Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 01362

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 11 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01362                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1935 онд төрсөн, 81 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-17-09 тоотод оршин суух Мэргэн овгийн Янгивын Норовцэрэнгийн /регистрийн дугаар ФА35030111/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-23-23 тоотод оршин суух, Хариад овгийн Галсангийн Энхсаранд /регистрийн дугаар РЮ68062220/ холбогдох түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1 261 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Норовцэрэн, хариуцагч Г.Энхсаран, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-23-р байрны 23 тоотод оршин суугч Галсан овогтой Энхсаран нь 2-23-р байрны 02 тоот орон сууцны 40м2 талбай бүхий сууцыг оёдлын үйлдвэр, үйлчилгээ явуулахаар анх 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 08 сарын 01 хүртэл түрээсийн гэрээг хийсэн. Анх гэрээ хийхэд уг маягтыг бөглөөд нотариатаар батлуулахдаа “цаашид түрээслэгч гэсэн хэсэгт нэрээ бичээгүйгээс нотариатч буруу бөглөсөн байна гээд шаардлага тавихад Энхсаран гараад явсан юм. Тэгэхэзр нь би гэрээний маягтыг аваад засч бөглөөд өгөхөд “түрээслэгч чинь гараад явсан учир баталж болохгүй. Энэ гэрээ дээр түрээслэгч тал гарын үсэг зурсан юм чинь энэ гэрээгээр уг харилцааг зохицуулж болно” гэсэн хариуг нотариатч өгсөн юм. Үүнээс хойш 2 удаа гэрээг дахин гэрчлүүлэхээр цаг товлосон боловч ирээгүй. Түүнээс хойш Энхсаран сүүлийн үөд олон сараар түрээсээ төлөхгүй янз бүрээр худлаа ярьж хойшлуулаад хөгшин настай намайг элэг бариад залилан үйлдээд байгаа учир хуульд хандахаас өөрцгүй боллоо. Би уг нь ажил үйлчилгээ явуулж байгааг нь үнэлээд болгочих байх гэж олон дахин шаардаж, гарын үсгийг нь зуруулан тохирч хүлээцтэй хандсан. Нэг удаа түрээсийн төлбөр төлөхийг шаардаад очтол /энэ үөд миний гэр бүлийн хүн хүнд өвчтэй Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул мөнгөий шаардлага их байв/ Баян-Өндөр сумаас надруу мөнгө шилжүүлэх боллоо, би Баасанжав даргатай уулзсан, мөнгө орж ирэхээр би таны данс руу араас чинь шилжүүлнэ” гэхээр нь охиныхоо дансыг өгчөөд би Улаанбаатар явсан юм. Ингээд Улаанбаатар хотод очоод гэр бүлийн хүнээ эмнэлэгт хэвтүүлчихээд хүлээгээд байдаг мөнгө шилжиж ирэхгүй болохоор нь өөртэй нь утсаар ярихаар утасаа авдаггүй, засаг дарга Баасанжавын нарийн бичигтэй утсаар холбогдож мөнгөний талаар болон Энхсарангийн талаар лавлахад мэдэхгүй байсан бөгөөд Энхсаранг худал хэлснийг тэр үед л мэдсэн. Энэ мэтчилэн үргэлж худал хэлдэг, ус цахилгааны төлбөр болон СӨХ-н мөнгөө ч өгдөггүй их хэл амтай хүн байгаа юм. Бид 80 гаруй насалсан өвчтэй эм тарианы мөнгөө олох гэж өөрийн байраа түрээслэн хүүхдүүдийнхэз байранд амьдарч буй ядаж яваа өндөр настангууд. Иймд надад учирсан хохирлыг үйлчилгзэний зориулалттай орон сууц түрээслэсэн гэрээний дагуу 1 261 260 төгрөгийг Энхсарангаас гаргуулж егнө үү ” гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Галсан овогтой Энхсаран нь 2-23-23 02 тоотын 40 м2 талбай бүхий өрөөг сарын 300 000 төгрөгөөр түрээслэж оёдлын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэж байгаа боловч түрээслүүлэгч Я.Норовцэрэн нь өрөөнд байсан эд хогшил /цэцэрлэгийн зориулалттай/ өөр газар хураах гэж удсан. Түрээсийн гэрээ хийе гэж 2-13 дугаар байранд байрлах нотариатч бүсгүй я.Норовцэрэн гуайн өөрийн авчирсан түрээслүүлэх гэрээний маягтыг зөвшөөрөөгүй ба тэр 2 их маргалдсан, үдийн цайны цаг болоод би ажил руугаа явсан. Түүнээс хойш Я.Норовцэрэн гуай нэг ч удаа гэрээ хийе гэж хандаж байгаагүй ба намайг гэрээгээ хийе гэхэд чи яваад өгдөг гээд байсан. Мөн манайхтай хамт нөгөө том өрөөнд Байгалмаа эмч /сэргээн засах эмнэлэг ажиллаж байсан ба хамтарч түрээслэхэд төвөгтэй байсан/ тэрээр мөн гэрээ хийгээгүй байсан. Бид гэрэл, цахилгаан, ус, дулааныхаа хөлсийг 30/70 хувиар тохирч хувааж төлж байсан ба одоо ч ийм маягаар сар бүрийн төлбөр төлж байгаа. Бидэнд СӨХ-ны төлбөр төл гэж хэлээгүй. Харин 2016 оны 05 дугаар сард СӨХ-ны байцаагч нар ирж асуугаад байрны эзэн болох Я.Норовцэрэн гуайг лавлаж асууж байсан. Би Норовцэрэн гуайтай уулзаж түрээсийн төлбөр өндөр байна, жаахан буулга гэсэн үндсэн дээр 250 000 төгрөгөөр түрээслүүлхээр тохирсон. Энэ үед мөн нөгөө гэрээний асуудал яригдаагүй. Одоогоор манай талаас төлөгдөөгүй байгаа 2016 оны 2 сар үлдэгдэл 70 000 төгрөг, 4сар үлдэгдэл 10 000 төгрөг, 5, 6 сарын үлдэгдэл 250 000 төгрөгх2=500 000 төгрөг, 8 сарын үлдэгдэл 60 000 төгрөг, нийт 640 000 төгрөг хийгдээгүй байгаа. Энэхүү төлбөрийг 9 сард барагдуулна гэж тохиролцсон. СӨХн-ны төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй. СӨХ-ны төлбөрийг Норовцэрэн гуай өөрөө 2-р микрийн СӨХ-той ярьж тохиролцсоны дараа хүлээж авна. Норовцэрэн гуайн хэлж буй гэрээний маягтанд би гарын үсэг зураагүй ба надад тэр гэрээний хувь ч байхгүй”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн хариуцагч Г.Энхсаранд холбогдуулан түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 830 000 төгрөг, алданги 268 400 төгрөг, ус цахилгаан ашигласан төлбөр 75 500 төгрөг, СӨХ-ны төлбөр 87 360 төгрөг, нийт 1 261 260 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Энхсаран нь миний 2 дугаар хороолол 23 дугаар байрны 02 тоот 40 м2 талбай бүхий орон сууцыг оёдлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаатай түрээслэсэн.Гэвч 2016 оны 02 дугаар сараас 07 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нийт 830 000 төгрөг төлөөгүй.Иймд түрээсийн гэрээгээр тохирсон алданги 268 400 төгрөг, ус цахилгаан ашигласан төлбөр 75 500 төгрөг, СӨХ-ны төлбөр 87 360 төгрөг, нийт 1 261 260 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Би 2016 оны 05, 06 сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөг төлнө. 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлсөн. Анх Норовцэрэн гуай надаас СӨХ-ийн мөнгө авахгүй гэж байсан. Би гэрээгээр СӨХ-ны мөнгийг төлөхөөр тохиролцоогүй.Гэхдээ би СӨХ-тэй тохиролцоод СӨХ-ийн мөнгийг өгөхөөр болсон.2016 оны 02, 04 сарын дутуу түрээсийг би төлсөн” гэж тайлбарлаж байгаа.

            Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулагдсан байна.Түрээсийн гэрээгээр түрээслэгч Г.Энхсаран Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 2 дугаар хороолол 23 дугаар байрны 02 тоот 40 м2 талбай бүхий орон сууцыг сарын 300 000 төгрөгөөр түрээслэхээр, түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний дотор төлсөн байх, төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 % алданги тооцож түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

            Хариуцагч шүүхэд “...Норовцэрэн гуайн хэлж буй гэрээний маягтанд би гарын үсэг зураагүй ба надад тэр гэрээний хувь ч байхгүй” гэсэн тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэлийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

            Талууд гэрээ байгуулах үедээ 1 сарын түрээсийн төлбөрийг 300 000 төгрөгөөр тохиролцсон боловч 2016 оны 04 дүгээр сараас сарын түрээсийн төлбөрийг 250 000 төгрөг болгож бууруулсан тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч “...Г.Энхсаран нь 2016 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 70 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс 10 000 төгрөг дутуу, мөн 2016 оны 05, 06, 07 сарын төлбөр нийт 830 000 төгрөгийн түрээс төлөөгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч “...би 2016 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 70 000 төгрөгнөөс 45 000 төгрөгийг төлсөн, мөн 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 28-нд 250 000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар гаргаж тэрээр дээрхи тайлбартайгаа холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 28-нд 250 000 төгрөгийг Я.Норовцэрэнд хүлээлгэн өгсөн талаархи баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч нэхэмжлэгч дээрхи төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын төлбөр гэж мэтгэлцэж байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-д “...түрээсийн төлбөр нь хуанлийн сар бүрийн нэгний дотор төлөгдсөн байна” гэж тохиролцсон байх ба гэрээ ёсоор бол 2016 оны 07 дугаар сарын төлбөр 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөгдсөн байхаар байна.

Тиймээс 2016 оны 07 дугаар сарын 28-нд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт хүлээн авсан 250 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрөөс Г.Энхсарангийн хүү 90 000 төгрөг авч ирж өгсөн” гэсэн тайлбарыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр 250 000 төгрөгнөөс 90 000 төгрөгийг хасах үндэстэй гэж үзэж, мөн хариуцагч түрээсийн төлбөр төлсөн гэсэн тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч Г.Энхсарангаас 2016 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 70 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 000 төгрөг, 2016 оны 05, 06 сарын түрээсийн төлбөр 500 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 160 000 төгрөг, нийт түрээсийн төлбөр 740 000 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзсэн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

Зохигчид түрээсийн гэрээндээ төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 % алданги тооцож түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон, талуудын тохиролцсон алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул хариуцагчаас алданги 268 400 төгрөгийг гаргуулах үндэстэй.

Харин талууд гэрээндээ СӨХ-ны төлбөрийг түрээслэгч төлөхөөр тохиролцоогүй тул СӨХ-ны төлбөрт нэхэмжилсэн 87 360 төгрөгийг, ус цахилгаан ашигласан төлбөр 75 500 төгрөг төлөх үүрэгтэйг нотолсон баримт авагдаагүй тул дээрхи 75 500 төгрөгийг, түрээсийн төлбөрт илүү тооцож нэхэмжилсэн 90 000 төгрөг, нийт 252 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хариуцагч Г.Энхсарангаас нийт 1 008 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 752 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас 1 008 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхсарангаас 28 752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА