Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 38

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 137/ШШ2016/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 106 дугаар байрны 12 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 44 настай,  эмэгтэй, Мухагчин овогт Д.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***д холбогдох,

Багажны сарайнуудын өмчлөх эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Эгийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч би нөхөр Б.Тын хамт 1995 оны 09 дүгээр сард Сайншанд суман дахь ***-ын харъяа Замын 4 дүгээр ангийн Замын-Үүд дэх 11 дүгээр хэсгийн ашиглагдахаа больсон хуучин автомашины гараж, багажны сарайнуудын хамтаар худалдан авч, нийт 20 жил ашиглаж байгаа бөгөөд 2013 онд газрын гэрчилгээг гаргуулах гээд Засаг даргад хандтал зөвшөөрөл олгоогүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд хандтал ***-ын харъяа Сайншанд суман дахь Замын 4 дүгээр анги нь худалдан авсан гражиг “...өнөөдрийн байдлаар Замын 11-р хэсгийн автомашины граж тус ангийн дансанд бүртгэлгүй байгаа болно” гэсэн буюу гражийн талаар маргаагүй.  Харин багажны сарайнуудыг “... худалдан борлуулж шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа болно” гэсэн 2014.05.15-ны өдрийн 58/260 тоотоор Захиргааны хэргийн шүүхэд хариу өгөн маргасан. Гэтэл тухайн 3 обьектууд нь нэг дор байрлалтай ба бидний аав Б тус байгууллагын засварын даргаар ажиллаж байхдаа 100,0 /нэг зуун мянган/ төгрөгөөр 1995 оны 9 дүгээр сард худалдан авч бид тухайн обьектуудыг нийт 20  жил тасралтгүй ашиглаж байгаагаас гадна ***ын харъяа Сайншанд суман дахь Замын 4-р анги болон Замын-Үүд суман дахь 11 дүгээр хэсэг нь энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа багажны сарайнуудын өмчлөх эрхийн талаар болон чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж байгаагүй мөртлөө одоо манай хөрөнгө хэмээн маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн үндсэн хөрөнгийн он тодорхой бус 3 сарын 01-ний бүртгэл дээр эд хогшлын №01437, багажны сарай анхны өртөг 26190, эд хогшлын №01144, худаг анхны өртөг 28044 гэж тооллого хийсэн мөртлөө, 1989 оны бүртгэлийн 1-т эд хогшлын №01437, обьектын нэр багажны сарай, анхны өртөг 26190 гэснийг дараад бүртгэлийн 3-т худаг №01144, анхны өртөг 28044 гэснийг дараад багажны сарай гэж нэмж бичээд анхны өртөгийн 28044 гэсний 2-ын тоог 3 болгон засвар хийжээ. Ингээд үндсэн хөрөнгийн эд хөрөнгийн тооллогыг хийхгүй 1989 оноос 2002 он хүртэл бүхэл бүтэн 13 жил өнгөрсөний дараа 2002.10.31-ний өдрйн үндсэн хөрөнгийн 12 дугаарт баримтын №20100532, үндсэн хөрөнгийн багажны сарай актлах, ашиглалтанд орсон 56.01.01, тоо, ашиглах жил 17, анхны өртөг 38044 гэжээ.

2003.12.19-ний өдрийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн 12 дугаарт баримтын №20100532, үндсэн хөрөнгийн багажны сарай актлах, ашиглалтанд орсон 56.01.01, тоо, ашиглах жил 17, анхны өртөг 38044 гэжээ.

2013 оны тооллогын бүртгэлийн №28-д код нь 1306060012, хөрөнгийн нэр багажны сарай, ашиглалтанд орсон 1956.01 сар, нэг бүрийн үнэ нь 38044, тоо 1, үүнээс актлах хөрөнгө 38044 гэжээ. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тус байгууллага үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг 2014.04.30-нд хийснээс №28, үндсэн хөрөнгийн нэр багажны сарай, марк модон, ашиглалтанд орсон 1956.01.01, тоо 1, ашиглах жил 15 жил, анхны өртөг 38044, хуримтлагдсан элэгдэл 38044, үлдэх хөрөнгө 0.00 гэсэн бүртгэлүүдээс харахад тус байгууллага нь 1989 оноос 2002 оны хооронд үндсэн хөрөнгийн бүртгэл хийгээгүй байх ба бүртгэл дээр байгаа худаг, гараж зэрэг нь хэзээ актлагдаж үндсэн хөрөнгөөс хасагдсан нь тодорхой бус.

Мөн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хийхдээ комиссын гарын үсэггүй, бүртгэл дээр засвар хийхдээ хийсэн засварыг ямар шалтгаанаар өөрчилсөн талаар тэмдэглэл акт үйлдээгүй, худалдан борлуулсан гэх гаражийг үндсэн хөрөнгийн бүртгэл дээр эд хогшлын №01440, машины гараж 67410 гэж бүртгэсэн мөртлөө хэзээ үндсэн хөрөнгөөс хассан нь тодорхой бус, үндсэн хөрөнгийн бүртгэл дээр зөвхөн ганц модон багажны сарай бүртгэгдсэн байх ба бодит байдлаар 3 хаалгатай, бетонон багажны сарай, мөн 1 хаалгатай тоосгоор өрж бетонон дээвэр хийсэн. Багажны сарайнууд байгаа. Тэгээд ч 1989 он хүртэлх үндсэн хөрөнгийн бүртгэлээс харахад анхны өртөг 26190 төгрөг, машины гараж 67410 төгрөг буюу нийт 93600 төгрөгийн үнэтэй байсан нь нотлогдож байна.

Захиргааны хэргийн шүүхэд тус байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Г.Энхтөрийн “ ... 1995 онд актлагдаж данснаас хасагдсан хөрөнгийн талаар үйлдэгдсэн бичигт гарын үсэг зураг зурж өгсөн юм. Дээрх хөрөнгийг нүдээр үзээгүй. Намайг ажил авахаас өмнө данснаас хасагдсан хөрөнгө байсан болно” гэсэн мэдүүлэг, мөн тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн С.ТД.“ үндсэн хөрөнгө нь анхны өртөгөө ашиглалтын хугацаанд элэгдлээрээ нөхсөн бол бүртгэлд үлдэгдэл хөрөнгө 0 гэсэн утгатай байдаг юм”, “ ... байгууллагын эд хөрөнгийг үндсэн хөрөнгөнөөс хасахад 2 улсын хамтарсан ***-ын хувь нийлүүлсэн нийгмийн хуралд актаа бэлтгэж оруулаад тэр хурлаар хэлэлцээд, зөвшөөрвөл уг шийдвэрийг үндэслэн санхүү албаны даргын шийдвэр ирсэний дагуу хасалт хийдэг гэсэн мэдүүлэг, мөн ***-ын Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний өдрийн 52/158 тоотод “ ... 100 гаруй метрийн зайд баригдан ашиглагдаж байгаа бетонон хашаа бүхий барилга нь ***ын 11 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнөөс хасагдсан нь үнэн болно” зэргээс харахад дээрх обьектууд нь үндсэн хөрөнгөнөөс хасагдсан байх бөгөөд харин тус анги нь үндсэн хөрөнгөнүүдийг бүртгэлээс хасах тухай “ 2 улсын хамтарсан ***-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралд бэлтгэж оруулсан акт, тэр хурлаар хэлэлцээд зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн санхүү албаны даргын гаргасан шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөөгүй. Тэгээд ч тухайн байгууллага нь ашиглалтын хугацаа дууссан гэж үзээд бидэнд худалдан борлуулж үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ үлдэг өртөг тэг гэж тэмдэглэсэн гэж ойлгож байгаа. Үндсэн хөрөнгийг данснаас хасахад уг үндсэн хөрөнгийн болон түүний сөрөг тохируулах дансыг үлдэгдэлгүй болгох ёстой. Тэгээд ч тухайн байгууллага үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ үлдэгдэлгүй буюу үндсэн хөрөнгөболох багажны сарайнуудыг анхны өртгөө ашиглалтын хугацаанд элэгдлээрээ нөхсөн гэж үзээд 1995 оны 09 дүгээр сард буюу 39 жилийн дараа худалдсан байх бөгөөд үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ хасалт хийлгүй орхигдуулсан байна. Учир нь тухайн үед багаж болон сарайнуудыг худалдсанаас хойш ***-ын харъяа Сайншанд дахь Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд суман дахь 11 дүгээр хэсгийн үе үеийн дарга удирдлагууд нь багажны сарайнуудыг чөлөөлүүлэх талаар мөн манай өмч хөрөнгө гэж ганц ч удаа шаардлага тавьж маргаан үүсгэж байгаагүй. Тэгээд ч анх дээр дурьдсан граж, багажны сарайнуудыг бидний аав Ч.Б нь 1995 онд 100000 төгрөгөөр худалдан авч цалингаасаа суутгуулсан нь Захиргааны хэргийн шүүх хуралд гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа.

Иймд Сайншанд суман дахь ***-ын харъяа Замын 4 дүгээр анги нь худалдан борлуулсан гэх багажны сарайнуудын талаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байх тул иргэн миний худалдан авсан багажны сарайнуудын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч Д.Э нь ***-ын Замын 4 дүгээр ангийн харъяа Замын 11-р хэсгийн граж, багажны сарайнуудыг 1995.09 дүгээр сард 100000 төгрөгөөр худалдан авч, 1995 оноос хойш тасралтгүй ашиглаж байна гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэтэл уг хөрөнгө нь дурдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл Замын 4-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа бөгөөд Замын 11-р хэсгийн Эд хариуцагч буюу мастерийн мэдэлд бүртгэгдсээр ирсэн. 1998 он хүртэл Замын 11-р хэсгийн ажилтнууд тус сарайнд багаж, хэрэгслээ хадгалдаг, өглөө бүр ажилтнууд зааварчилгаа авч ажилдаа гардаг байсан тул нэхэмжлэгчийн тавьж буй шаардлага үндэслэлгүй юм.

2. ***-ын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж, ****** нийгэмлэгийн дүрэмийн 17 дугаар зүйлийн “д”-д заасны дагуу *** нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Уг хурлаас зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасагддаг. 1968 онд батлагдсан Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн *** нийгэмлэгийн дүрэмийн 17-р зүйлд “Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ”, 17-р зүйлийн “д”-д “хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шидйвэрүүдийг гаргана”, мөн дүрмийн 22-р зүйлийн “в”-д “...тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл энэхүү маргаан бүхий хөрөнгийг акталсан протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй болно.

3. Мөн 1998 оныг хүртэл уг багажны сарайг Замын 11-р хэсгийн замын багаж техникийг хадгалахад болон Замчид, бусад ажилтнууд зааварчилгаа авах зориулалтаар ашиглаж байгаад 1998 онд шинээр базоклоткийн байр  баригдсанаар ашиглахаа больсон тул Ч.Б нь уг барилгыг 1995 онд худалдан авч Д.Э тэр үеэс хойш ашиглаж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад дутагдалтай зарим зүйл байна. Тухайлбал Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоот албан бичгээр өртөөний орлогч дарга Ш.Б “...Замын-Үүд өртөөнөөс зам сум тал руугаа 100 гаруй метрийн зайд  баригдаж байгаа бетонон хашаа бүхий барилга нь ***-ын 11-р ангийн үндсэн хөрөнгөөс хасагдсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байна. Замын-Үүд өртөө, замын 4-р анги нь ***-ын бие даасан салбар байгууллагууд бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгө нь ***-ын Замын 4-р ангийн үндсэн хөрөнгө юм. Мөн Замын 11-р анги гэдэг байгууллага ***-д байхгүй. Ш.Баас энэ талаар тодруулахад Б.Т нь Замын-Үүд өртөөний жолооч бөгөөд өөрөө гуйж энэ албан бичгийг бичиж гарын үсэг зуруулсан. Өөр ямар нэг баримт бүртгэлд үндэслэж уг бичгийг бичээгүй гэж тайлбарласан. Мөн 2001.03.08-ны 40/15 тоот албан бичигт: Багажны сарай, гражийг Ч.Бад шилжүүлсэн тухай албан бичигт тухайн үеийн дарга С.Г, Ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг биш байх тул нотлох баримтыг дээрх байдлаар хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг үүсгэж байна. 

5. Нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийн бүртгэлийн алдаа, буруутай бүртгэгдсэн талаарх мэдээллүүд нь маргаан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолгүй гэж үзэж байна.

Ч.Бийн 1995 онд худалдан авч, 20 жил ашигласан гэх багажны сарайг 1998 он хүртэл ***-ын Замын 4-р ангийн харъяа Замын 11-р хэсэг ашиглаж байсан. Мөн Ч.Бад уг хөрөнгийг шилжүүлсэн, худалдсан гэрээ баримт бичиг байхгүй, эд хөрөнгийн бүртгэлээс хасаж актлахыг зөвшөөрсөн *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Замын даргын шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Д.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч ***д холбогдох багажны сарайнуудын өмчлөх эрх сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсагт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэч Д.Э давж заалдсан гомдолдоо: ... Шүүхийн үндэслэл болгоод байгаа *** нийгэмлэгийн дүрэм нь хэрэгт авагдаагүй байх ба хэдэн оны хэдэнд батлагдсан  ямар дүрмийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу 2015.05.01-ний өдөр дээрх дүрэм, протоколыг үндэслээд гаргасан ***-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурлаас хэлэлцээд гаргасан шийдвэр, зөвшөөрлийг үндэслээд “Санхүү алба”-ны даргын гаргасан шийдвэр, тус ангийн граш, багажны сарайнуудыг үндсэн хөрөнгөнөөс хасаж худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн актыг нотлох баримтаар хэрэгт авахуулах хүсэлт гаргаж шүүх 2015.05.05-ны өдөр 314 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч талаас гаргуулхаар даалгасан боловч хариуцагч тал гаргаж өгөөгүй.

Үндэслэх хэсэгт уг сарайнууд нь одоог хүртэл ***-ын өмч бөгөөд үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтанд бүртгэлтэй болох нь тогтоогдсон хасагдаагүй гэжээ. Гэтэл хх-21-р хуудсанд хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн үндсэн хөрөнгийн он тодорхой бус эд хогшлын ¹, анхны үнэ зэргийг баллаж зассан,  мөн засварыг хэзээ хийсэн нь тодорхойгүй, засвар оруулсан хурлын тэмдэглэл, комиссын шийдвэр, эд хүлээлцэгчийн гарын үсэг байхгүй. Тэгээд ч засвар хийсэн нь хх-70-73-р хуудаснуудад авагдсан 2015.05.22-ны 014 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.  Үндсэн хөрөнгийн тооллогыг хийлгүй 1989-2002 он хүртэл бүхэл бүтэн 13 жил өнгөрсний дараа 2002 онд бүртгэсэн.  Нэхэмжлэгчийн зүгээс хх-6-р хуудсанд ***-ын Замын 4 дүгээр анги 2001.03.08-ны 40/13 тоот, гэрч Ч.Бын мэдүүлсэн мэдүүлэг, 2001.03.08-ны 40/13 тоот, ерөнхий нягтлан бодогч байсан гэрч Г.Энхтөрийн мэдүүлэг, гэрч Ч.Хгийн мэдүүлэг, Б.Эийн өгсөн мэдүүлэг, Цийн мэдүүлэг, М.Тын мэдүүлэг, гэрч Тийн мэдүүлэг, Гансүрэнгийн мэдүүлэг, 1999.06-2008.10 сар хүртэл ***-ын Замын 4-р ангийн орлогч дарга хийж байсан гэрч Оргодолын мэдүүлэг зэрэг баримтыг гаргаж, багажны сарайнуудыг худалдан авснаа нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс өмчлөх эрхээ бүртгүүлэх гэж Дорноговь аймгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж байсан улмаар   Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өмчлөх эрхээ бүртгүүлэх боломж байгаагүй нь 2014.05.20-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ бүртгүүлэх талаар санаачлага гаргасан эсэх нь тодорхойгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн тоосгоор өрж барьсан 1 хаалгатай багажны сарай буюу шатах тослох материалын агуулахын хувьд угаасаа тус ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байхгүй бүртгэгдээгүй байх ба байхгүй байгаа объектийг шүүх яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Энэ олон жилийн хугацаанд ***-ын Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд сум дахь 11 дүгээр хэсгийн дарга удирдлага, мастерууд нэг ч удаа багажны сарайнуудын өмчлөх эрхийн талаар болон чөлөөлүүлэх талаар маргаан гаргаж байгаагүй, харин Замын-Үүд сумын Газрын албанаас газрын зөвшөөрөлгүй буулга гэсэн шаардлага тавьдаг байсан. 2001 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан ***-ын Замын 4 дүгээр анги ямар ч хараа хяналтгүй бүхэл бүтэн 3 объектоо зарж борлуулчихаад бүхэл бүтэн 20 жил мэдэлгүй явсан гэвэл ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүхэд 2015.05.19-ний өдрийн 58/32 тоотод заасан нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй. Мөн тус ангийн дарга нь тухайн сарайны газар нь хэрэгтэй гээд яриад явж байсныг гэрчлэх хүмүүс байгааг дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Хамгийн гол тус сарайнуудын газарт нь санаархаж үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байгаа модон 1956 онд орсон сарай гэж маргаан үүсгэн, зарсан сарайгаа буцаан дээрэмдэж байгаа нь үнэхээр байж боломгүй зүйл бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Эд уг багажны сарайг өмчлөх эрх анхнаасаа үүсээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Э уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, өмчлөлдөө шилжүүлж авсан гэх нэг ч нотлох баримт байдаггүй. 1995 онд нэхэмжлэгчийн хадам аав Ч.Б худалдаж авсан гэх боловч Ч.Б багажны сарайг худалдаж авсан мөн Д.Эд өмчлөх эрхийг нь шилжүүлсэн тухай нотлох баримтууд огт байдаггүй. Уг хөрөнгө нь дурьдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл Замын 4-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа. ***-ын төв архиваас шүүж үзэхэд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлсэн тушаал шийдвэр, ямар ч баримт гарч ирээгүй болно. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтад Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоот албан бичгээр өртөөний орлогч дарга Ш.Б нь “Замын-Үүд өртөөнөөс зам сум тал руугаа 100 гаруй метрийн зайд баригдаж байгаа бетонон хашаа бүхий барилга нь ***ын 11-р ангийн үндсэн хөрөнгөөс хасагдсан нь үнэн болно” гэж тодорхойлсон ба  Замын-Үүд өртөө, Замын 4-р анги нь ***-ын бие даасан салбар байгууллагууд бөгөөд аль нэг нь бие биенийхээ хөрөнгө бүртгэлийг мэдэж шийдвэрлэхгүй бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгө нь ***-ын Замын 4-р ангийн үндсэн хөрөнгө учир түүнтэй холбоотой тодорхойлолт, бусад баримтыг зөвхөн замын 4-р анги санхүүгийн баримтанд тулгуурлан гаргаж өгдөг. Энэ талаар Ш.Баас тодруулахад Б.Т өөрөө гуйж энэ албан бичгийг бичиж гарын үсэг зуруулсан. Өөр ямар нэг баримт бүртгэлд үндэслэж уг бичгийг үйлдээгүй гэж тайлбарласан нь түүнийг гэрчээр асуусан тайлбарт тодорхой бичигдсэн. Мөн 2001.03.08-ны 40/15 тоот албан бичигт: “Багажны сарай, гражийг Ч.Бад шилжүүлсэн тухай албан бичигт тухайн үеийн дарга С.Г, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг биш байх тул нотлох баримтыг дээрх байдлаар хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг үүсгэж байна. Давж заалдах гомдолд дурьдсан эд хөрөнгийн бүртгэлийн алдаа, буруутай бүртгэгдсэн талаарх мэдээлэл, гэрчийн мэдүүлгүүд нь маргаан шийдвэрлэхэд эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж гэж үзэж байна. Ч.Бад уг хөрөнгийг худалдаж шилжүүлсэн гэрээ, баримт бичиг байхгүй, эд хөрөнгийн бүртгэлээс хасаж актлахыг зөвшөөрсөн *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Замын даргын шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа Э өөрөө жинхэнэ өмчлөгч мөн эсэх дээр эргэлзээтэй. Тухайн өмчийг Б нь худалдаж авсан талаар нотлох баримт байхгүй. Энэ хөрөнгө нь өнөөдрийг хүртэл ***ын үндсэн хөрөнгө дээр бүртгэлтэй, сарай нь үндсэн хөрөнгийн жагсаалтаас хасагдаагүй явж байгаа учраас тус байгууллагын өмч юм. Энэ сарайнд 11-р хэсгийн  ажилчид багаж хэрэгслээ хийж, хадгалж, өглөө бүр ажилдаа гарахдаа багаж хэрэгслээ уг сарайнаас авч гардаг байсан гэсэн баримт байгаа.  1998 оноос шинэ байр баригдаж энэ сарай ашиглагдахаа больсон нь зөвхөн замын 4-р ангид бүртгэлтэй байснаас биш акт тавигдаад акталсан зүйл байхгүй. 2013 онд төмөр замын үндсэн хөрөнгийг шинэчлэн гаргасан бүртгэл дээр уг сарай нь бүртгэлтэйгээр гарч ирсэн байгаа. Актлах журам нь ерөнхий хорооны хурлын шийдвэрээр шийдэгддэг, үүн дээр актлахаар тогтоосон баримт байхгүй байгаа.  Анги удирдсан албан тушаалтнуудын шийддэг эрх хэмжээний асуудал биш юм. Ашиглагдахгүйгээр байж байсан байр, гэхдээ эдгээр хүмүүсийг хэрэглээд явж байсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үнэлж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.      

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч ******д холбогдуулан багажны сарайны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ ***ын 4 дүгээр ангийн даргын 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичиг /хх-06/, ***ын Замын-Үүд өртөөний орлогч даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 52/158 тоот албан бичиг /хх-09/ зэрэг бичмэл нотлох баримтанд үндэслэжээ.

Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан бүхий эд хөрөнгө нь ***-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Ч.Бад шилжүүлсэн гэрээ, баримт бичиг байхгүй, эд хөрөнгийг бүртгэлээс хасаж актлахыг зөвшөөрсөн *** хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Замын даргын шийдвэр гараагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Э эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Түүний гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх  нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэйг болон нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий эд хөрөнгийг  1995 оны 09 дүгээр сард аав Ч.Б 100000 төгрөгөөр худалдан авсан гэж дурдсан, мөн түүний нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж гаргасан ***ын 4 дүгээр ангийн даргын 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичигт багажны сарайг Б.Т, Д.Э нар худалдан авсан гэж тэмдэглэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ч.Б, Б.Т нар нь нэхэмжлэгч Д.Этай ямар хамааралтай болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчид тэдний итгэмжлэл олгогдоогүй байхад нэхэмжлэгч нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Э нь Ч.Б, Б.Т нарын өмнөөс уг маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх, эсхүл өөрийн өмчлөх эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй буюу анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Э нь жинхэнэ нэхэмжлэгч мөн эсэх нь эргэлзээтэй байхад уг байдлыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нийцээгүй гэж үзнэ.

Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй болох нь тогтоогдвол шүүх түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгох учиртай боловч хуульд жинхэнэ нэхэмжлэгчээр солих боломжийг шүүхэд олгосон ба дээрх хуульд зааснаар энэхүү ажиллагааг шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрсөнөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр сольж болох юм.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “ ... шүүх ... түүний зөвшөөрснөөр ... жинхэнэ нэхэмжлэгчээр ... сольж болно”, 28.2-т “ нэхэмжлэгч өөрийгөө өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бөгөөд... “ гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргахаас гадна шүүхэд бас хамааралтай ажиллагаа гэж ойлгогдоно.

Иймд энэ нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Нэгэнт анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгч Д.Эгийн “анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй ба гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй болно.               

Гэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг зөрчихгүй гэж үзлээ.