Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2015/01077/И |
Дугаар | 01355 |
Огноо | 2016-11-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 01355
2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 142/ШШ2016/01355 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах, “Жаргалант трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 24 дүгээр байрны 267 тоотод оршин суух, Хотгойд овгийн Хандын Жанцансамбууд холбогдох 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батмагнай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Х.Жанцансамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Т.Отгонбаатар, гэрч Ц.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жаргалант трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Засаг даргын 2000-01-04-ний өдрийн 02 дугаар захирамжийн дагуу ХАА-н гаралтай хүнсний захын барилгын зориулалттай 0,6 га газрыг “Талын нуур” ХХК болон “Жаргалант трейд” ХХК нарт олгосон бөгөөд 2001-01-24-ний өдрийн 130201710 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр одоогийн “Даниста” ХХК байрлаж буй газрыг хуулийн дагуу “Жаргалант трейд” ХХК, баруун талыг “Талын нуур” ХХК-д тус тус олгож байсан ба2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг газраа “Жаргалант” трейд ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барилга байгууламж барихаар харилцан тохиролцон “Талын нуур” ХХК-ийн захиралтай гэрээ хийж байсан болно. Мөн бид барилгын ажил эхлүүлэх бэлтгэл болгож 0,6 га газрыг тойруулан хашаа барьж зориулалтын дагуу эзэмшин Жаргалант суманд байрлах Сэндвичин барилгыг буулган уг талбайд авчрахаар тохиролцон төлбөрийг хийсэн боловч миний бие АНУ-руу 2001 оны 08 дугаар сард явахаар болж гүйцэтгэх захирлаар Ч.Чулуунбаатарыг 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр томилсон бөгөөд дахин ямар нэг тушаал гаргалгүй явсан юм. Гэтэл намайг гадаадад байх хугацаанд компанийг захирал, гүйцэтгэх захирал, мөн гишүүдийн ямар нэг шийдвэргүйгээр мөн мэдэгдэлгүйгээр 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэг гишүүнтэй болгон өөрчилж 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлын гарын үсгийг дууриалган зурж газрын албанд хүсэлт гарган 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн эзэмшилд байсан 3000 ам дөрвөлжин метр буюу 0,3 га газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг иргэнээр Х.Жанцансамбуутай байгуулсан байх ба гэрээнээс үүдэн засаг даргын захирамж гарч “Жаргалант трейд” ХХК-ийн эзэмшлийн 0,3 га газрыг “Даниста” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн олгосон байна. Мөн уг газар нь иргэний эзэмшлийн газар биш “Жаргалант трейд” ХХК-ийн эзэмшлийн газар байсан ба тухайн гэрээ нь иргэн хооронд хийгдсэн гэрээ байх бөгөөд хуулийн этгээдийн эзэмшлийн газрыг иргэд хооронд гэрээ байгуулж шилжүүлсэн нь мөн хуулийн этгээдийн тамга тэмдэг баримт бичиг буюу байгууллагын гэрчилгээ, дүрэм, захирал гэснийг нотлох баримтгүйгээр үйлдэж баталгаажуулан гэрээ байгуулан “Жаргалант трейд” ХХК-ийн эзэмшлийн 0,3 га газрыг Х.Жанцансамбууд шилжүүлсэн ба баруун талд байрлах “Талын нуур” ХХК-ийн хашаа барин эзэмшиж байсан 0,3 га газрыг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр албан ёсоор мэдэгдэхгүйгээр нийтийн эзэмшлийн талбай болгон өөрчилсөн байна. Иймд Х.Жанцансамбуутай байгуулсан уг гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, Компанийн тухай хууль зэргийг зөрчсөн мөн “Жаргалант трейд” ХХК-ийн гишүүдийн шийдвэр байхгүй гэрээ байгуулсан байх тул 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Жанцансамбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жаргалант трейд” ХХК-ийн захирал гэх Ч.Батмагнай нь тухайн үедээ өөрийн төрсөн ах Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нарт итгэл хүлээлгэн өөрийхөө компаниийг өгөөд явсан гэх, Ах дүү нар Улаантолгойн 200 үнээний ферм, 0,3 га газрын хамт зарахаар явж байсан. Үүнийг манай найз Улаанбаатар хотод байхдаа сонсож танай энд газар, ферм зарах гэсэн хүн байна гэж надад дээр ирснээр Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж ярьж хэлсэн бүхнийг протоколдож авсан. Бид Чулуунбаатар, Ч.Болдбаатар нартай уулзаж 200 үнээний ферм 0,3 га газрыг авах 15 сая төгрөгөөр авахаар тохиролцож эхний ээлжийн мөнгө төгрөгийг өгөөд 200 үнээний фермээ буулгаж авах гэтэл тэндэхийн жижүүр хүн ирээд наад барилга чинь “Жаргалант трейд” ХХК буюу Чулуунбаатар гэдэг хүнийг биш, Сэлэнгэ аймгийн “Өрнөлт” ХХК-ийн Нямдорж гэдэг хүнийх гэсэн. Сэлэнгийн Амар бил үү тэр хүнтэй уулзахад бид барилгаа Улаанбаатар хотын Нимонс ХХК-д зарсан гэж хэлсэн. Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар, Ч.Батмагнай нар нь ингэж ээлжит арга замаа хэрэглэж хүний хөрөнгийг зарах гэж байсан нь удалгүй баригдаж жинхэнэ эзэн нь олдсон. “Талын нуур” ХХК-ийн газрыг эзний зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газар болгосон гэж намайг гүтгэж байгаа тэр “Талын нуур” ХХК-ын газар нь одоогийн Хуримт бил үү энэ хавьд л зарагдсан. Намайг хуурамч гарын үсэг гэх мэтчилэн юу яриад байгааг нь би ойлгохгүй байна. худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулаад явж байсан гэрээг би яаж хуурамж болгох юм бэ? Би амьдралдаа тийм юм хийж үзээгүй. Ч.Чулуунбаатар, Ч.Болдбаатар нарын хэлснээр юм бариагүй газар зарсан болно гээд хамтран ажиллах гэрээ байгуулаад удалгүй худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгө төгрөгөө өгөлцөж авалцсан. Тэр хүмүүс ч өөрсдөө мэдэж байгаа. Намайг хуулийн байгууллагуудаар явж янз бүрээр гүтгэж хаа хамаагүй асуудлыг хүртэл надад тохож, доромжилж байгаа нь тэгээд хэлчихвэл энэ Х.Жанцансамбуу гэдэг хүн улаан луйварчин байна гэдэг ойлголт өгөх зорилготойг хуулийн байгууллага эрх биш ойлгоно биз. Уг фермийн барилга нь Сэлэнгийн “Өрнөлт” ХХК-ийнх болохыг баталсан шүүгчийн захирамж байгаа болно. “Өрнөлт” ХХК-ийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Чулуунбаатар нь минийх гэж фермийн барилгыг зарах гэж оролдоод баригдсан юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жаргалант трейд” ХХК нь Ч.Чулуунбаатар, Х.Жанцансамбуу нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2004-10-27-ны өдрийн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Жаргалант трейд” ХХК-ийн эзэмшлийн газрыг 2 иргэн хоорондоо худалдаж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ:”... Ч.Чулуунбаатарыг “Жаргалант трейд” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзэж гэрээг хуульд заасны дагуу хийсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэж баймаар юм.Энэ олон жилийн дараа гэрээг үндэслэлгүй гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байршилтай 3000 м.кв газрыг Орхон аймгийн Засаг даргын 2001-01-04-ний өдрийн 02 дугаартай захирамжийн дагуу “Жаргалант трейд” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2001-01-24-ний өдөр гэрээ байгуулж газар эзэмших гэрчилгээ олгосон байна.
Ч.Батмагнай нь “Жаргалант трейд” компаны гишүүдийн хурлаар 1999-04-01-ний өдрөөс тус компаны захиралаар томилогдсон байна. Энэ тухай тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийгдсэн байна. Харин Ч.Батмагнай нь 2001-08-17-ны өдрийн 01/08 тоот тушаалаар “Жаргалант трейд” ХХК-ны захирлаар Ч.Чулуунбаатарыг томилжээ. Ч.Чулуунбаатар, хариуцагч Х.Жанцансамбуу нарын хооронд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байршилтай дээрх 3000 м.кв газрын талаар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулж, эрхийг шилжүүлсэн байна.
Энэхүү гэрээнд зурсан гарын үсэг Ч.Чулуунбаатарын гарын үсэг биш харин Ч.Болдбаатарын гарын үсэг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5427 тоот дүгнэлтээр батлагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нар Ч.Чулуунбаатар гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг дээр талууд маргахгүй байна. Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр Ч.Чулуунбаатар, Х.Жанцансамбуу нарын хооронд байгуулагдсан 2004-10-27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2004 онд компанийн газар зарагдсан талаар ахаасаа мэдсэн” гэсэн тайлбар гаргасан тул түүнийг “Жаргалант трейд” ХХК-ийн газрыг бусдад шилжүүлсэн талаар 2004 онд мэдсэн, 2004 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болсон.
Нэхэмжлэгч “Жаргалант трейд” ХХК-ийн захирал Ч.Батмагнайг 2013 онд Монгол улсад байсныг нотолсон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хойд бүс дэх газрын тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч энэ баримт нь нэхэмжлэгчийг 2013 онд “Жаргалант трейд” ХХК-ийн газрыг бусдад шилжүүлсэн талаар мэдсэн гэдгийг нотолж буй баримт биш юм.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жаргалант трейд” ХХК-ийн хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА