Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 257

 

Б.Батцагаан, Б.Отгонбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогч Г.Туул,

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 128 дугаар магадлалтай, 201525021419 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Батцагаан, Б.Отгонбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв. 

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийг хурааж, 6 сарын баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уг ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баясгалангийн Батцагаан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Халбагад овогт Бат-Очирын Отгонбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батцагаан, О.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэнээс онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тус бүрийг 5,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, Б.Отгонбаатар, Б.Батцагаан нарт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай” гэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батцагаан, Б.Отгонбаатар, тэдгээрийн өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч М.Жаргалсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батцагаан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Миний бие урьд нь хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж байсан ба уг гэмт хэргийн ялтай байх хугацаа 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн. Гэтэл шүүх хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан...чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж заасан байх тул дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг хүсье. Хорих ангид хүмүүжиж байх хугацаандаа ажил хөдөлмөр хийж, учруулсан хохирлоо барагдуулах болно. Иймд энэхүү эрмэлзэлийг минь харгалзан, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна. Мөн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялтай хугацааг хэрэгсэхгүй болгоогүй тул гомдолтой байна. Хоригдож байгаа учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлынхоо үлдэгдэл төлбөрийг хурдан хугацаанд төлөх боломжгүй байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэх хугацаандаа ажил, хөдөлмөр хийх боломжгүй байгаа тул хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Жаргалсайхан хяналты шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхийг хүсье. Ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлвэл шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлж, учруулсан хохирлоо төлөх боломжтой болно гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

Шүүгдэгч Б.Батцагаан, Б.Отгонбаатар нар нь бүлэглэн 37-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын автомашин хэрэглэж, 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 17-18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордоны хойд талын авто зогсоол дээр байсан иргэн З.Энх-Амарын 54-04 УНЛ улсын дугаартай, “Тоёота Велта” загварын автомашины баруун хойд хаалганы жижиг салхины шилийг хагалж, улмаар автомашинд нэвтэрч “Тээлийн шонхор” ХХК-ийн ажилчдын цалин 76,000,000 төгрөгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Батцагаан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

Шүүхээс Б.Батцагаан, Б.Отгонбаатар нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Батцагаан, Б.Отгонбаатар нараас 5,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг буруу ойлгон хэрэглэж, Б.Отгонбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасан хорих ялыг онцгой дэглэмд эдлүүлэх нөхцөл байдал арилсныг харгалзалгүйгээр Б.Отгонбаатарын хорих ял эдлэх дэглэмийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул түүний хорих ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар өөрчлөн тогтоох үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Отгонбаатарын гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 128 дугаар магадлалд “Шүүгдэгч Б.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батцагааны гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР