Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0142/З |
Дугаар | 458 |
Огноо | 2020-07-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 458
Дугаар 221/МА2020/0458 | Улаанбаатар хот |
“Т.Б.К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Т.Б.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Б.Д.Т.У.Б Т.А, Б.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.3, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “С.Б.Д.Т.У.Бийн 13,468,730.00 төгрөгийг албан татвар, төлбөрт суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” “Т.Б.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Т.Б.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрт “... “Т.Б.К” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хугацаанд тухайн автомашины татвар, төлбөрийг төлөх үүрэгтэй, тухайн машиныг ашиглаагүй, өмчлөгч биш, фидуцийн гэрээгээр эзэмшилдээ шилжүүлсэн гэх үндэслэлүүд түүнийг татвар, төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй, татварын алба тус компанид татвар, төлбөрийн ногдол үүсгэсэн нь үндэслэлтэй, дээрх байдлаар хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
Шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд тухайн авто тээврийн эзэмшигч татвар төлөгч байхаар хуульчилсан байна.
Энэ агуулгаар тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй тул уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс тухайн төрлийн татварыг ногдуулж болно.
Мөн шүүх тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасныг үндэслэжээ.
Гэтэл уг хуулийн агуулга нь Монгол Улсын бүртгэлийн санд байгаа автотээврийн хэрэгслээс албан татварыг ногдуулахаар заасан заалт бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн этгээд автомашиныг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.
Түүнчлэн шүүхээс Авто тээврийн үндэсний төв дээрх бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг, марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн тээврийн хэрэгслийг “Тайгын булаг” ХХК-ийн эзэмшилд байсан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байгаа гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм.
Учир нь хариуцагч болон нэхэмжлэгч нар нь дээрх автомашин нь Иргэний хуулийн 235 дугаартай зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргадаггүй. Нөгөө талаар тухайн автомашинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч болсон гэсэн үг биш. Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах бөгөөд энэхүү гэрээний дагуу тухайн автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах эрх үүсдэггүй.
Нөгөө талаар шүүхээс хариуцагч “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс”-ээс татварын суутгал хийхээр мэдэгдсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэхийг тодорхойлоогүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан ч цуглуулаагүй.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдаж, татвар суутган авсан актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулсан талаар баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.
Хариуцагчийн хувьд хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчийн мэдээллийг нэхэмжлэгчээс гаргуулан авч холбогдох татварыг ногдуулах боломжтой байсан.
Иймд илт үндэслэлгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
“Т.Б.К” ХХК нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан автомашины өмчлөх эрхийг нь шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тохиолдолд тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлдэг ба тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх хугацаанд 2017-2019 оны байдлаар автотээврийн хэрэгслийн албан татварт 15,448,889.00 төгрөгийн, авто зам ашигласны төлбөрт 6,734,270.00 төгрөгийн, агаарын бохирдлын төлбөрт 264,725.00 төгрөгийн, нийт 22,447,884.00 төгрөгийн татварын өр, төлбөр үүсчээ.
Тооцооллын хувьд болон нэхэмжлэгч “Т.Б.К” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн авсан эсэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс маргаагүй, харин “...Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж авч байгаа болохоос Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан захиран зарцуулах эрх, үүргийг эдлэх боломжгүй, ... нэхэмжлэгч жинхэнэ өмчлөгч болоогүй, фидуцийн гэрээний үндсэн дээр шилжүүлээд авчихсан байгаа тохиолдолд тухайн авто машинтай холбоотой татварыг суутгаж авсан нь хуульд нийцэхгүй, ... ногдох татвар, төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй тул тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч төлөх үүрэгтэй” гэж маргадаг.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар фидуцийн буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний талаар нарийвчлан зааж, 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог тогтоосон бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдээс тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаар бохирдуулсны төлбөрийг татварын алба хураахаар зохицуулсан ба Авто тээврийн үндэсний төвөөс Татварын ерөнхий газарт тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг ирүүлж, татварын мэдээллийн санд бүртгэдэг байна.
Шүүхийн шаардсанаар Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив, лавлагааны тасгаас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар албан бичгээр “Т.Б.К” ХХК-ийн нэр дээр 2019 онд бүртгэлтэй байсан нийт 3811 тээврийн хэрэгслийн жагсаалтыг ирүүлсэн байх тул “... шүүх хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан ч цуглуулаагүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасан бөгөөд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг, мөн авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг уг тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран “Т.Б.К” ХХК нь төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ... автомашиныг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд нэхэмжлэгч компани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан тээврийн хэрэгслийг ашиглаагүй, өмчлөгч биш, фидуцийн гэрээгээр эзэмшилдээ шилжүүлсэн гэх үндэслэлээр “Т.Б.К” ХХК-ийг татвар, төлбөр төлөх хуульд заасан үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагчаас тус компанид татвар, төлбөрийн ногдол үүсгэж, татварын албаны DNP191211006 дугаартай хугацаатай мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулснаар уг компанийн Хаан банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13,468,730.00 төгрөгийг суутган авсан үйлдэл нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 54 дүгээр зүйл, 62, 63 дугаар зүйлд заасан хугацаанд нь төлөөгүй татварыг хураах журамд нийцэж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 46.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх зохицуулалтад хамаарахгүй.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Мөн “...шүүхээс хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын суутгал хийхээр мэдэгдсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэхийг тодорхойлоогүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13,468,730.00 төгрөгийг нэхэмжлэгч компанийн Хаан банк дахь харилцах данснаас суутган авсан үйлдэл нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн үйлчлэлд хамаарахаар байна.
Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлд хугацаанд нь төлөөгүй татварыг хураах, 63 дугаар зүйлд татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар тусгайлан зохицуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлуудыг нэрлэн зааж, 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан байна.
Албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн нийтийн захиргааны үйл ажиллагааны санхүүжилт зогсохгүй байх, нийтийн захиргааны чиг үүрэг саадгүй хэрэгжих ёстой гэсэн үзэл санаанд үндэслэгдсэн бөгөөд харин албан татвар, төлбөр, хураамж нь гагцхүү хуулиар тогтоосон байхыг ойлговол зохино.
Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна” гэж тодорхойлжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдаж, татвар суутган авсан актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулсан талаар баримтыг гаргуулаагүй...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН