Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 13

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Н.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч М.Г

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдэн овогт Н-ийн Эт холбогдох эрүүгийн 1824000520060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, * төрсөн, 36 настай, эрэгтэй, * боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Шижир-Алтай ХХК-нд цахилгаанчин  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн -ийн Э, /РД:*/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр 01-16 УНЯ улсын дугаартай Зил 131 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил  арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.Дын амь хохирсон, зорчигч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Солонготын давааны зам дээр 01-16 УНЯ улсын дугаартай Зил 131 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 2.3а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил  арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очино гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн автомашинд сууж явсан зорчигч А.Дын амь хохирсон, зорчигч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч А.М, П.Э, иргэний нэхэмжлэгч Б.Н нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183013 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9215 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч А.Дын амь хохирсон, П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

- Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд манай дүү М над руу утсаар залгаад Э ах, Д нар Архангай аймгийн Тариат сумаас Зил 131 маркийн машинтай Завхан аймаг руу явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваа уруудаж байгаад онхолдож, Д эгч нас барсан байна гэж хэлээд л болсон зүйлийн талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-27-р хуудас/,

- Хохирогч П.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э 2018 оны 7 дугаар сарын 9-нд Улаанбаатараас Архангай аймагт ирсэн. Орой нь Эын машинд би эхнэрийн хамт суугаад Тариат суманд 01 цагийн орчимд очиж хоносон. Тэгээд өглөө нь босоод цаашаа явж байгаад Цахир сумын төв орж цай уучихаад цааш хөдөлсөн. Цаашаа Солонготын давааны овоон дээр очиж идээ будаа цайны дээж өргөчихөөд цаашаа уруудсан. Уруудаад явж байтал жолооч Э араагаа солих гэсэн чинь араандаа ороогүй, тэгэхээр нь би чи яах гэж уруу газар араа сольж байгаа юм бэ гэж орилоод л, Э тоормосоо гишгэсэн байхгүй болчихсон байна шдээ Төгсөө ахаа гээд орилсон. Бид хоёрын дунд талийгаач Д сууж явсан. Би цаанаас тонгойгоод карданыг нь татсан бас бариагүй. Э бид хоёр араанд нь хийх гэж хамт оролдоод ч чадаагүй. Тэгээд л машин уруудаад хурд нь түрэгсээд явсан. Тэгсэн талийгаач Д яанаа би үсэрлээ шүү гээд орилсон. Би Эыг эрчээ их аваагүй байхад замын хажуугийн хана руу шахчих гэсэн чинь Э үгүй яах юм бэ гэсэн, би хаалга онгойлгоод гишгүүр дээр нь зогсоод талийгаачийг үсрээдхээч гэсэн чинь айгаад үсэрч чадаагүй, би талийгаачийг татаад гаргах гэсэн чинь гишгүүр дээрээс хөл мултарч чирэгдээд өөрөө чиргүүлийн дугуйнд дайруулчихсан. Намайг унаад удаагүй машин тас няс хийж дуу гараад л унасан. Би хэвтээгээрээ гараа өргөөд машин зогсоох гэсэн боловч машин зогсоогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-34-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны эхээр би өөрийн эзэмшлийн бор ногоон өнгөтэй Зил 131 маркийн 01-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э гэгч хүнд өгч явуулсан. Тухайн үед Э надад хэлэхдээ Завхан аймаг руу явах ажил байна, би хэдэн төгрөг олмоор байна, танд ч бас хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би өөрөө 2018 оны 7 дугаар сарын эхээр Говь-Алтай аймагт ажлаар явсан байсан, энэ үеэр Э миний машиныг жолоодон явж байгаад Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваа гэх газарт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр онхолдож зам тээврийн осол гаргасан тухай сонссон...Би тухайн үед түүнд машиныг минь гуйхаар нь итгээд өгөөд явуулсан. Машинаа өгч явуулах үедээ би түүнд машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангаад, үзэж харан засвар үйлчилгээ хийх ажил байвал үйлчилгээг нь сайн хийгээрэй гэж хэлж байсан  ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-43-р хуудас/,                                                                                                                                                                                                   

- Яллагдагч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 цагийн орчим Улаанбаатар хотоос Завхан аймгийн Ургамал сумын чиглэлд Б.Н гэгч хүний ачааны ёнкостой, чиргүүлтэй тээврийн хэрэгслийг гуйж жолоодон, кабин дотроо Архангай аймаг орох  нэг танил хүнийхээ хамт явсаар 2018 оны 7 дугаар сарын 9-ний өглөөний 11 цагийн орчимд Архангай аймгийн төв орж ирсэн. Тэгээд нөгөө хүнээ буулгаад байж байтад надтай Завхан аймаг орохоор ярилцсан нэг гэр бүлийн талийгаач А.Д, түүний нөхөр Э нар хүрч ирсэн. Тэгээд жолоодож явсан машины маань авцуулах холбооны системд гэмтэл гарч, гишгүүрийн педаль нь хугарсан байсан. Тэгээд Э ах Архангай аймгийн төвийн сэлбэгийн газруудаар явж машины авцуулах холбооны гишгүүрийн хуучивтар педаль нэгийг авч ирснийг машинд тавихад таарч байсан...Тэгээд үд өнгөрч байхад 16 цагийн орчимд бид 3 холын замдаа гарсан...Замд бороо ороод байсан, машины жолооч талын шил арчуур ажиллахгүй байсан тул бороо орж дуустал бид 3 машины кабин дотроо сууцгаах зуураа шил арчигчаа засварлах санаатай хэрэг хугацаанд оролдсон. Тэгээд засвар аваагүй байж байтал бороо зогссон...2018 оны 7 дугаар сарын 10-ны өглөө эрт 07 цагийн орчимд босож гуанзанд хоол цай хийлгэж идчихээд Тариат сумаас хөдлөн явсаар Цахир сумын төвийн замын гуанзнуудын гадаа түр зогсоод дэлгүүрээс ундаа ус авчихаад хөдөлсөн. Тэгээд Завхан аймгийн Солонготын давааны орой дээр гарч, машинаа түр унтрааж зогсоогоод П.Э бид 2 давааны овоог тойрч мөргөл үйлдсэн...тэгээд би даваа уруудах гэж байсан болохоор машиныхаа мостонд хийж, 2 араагаар нь хөдлөөд даваа руу уруудаж явтал машины тоормозны систем болон мост ажиллахгүй болсон. Тэгээд би Эөд машины тоормозны систем болон мост ажиллахгүй болчихлоо гэж хэлэхэд Э машины гар карданыг татсан боловч машин зогсолгүй уруудаад яваад байсан. Тэр хооронд би моостоо ажиллагаатай болгох оролдлого хийж явсан. Тэгээд энэ хооронд машин эрч аваад эхэллээ, замын хажуу талын ургаа модыг мөргүүлж зогсоох уу гэж ярилцаад явах үед талийгаач Д машинаас үсэрье гээд суудлаасаа хагас суугаа байдлаар босох шиг харагдсан. Тэгтэл Э талийгаачийг буулгах гэж байгаа бололтой кабины буруу талын хаалгыг дотроос нь онгойлготол Э өөрөө машины гишгүүр дээрээс хөл алдаад хаалганы бариулаас барьсан чигтээ чирэгдэж байгаад газар уначих шиг болсон. Тэр үед талийгаач нөхрийгөө машины чиргүүлийн дугуйнд дайруулчихлаа шдээ гээд хашгираад байсан. Тэгээд би талийгаачийг одоо машин зогсохоос өнгөрлөө та машинаас үсрээрэй гэж хашгирч хэлсэн. Тэгтэл талийгаач онгорхой явсан хаалгыг хаачихаад эргээд суучихсан. Баруун гар талын замын хажуу тал руу машиныг оруулж зогсоох оролдлого хийсэн боловч машины чиргүүл машинаас түрүүлж замын хажуу талын шороон эргийг мөргөөд машиныг замын эсрэг буюу зүүн гар тал руу татан чиргүүлийн хойд дугуйнууд замын хажуу талын гангатай  хэсэг рүү машины толгой хэсгийг татаж ганга руу уначих гээд байсан...Тэгтэл замын тойруу хэсэгтэй зам руу ороод иртэл урдаас нэг жижиг машин гараад ирсэн. Уг машиныг зөрүүлэх гээд явах үед жолооныхоо хүрдийг баруун гар тал руугаа дарахад машин ч зөрсөн миний жолоодож явсан машин уруудаж явсан замынхаа зүүн гар тал буюу замын гангатай тал руу болж шороон замын зорчих хэсэгт хөндөлдөөд уначихсан...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 167-169-р хуудас/

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183013 дугаартай: “...Талийгаач А.Дын цогцосонд гадны нөлөө бүхий гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал, духны гол, зүүн өвдөгний шарх, 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун тохой, баруун сарвууны ар хэсэг, баруун өвдөг, зүүн дунд чөмөг, баруун дал, баруун бөөрний дээд түвшин, баруун хацар, хамрын нуруу, дух хэсэгийг нэлэнхүйд нь хамарсан гэмтлүүд тогтоогдлоо. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Нас барагчийн цогцосонд үүссэн гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал гэмтлүүд нь хавсарч нас барахад хүргэсэн байна. Талийгаач А.Д нь гавал тархины битүү гэмтэл, духны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн бяцарч няцарсан хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач А.Дын задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архагч хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 53-54-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9215 дугаартай: “...П.Эийн биед баруун дунд чөмөг яс, баруун зүүн шаант тахилзуур яс, баруун өсгий яс, шивнүүр ясны далд хугарал, баруун шилбэ, шагай орчим шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духанд шарх, зүүн шилбэ, 2 сарвуу, баруун шуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 74-р хуудас/

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Жадамбын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай: “...Зил 131 маркийн 01-16 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Н.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. Н.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байх үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол граж буюу засварын газарт очно гэснийг зөрчсөн. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэж үндэслэл тогтоогдохгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг, хааз, тоормос зэргийн ажиллагааг шалгах боломжгүй байгаа учир осол болоход тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж үзэв. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Эын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3-а заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэв...” гэх дүгнэлт /ХХ-ийн 97-98-р хуудас/,

- Завхан аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн: “...523643 арлын дугаартай Зил 131 маркийн бор ногоон өнгийн автомашин нь 1983 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 2007 оны 12 дугаар сарын 23-нд монголд орж ирсэн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр автотээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгт орж байсан байна. Уг тээврийн хэрэгслийн жолоочийн бүхээг дөрвөн багана нугаларч доош цөмөрч орсон, баруун талын хаалга эвдэрч хэв гажилтанд орсон, баруун тольны суурь хэв гажилтанд орж толь хагарсан, баруун карло нэлэнхүйдээ цөмөрч орсон, баруун салхины шил хагарсан, зүүн хаалга нугарч хумигдсан, зүүн тольны суурь нугаларсан, толь нь хагарсан, зүүн карло нэлэнхийдээ цөмөрч үрчийсэн, зүүн салхины шил хагарсан, копуд хойш нугаларч хэв гажилтанд орсон, урд салхины шил хагарсан, торх /ёонкос/-ны баруун тал мохоо зүйлээр цохигдож цөмөрч орсон байна. Дээрх гэмтлүүд нь шинээр /осол болох үед/ үүссэн байна. Харин хурдны хайрцаг, хөдөлгүүр, тоормос зэргийн хэвийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Кардан гол болон явах ангийн харагдах байдал нь хэвийн тос гоожсон, цохигдсон зүйлгүй байна. Хурдны хайрцаг, хааз, тоормос зэргийн ажиллагааг шалгах боломжгүй байгаа учир осол болоход нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 90-92-р хуудас/,

Иймд шүүгдэгч Н.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас А.Дн амь хохирсон, хохирогч П.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болох шүүгдэгч Н.Эын жолоочийн үнэмлэхийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, Н.Эын хувьд ногдох хөрөнгө болох Samsung маркийн 42 инчийн лед телевизор, Hithachi маркийн саарал өнгөтэй хөргөгч, Мөнгөн тоноглолтой эрэгтэй бүс зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Н-ийн Эт холбогдох 1824000520060 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Дэлдэн овогт Н-ийн Эыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Н.Эын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4-д зааснаарН.Э нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт нь хохирол учирсан байна гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ЗИЛ-131 маркын автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Эын жолоочийн үнэмлэх зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Эт буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН