Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШм/39

 

Лд холбогдох эрүүгийн хэргийн тухай

               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс  нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: С.Ц, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Лү жинд  холбогдох, эрүүгийн 201710010035 дугаартай, 1 хавтас, 213 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч С.Цгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Л нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн К2Д165 дугаартай Тоёота Прадо маркын тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах Монгол Улсын хилийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хилийн харуул манааны шаардлагыг үл биелүүлэн Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж болох 815 дугаар тэмдгийн замын хаалтыг мөргөж Улсын хил дэглэм зөрчин, хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Лд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч С.Ц шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Л нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 25, 16, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Хилийн тухай хуулиар зохицуулсан журмыг зөрчсөн байхад шүүх шүүгдэгч Л нь улсын хилийн дэглэмтэй холбогдуулан гаргасан ямар журам зөрчиж, тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 

Шүүгдэгч нь хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэргийг үйлдэхдээ Улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж болох замын хаалтыг мөргөж, дайран гарах зэргээр хуулиар тогтоосон улсын хилийн дэглэмийг зөрчсөн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг үнэлж дүгнэлт гаргахдаа эд хөрөгийг бодит байдлаар үзсэн эсэх нь тодорхойгүй, үнийг тодорхойлоход элэгдэл хорогдол тооцдог эсэх, элэгдэл хорогдол тооцох нь үнэлгээнд хэрхэн нөлөөлөх байдлыг харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байна гэжээ. 

Дээрх байдлыг тодруулах шаардлагатай гэж үзээх үзсэн тохиолдолд үнэлгээ тогтоосон этгээдийг шүүх хуралдаанд оролцуулан шинжээчээр байцааж эргэлзээг арилгах боломжтой байна. 

 

Шүүх Лд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж тэдний мэдүүлгийг сонсох, шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх, эд мөрийн баримтанд үзлэг хийх зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагааг явуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэж байвал түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тээврийн хэрэгсэл нь 2011 онд үйлдвэрлэгдсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 50 сая төгрөгөөр үнэлсэн дээр манай талаас маргаан байхгүй байгаа. Бид үнэлгээн дээр маргаангүй учраас шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. 

Өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь 144 хоног дээрээ хоригдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т  хүндэвтэр гэмт хэрэгт хорих хугацаа 4 сараас хэтрэхгүй гэж заасан учраас батлан даалтанд гаргаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Ямар нэгэн байдлаар шүүхээр шийдвэрлүүлээд шийдвэр гарчихвал орон нутагтаа очоод ажил төрлөө хийх боломжийг олгох үүднээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л нь Монгол Улсын хилийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хилийн харуул манааны шаардлагыг үл биелүүлэн улсын хил хамгаалалтын зориулалтын инженер, техникийн байгууламж болох 815 дугаар тэмдгийн замын хаалтыг автомашинаар мөргөж хилийн дэглэм зөрчин хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдсон ба Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

 

Хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцвэл шүүгдэгч нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ Замын-Үүд боомтын  хамгаалалтын зориулалттай авто замын шалган нэвтрүүлэх хаалтыг мөргөж дайран нэвтэрсэн болох нь хилийн цэргийн ажилтнууд мэдүүлгүүдээр тогтоогдож байна.  

Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар  “улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж” гэж хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий саад, мөр хянах зурвас, зам, гүүр, хянах цамхаг, холбоо, дохиолол хяналтын техник хэрэгсэл, замын хаалт болон бусад байгууламжийг хэлнэ гэж заасан ба шүүгдэгч нь 815 дугаар тэмдгийн замын хаалт, 5, 6-р цэгийн замын хаалтуудыг тус тус дайран гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол тухайн үед харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан хилийн цэргийн ажилтнуудыг шүүх хуралдаанд гэрчээр дуудан оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн К2Д165 дугаартай тоёото прадо маркийн автомашины үнэлгээ дээр шүүгдэгчийн зүгээс маргасан зүйлгүй, үнэлгээг дахин тогтоолгосноор шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх зүйлгүй,  үнэлгээ гаргасан Энхтайваныг мөрдөн байцаагч шинжээчээр томилсны дагуу дүгнэлт гарсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1,  90 дүгээр зүйлийн 90.1-д заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр  гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа ба шүүгдэгч нь 2017 оны 02 дугаар сарын 06-наас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас илүү хугацаагаар цагдан хоригдож байгаа боловч түүнийг батлан дааж авах хүсэлт гаргасан иргэн байхгүй, Монгол Улсад оршин суух хаяггүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй байна.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б шүүгдэгч Л нь хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас илүү хугацаагаар цагдан хоригдож байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг батлан даалтанд болон гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнүүдээр сольж өгөхийг хүссэн боловч шүүгдэгчийг батлан даах этгээдийн хүсэлт байхгүй, шүүгдэгч нь гадаадын иргэн, оршин суух хаяггүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны 231 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        А.САЙНТӨГС