 41-42, 156 дахь талуудад авагдсан.
[10] энэ нь мөнгөөр илэрхийлэгдэн хөрвөх буюу сэргэх боломжтой эрх болно.
[11] Үүнд: Хэргийн I хавтасны 45 дахь талд авагдсан аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сумы Засаг дарга нарын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” А/303 дугаар захирамж, 59 дэх талд авагдсан Ц.Х-ын 2015 оны цалингийн карт, 145 дахь талд авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хамаарна.
[12] Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “аймгийн Прокурорын газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 5/366 дугаар албан бичиг гарсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн “Д.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Засаг даргаар томилох тухай” аймгийн Засаг даргын Б/74 дүгээр захирамж гарсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг ажилгүй байсан хугацаа гэж тодорхойлж байна” гэж тайлбарласан болно.
[13] Хэргийн I хавтасны 28 дахь талд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 29 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, 49, 60, 159, 201 дэх талд хэргийн материал танилцуулсан тухай баримт, II хавтасны 1 дэх талд шүүх шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт авагдсан.