Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 106 байрны 12 тоотод оршин суух, Чойжилжавын Билэгжамц, Билэгжамцын Түвшинжаргал, Дэмбэрэлийн Энхтуяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд холбогдох,

Багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ч.Гэлэгжамц нь Замын 4 дүгээр ангид 1970 оноос 2010 оныг хүртэл засварын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.   Тухайн үедээ ажиллаж байхдаа том машины граж 1 ширхэг, 3 хаалгатай багажны сарай 1 ширхэг, 1 хаалгатай бензин, тос агуулдаг сарайг тус тус 1995 онд худалдаж авсан. Худалдаж авсан объектуудыг тухайн үед Замын-үүдэд амьдарч байсан хүү болох Түвшинжаргалд өгөөд сүүлд 2000, 2001 оны үед тухайн үед дарга байсан Ганболд, нягтлан бодогч Энхтөр нар ажиллаж байх үед худалдан борлуулагдсан Замын 4 дүгээр ангийн блансаас хасагдсан энэ хоёр хүнтэй ямар ч тооцоо байхгүй гээд 40/13 албан тоотыг бичүүлж авсан байдаг. Гэтэл тус байгууллага нь эдгээрийг худалдан борлуулаагүй байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа гэж маргаан үүсгэсэн юм. Шүүхэд гаргаж өгсөн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр засвар хийсэн байдаг. 2013 оныг хүртэл үндсэн хөрөнгийн бүртгэл дээр уг багажны сарайг модон 1956 онд ашиглалтанд орсон тоо 1 ширхэг гэж бүртгэсээр ирсэн байдаг. Тухайн үед яаж худалдаж борлуулсан талаар тодорхой бус, хөрөнгийн бүртгэлийн засвар хийх худалдах, худалдан авах талаар комиссын акт, дүгнэлт гарын үсэг байдаггүй. Үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байхгүй. Нэхэмжлэгчийн худалдан авсан багажны сарай нь бетоноор цутгаж хийсэн сарай байгаа юм. Анх багажны сарайг худалдаж авахад дээвэргүй, дотор нь хогоор дүүрсэн хаягдсан байсныг засаж худалдаж авсан байдаг. Үндсэн хөрөнгийн бүртгэл дээр граж нь 67,410 төгрөгний үнэтэй, багажны сарай нь 26190 төгрөгний үнэтэй байдаг. Үүний талаар тухайн үед ажиллаж байсан санхүү хариуцсан нягтлан бодогч Энхтөр нь намайг ажилд ороход үндсэн хөрөнгөнөөс 1995 онд хасагдсан байсан гэдэг мэдүүлэг өгсөн байдаг юм. Тийм учраас эдгээр объектуудын талаар үе үеийн удирдлагууд маргаан гаргаагүй байж 21 жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Иймд Сайншанд суман дахь УБТЗ-ын харъяа Замын 4 дүгээр анги нь худалдан борлуулсан гэх багажны сарайнуудын талаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байх тул бидний худалдан авсан багажны сарайнуудын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү...  гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхтуяагийн тайлбартай танилцлаа. Билэгжамц гуай УБТЗамын 4 дүгээр ангид ажиллаж байгаад уг сарайг худалдаж авсан талаар мэдүүлсэн боловч тэрийг худалдаж авсан талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй юм.  УБТЗам нийгэмлэгийн хэмжээнд аливаа салбар, аж ахуй нэгжийнхээ өмч хөрөнгийг акталж данс бүртгэлээс хасахдаа  нийгэмлэгт баримталдаг дүрэм журмын дагуу бүх үйл ажиллагаа явагддаг. УБТЗамын нийгэмлэгийн  дүрэм журам нь 1968 онд батлагдсан. Энэ дүрэм нь тухайн үед үйлчилж байсан одоо ч үйлчилж байгаа. Худалдаж авсан талаар акт тавьсан болон эсхүл ерөнхий хорооны хурлын шийдвэр буюу замын даргын тушаал шийдвэр гарсан талаарх баримт УБТЗамын нийгэмлэг болон архивт олдохгүй байгаа тул маргаж байгаа юм. Уг сарай нь одоог хүртэл Замын 4 дүгээр ангийн замын мастерийн бүртгэлд явдаг тиймээс үгүйсгэж байна. Гэлэгжамц нь худалдаж авсан гэж байгаа боловч УБТЗамын нийгэмлэгийн хэмжээнд энэ журмын дагуу акталж борлуулдаг хөрөнгийг энэ журмаар гаргадаг энэ тал дээр нотлох баримт байхгүй гэж үгүйсгэж байна. Тухайн үед худалдаж авсан талаар өөрөө хэлдэг боловч ямар дүрэм, журмаар авсан талаар нотлох баримт байхгүй байна. 1995 онд худалдаж авсан бол тухайн өмч хөрөнгийг өмчлөгч гэдгийг нотлохын тулд эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгүүлсэн байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. Гэтэл ямар нэгэн энэ асуудалтай холбоотойгоор бүртгэл байхгүй байна.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан уг материалтай танилцаж үзэхэд Ганболд, Энхтөр гэдэг нөхдүүд мэдүүлэг өгөхдөө данснаас хасагдсан учир албан тоот бичиж өгсөн гэдэг. Гэтэл энэ албан тоотыг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ гэхээр нотлох баримтын хэмжээнд очихгүй байна. Тодорхойлолт гаргаж өгсөн боловч юуг үндэслэж ямар дүрэм журмыг үндэслэж тодорхойлолт өгсөн талаар тодорхойгүй байна. Төмөр зам дагасан точик, өртөөн дээр багаж хэрэгсэл хадгалах сав байдаг энэ нь байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байдаг.  Нэхэмжлэгчийн ярьсанаар модон гээд байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Эрдэнэбаатарын мэдүүлэг дээр модон байсан сарайг бетонон болгосон талаар ярьдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...гэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал, Д.Энхтуяа нар нь хариуцагч  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд  холбогдуулан багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Нэхэмжлэгч нар нь УБТЗамын харъяа Замын 4 дүгээр ангийн Замын-Үүд дэх 11 дүгээр хэсгийн ашиглагдахаа больсон багажны сарайнуудыг 1995 оны 9 дүгээр сард  100000 төгрөгөөр худалдан авч нийт 20 гаран жил ашиглаж байгаа тул миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал уг сарайнууд нь УБТЗамын өмч бөгөөд одоог хүртэл байгууллагын дансанд бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...уг сарайнууд бидний өмч болох нь Замын 4 дүгээр ангийн  2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа”, харин Замын-Үүд өртөөний 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 52/158 тоот орлогч дарга Ш.Баярсайханы тодорхойлолтыг бидний зүгээс үндэслэл болгоогүй гэсэн мэдүүлэг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар ч гэрч уг сарайнуудыг нэхэмжлэгч нар 1995 онд худалдаж авсан, уг сарай нь эдгээр хүмүүсийн өмч мөн гэдгийг батлаагүй ба  Замын 4 дүгээр ангийн  2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот тодорхойлолтыг гаргасан ерөнхий нягтлан Г.Энхтөр нь “...Ч.Билэгжамцын хүсэлтээр...үйлдэгдсэн бичигт гарын үсэг зурсан, дээрх хөрөнгийг би нүдээр үзээгүй” гэсэн тайлбар гаргажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь уг сарайнуудыг 100000 төгрөгөөр 1995 онд худалдаж авсан гэх боловч уг хөрөнгийг худалдаж авсан болон шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрчүүд уг сарайг 100000 төгрөгөөр зарсныг гэрчилдэггүй, 100000 төгрөгөө УБТЗамд яаж төлсөн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нар нь “...уг багажны сарайг 1995 онд худалдаж авсан, энэ сарай бидний өмч” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч В.Санжаажавын “...1996 онд бригадын дарга байхдаа багажаа хариуцаж сарайг ашигладаг байсан, буцаад замын 11 хэсгийн мастераар 2001 онд томилогдож ирэхэд үндсэн хөрөнгийн бүртгэлд багажны сарай байсан ба 1998 оноос хойш ашиглахгүй байгаа боловч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Сандагийн “...Би 1996 оны 8 сард ажлаа хүлээлгэн өгөхдөө багажны сарай буюу ажлын багаж бүртгэлээр хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлгээр, УБТЗамын үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтын бүртгэл зэргээр нэхэмжлэгч нарын дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгаа ба уг багажны сарай нь 1996 онд ч УБТЗамын хөрөнгө байсан болох нь тогтоогдож байна. 

УБТЗамын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17 дугаар зүйлийн “д”-д заасны дагуу “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг журамтай ба уг хурлаас хөрөнгө актлахыг зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасдаг, мөн 1968 онд батлагдсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17-р зүйлийн “д”-д: “хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана”, мөн дүрмийн 22-р зүйлд: “Замын даргад дараах эрхүүд олгоно”, 22-р зүйлийн в-д: “..Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасаны дараа сая гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх дүрмээс үзэхэд Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлж хурлаас хөрөнгө актлахыг зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасдаг журамтай ба маргаан бүхий хөрөнгийг акталсан Ерөнхий хорооны протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй, уг сарайнууд нь одоог хүртэл УБТЗамын өмч бөгөөд үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтад бүртгэлтэй, хасагдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.

Мөн Иргэний хуулийн  110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “...уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба нэхэмжлэгч нар нь уг багажны сарайг 1995 оноос өмчилж, ашиглаж байгаа гэх боловч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, бүртгүүлэх талаар ямар нэгэн санаачлага гаргасан эсэх нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтыг хангаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал, Д.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ