Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00188

 

 

 

 

 

 

 

                               Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1344 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Одод цэцэрлэгт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Нацагдорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одод цэцэрлэгт 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилд орсон. Одод цэцэрлэгийн эрхлэгч Энхцэцэгтэй хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж аиллаж эхэлсэн. Энэ хугацаанд миний бие ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би улсад 23 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, тухайн байгууллагуудаас шагнал урамшуулалаар шагнагдаж байсан. Миний бие өнчин 5 хүүхдийн хамт, өрх толгойлон амьдардаг эцэг юм. Миний бие хөдөлмөрийн хэлтэст хандан бүртгүүлж ажил хайж байгаад Хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цэцэрлэгт жижүүрээр орж 2 жил ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 1-ний өдөр ажилд гараад нярав ирээд хүнсний зүйл гаргахад нь туслаад сууж байтал танил Намсрай надаас цохилттой дрилл багаж авахаар ирсэн. Ирэнгүүтээ өврөөсөө задалсан архи гаргаж ирээд энэ асгарчихаж гээд коридорын галын хайрцаг дээр тавьж байгаа харагдсан. Тэгэхээр нь би чи наанаа байж бай, гуталтай орж болохгүй би багаж аваад ирье гээд тэнд нь үлдээгээд өөрөө жижүүрийн өрөө рүү орж өрмийн хошууг нь хайгаад байж байтал эрхлэгч гаднаас орж ирж таараад Намсрайг хараад юун хүн бэ? Юун архи вэ? гэтэл Намсрай Өө миний архи юм гэж хэлээд надаас багажаа ч авалгүй архиа аваад гараад явсан. Дарга Батхуяг гэж жижүүрийг дуудаад намайн ажлаас буу гэхэд нь би архи уусан юм байхгүй тул би ажлаа хийдгээрээ хийнэ гэж хэлтэл надад заалаа цагдаа дууд гэж шаардлага, эсэргүүцлээ гэж уурласан. Миний бие архи уугаагүй байж архи уусан гэсэн шалтгаанаар ажлаас халагдсандаа гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус цэцэрлэгийн жижүүр ажилтай Д.Нацагдорж нь 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс тус цэцэрлэгийн жижүүрээс БСГ-аас ирсэн, ямар нэгэн сонгон шалгаруулалтаар авсан юм байхгүй. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй гэсэн албан бичигтэй ирээгүй. Жижүүрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа үе үе ажилдаа согтуу ирэх, ажлаас хоцрох, ажил таслах, ажлын байр эзэнгүй орхих, ажилдаа ирээгүй жижүүрийн оронд дур мэдэн жижүүрт гарах зэрэг ажил үүргийн хуваарь болон хөдөлмөрийн дотоод журамд заагдсан зөрчлүүдийг гаргаж байсан боловч сануулах арга хэмжээнээс өөр арга хэмжээ авч байгаагүй.

Жижүүр Нацагдорж алдаагаа хүлээгээгүй бөгөөд хоол идэх гэж 20 минут явсан гэж урдаас тайлбар тавиад байсан, харин жижүүр Батхуяг энэ үед жижүүрээс бусад хүнийг ажлын байран дээр үлдээж болохгүй эд хөрөнгө алдагдвал яах вэ, эргүүл шалгалт ирвэл яах вэ гэж хэлэхэд дуугүй болсон. Нацагдорж өөрөө архи ууснаа хүлээн зөвшөөрсөн байтал тэрээр би архи уугаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь Нацагдорж нь ажлын байранд удаа дараа архи согтууруулах ундаа уусан, согтуу үедээ ажилд ирж байсан, ажлын байран дээр ёс зүйгүй зан авир гаргадаг зэргээр удаа дараа зөрчил гаргаж байсанд нь сануулан өнгөрч байсан. Нацагдорж нь архинд дуртай бөгөөд архи уухгүй байх эрмэлзэл байхгүй болох нь хамт олонд анзаарагдсан. Иймд Нацагдоржийг хүүхдийн байгууллага, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэд хүмүүждэг байгууллагад тэнцэж ажиллах чадваргүй хүн гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1344 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч Одод цэцэрлэгт холбогдох Д.Нацагдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Нацагдоржийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч талын гэрчүүд болох Рина, Цогзолмаа нарын мэдүүлэг болон Одод цэцэрлэгийн удирдах ажилтан, багшийн ёс зүйн хороо, ҮЭ-ийн хорооны хамтарсан хурлын тэмдэглэлээр нотлогдож байна гэж дүгнэн нэхэмжлэгч Нацагдоржийг ажлын байранд согтуу байсан гэж үзлээ.

Гэрч Рина Цогзолмаа болон хариуцагч Энхцэцэг нар нь Нацагдоржийг согтуу байсан гэж амаар хэлж байгаа боловч түүнийг яг архи ууж байсныг нүдээр огт хараагүй байна. Энхцэцэг эрхлэгч үүдээр орж ирэхэд галын буланд шилтэй тал архи байсан Нацагдорж 2 талын хаалгыг нэвт онгойлгосон байсан үүдэнд нэг хүн зогсож байсан, гэрч Рина Цогзолмаа нар тухайн өдөр эрхлэгч биднийг дуудсанаар цэцэрлэг дээр ирэхэд жижүүр Нацагдорж хөл нүцгэн согтуу, уурлаж орилж хашгараад байсан гэж мэдүүлж байгаа мэдүүлгүүд нь Нацагдоржийг ажлын байран дээр архи уусныг нотолсон эх сурвалж бүхий нотлох баримт болж чадахгүй байна.

Нацагдорж урьд өдөр нь цэргийн хүүхэд эргэж эртний найзтайгаа таарч хамт архи уусан байсан гэж ярьсныг хурлын тэмдэглэлд ажлын байран дээр архи уусан мэтээр Нацагдорж ярьсан болгож бичсэн байгааг шүүх хуралдаан дээр Нацагдорж хэлж би ийм зүйл яриагүй, миний ярьсаныг буруу зөрүү бичсэн байна гэдгийг хэлсэн.

Гэрч Намсрай гэдэг хүн Нацагдоржоос даралттай дрилийг нь авахаар урьд өдөр нь түүнтэй утсаар яриад ажил дээр байгаа маргааш ажил дээрээс ирж авч болно гэсний дагуу маргааш нь ажил дээр нь ирэхдээ таг нь онгорхой архи авч яваад асгарсан тул ханцуйнаасаа гаргаж галын булан дээр тавьсан байсан, энэ архинаас Нацагдорж уугаагүй, яг энэ үед гаднаас эрхлэгч бололтой эмэгтэй орж ирээд Нацагдоржийг загнаад байсан тул би дриллээ ч авалгүй архиа аваад гараад явсан гэж мэдүүлсээр байтал түүний мэдүүлгийг эх сурвалжаа зааж чадаагүй гэж үндэслэлгүй үнэлэлт дүгнэлт хийлээ.

Нацагдорж нь би архи уугаагүй гэдгээ хэлээд цагдаа дуудаж шалгуулах хүсэлтийг тавьсан байхад эрхлэгч нь цагдаа дуудахгүй би байгууллагынхаа нэр хүндийг бодож байна гээд цагдаа дуудаагүй байдаг.

Нацагдорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн эсэхийг цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандан тогтоолгоогүй тул түүнийг согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн эсвэл ажилдаа согтуу ирсэн гэж үзэх ямар ч боломж байхгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, Нацагдоржийг цэцэрлэгт жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хуульд заасан журмын дагуу бүрэн хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжпэгч Д.Нацагдорж тус цэцэрлэгийн жижүүрийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаса н ба хариуцагч нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлээр ажпаас халсан гэж үзэж шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Нацагдорж 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр жижүүрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь гэрч нарын тайлбар, ажилчдын хурлын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь 2016 оны 5 дугаар сарын 2 -ны өдөр хамт олны хурал дээр “...жижүүртэй байхад Эрдэнэбат ажил дээр архитай ирсэн, би уугаагүй...” ...гэсэн тайлбар /хх-н 32-35 дугаар тал/ өгсөн атлаа шүүх хуралдаанд гэрчээр Э.Намсрайг оролцуулсан ба шүүх гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгтач холбогдолтой нотлох баримтанд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байх ба ажил олгогчийн гаргасан тушаал “ажпын байранд архи уусан, сахилгын ноцтой зөрчил гаргасан”-ын үндэслэл, хариуцагчаас татгалзлал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжпэгч Д.Нацагдорж үгүйсгэж чадаагүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан "... шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ