Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01324

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 03 өдөр                    Дугаар 142/ШШ2016/01324                       Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-3-27 тоотод оршин суух Сүүлэнхэн овгийн Чимэдийн Галмандахын /регистрийн дугаар ХЛ61062009/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Галмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, О.Бадамжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Галмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Галмандах би 1992 оноос хойш тус компанид 23 жил тасралтгүй ажиллаж байна. Ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б\63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав- хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиолцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг \1 105 000-1 088 900=16 100 төгрөгөөр бууруулсан. Намайг энэ ажилд орсоноос хойш цалин 2 удаа нэмэгдсэн байхад миний цалинг нэмэхийн оронд бүр хассан. Би энэ талаархи гомдлоо компанийн захиргаанд удаа дараа гаргсан боловч хариу ирүүлээгүйн дээр миний ажиллаж буй нийтийн хоолны хэсгийн дарга Б.Баяраагаас Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч, хуулийн хэлтэст албан бичиг явуулсан боловч мөн өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А\745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01ны өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А\54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчидын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлдчлээгүй.1 326 000х 10%=132 600\ төгрөг. Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмвэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм. Би сар бүр 1 458 600 төгрөгөө авч чадахгүй алдагдалд орж байна. Миний асуудлыг шийдвэрлэхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 07ны өдөр хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр Ч.Галмандахын цалин хөлс бууруулсан гомдлыг хэлэлцээд хоёр тал санал тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болно. Мөн комиссын шийдвэрийг надад өгөхгүй би захиргааны хүний нөөцийн менежир Д.Алтангэрэлээс болон Үйлдвэрний эвлэлийн Холбооноос асууж сураглан комиссын хурлын тэмдэглэлийг 2015 оны 11 дүгээр сарын 07ны өдөр олж авсан. Комиссын хурлын тэмдэглэлийн дагуу яман нэгэн шийдвэр гардаг эсэхийг хүний нөөцийн менежир Д.Алтангэрэлээс асуухад комиссын хурлаас ямар нэгэн шийдвэр гарахгүй, цалин хөлс урамшууллын хэлтэст өгч миний хохирлыг барагдуулах байх гэж миний бие тодорхо хугацаанд харж хүлээсэн боловч ямар ч өөрчлөлт гарсангүй. Миний цалин хөлсийг үндэслэлгүйгээр хасаж, дээрээс нь нэмэгдүүлсэн цалин өгөхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс дээр 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл зэргийг нягтлан тооцож надад нөхөн олгуулж, хохирлыг бүрэн барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие “Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдуулан цалин хөлсний дутуу, нэмэгдүүлсэн цалин хөлсанд нийт 10 396 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо 3 396 300 төгрөгөөр нэмэгдүүлж байна, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ миний бие “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 13 797 757 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулснаас хойш 6 сар өнгөрсөн тул хохирлын хэмжээ өссөн тул шаардлагаа 2 014 560 төгрөгөөр нэхэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбартаа: Тус компанийн Нийтийн хоолны хэсэгт мөнгөний няряв, хүний нөөцийн менежер Ч.Галмандах нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний зөрүү нийт 15.812.317 төгрөг болгон анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилжээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Галмандах нь үндсэн цалинг бууруулан олгосныг 2012 оны 1 сарын цалин олгосон өдрөөс хойш мэдэх бүрэн боломжтой байсан. Учир нь бүх ажилтан өөрийн цалин хөлсний олголт болон бусад тооцоог цахим хэлбэрээр хянаж, шаардлагатай бол хэвлэн авах боломжоор хангагдсан байдаг. Түүний цалинг тус хэсгийн мөнгөний няравын дээд хязгаар 990 000 төгрөгөөр тооцон ажил олгогч олгохдоо өмнө авч байсан цалин хөлсийг дордуулахгүйн тулд хавсран ажилласны нэмэгдэл хөлс 336 000 төгрөгийг сар бүр 2013 оны 1-р сарыг дуустал олгож байснаар түүний цалин хөлс 1 546 000 төгрөг болж нэмэгдсэн үеийн авч байсан цалин хөлсний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор цалин хөлстэй холбоотой гомдлыг Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах ёстой боловч Хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид ХМТК гэх/ түүний гаргасан гомдлын хэмжээнд хянан үзээд 2015.09.07-ны өдрийн шийдвэрг хөдөлмөрийн гэрээнд заасан 1105000 төгрөгийн үндсэн цалинг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Ч.Галмандах ХМТК-ийн шийдвэрийг 2015.11.07-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл тэрээр ИХШХШТХуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж гомдол гаргаагүй байгаа нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Шийдвэрийн хурлын тэмдэглэлд Ч.Галмандах гомдлын шаардлагаа тайлбарлахдаа: Одоо авч байгаа цалин 1088900 төгрөг байгаа. 1105000 төгрөг хүрэхгүй. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгээгүй байгаа. Энэ гэрээний цалингаа ч авч чадахгүй байна. Түүнээс биш өөр өндөр цалин хүсээгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг бөгөөд түүний гаргасан гомдлын хүрээнд ХМТК шийдвэрлэсэн гэж үзэж байна. Компани ХМТК шийдвэрийг хүлээн зөвшөөрч түүнд үндсэн цалингийн зөрүүг олгох болно.Ч.Галмандах нь ХМТК-ийн дээрх шийдвэрт гомдол гаргаагүй байхад одоо нэхэмжлээд байгаа 15.812.317 төгрөгийг шүүх шууд авч шийдвэрлэх нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх тухай заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа компаний ХМТК-т хандан шийдвэрлүүлсний дараа гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх үүсэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Галмандах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан 2 талын хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлс, 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Галмандах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:” ...Ерөнхий захирлын 2011 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн Б\63 дугаар тушаалаар нийтийн хоолны хэсгийн нярав- хүний нөөцийн менежерээр ажиллаж, сард 1 105 000 төгрөгийн цалинг сар бүр авч байхаар тохиолцсон. Гэтэл 2013 оны 02 дугаар сараас эхлээд миний цалинг \1 105 000-1 088 900 / 16 100 төгрөгөөр бууруулсан.Мөн Ерөнхий захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А\745 дугаар тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ тушаалаар миний цалин 221 000 төгрөгөөр нэмэгдэж би сар бүр 1 326 000 төгрөгийн цалин авах учиртай болсон. Мөн Ерөнхий захирлын 2013 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А\54 дугаар тушаалаар үндсэн цалинг дахин 10 хувиар нэмсэн. Бүх ажилчидын цалин нэмэгдэж байхад миний цалинг хасаж, энэ нэмэгдэл ч мөн надад үйлчлээгүй. Би авах ёстой 1 326 000 төгрөг дээрээ сүүлд нэмэгдсэн 10% болох 132 600 төгрөгөө нэмвэл 1 458 600 төгрөг авах учиртай байгаа юм.Одоо би 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн зөрүү, нэмэгдэл нийт 15 762 460 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК татгалзалын үндэслэлээ: ”...Ч.Галмандах хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахдаа зөвхөн үндсэн цалингаа дутуу авч байна гэж хандсан байсан.Үүнийг комисс хянаад гэрээнд заасан цалинг олгох нь зүйтэй гэж өөрийнх нь хүссэний дагуу шийдвэрлэсэн. Гэтэл хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч одоо шүүхэд хандаж байгаа асуудлаа эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээд комиссийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах ёстой байсан.Тиймээс шүүх шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “...шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа.Шүүх нэхэмжлэлийг үндэстэй гэж дүгнэвэл 708 400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасан.

Ч.Галмандах 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 тоот тушаалаар нийтийн хоолны хэсгийн мөнгөний нярав, хүний нөөцийн менежерээр томилогдон улмаар ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн цалинг 1 105 000 төгрөгөөр тохиролцсон болох нь 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2/26 тоот хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон үндсэн цалингаа дутуу олгож байна, үндсэн цалин дутуу олгосноос бусад нэмэгдэл, амралтын мөнгө, урамшуулал дутуу олгогдсон гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсаны дагуу маргаан таслах комиссоос 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “...хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалинг үндэслэлгүйгээр бүтэн олгохгүй байгаа нь буруу.Хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг нь олгоё” гэсэн шийдвэр гарсан байна.

Хариуцагч “...нэхэмжлэгч маргаан таслах комисст хандахдаа зөвхөн үндсэн цалинг дутуу олгосон гэсэн үндэслэлээр хандсан.Өнөөдрийн шүүхэд хандсан 2 удаагийн үндсэн цалингийн нэмэгдэл, цалин хөлсийг дутуу бодож олгосноос болж бусад үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын дутуу тооцогдсон нэмэгдэл зэргийг олгоогүй гэсэн үндэслэлээр маргаан таслах комисст хандаагүй. Энэ асуудлаар маргаан таслах комисст хандсаны дараа комиссийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах боломжтой” гэсэн тайлбар гаргаж байгаа.

Гэвч Ч.Галмандахын 2014 оны 06 дугаар сарын 09-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн нийтийн хоолны хэсгийн дарга Б.Баяраа, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарт хандаж гаргасан өргөдөлүүдээс Ч.Галмандах цалин хөлс, бусад нэмэгдэлийг дутуу олгож байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авсанаас хойш 2016 оны 12 дугаар сард шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчөөгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно 21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр; 21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; 21.1.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; 21.1.4.хөдөлмөрийн нөхцөл гэж заасан.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Галмандахын цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээнээс бууруулан олгосон талаархи нэхэмжлэлийг хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д заасан ажилтны нэхэмжлэл гэж үзэж шүүх шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх “Лэндс ХХК”-ийн Орхон салбарыг шинжээчээр томилсон ба хариуцагч нар тухайн компанийг шинжээчээр томилох тухайд маргаагүй, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж тайлбарласан боловч яагаад үндэслэлгүй гэж байгаа нь тодорхойгүй, тайлбартайгаа холбоотой нотлох баримт ирүүлээгүй.

Мэргэжлийн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчний гаргасан дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Лэндс ХХК”-ийн Орхон салбарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2013 оны 02 дугаар сараас дүгнэлт гаргасан 2015 оны 03 сар хүртэлх хугацааны цалин, нэмэгдэл, урамшууллын зөрүү нийт 12 926 555 төгрөгийг хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн ажиллах ёстой цаг, ажилласан цаг тодорхойгүй, нотлох баримтгүй тул цалин, бусад нэмэгдэлийн зөрүүг тооцох боломжгүй гэж үзэж 2 835 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-с 221 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

        Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иас 12 926 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Галмандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 835 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Галмандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-с 221 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Галмандахад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА