Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 448

 

 

 

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0448

Улаанбаатар хот

                                                  А.Ч-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, А.Ч-ийн нэхэмжлэлтэй, Ч.Д.Н.Д.Х.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч-ийн “Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дугаартай шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасныг баримтлан миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

А.Ч миний бие нь Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр албан өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад хэлтсийн дарга Н.А орж ирээд чи согтуу байна, үнэртүүл гэхэд нь би “Салимон” гэдэг дархлаа сэргээх спиртийн 30 хувийн агууламжтай хандмал хэрэглэсэн юм гэж хэлсэн.

 Удахгүй 2 цагдаа ирж багаж гаргаж ирээд үлээ гэсэн. Үлээхэд 0,09% гарч ирсэн бөгөөд, цагдаа нь энэ бол эм байж болно гэсэн.

Тэгээд намайг Ёс зүйн хороогоор оруулна, зөрчил гаргасан гэж хэлсэн бөгөөд “Ёс зүйн зөвлөл” хуралдсан гэх боловч “Ёс зүйн зөвлөл”-өөс надад хариу ирүүлээгүй, даргын тушаалаар арга хэмжээ авсан талаар мэдэгдэж, “Ёс зүйн зөвлөл”-ийн тогтоолыг танилцуулахгүй гэсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дугаартай тушаалыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргээс шаардаж байж авсан.

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дугаартай даргын тушаалтай танилцахад ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан тул тушаалд гомдол гаргасан.

Тушаалын Үндэслэх хэсэгт баримталсан … Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэл болгох боломжгүй юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн, даатгалын хэлтсийн дарга нь дээрх хуулийн заалтыг баримтлах ямар ч эрх зүйн үндэслэлгүй. Энэ хуулийн заалт нь зөвхөн Агентлагийн дарга тушаал гаргахад хэрэглэх заалт.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар А.Ч надад “Ёс зүйн зөвлөл”-өөс гарсан “тогтоол”-ыг танилцуулах ёстой боловч танилцуулаагүй.

Хэлтсийн  “Ёс зүйн зөвлөл”-ийн 1 дүгээр тогтоол нь ямар шалгалтын үр дүнг үндэслэл болгож гаргасан нь тодорхойгүй байдаг.

Миний гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой боловч хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

Сонсох ажиллагааны зорилго нь тухайн захиргааны актыг батлан гаргахын өмнө шийдвэр гаргах ажиллагаанд эрх нь хөндөгдөж байгаа албан хаагчдыг оролцуулах, оролцоог хангах замаар албан хаагчид тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлын талаар дахин шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах, дутуу судалсан алдааг залруулах зэрэг үр дагаврыг агуулах бөгөөд эцсийн дүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад чиглэгдэх ёстой.

2. Шүүхийн шийдвэрт “…А.Ч нь хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй  боловч хэлтсийн даргатай маргалдаж, зүй бус авирлан байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэл гаргасан талаар хариуцагчаас нотлох баримт ирүүлсэн нь …..2019 оны 07 дугаар сарын 16–ны өдрийн Б/71 дүгээр тушаал нь хуульд нийцсэн байна.

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/91 дугаартай албан бичгүүдээр А.Ч нь миний гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлан ажиллана уу гэсэн хариуг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргад хариуг явуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” 2 дугаар зүйлийн 4.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийн шинж байдал үр дагавар, гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцон Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын хэлбэрийг сонгон ногдуулах бөгөөд ёс зүйн зөрчил үү, эсхүл Төрийн албаны тухай хуулиар ногдуулах сахилгын хариуцлага уу гэдгийг тогтоож шийдвэр гаргах нь чухал юм.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж миний хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ёс зүйн зөвлөл нь надад сахилгын шийтгэл ногдуулахдаа хэт нэг талыг баримтлан тушаал гаргасан.

Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын албан бичгүүдэд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг гаргахдаа Шинрай төслийн мэргэжилтэн Т.Ё болон орчуулагч Б.Э, Хүний нөөцийн мэргэжилтэн Ч.У нарын гаргасан тайлбарыг үндэслэсэн гэх боловч дээрх нэр бүхий төслийн ажилтан нар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тайлбар гаргаж өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлын тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулна” гэж заасныг зөрчсөн ба тухайн үед тушаал гарах үед байгаагүй тайлбарыг нөхөн хийж шүүхэд гаргаж өгсөн нь харагдаж байна.

Миний бие нь тухайн гомдлыг гаргаж байхад Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт манай хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 542 дугаар албан бичгээр 22 хуудас нотлох баримтыг хүргүүлсэн бөгөөд тус хүргүүлсэн нотлох баримтад төслийн мэргэжилтэн Т.Ё болон орчуулагч Б.Э, Г.Г, Ч.У нарын тайлбар байхгүй байсан.

2. Мөн тушаалд “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баримталсан бөгөөд Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 07 дугаар сарын хэдний өдрийн хэд дугаар тушаалаар баталсан нь тодорхойгүй. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын “хяналт шалгалт” гэх 10 дугаар хэсгийн 10.3, 10.3.4 заалтыг үндэслэл болгосон боловч “Хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3 дугаар хэсэг гэж 2 заалт давхардаж бичигдсэн.

Алийг нь баримталсан нь тодорхойгүй. “Хөдөлмөрийн дотоод журам”-д 10.3.4 дүгээр гэж огт байхгүй заалт үндэслэл болгосон байдаг.

Шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.1, 11.1.2, 5.2.12, 5.4.7, 10.3.4 заалтыг баримталсан гэх утгатай зүйлийг Үндэслэх хэсэгтээ бичсэн боловч 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалд  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.1, 5.2.6, 10.3.4 дэх зүйлүүдийг баримталсан байна.

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаал нь Байгууллагын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”, 2019 оны 07 дугаар сарын хэдний өдрийн хэд дугаар тушаалаар баталсан нь тодорхойгүй.

Энэ талаар Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/208, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01/91 дугаартай албан бичгүүдээр тодорхой дурдсан байгаа болно. Яагаад шүүх илтэд хууль зүйн үндэслэлгүй, алдаатай гаргасан тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Ч-гээс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхилоо. 

Нэхэмжлэгчээс “Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/33 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д-гаас “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цалин, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 273 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон гэж үзэхээр байна.

Маргаан бүхий Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар хяналт шалгалтын байцаагч А.Ч нь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэн, танхайрч, бусдыг хэл амаар доромжилж, зүй бусаар авирласан зөрчил гаргасан гэж үзээд 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Ч.Д.Н.Д.Х.Д-ын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.1-д “Хэлтсийн дарга нь хууль, тогтоомжид нийцүүлэн хэлтсийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал шийдвэр гаргана”, 5.2.6-д “...архидан согтууруулах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль журмыг чанд мөрдөн хэрэгжүүлж ажиллах”, 10.3-д “Хэлтсийн ажлын байранд дараах зүйлийг хориглоно”, 10.3.4-д “Ажлын байранд танхайрах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах” гэж тус тус заажээ.

Мөн 5.2.1-д “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн албанд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг чанд сахина”, 5.2.12-д “Албан үүргээ гүйцэтгэхдээ ... хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн нэр, төр, ажил хэргийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандана”, 11.1-д “Хориглосон хэм хэмжээг зөрчсөн, 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдал, ... зэргийг харгалзан ажилтанд дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 11.1.2-т “Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтуудаас үзвэл уг “Хөдөлмөрийн дотоод журам”-аар хэлтсийн хэвийн, жигд үйл ажиллагааг хангах, захиргаа, ажилтны эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахиж хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь мөн журмыг болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь Бичиг хэрэг, дотоод хяналтын мэргэжилтэн Г.Г-гийн Ёс зүйн зөвлөлд гаргасан тайлбар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Ёс зүйн зөвлөл”-ийн хурлын тэмдэглэл, гэрч Ч.Ч.Э-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25Т/4111 дугаар албан бичгээр “...А.Ч-г согтолтын зэрэг тогтоогч тандагч, драгер багажаар шалгахад 0,09 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон, ... хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд цагдаагийн байгууллага дүгнэлт гаргадаггүй болохыг мэдэгдье” гэснийг нэхэмжлэгчийг архи, согтууруулах ундаа хэрэглээгүй гэж шууд үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь тухайн үед уг маргааныг таслахаар цусны шинжилгээ өгөх эсхүл Салимон хэрэглэсэн эсэхээ нотлох бүрэн боломжтой байхад Хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Э-ийн тавьсан “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор цусны шинжилгээ өгөх тухай” шаардлагыг биелүүлээгүй тул түүнийг хүчлэх, албадлагын арга хэмжээ авах боломжгүй бөгөөд хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлага тавьж, анхааруулсан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн болон Бичиг хэрэг, дотоод хяналтын мэргэжилтэн Г.Г-гийн Ёс зүйн зөвлөлд гаргасан тайлбар, Ёс зүйн хорооны тэмдэглэл, гэрч Ч.Э-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд маргаан бүхий тушаалын үндэслэл болсон “... танхайрч, бусдыг хэл амаар доромжилж зүй бусаар авирласан” гэх үйлдлийг үгүйсгэх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Н.А-гаас өөрт холбогдуулан гаргасан гомдолтой холбоотой асуудлаар  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хуралд биечлэн оролцож тайлбар, мэдүүлгээ өгчээ.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон гэж үзэхээр байх тул түүний “...Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар А.Ч надад “Ёс зүйн зөвлөл”-өөс гарсан “тогтоол”-ыг танилцуулах ёстой боловч танилцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Ёс зүйн зөвлөлөөс төрийн албан хаагчийн биеэ авч яваа байдал, хамт олон, бусадтай харилцах байдал зэргийг харгалзан нэхэмжлэгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндөөгүй буюу эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий Б/71 дүгээр тушаалыг гаргаснаар нэхэмжлэгчид үр дагавар бий болсон байна.

Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.16-д зааснаар ажилтан, албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хэлтсийн даргын тушаалаар шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн “...тушаалын Үндэслэх хэсэгт баримталсан … Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэл болгох боломжгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ч.Д.Н.Д.Х.Д-ын Б/71 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.2-т “Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч А.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ алдаа гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан буюу “...цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 274 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “...цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн да атгалыг нөхөн төлүүлэх” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

 

                   ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

 

                   ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН