Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 01344

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 08 өдөр                        Дугаар 142/ШШ2016/01344                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 07 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Шарнууд овгийн Дүүжийгийн Нацагдоржийн /регистийн дугаар РН63122573/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Одод” цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нацагдорж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, гэрч Ш.Цогзолмаа, Р.Рина, Ц.Батхуяг, Э.Намсрай, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Одод цэцэрлэгт 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилд орсон. Одод цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэгтэй хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж аиллаж эхэлсэн. Энэ хугацаанд миний бие ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би улсад 23 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, тухайн байгууллагуудаас шагнал урамшуулалаар шагнагдаж байсан. Миний бие өнчин 5 хүүхдийн хамт, өрх толгойлон амьдардаг эцэг юм. Миний бие хөдөлмөрийн хэлтэст хандан бүртгүүлж ажил хайж байгаад Хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цэцэрлэгт жижүүрээр орж 2 жил ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 1-ний өдөр ажилд гараад нярав ирээд хүнсний зүйл гаргахад нь туслаад сууж байтал танил Намсрай надаас цохилттой дрилл багаж авахаар ирсэн. Ирэнгүүтээ өврөөсөө задалсан архи гаргаж ирээд энэ асгарчихаж гээд коридорын галын хайрцаг дээр тавьж байгаа харагдсан. Тэгэхээр нь би чи наанаа байж бай, гуталтай орж болохгүй би багаж аваад ирье гээд тэнд нь үлдээгээд өөрөө жижүүрийн өрөө рүү орж өрмийн хошууг нь хайгаад байж байтал эрхлэгч гаднаас орж ирж таараад Намсрайг хараад юун хүн бэ? Юун архи вэ? гэтэл Намсрай “Өө миний архи юм гэж хэлээд надаас багажаа ч авалгүй архиа аваад гараад явсан. Би ч гарч ирээд архи уугаагүй, энэ хүн надаас багаж авах гэж ирсэн юм гэтэл та хоёр нийлж архи уусан байна. Нөгөө нөхөр нь архиа аваад гарчлаа гэхээр нь би архи уугаагүй, хэрвээ намайг архи уусан гэж байгаа бол цагдаа дуудаж шалгуулъя гэсэн. Цагдаа дуудахгүй, байгууллагынхаа нэр хүндийг бодож байна гэсэн. Дарга Батхуяг гэж жижүүрийг дуудаад намайн ажлаас буу гэхэд нь би архи уусан юм байхгүй тул би ажлаа хийдгээрээ хийнэ гэж хэлтэл надад заалаа цагдаа дууд гэж шаардлаа, эсэргүүцлээ гэж уурласан. Ингээд маргааш нь ажилдаа иртэл 7 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийсэн. Бүх хүнийг миний талаар яриулаад бүгд гарын үсэг зураад намайг зур гэхээр нь намайг халах гэж байна гэж бодолгүй үг дуугүй гарын үсэг зурсан. Гэтэл намайг ажлаас халах боллоо гэсэн. Ер нь эрхлэгч Энхцэцэг нь хатуу ширүүн зантай, хүнээс үг сонсдоггүй, үг хэлэх гэхээр дуугүй бай гээд яриулдаггүй, өөдөөс нь дуу гаргах эрхгүй хэн ч санал бодлоо солилцож, өөдөөс нь үг хэлэх эрхгүй дуугүй байж байвал болдог. Миний бие архи уугаагүй байж архи уусан гэсэн шалтгаанаар ажлаас халагдсандаа гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус цэцэрлэгийн жижүүр ажилтай Д.Нацагдорж нь 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс тус цэцэрлэгийн жижүүрээс БСГ-аас ирсэн, ямар нэгэн сонгон шалгаруулалтаар авсан юм байхгүй. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй гэсэн албан бичигтэй ирээгүй. Жижүүрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа үе үе ажилдаа согтуу ирэх, ажлаас хоцрох, ажил таслах, ажлын байр эзэнгүй орхих, ажилдаа ирээгүй жижүүрийн оронд дур мэдэн жижүүрт гарах зэрэг ажил үүргийн хуваарь болон хөдөлмөрийн дотоод журамд заагдсан зөрчлүүдийг гаргаж байсан боловч сануулах арга хэмжээнээс өөр арга хэмжээ авч байгаагүй. Энэ нь тухайн хүний ар гэрийн амьдралыг харж үзэж байсан болов уу гэж бодож байна. Тухайлбал 2015 оны 09 дүгээр сарын 11-ний орой 16 цагт ажилдаа гарахдаа согтуу ирсэн, дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны орой ажилдаа ирээгүй бөгөөд утас нь ч холбогдоогүй. Энэ үед том хүүхэд /насанд хүрсэн эхнэр хүүхэдтэй/ залуу нь аавынхаа талаар учир байдлыг нь хэлсэн. 2015 оны 10 сарын 02-ны өдөр жижүүрт гарчихаад, 03-ны өдөр жижүүр Мөнхбаярын оронд ажилд гарахдаа удирдлагад мэдэгдээгүй зөрчил гаргаж сануулах арга хэмжээ авсан. Ажилтныг амралтгүй үргэлжлүүлэн 48 цаг ажиллуулах хууль байхгүй бөгөөд ямар нэгэн зөрчил илэрвэл хэн хариуцлагыг хүлээх вэ гэдэг шаардлага тавьсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед багш М.Мөнхгэрэл нь над руу залгаад Д.Нацагдорж жижүүрийн утсыг өгөөч цэцэрлэг цоожтой байна гэсэн. Утас руу залгахад охин нь аваад “аав дэлгүүр орохоор явсан” гэж хэлээд утсаа тасалсан. Цэцэрлэгийн түлхүүрийг өөрийнхөө утастайгаа охиндоо үлдээгээд явсан байсан. /охин нь хажуугийн Ирээдүйн одод сургуулийн байранд суудаг, цэцэрлэг түгжчихээд байрандаа байсан/ миний бие ойр ойрхон утсаар залгаад байсан боловч утсаа аваагүй, 17 цагийн үед Нацагдорж өөрөө над руу залгаад айлд хоол идчихээд ирлээ гэж хэлсэн. 2016 оны 04 сарын 26-ны өдөр 15 цаг 20 минутанд 4 жижүүр, нярав, Ц.Гантуяа нарыг байлцуулан эрхлэгчийн өрөөнд хурал хийж ажлын байр эзэнгүй орхиж явахгүй байхыг сануулж хэлсэн. Шинээр байгуулагдсан тус цэцэрлэг нь 200 гаруй сая төгрөгний тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн бүгд шинэ. Үүнээс алдагдвал хэн хариуцлагыг хүлээх вэ гэдэг сануулгыг өгсөн. Жижүүр Нацагдорж алдаагаа хүлээгээгүй бөгөөд хоол идэх гэж 20 минут явсан гэж урдаас тайлбар тавиад байсан, харин жижүүр Батхуяг энэ үед “жижүүрээс бусад хүнийг ажлын байран дээр үлдээж болохгүй эд хөрөнгө алдагдвал яах вэ, эргүүл шалгалт ирвэл яах вэ” гэж хэлэхэд дуугүй болсон. /багш ажилчдын мөрдөх ёс зүйн журмын 2.1.11-д дээрх зөрчлийн талаар тусгагдсан бөгөөд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахаар заасан/ Өөрийн алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаварыг хүлээн авдаггүй, тайлбар тавьдаг, ядуу болохоор намайг ад үзлээ гэдэг нэгэн. /Хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д хөдөлмөрийн тухай хууль, цэцэрлэгийн дотоод журам, ёс зүйн дүрэмийг биелүүлэхийг ажилтнаас шаардах 2.2.2 д, 2.2.3, 2.2.4 б, в заалтууд орсон. 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад миний бие ажлын газарт орж ирэхэд цэцэрлэгийн баруун болон зүүн хаалга онгойсон, галын булан дээр бараг талдаа орох шахсан том шилтэй архи байсан. Өрөөндөө ороод арга зүйч, нягтлан бодогч 2-ыг дуудсан тэд 10 минут орчмын дараа ирсэн. Архи уусан байсан эсэхийг тэд өөрсдийн нүдээр харсан, хэлсэн үгийг нь сонссон гэрчлэх байх. Нягтлан бодогч цагдаа дуудья гэсэн болохоос Нацагдорж өөрөө хэлээгүй. Юманд бас үнэн гэж байх байлгүй дээ. Хамт архи ууж байсан гадны хүнийг усанд оруулсан байсан. Хүүхэд хүлээж аваагүй үед 1-2 цаг гаруй усыг гоожуулж байж халуун ус ирдэг тэгвэл 1 минутанд 10 л ус гоождог гэж үзвэл 600 л  усны мөнгийг хэн төлөх вэ /багш ажилчдын мөрдөх ёс зүйн журмын 2.1.6-д хөдөлмөрийн хөлсийг бууруулахаар арга хэмжээ авахаар заагдсан/ Тогтмол зардал буюу цэвэр усны хэрэглээний мөнгө бага төсөвлөгддөг бөгөөд зарим сардаа өртэй гарах тохиолдол байдаг. Тэгээд ч эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эрүүл биетэй эмэгтэй хүмүүс ажилладаг газар ажлын бус цагаар гадны хүн авчирч усанд оруулахыг эрс эсэргүүцдэг. Гарын савах, алчуурыг хаанаас авч хэрэглэсэн эсэхэд ч эргэлзээтэй байна. Энэ хүн жижүүрт гарах хугацаандаа гадны хэдэн хүнийг, хэдэн удаа усанд оруулж байсныг мэдэх аргагүй. Эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцдаг тэднийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж байхыг олно удаа сонссон. Хойшид энэ хүнийг жижүүрээр ажиллуулах боломжгүй бөгөөд ажиллуулахгүй. Миний бие тус цэцэрлэгт эрхлэгчээр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Нацагдорж гэдэг хүнд хатуу ширүүн зан гаргаж байгаагүй ажлын шаардлага тавьдаг байсан. Цэцэрлэгийн жижүүрийн ажил бол байнгын сонор сэрэмжтэй байхыг шаарддаг ба эцэг, эх хүүхэдтэйгээ зөв боловсон харьцах, ёс зүйтэй байхыг ажил үүргийн хуваарьт нарийн тусгасан байдаг. Гэтэл энэ хүн ёс зүйгээ байнга зөрчиж байдаг. Нацагдорж нь ажлын байран дээр гадны хүн оруулан архи уусныг надаас гадна манай цэцэрлэгийн арга зүйч Ш.Цогзолмаа, нягтлан бодогч Р.Рина, жижүүр Ц.Батхуяг нарыг дуудан ирүүлж, бүгд мэдсэн, харсан. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цэцэрлэгийн удирдах ажилтнуудын хурал хийж 100 хувийн саналаар Нацагдоржийг ажлаас нь чөлөөлсөн. Тухайн өдрийн хурал дээр тайлбар хэлэхдээ, нэхэмжлэлдээ дурьдсан дрилл авах гэж хүн ирсэн тухайгаа яриагүй байдаг. Энэ хуралдаан дээр Нацагдорж өөрөө архи ууснаа хүлээн зөвшөөрсөн байтал тэрээр би архи уугаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь Нацагдорж нь ажлын байранд удаа дараа архи согтууруулах ундаа уусан, согтуу үедээ ажилд ирж байсан, ажлын байран дээр ёс зүйгүй зан авир гаргадаг зэргээр удаа дараа зөрчил гаргаж байсанд нь сануулан өнгөрч байсан. Нацагдорж нь архинд дуртай бөгөөд архи уухгүй байх эрмэлзэл байхгүй болох нь хамт олонд анзаарагдсан. Иймд Нацагдоржийг хүүхдийн байгууллага, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэд хүмүүждэг байгууллагад тэнцэж ажиллах чадваргүй хүн гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь хариуцагч “Одод” цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:”...Би 2016 оны 05 дугаар сарын 01-нд манаачаар гарч байхдаа ажлын байран дээр архи уугаагүй учраас намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байгаа” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Нацагдорж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд архи уусан, согтуу байсан учраас түүнийг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.Шийдвэр хуульд нийцсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Д.Нацагдорж нь Орхон аймгийн “Одод” цэцэрлэгт манаачаар ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот ажил олгогчийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “....Д.Нацагдорж нь хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил буюу ажлын байранд архи уусан” гэж тодорхойлсон.

“Одод” цэцэрлэгийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.4-д  “...ажилдаа согтуу ирсэн буюу ажлын байранд архи уусан, бусдыг уриалан дуудсан бол” ноцтой зөрчилд тооцож энэ нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохоор тусгажээ.

Нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи уусан, согтуу байсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ш.Цогзолмаагийн “...2016 оны 05 дугаар сарын 01-нд гэртээ амарч байтал дарга Энхцэцэг ажил дээр хүрээд ир гэж дуудсан.Тэгээд ажил дээр яваад иртэл жижүүр Д.Нацагдорж согтуу байсан.Яагаад архи ууж байгаа юм бэ гэхэд эхлээд би уугаагүй гэж байгаад дараа нь би 1 стаканы тал уусан гэж хэлсэн.Чанга, чанга хашгираад нилээн бухимдуу байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Ринагийн “...2016 оны 05 дугаар сарын 01-нд дарга дуудахаар нь ажил дээр очиход Д.Нацагдорж нилээн халамцуу согтуу, хөл нүцгэн байсан” гэсэн мэдүүлэг, “Одод” цэцэрлэгийн удирдах ажилтан, багшийн ёс зүйн хороо, ҮЭХорооны хамтарсан хурлын тэмдэглэл / тэмдэглэлд ...хурлыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийв....Д.Нацагдорж: би 2016 оны 04 дүгээр сарын 30-нд өглөө 9 цаг өнгөрөөгөөд ажилдаа ирсэн....манай найз Эрдэнэбат 1 шил Ерөөл архитай ажил дээр ирсэн.Тэр архийг би найзтайгаа 1 удаагийн аягаар 2 удаа уусан...архины үнэрийг гаргах гэж хаалгаа онгойлгосон.Даргыг ирэхэд найз маань хажуу өрөөнөөс нуусан архиа гаргаж ирсэн нь үнэн гэж тусгагджээ / , илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэрч Ш.Цогзолмаа, Р.Рина нарын мэдүүлэг дээрхи “Одод” цэцэрлэгийн удирдах ажилтан, багшийн ёс зүйн хороо, ҮЭХорооны хамтарсан хурлын тэмдэглэлээр нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Гэрч Э.Намсрай “...тэр өдөр би Д.Нацагдоржийн ажил дээр архи авч очсон нь үнэн.Гэхдээ Д.Нацагдорж архинаас уугаагүй.Бөглөөгүй архи байсан учраас миний хувцас руу асгараад архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн боловч гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

        Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл буюу ажлын байранд согтуу байсан, энэ зөрчлийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халах үндэслэлд тооцохоор талууд хөлөдмөрийн гэрээгээр тохирсон байна гэж үзэж нэхэмжлэгч Д.Нацагдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Нацагдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч “Одод” цэцэрлэгт холбогдох Д.Нацагдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА