Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 110/2020/0008/З |
Дугаар | 445 |
Огноо | 2020-07-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 445
Дугаар 221/МА2020/0445 | Улаанбаатар хот |
А.Х-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, А.Х-гийн нэхэмжлэлтэй, Б.Ө аймгийн Б сумын З.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, 52.10, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-гийн “Б сумын З.Д-ын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Х давж заалдах гомдолдоо: “ ... Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Энэ асуудал өмнө нь мөн маргаан дагуулж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан.
Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Дэрчигийн эхэнд байрлах “Адуун хашаа” гэх газарт барьсан хариуцагч Х.Х-ны байшинг албадан нүүлгэхээр шийдвэрлэж дээрх шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар гүйцэтгэж байшинг албадан буулгаж байсан.
Гэтэл Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х албан тушаалаас огцорсон далимыг ашиглан сумын Засаг даргын орлогч К.Х нь өөрийн ойрын хамаатан Х-ны хүү Х-д 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад гэх газраас 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Миний бие энэ шийдвэрийг мэдмэгц Газрын тухай хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан.
Аймгийн Засаг дарга миний гомдлыг хүлээж аваад 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/564 дугаартай албан бичгээр Бугат сумын Засаг даргад шилжүүлснийг Бугат сумын Засаг дарга хүлээж аваад 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дугаартай захирамжаар Х.Х-д газар эзэмшүүлсэн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Х.Х энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасныг аймгийн Засаг дарга хүлээж аваад 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8-03/619 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол тухайн этгээд шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой.
Х.Х нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир миний бие түүний Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад гэх газар барьсан байшинг албадан нүүлгүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус шүүх миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан зарласан.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Х.Х, түүний өмгөөлөгч нараас Б сумын З.Д-ын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/123 дугаартай захирамжийг нотлох баримтаар гаргаж өсгөн.
Дээрх захирамжаар Х.Х-д газар эзэмшүүлсэн Б сумын З.Д-ын А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон А/81 дүгээр захирамжийг дахин хүчингүй болгосон байсан. Би тухайн үед шүүхэд хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулан Газрын тухай хуульд заасны дагуу А/123 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргаж дараа нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
Б сумын З.Д-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч А.Ж нь А/123 дугаар захирамж гаргасан талаар надад огт мэдэгдээгүй, захирамжийн хувийг гардуулж өгөөгүй, надаас ямар нэгэн тайлбар авч байгаагүй. Дээрх захирамж гарсныг миний бие 2 сар 20 хоногийн дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан дээр мэдсэн.
А.Ж нь тухайн захирамжийг Х.Х-гаас гаргасан гомдлын дагуу гаргасан гэх боловч шүүхэд Х.Х хэзээ, ямар гомдол гаргасан талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтнаас тухайн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар Х.Х-д хариу мэдэгдэж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад Б сумын З.Д-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч А.Ж нь энэ асуудлыг өөрийн санаачилгаар өлгөн авч А/81 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд энэ асуудал шүүхэд хянан шийдвэрлэгдэх ёстой байсан.
Хэргийн хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга хянан шийдвэрлэх ёстой.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Х.Х-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8-03/619 дугаартай албан бичгээр асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар албан ёсоор мэдэгдсэн байхад Х.Х нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй.
Мөн Б сумын З.Д-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч А.Ж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг зөрчиж аймгийн Засаг даргаас Х.Х-д хариу мэдэгдсэнээс хойш 2 сар 26 хоногийн дараа А/81 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус байна.
Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
Иймд миний гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрчүүдээс мэдүүлэг авч, маргаан бүхий газарт шүүхийн үзлэг, хэмжилтийг хийснээр хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч А.Х-гийн Бугат сумын Улаантолгой багийн “Шар толгойн улаан завсар” гэх нэртэй газарт байрлах өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 500 м.кв газраас “Дэрчиг” гэх газарт байрлах хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газар хүртэл 1282.8 метрийн зайтай, тус “Дэрчиг” гэх газарт А.Х-д хаваржааны зориулалт бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч 870.3 м.кв газарт түүний эзэмшлийн байшин болон малын хашаа байрлаж байгаа.
Харин Б сумын З.Д-ын 2019 оны А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд Х.Х-д Улаантолгой багийн “Дэрчигийн эхийн үзүүрийн Хар хад” гэх газраас 700 м.кв газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000000852 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргаснаар Б сумын З.Д-ын 2019 оны А/81 дүгээр захирамжаар Х.Х-д газар эзэмшүүлсэн дээрх А/58 дугаар захирамж болон түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Улмаар Б сумын З.Д-ын 2019 оны А/123 дугаар захирамжаар уг А/81 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2019 оны А/58 дугаар захирамжийн дагуу Х.Х-д газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор болжээ.
Гуравдагч этгээд Х.Х-гийн 2019 оны А/58 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 700 м.кв газар нь нэхэмжлэгч А.Х-гийн “Дэрчиг” гэх газарт хаваржааны зориулалтаар эзэмшиж буй газраас ертөнцийн зүгээр хойшоо 797.7 метрийн зайтай, “Дэрчигийн эхийн үзүүр Хар хад” гэдэг газарт байрладаг болох нь хэргийн газрын үзлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Нэгэнт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй дээрх газрууд нь байрлалын хувьд 797.7 метрийн хол зайтай, газрын давхцалгүй гэдгийг нэхэмжлэгч А.Х хүлээн зөвшөөрч байгаа атлаа Х.Хгийн газар эзэмших эрхийг сэргээсэн А/123 дугаар захирамжийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор зохицуулсан бөгөөд маргаан бүхий А/123 дугаар захирамж нь нэхэмжлэгч А.Х-д чиглэгдээгүй тул түүний “... А/123 дугаар захирамж гаргасан талаар надад огт мэдэгдээгүй, захирамжийн хувийн хэргийг гардуулж өгөөгүй, надаас ямар нэгэн тайлбар авч байгаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй Б сумын З.Д-ын 2019 оны А/123 дугаар захирамжийн улмаас А.Х-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдэд хууль ёсны дагуу үүссэн газар эзэмших эрхэд халдаж, уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
Энэ тохиолдолд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/81 дүгээр захирамжаар өөрийн гаргасан буюу Баян-Өлгий аймгийн Б сумын З.Д-ын орлогчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Захиргааны хэргийн шүүхийн зорилт нь хүн, хуулийн этгээдийн нийтийн эрх зүйн субъектив эрхийг хамгаалахад чиглэгддэг бөгөөд нэхэмжлэл гаргагч хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхээс эрх зүйн хамгаалалт хүсэх боломжтой.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3-д тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН