Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 434

 

2020 оны 07 сарын 08 өдөр       

              Дугаар 221/МА2020/0434     

Улаанбаатар хот

                                               “Э.П.А.П” ХХК-ийн гомдолтой              

  захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э.П.А.П” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Ч.Э-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Э.П.А.П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу “хуулийн этгээд нь хуулийг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэсэн заалтыг хэрэглэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Бид санхүүгийн боломжтой байх бүх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн. Харин 2017, 2018, 2019 оноос санхүүгийн хүндрэл учирч нийгмийн даатгалын шимтгэл төлөх байтугай ажилчдынхаа цалинг тавихад төвөгтэй болж, алдагдалтай ажилласан учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй байсан. Хоёр жилийн өмнөөс компанийн үйл ажиллагаагаа зогсоосон ч нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа шударгаар гаргаж ирсэн, ямар нэгэн орлого нуун дарагдуулах, шимтгэлийг бууруулах зэрэг хууль бус үйлдэл хийгээгүй.

Тус компанийн хувьд Зөрчлийн хуульд заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчигчдөд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Энэ хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсноор буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үүссэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч Ч.Э нь энэ эрх үүсээгүй байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн дагуу 0078814 дугаартай шийтгэлийн хуудсыг бичсэн байдаг.

Хэдийгээр Зөрчлийн тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ч Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг хүчингүй болгоогүй байсан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй учир Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байцаагч Ч.Э-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудас илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0078814 дугаартай шийтгэлийн хуудас нь утга агуулгын илэрхий алдаатай бичигдсэн. Учир нь 163,502,352 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шимтгэлийн дүнгээс 50 хувийн алдангид 81,751,176 төгрөг тооцож, 250,000 төгрөгийн торгууль ногдуулж нийтдээ 245,503,528 төгрөгийг шийтгэл гэсэнд хамруулж бичсэн байна.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 3.3-т шийтгэл гэдэгт “Торгууль, баривчлах шийтгэл, эрх хасах шийтгэл” хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 163,502,352 төгрөг нь бидний “гүйцэтгэгчийн үүрэг” болохоос биш шийтгэл биш. Шийтгэл гэдэгт байцаагчийн тавьсан 250,000 төгрөгийн торгууль төлсөн болон хувиар тооцсон торгох шийтгэл 50 хувийн алданги л хамаарах ёстой.

Шийтгэлийн хуудаст шийтгэл, хохирол, нөхөн төлбөр, торгууль зэрэг эрх зүйн ойлголтыг хольж хутган буруу бичсэн учир нь энэ утга агуулгын илэрхий алдаатай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус байх акт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хуулийн этгээд нь хуулийг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой гэж маргасан.

“Э.П.А.П” ХХК нь 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилтнуудад олгосон сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, нийгмийн даатгалын санд шилжүүлээгүйгээс нийт 163,502,352 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн үйл баримттай маргаагүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “... даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ... энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан. Үүнээс үзэхэд даатгуулагч болон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байна.  

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд “алдагдалтай ажилласан учир нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй” гэх үндэслэл тус компанийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг буюу шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ”, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд хариуцагч улсын байцаагч 0078814 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э.П.А.П” ХХК-д төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, торгууль оногдуулсан нь  Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Зөрчил үйлдсэн ...хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасантай нийцсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэл байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх  агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Гомдол гаргагчийн төлөөлөгчийн “...Зөрчлийн тухай хуулийн 3.3-д шийтгэл гэдэгт “Торгууль, баривчлах шийтгэл, эрх хасах шийтгэл” хамаарч байгаа тул   нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 163,502,352 төгрөг нь бидний “гүйцэтгэгчийн үүрэг” болохоос биш шийтгэл биш. Шийтгэл гэдэгт байцаагчийн тавьсан 250,000 төгрөгийн торгууль болон хувиар тооцсон торгох шийтгэл 50 хувийн алданги л хамаарах ёстой учраас 0078814 дугаартай шийтгэлийн хуудаст хохирол, нөхөн төлбөр, торгууль зэрэг эрх зүйн ойлголтыг хольж хутган буруу бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь маргаан бүхий шийтгэлийн хуудас нь агуулга, хэлбэрийн хувьд захиргааны актын хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “Утга агуулгын хувьд илэрхий алдаатай” гэдэгт хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

Шийтгэлийн хуудсаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 163,502,352.33 төгрөг, 250,000 төгрөгийн торгууль, 50 хувийн алданги 81,751,176.16 төгрөг нийтдээ 245,503,528.49 төгрөгийг сайн дураараа биелүүлэхийг даалгасан нь “Э.П.А.П” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн зөв дүгнэж,  шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

      ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН