Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00073

 

 

Ч.Э, Н.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаар магадлалтай,

Ч.Э, Н.М нарын нэхэмжлэлтэй

 Завхан аймгийн “У С З Д Т Г”-т холбогдох

20171 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10, Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Э, Н.М нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Э миний бие 1985 онд төрсөн. 2007 онд Монгол улсын Их сургуулийн Завхан аймаг дахь эдийн засгийн салбар сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2014 оноос 2017 оны 01-р сарын 16-ны өдрийг хүртэл Улиастай сумын Чигэстэй багийн Хөгжлийн нийгмийн ажилтнаар ажилласан. Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М нь 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас халсан. Завхан аймгийн 2017 оны баталсан төсөв Улиастай сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтны орон тоо 21-р тогтоол баталж миний орон тоо, цалингийн сан батлагдсан байтал Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар 2017 оныхоо бүтэц орон тоонд гэрээт ажилчдын тоог 15 болгон өөрчилсөн нь аймгийн хэмжээнд баталсан төсвийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд намай гчөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налгар овогтой Н.М миний бие 1988 онд төрсөн. 2010 онд Монголын үндсэний дээд сургуулийг хууль эрх зүйч мэргэжлээр төгссөн. Улиастай сумын Товцог багийн Хөгжлийн нийгмийн ажилтнаар 2013-2017 он хүртэл ажилласан төрийн албан хаагч юм. Гэтэл намайг Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М нь 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас халсан. Завхан аймгийн 2017 оны баталсан төсөв Улиастай сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтны орон тоо 21-р тогтоол баталж миний орон тоо, цалингийн сан батлагдсан байтал Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар 2017 оныхоо бүтэц орон тоонд гэрээт ажилчдын тоог 15 болгон өөрчилсөн нь аймгийн хэмжээнд баталсан төсвийг зөрчсөн буруутай үйлдэл гэж үзэж байна. Иймд намайг чөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.М даргын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.М анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улиастай сумуудын багийн ажлын бүтэц орон тоонд нийгмийн ажилтны орон тоо байхгүй, цалингийн санд багийн Засаг дарга, түшмэл гэсэн 2 орон тоо, цалин төсөвлөгдөж батлагдсан байдаг. Нийгмийн ажилтны албан ёсны орон тоо, цалингийн сан байхгүй тул тухайн жилийн цалингийн сан төсвийн байдалтай уялдуулан нийгмийн ажилтны ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж байсан. Багийн нийгмийн ажилтны орон тоо өмнө нь ч байгаагүй одоо ч байхгүй. Тиймээс Ч.Э нь 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс Чигэстэй багийн Нийгмийн ажилтнаар түр, 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан тушаалын цалингаар цалинжиж төсвийн байгууллагын зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн гэрээ байгуулж гэрээт ажилтан буюу хөлсөөр ажиллах гэрээний зарчмаар ажиллаж байсан. Ч.Эгийн хувийн хэрэгт 2016 онд хөдөлмөрийн харилцааг зохицуулах гэрээ, ямар нэгэн бичиг баримт байхгүй байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж Засгийн газрын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн 425 дугаар тогтоолын 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20 орон тоотой байх заалтыг үндэслэн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах саналыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол гарган дэмжиж Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах саналд Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг тусгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарт даалгасан. Үүний дагуу Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар 2016 оны 12-р сарын 02-ны өдрийн А/135 тоот захирамж гарган бүтэц орон тоог баталсан. Энэ бүтэц, орон тоогоор гэрээт ажилтны тоог 6-р цөөрүүлсэн. Захирамжийн дагуу гэрээт ажилтны тоог цөөрүүлсэн, гэрээний хугацаа дуусгавар болсон багийн ажлын албаны нийгмийн ажилтны ажил үүргийг гэрээгээр гүйцэтгэж байсан 6 хүнд 2016 оны 12-р сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон тухай албан мэдэгдлийг өгч Ч.Эг 2017 оны 01-р сарын 18-ны өдрөөр тасалбар болгон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас Ч.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болохыг үүгээр уламжилж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийдвэрээр Ч.Э, Н.М нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Мын 2017 оны 01-р сарын 16-ны өдрийн Б/10, Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улиастай сумын Чигэстэй болон Товцог багийн хөгжлийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 253 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын эхэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар гэж нэмж, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э, Н.М нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Э, Н.М нар хяналтын гомдолдоо: Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн 21 тоот магадлалтай 2017 оны 10-р сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Завхан аймгийн Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 35-р тогтоолыг үндэс болгон бидний нэхэмжлэлийг хүчингүй болгосон нь орон тоо төсвийг хийсвэрээр үнэлж шийдвэрлэсэн гэж ойлгож давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэстэй юм. 1.Давж заалдах шатны шүүх нь Завхан аймгийн Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12- дугаар сарын 01-ний өдрийн 35-р тогтоол; 2016 оны 12 дугаар сарын 02-ны удирдлагын зөвлөлийн хурлаар гаргасан санал зэрэгт үндэслэсэн асуудал нь эрх зүйн актын хувьд зөрчилтэй он, сар, өдөр зөрүүтэй байхад нотлох баримтанд авч үзсэн. 2. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газрын даргатай байгуулсан Ч.Э Н.М нарын хөдөлмөрийн гэрээний 5.3, 5.4 дэх заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэхүү баримтыг авч үзээгүй. Завхан аймгийн нутгийн захиргааны байгууллагын 2017 оны төсөвт Улиастай сумын засаг даргын тамгын газрын гэрээт ажилчид 21 байна гэж баталсан баримтыг нотариатаар баталгаажуулсан байхад нотлох баримтанд авч үзээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдсэн маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Завхан аймгийн “У С З Д Т Г”холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн Ч.Э, Н.М нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн байна.

            Нэхэмжлэгч нар “...Завхан аймгийн нутгийн захиргааны байгууллагын 2017 оны төсөвт Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын гэрээт ажилчид 21 байхыг баталсан байхад шүүх баримтын агуулгыг дүгнэж чадаагүй...ажил олгогч төсөв зөрчсөн шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн гомдлыг хяналтын журмаар гаргажээ.

Тухайн байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг ажил олгогч хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй байдаг тул төсвөөс хамаарч байгууллагын орон тоог тогтоох үндэслэлгүй ба хяналтын гомдолд дурдсан агуулгаар нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ч.Э нь Чигэстэй багийн хөгжлийн нийгмийн ажилтнаар, нэхэмжлэгч Н.М нь Товцог багийн хөгжлийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсныг ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Ч.Эг, Б/10 дугаартай тушаалаар Н.Мыг тус тус ажлаас чөлөөлжээ. Дээрх хоёр тушаалд адил үндэслэлийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, ...Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийг баримталжээ. 

            Нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаал “...багийн хөгжлийн нийгмийн ажилтан” нэршилтэй боловч энэ нь “гэрээт ажилчин” гэдэгт хамаарч байсан, сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар гэрээт ажилтны тоог цөөрүүлж 6 орон тоо хасагдсан асуудлаар зохигчид маргаагүй, харин орон тоог цөөрүүлэх үндэслэл бий эсэхийг маргасан байна.

            Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/135 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог хавсралтаар баталсан, уг хавсралтад зааснаар Улиастай сумын багийн ажлын албанд “багийн хөгжлийн нийгмийн ажилтан” орон тоо хасагдсан, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар ажил олгогч нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, орон тоо цөөрүүлсэн үндэслэл, ажил олгогчийн тушаалын талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй болно.

            Нэхэмжлэлийн үндэслэл нь орон тоог цөөрүүлэх үндэслэл байгаагүй гэсэн агуулгатай, энэ хүрээнд зохигчид мэтгэлцсэн тул шүүх зохигчдын анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар буюу орон тоог дахин бий болгосон талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.    

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР    

                   ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА