Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч С.Мөнгөнсүх,

Хохирогч Т.Батцогт,

Шүүгдэгч Ц.Дулмаа, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг /ҮД: 0-187/ Ч.Энхбаяр /ҮД: 0-206/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дугаар зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ончууд овогт Цэднээгийн Дулмаад холбогдох эрүүгийн 201625020567 дугаартай хэргийг 2016 оны 08 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 19ий өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 41-2058 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ончууд овогт Цэднээгийн Дулмаа, /РД: УУ66011448/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Дулмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 Телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Баянзүрх дүүргийн засаг даргийн орлогч Т.Батцогт нь “ .... миний хүүхдийг хүнд зааж өгч зодуулдаг, шалгасан мөрдөн байцаагчаа шоглодог, .... Батцогтын хийж чадах ажил энэ гэдгийг баттай хэлж чадна...” гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дулмаа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...ТВ-9 телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт оролцож байхдаа Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогтыг санаандгүй байдлаар энэ бүх байдлыг зохион байгуулж манай хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан, байцаагчаа шоглосон гэж хэлсэн гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг   /хх 52, 92 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Дулмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оноос эхлээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдийн нийтийн хурлаар сонгогдож ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд хохирогч бид 2-ын ажил байнга зөрчилддөг байсан. Бид нар анх сонгуульд оролцохдоо Засаг даргаараа Ариунсүрэнг, Иргэд нийтийн хурлын даргаар Дулмааг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Батхишиг нарыг сонгож сонгуульд орж байсан. Бид нарыг орсоны дараа Батцогт орж ирсэн. Орж ирээд Батцогт Ариунсүрэнг болъё би найзыгаа авъя гээд өөрийнхөө найз Батдэлгэрийг авсан. Ажил хийгээд явж байхад бид нарын хооронд маш их зөрчил гардаг байсан. Тайлангийн хурлаар намайг халах асуудал яригддаг байсан. Би үүнээс болж Монгол Комментод хандсан. Би хурал дээр ямар хууль бус зүйл болсон бэ гэдгийг ярьсан. Анх тайлангийн хурал хийхдээ намынхаа хэдэн хүмүүсийг суулгаад Засаг даргын тайланг хангалттай гэж үзье гээд гараа өргөе гэхээр нь би татгалзсан. Яагаад гэвэл хүн ажлын тайлан тавихдаа ингэж тавьдаггүй. Энд 14.000 иргэдийн эрх ашиг байгаа, тайлангаа ингэж тавихгүй гэж би Батдэлгэрт шаардлага тавьсан. Үүний дараа би Амжиргаа дэмжиж зөвлөлийн хурал хийхэд Батцогт над руу утасдаад “энэ хороо сайхан хороо байсан, чамаас болоод болохгүй байна, чи хүрээд ир” гэхээр нь очсон. Намайг очиход миний тогтоолыг барьсан “чи Сарааг авах ёстой, Сэржмядагийг авах ёстой” гэхээр нь би “хорооныхоо ажлыг хийе чи өөрийнхөө ажлаа хий, чи бид 2-ын ажил 4-н жилийн хугацаатай, чи бид 2-ыг хэн нь хэн бэ гэдгийг мэдээд иргэд мэдээд сонгоно” гэхэд Батцогт “чи хууль судалдаг гэлүү харин би хүн судалдаг” гэж хэлээд гаргаж байсан. Тэр хурлаас хойш бид нарын хооронд байнга зөрчил гардаг. Батдэлгэр намайг ажил хийлгэдэггүй байсан. Хурлын дараа би зодуулсан. Манай охин зодуулсан. Үүнийг би Монгол Комментод хандахдаа “ийм зүйл болсон, хууль зөрчиж байгаа үйлдлийн ард Батцогт байна” гэдгийг баттай хэлж чадаж байна гэсэн болохоос биш манай хүүхэд бид 2 Батцогтод зодуулсан талаар хэлээгүй. Ямар ч байсан энэ нь хууль бус зүйл нь тайлангийн хурал болох болгонд дандаа хууль бусаар хийдэг. Хурлын тогтоол гараагүй байхад урилга тараагаад хурлаа зохион байгуулаад хийж байдаг. Үүнийг нь хуулийн байгууллагад хэлэхээр нуун дарагдуулж байна. Үүн дээр арга хэмжээ авахгүй байна. Үүний ард Батцогт байна гэж хэлсэн. Хурлыг үймүүлж байгаа хүмүүс нь дандаа хэсгийн ахлагч нар байдаг. Иргэд үймүүлдэггүй.  Би иргэдийн саналаар сонгогдож байсан. Тэгтэл ирц хаанаа ч хүрэхгүй байхад хурлаа хийчихээд Дулмааг гарын үсэг зураад халчихлаа гэж байгаа нь хууль бус байна гэж хэлж байгаа. Мөн бид нарын хийж байгаа ажил ямар ч эмх цэгцгүй, ямар ч зохион байгуулалтгүй байгаа учир би хууль бус байна гэдгийг эсэргүүцэж зөндөө тэмцэж байсан. Би бүх холбогдох газарт нь очсон. Дүүргийн засаг даргад өгсөн, Нийслэлийн засаг даргад өгсөн, Улсын их хуралд өгсөн. Надад ямар ч хариулт өгөөгүй учир би энэ хууль бус байдлаа зогсоох цаг болсон гэж би Монгол Комментод хандсан. Монгол Комментод хандахдаа би хүнийг гүтгэж доромжилж, гутаасан, хүний нэр төрд халдсан зүйл байхгүй. Тийм сэдэлттэйгээр хийгээгүй. Ямар ч байсан 27 дугаар хороон дээр ийм эх захгүй зүйл болоод байна. Үүнийг хянаж байгаа ямар ч албан тушаалтан алга гэж хандсан. Хууль бус хурлыг 01 дүгээр сарын 14-ний өдөр зарласан байсан. Үүнийг хууль бус хурал гэж хэлж байгаа. Дахиад 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тогтоолоо өгч байсан. Иргэдийн нийтийн хурлыг болохоос 14 хоногийн өмнө хурлынхаа тогтоолыг гаргаж өгсөн байх ёстой. Тэр тогтоолын дагуу засаг дарга урилгаа тараагаад иргэддээ ажлынхаа тайланг тавьдаг. Манайх намайг мэдээгүй байхад шууд өөрсдөө урилгаа тараасан байсан. Гаднаас зохион байгуулалттай би хурлын дарга болно гээд хурлаа удирдаад байдаг. Ийм асуудал 3 удаа болж байсан. Хамгийн сүүлд хуулийн дагуу болсон мөртлөө хэлэлцэх асуудлаа зөрчсөн. Бид нар хэлэлцэх асуудлаа зөрчиж байна гэдэг чинь хуулиа зөрчиж байгаа хэрэг. Хурал албан ёсоор дууссан байхад тамгыг нь ав гээд бужигнуулаад зодоон үүсгэсэн. Яллах дүгнэлт дээр бичигдсэн шиг би шоглодог гэж хэлээгүй. Би Хэсгийн байцаагчаа сольсон, хууль бус үйлдлийн ард Батцогт байгаа, би хүүхэдтэйгээ зодуулсан талаар хэлсэн гэв.

 

Хохирогч Т.Батцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ТВ-9 телевизийн Монгол комментийн мөрөөр гэсэн нэвтрүүлэгт оролцсон иргэн Ц.Дулмаа нь ярилцлагандаа “миний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан энэ хэрэг нь хэрээс хэтэрч байна шүүх эмнэлэгийн шинжээч томилоод магадлагаа тогтоолгохоор байцаагчаа шоглоод хаячихаад байна. Энэ бол Баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг баттай хэлж чадаж байна, яагаад гэвэл Батцогт би хаанаас ирсэн ямар газраас ирсэн гэдгийг нь мэдэхгүй....” гэж ярилцлага өгч миний нэр хүндэд халдаж ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Тухайн бичлэгийг үзсэн миний танил ойр орчимын хүмүүс “... чи чинь хууль бус бусармаг үйлдэл хийж явдаг хүн юмуу... “ гэж Дулмаагийн хэлсэн үгээр хардаж эхэлсэн. Энэ асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэсэн мэдүүлэг / хх 47-48, 88-89 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Батцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2012 оны 11 дүгээр сард 27 дугаар хорооноос Иргэдийн хурлын төлөөлөгчөөр иргэдийн 80 хувийн саналаар сонгогдсон төлөөлөгч байдаг. Миний бүрэн эрх 2016 оны 11 дүгээр сард албан ёсоор дуусна. Монгол улсын Засаг захиргаа, нэгжийн хуулинд төрийн анхан шатны нэгж сонгох сонгогдох эрхийг хуульчлаад заасан байдаг. Энэ хуулийн дагуу би өнөөдрийг хүртэл хорооныхоо иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Коммент” нэвтрүүлгээр иргэн Дулмаа гэдэг хүн миний нэр хүндэд шууд халдсан. Тэр нэвтрүүлэг нь амралтын өдөр дахин давтаж гарсан. Ингээд 2 удаагийн давталттайгаар хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр миний нэр хүндэд халдсан. “Монгол Коммент” нэвтрүүлэг гарсны дараа над руу “яагаад энэ хүнийг ингэсэн юм бэ” гэж манай найз нөхөд, ээж, хорооны олон иргэд утасдаж ярьсан. 2016 оны 1 дүгээр сарын 09-нөөс хойш энэ гүтгэлгээс болж надад ажил хийхэд хүнд байсан. Үнэндээ би 27 дугаар хорооны 13.300 иргэн өмнө ажилдаа сэтгэл зүрхээ гаргаад явж байгаа. Шүүгдэгч сонгуулийн өмнө ийм дайралт хийсэн. Би үүн дээр нь гомдол гаргасан. “Монгол Коммент”-оор Батцогт гэдэг хүн бол намайг болон миний охиныг хүнд хэлж зодуулсан. Хууль бус үйлдлүүдийг энэ хүн л хийдэг. Энэ хүний л хийх ажил гэж хэлсэн байдаг. Би цагдаагийн хэсгийн байцаагчийг томилдог хүн би биш. Надад тийм эрх мэдэл байхгүй. Би хорооны засаг даргыг томилдоггүй. Хорооны засаг дарга иргэдээсээ сонгогддог. Энэ нь хуулиараа заагдсан байгаа. Хэсгийн ахлагчийг би мөн томилдоггүй. Хэсгийн ахлагч нь төрийн албаныхаа хууль дүрмийнхээ дагуу томилогддог. Шүүгдэгч бас Амжиргаа дэмжих зөвлөл гэж сая ярилаа. Эндээс надад санал, гомдол ирсэн. Амжиргааг дэмжих зөвлөл гэдэг байгууллага нь үнэхээр амжиргааг дэмжиж ажиллахгүй байна. Энэ хүнд олон удаа хандсан боловч хүлээж авахгүй байна. Тиймээс төлөөлөгч танд хандаж байна гэхээр нь би 1 удаа дуудаж уулзсан. Дуудаж уулзахдаа би Батдэлгэр, Дулмаа дарга нарын хамт уулзсан. Бид нар төлөөлөгчийн хувьд 4 жилийн хугацаанд хамтарч ажиллах санал тавьсан. Түүнээс биш дарамталсан, доромжилсон зүйл байхгүй. Тийм эрх мэдэл ч надад байхгүй байна гэв.

 

Гэрч Р.Нямцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 102 дугаар сургууль дээр болсон тэр хурал дээр би охинтойгоо очсон. Тухайн үед үүдэн дээр нь 2 цагдаа үнэмлэх шалгаж байсан. Би үнэмлэхгүй явж байсан. 1 эмэгтэй наад хүнээ оруулчих, наад хүн чинь хурлын даргын нөхөр байгаа юм гээд намайг оруулсан. Намайг хуралд ороход Засаг дарга Батдэлгэр хурлыг удирдаад байж байсан. Батдэлгэр дарга 3, 4 хүн томилоод энэ хурлыг Дулмаа дарга удирдана гэсэн. Намайг хамгийн урд нь гараад зогсож байхад 1 хүн Батдэлгэрээ Дулмаа дарга чинь халагдсан биз дээ, яагаад Дулмаа даргаар удирдуулаад байгаа юм бэ гэхэд Дулмаа дарга халагдаагүй, ажлаа хийж байгаа гэсэн. Ахмадын зөвлөлийн дарга Шуурангай гэдэг хүний эхнэр нь Дулмаагаар хурал удирдуулаад байхдаа яадаг юм, энийг халах хэрэгтэй, энэ юу хийсэн юм бэ, юу хийж байгаа юм гэсэн. Бас хэсгийн ахлагч гээд 1 хүүхэн зайлуулъя, зайлуулъя гэхэд хүмүүс энд тэндээс Дулмааг зайлуулъя гээд байсан. Тухайн хурал тайлангийн хурал гэхэд хэцүү л зүйл болсон. Тэгээд Ахмадын зөвлөлийн дарга Шуурангайн эхнэр Дулмааг тайлангаа тавь гэхэд Дулмаа та нар тайлангаа тавь гэж байгаа бол би тайлангаа тавъя гээд тайлангаа тавьсан. Тэгтэл 1 бичиг барьсан хүүхэд босож ирээд Дулмаа руу дайраад байсан. Тэгж байгаад тайлангийн хурал дуусах үед 1 хүн тайлангийн хурал дууслаа дараа нь ярих зүйл байгаа юм шиг байна гэсэн. Батдэлгэр хүрч ирээд тамгыг нь аваарай гэсэн. Тэгээд хүмүүс шуугиад байсан. Дараа нь би гарах гээд үүн дээр ирэхэд хүмүүс шуугиад дунд нь Дулмаа байж байхаар нь хавтастай юмыг нь авахад зүүж явсан бүс нь унасан. Бүсийг нь аваад эргэхэд утас нь газар унасан. Тэгээд би утсыг нь аваад эргэж ороод Батдэлгэрт “юу болж байгаа юм бэ, гадаа аюул болж байна” гэхэд би яаж мэддэг юм гэсэн. Тэгээд би эргээд гараад очиход эхнэр маань байхгүй болсон байсан. Тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр, охин 2 зодуулсан гээд байж байсан. Манай охиныг бас зодсон гээд улаан болсон нүүрээ үзүүлсэн. Тэгээд би хороо ороод ирье гээд гарсан. Хороон дээр очиход цагдаа нь байхгүй, Батдэлгэр, Шуурангайн эхнэртэй юм яриад сууж байхаар нь юу болоод байгааг асуухад Батдэлгэр “би яаж мэддэг юм, ард түмэн л дургүйцлээ илэрхийлсэн юм байгаа биз” гэж хэлсэн. Цагдаа чинь хаана байгаа вэ гэхэд мэдэхгүй 1 дүгээр хэлтэс рүүгээ явсан гэсэн. Тэгээд би буцаж очоод эмнэлэг үзүүлье гээд замаараа хороо орсон. Хороон дээр хурал дээр бичиг бариад дайраад байсан хүүхэн Батдэлгэртэй юм яриад сууж байсан. Охин бид 2 та нар зохион байгуулалттай ийм зүйл хийсэн юм биш үү гэхэд Батдэлгэр, нөгөө хүүхэн 2 гараад яваад өгөхөөр нь эмнэлэг рүү явсан гэв.

Гэрч Р.Нямцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай эхнэр баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэний нийтийн хурлын даргаар сонгогдож ажиллаж эхэлсэнээс хойш 2014 онд иргэдийн нийтийн хурал хийсэн. Би уг хурал дээр очоогүй. Манай эхнэр орой гэртээ ирээд 27 дугаар хорооны засаг дарга Батдэлгэр намайг ажил хийлгэхгүй гэж байна гэсэн. Тэгээд засаг даргын тайлангийн хурал зарлахад 27 дугаар хорооны иргэд Дулмаа даргыг огцруул гээд орилолдоод байсан. Би очиж суусан. Манай эхнэр тайлангаа тавьсан. Ингээд тайлангаа тавиад дуусахад засаг дарга Батдэлгэр танихгүй настай хүнд хандан Дулмаагийн тамгыг нь аваарай гэж хэлээд байсан. Тэгээд хүмүүс бөөгнөрөөд манай эхнэрийг гаргахгүй байсан би орж гаргасан. Гадаа гартал хүмүүс манай эхнэрийг тойроод зогсчихсон юм. Энэ үед манай эхнэр хавтастай бичиг баримт өгхөөр нь би авсан. Батцогт уг хурал дээр байгаагүй гэсэн мэдүүлгээр /хх 90-91 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Пүрэвжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 11 сард шиг санаж байна. Баянзүрх дүүргийн гэх хүн надтай ирж уулзаад болоод байгаа асуудлынхаа талаар надад ярьсан. Тэгэхээр нь би хэрвээ таны ярьж байгаа зүйл баримт нотолгоотой бол та захидал бичээд манай телевизийн Монгол коммент нэвтрүүлэгт хандаж болно гэж хэлээд явуулсан. Ингээд Дулмаа гэх хүн захидал бичээд хэд хоногийн дараа манай телевизд ирж уулзсан. Тэгэхээр нь Дулмаа гэх хүний авч ирсэн захидалыг “Монгол коммент” нэвтрүүлгээр уншсан. Үүнээс хойш Дулмаа гэх хүн над руу хэд хэдэн удаа ярьж “та газар дээр нь очиж сурвалжилж өгнө үү” гэж  хүсэлт тавьж байсан боловч миний ажил амжихгүй их байсан учраас Дулмаа гэх хүний гаргасан хүсэлтийг хойшлуулж байсан юм. Тэгээд 2016 оны 1 дүгээр сард би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн юм. Ингээд хийсэн нэвтрүүлгээ 2016 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн эфирээр гаргасан. Юм. Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч уг хүнийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй байна. Тэгээд иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж өөрийнх нь болон хүүхдийнх нь эрх чөлөөнд халдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 92-93 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...хүн зааж өгөөд зодуулчихаж байна эрхийг нь зөрчиж байна хүүхдийг нь зааж өгөөд зодуулчихаж байна энэ бол хэрээс хэтэрсэн шүүх эмнэлгийн магадлагаа тогтоогоод шүүх эмнэлэгт өгөхөөр байцаагчаа шоглоод хаячихаж байна энэ баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг би бол баттай хэлж чадаж байна...” гэжээ. /хх 7-17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор: “...2 хуудас гар бичвэрийг эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт хадгалахаар тогтов...” гэжээ. /хх 87 дугаар хуудас/

 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоол /хх 18/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны албан тоотууд /хх 19-22/, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл /хх 38-43/, Баянзүрх дүүргийн засаг даргын албан тоот /хх 59/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 60/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 61/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол /хх 63 дугаар хуудас/,  Ц.Дулмаагийн Монгол коммент нэвтрүүлэгт бичсэн захидал /хх-ийн 86 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 98 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99 дүгээр хуудас/,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Саранчимэгээс гаргасан шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, шинжээчийн №5424 дугаартай дүгнэлт,  шинжээчийн дүгнэлт, ГССҮТ-ийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл, цагаан жагсаалтын батламж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Дулмаа нь 2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТВ-9 Телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт нь “ ... хүн зааж өгөөд зодуулчихаж байна эрхийг нь зөрчиж байна, хүүхдийг хүнд зааж өгч зодуулдаг, энэ бол хэрээс хэтэрсэн шүүх эмнэлгийн магадлагаа тогтоогоод шүүх эмнэлэгт өгөхөөр байцаагчаа шоглоод хаячихаж байна, энэ баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг би бол баттай хэлж чадаж байна... Иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж шийдвэр гаргадаг..” гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор бодит бус, илт худал гүжирдлэг тараасан болох нь шүүгдэгч Ц.Дулмаагийн “...ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэгт оролцож байхдаа Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогтыг санаандгүй байдлаар энэ бүх байдлыг зохион байгуулж манай хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан, байцаагчаа шоглосон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Батцогтын “...2016 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ТВ-9 телевизийн Монгол комментийн мөрөөр гэсэн нэвтрүүлэгт оролцсон иргэн Ц.Дулмаа нь ярилцлагандаа “ миний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан энэ хэрэг нь хэрээс хэтэрч байна шүүх эмнэлэгийн шинжээч томилоод магадлагаа тогтоолгохоор байцаагчаа шоглоод хаячихаад байна. Энэ бол Баянзүрх дүүргийн хэмжээнд засаг даргын орлогч Батцогтын хийж чадах ажил гэдгийг баттай хэлж чадаж байна, яагаад гэвэл Батцогт би хаанаас ирсэн ямар газраас ирсэн гэдгийг нь мэдэхгүй....” гэж ярилцлага өгч миний нэр хүндэд халдаж ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Тухайн бичлэгийг үзсэн миний танил ойр орчимын хүмүүс “... чи чинь хууль бус бусармаг үйлдэл хийж явдаг хүн юмуу... “ гэж Дулмаагийн хэлсэн үгээр хардаж эхэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч П.Пүрэвжаргалын “...2016 оны 1 дүгээр сард би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороон дээр очиж сурвалжлага хийсэн юм. Ингээд хийсэн нэвтрүүлгээ 2016 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн эфирээр гаргасан. Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч уг хүнийг ажил хийх нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй байна. Тэгээд иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зохион байгуулж өөрийнх нь болон хүүхдийнх нь эрх чөлөөнд халдсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Т.Батцогт нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч ажил эрхэлдэг ба шүүгдэгч Ц.Дулмаа нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын ажил эрхэлж байх явцад түүнийг энэхүү үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хохирогч Т.Батцогт гаргасан гэж хийсвэр дүгнэлт хийж улмаар шүүгдэгч болон түүний хүүхдийг хүнд зааж өгч зодуулсан гэхчилэн илт худал гүтгэлгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “TV9” телевизээр олон нийтэд тараажээ.

Шүүгдэгч Ц.Дулмааг тухайн ажлаас чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг Т.Батцогт дур мэдэн шийдвэрлэх боломжгүйгээс гадна тухайн хурлын шийдвэрийг “хууль бус” гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Мөн түүнчлэн шүүгдэгчийг бусдад зодуулж энэ тухай цагдаагийн байгууллагаар шалгуулсан байх боловч хохирогч Т.Батцогт нь түүнийг зодсон талаар Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй тухай шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Ц.Дулмаа нь хохирогч Т.Батцогтыг хууль бус шийдвэр гаргаагүй, өөрийнх нь эрх чөлөөнд халдаагүй болохыг мэдсээр байж түүнийг засаг даргатай танил найз тул ажлаас халсан, ажлын зөрчилдөөнтэй гэсэн бодлоосоо улбаалж хийсвэр дүгнэлт хийн өс санаж хувийн сэдэлтээр, санаатайгаар хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “Ц.Дулмаа нь Т.Батцогтын нэр төрийг гутаасан зүйл байхгүй. Ц.Дулмааг хууль бусаар ажлаас халсан. Түүнийг олон нийтийн өмнө хүн зодсон байхад хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Тэрээр өөрийнхөө ажлаас хууль бусаар халагдсан эрхээ сэргээлгэх үйл ажиллагааны хүчин зүйл болсон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал нь дээр тусгасан дүгнэлтээр үгүйсгэгдсэн тул хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Дулмаад ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Дулмаа нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ончууд овогт Цэндээгийн Дулмааг хүний тэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Ц.Дулмааг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /192.000*51/ буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Дулмаа нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг, 2 хуудас захиа зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дулмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДУЛАМСҮРЭН