Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШМ/38

 

 

Т.Мд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Ц,

Шүүгдэгч: Т.М,                 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Мд холбогдох, эрүүгийн 201610010258 дугаартай, 1 хавтас, 206 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: М -д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Т.М нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун караокений гадна иргэн Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаaтай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, ...Мд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, давж заалдах гомдол бичих, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э давж заалдсан гомдолдоо:  Ялтан Т.Мд анхан шатны шүүхээс хорих ялыг оноохдоо нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж ял оноосон боловч оногдуулсан ялыг эдлүүлэх дэглэмийг заахдаа хохирогчийн зүй бус үйлдэл буюу буруутай үйл ажиллагаа, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.10-т зааснаар эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх боломжийг олгосон байтал хэрэглээгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хх-6-8-р хуудсанд хохирогч Баяржаргалын мэдүүлэг “...караокеноос гараад үүдэнд тамхи татаад ганцаараа зогсож байтал үл таних 25-30 насны залуу тамхи асуусан шиг санагдаж байна, тэгсэн би өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээд хоорондоо муудалцсан юм шиг байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...энэ залуутай муудалцсан, заамдалцаад унасан, ...хүн цохисон уу гэдгийг мэдэхгүй байна. ...заамдалцаж байснаа санаж байна. Цохисон бол ухаан алдсаны дараа цохисон байх. ...цохиход унаад гэмтэл авсан” гэж өөр өөр мэдүүлдэг.

хх-64-р хуудас шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр “... би тэр хүнд санаатай хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй намайг заамдаж авахаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэгтэл хохирогч зогсоол дээр байдаг гурвалжин төмөр буюу хашлагат тээглээд саваад толгойгоороо газар унасан”. Шүүхийн хэлэлцүүлэгт “...би тэр хүнд санаатай хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй, намайг заамдаж авахаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэгтэл хохирогч зогсоол дээр байдаг гурвалжин төмөр буюу хашлагат тээглээд саваад толгойгоороо газар унасан. Санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гэж бодоогүй” гэх мэдүүлгүүдээр хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчид хүнд гэмтэл учирсан боловч шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж өөр хоорондоо маргалдаж, хохирогчийг заамдаж авахад нь өөрөөсөө холдуулж түлхсэн, хохирогчийн хувьд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тэнцвэрт байдал нь алдагдсаны улмаас түлхэлтэнд нь савж унасан нь хүнд гэмтэл авахад хүргэсэн байдаг. Тэгээд ч шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд баруун гарын шөрмөс тасарч хөдөлгөөн нь хязгаарлагдсан байдаг ба цохисон гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Хохирол төлбөрийн тухайд хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдэг ба хохирол төлбөргүй.

Шүүгдэгчийн хувьд гэрч Д, Энхжаргал, Нацагдорж нарын мэдүүлгээр ам бүл 7, ээж, ах, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага насны буюу 1.11 сартайгаас 5 нас хүртэлх 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн 2 ихэр хүүхэд тээж байгаа. Хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, баруун гарын шөрмөс тасарч хөдөлгөөн нь хязгаарлагдсан, амьдрал ахуйн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдрал боломж бололцоо тааруухан, амжиргааны баталгаажих түвшин доогуур өрхийн тоонд ордог, зан байдал, авъяас чадварын хувьд урлаг, спортын авъяастай, мөнгөн медалиудаар шагнагдаж байсан, зан байдлын хувьд хүнд тусархаг, үнэнч шудрага гэр бүлдээ халамжтай, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг залуу болох нь тогтоогдсон.

Иймд гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдал нь хохирогчийн зүй бус үйлдэл, хохирол төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, ялтны хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлээх шийдвэрлэснийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлхээр зааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчийг түлхсэндээ гэмшиж байгаа. Миний түлхсэнээс болж ийм гэмтэл учирсан байж болзошгүй. Гэхдээ би дээрээс нь дэвссэн асуудал байхгүй. Түлхэхэд унаад толгойндоо гэмтэл авсан байж магадгүй. Миний буруу байгаа. Би гэр бүл албан ёсоор зохиож батлуулаагүй боловч иргэн Д бид хоёрын дундаас төрсөн 4-5 насны 4 хүүхэд байдаг бөгөөд 3 нь миний асрамжинд, бага хүүхэд ээжийнхээ асрамжинд байдаг. Бидний хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан бид цаашид гэр бүл зохион хамт амьдрах ямар ч боломжгүй. Одоогоор 3 хүүхэд маань миний ээж дээр үлдсэн боловч ээж маань өөрөө өндөр настай, дээр нь өөрийн төрсөн ах оюуны хоцрогдол хөгжлийн бэрхшээлтэй Өлзийбаярыг 1996 оноос хойш асран хамгаалж, хамт амьдардаг тул нэмж 3 хүүхэд асрах боломжгүй. Би айлын өргөмөл ганц хүү бөгөөд аав маань 2015 онд нас барсан тул өөр ах дүү байхгүй. Намайг ингээд явчихаар ар гэр минь хэцүүдэх байх. Миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Прокурор С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Мын  үйлдсэн хэрэг хангалттай нотлогдож байна гэж үзэж байгаа. Гэрчийг ч шүүх хуралдаанд оролцуулсан. Тухайн хэрэг гардаг үед хамт байсан, хэргийн талаар тууштай мэдүүлдэг Батболд гээд гэрч байдаг. Ялгуун караокед арга хэмжээний үед ажиллаж байсан Оюунбилэг, Энхзул, Бадам нарын мэдүүлэг байдаг. Гэрч Батболдын хувьд бүх асуудлыг тодорхой ярьсан. М нь хохирогчийг цохиж унагасан, хохирогч хойшоо савж унаад, унасан газраасаа босоогүй гэдэг. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээж авсан 2 цагдаагийн мэдүүлэг бас байгаа. Мөрдөн байцаалтын хэлэлцүүлэг, шинэчилсэн хэлэлцүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдож байгаа. Түүнд оногдуулсан ялыг чанга дэглэмтай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.М болон түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл  шүүгдэгч Т.М нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг буюу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ялгуун караокены гадаа иргэн Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хохирогч Т.Баяржаргалын мэдүүлэг /хх-06-08/, гэрч Ч.Батболдын мэдүүлэг /хх-20/, шинжээчийн дүгнэлт /хх-42/   зэргээр тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мд  хорих ял оногдуулахдаа  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй болно.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасныг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар буюу шүүгдэгч Т.М нь хорих ялыг анх удаа биечлэн эдлэхээр байгааг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх боломжтой тул түүний өмгөөлөгч Д.Эгийн энэ талаарх давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                                                                                                                      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “... 52.6 ...” гэснийг “52.10” гэж, “... чанга ...” гэснийг “жирийн” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эгийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Т.Мын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                        Н.БАТЧИМЭГ