Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 00186

 

 

 

 

 

 

 

 

Я.Норовцэрэнгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Энхсаранд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1362 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Я.Норовцэрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Г.Энхсаранд холбогдох,

 

“1.261.200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Энхсарангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Норовцэрэн, хариуцагч Г.Энхсаран, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-23-р байрны 23 тоотод оршин суугч Галсан овогтой Энхсаран нь 2-23-р байрны 02 тоот орон сууцны 40м2 талбай бүхий сууцыг оёдлын үйлдвэр, үйлчилгээ явуулахаар анх 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 08 сарын 01 хүртэл түрээсийн гэрээг хийсэн. Анх гэрээ хийхэд уг маягтыг бөглөөд нотариатаар батлуулахдаа цаашид түрээслэгч гэсэн хэсэгт нэрээ бичээгүйгээс нотариатч буруу бөглөсөн байна гээд шаардлага тавихад Энхсаран гараад явсан. Энхсаран сүүлийн үед олон сараар түрээсээ төлөхгүй янз бүрээр худлаа ярьж хойшлуулаад хөгшин настай намайг элэг бариад залилан үйлдээд байгаа учир хуульд хандахаас өөрцгүй болсон. Иймд надад учирсан хохирлыг үйлчилгээний зориулалттай орон сууц түрээслэсэн гэрээний дагуу 1 261 260 төгрөгийг Энхсарангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Галсан овогтой Энхсаран нь 2-23-23 02 тоотын 40 м2 талбай бүхий өрөөг сарын 300 000 төгрөгөөр түрээслэж оёдлын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн гэж байгаа боловч түрээслүүлэгч Я.Норовцэрэн нь өрөөнд байсан эд хогшил /цэцэрлэгийн зориулалттай/ өөр газар хураах гэж удсан. Түрээсийн гэрээ хийе гэж 2-13 дугаар байранд байрлах нотариатч бүсгүй Я.Норовцэрэн гуайн өөрийн авчирсан түрээслүүлэх гэрээний маягтыг зөвшөөрөөгүй ба тэр 2 их маргалдсан, үдийн цайны цаг болоод би ажил руугаа явсан. Түүнээс хойш Я.Норовцэрэн гуай нэг ч удаа гэрээ хийе гэж хандаж байгаагүй ба намайг гэрээгээ хийе гэхэд чи яваад өгдөг гээд байсан.

Мөн манайхтай хамт нөгөө том өрөөнд Байгалмаа эмч /сэргээн засах эмнэлэг ажиллаж байсан ба хамтарч түрээслэхэд төвөгтэй байсан/ тэрээр мөн гэрээ хийгээгүй байсан. Бид гэрэл, цахилгаан, ус, дулааныхаа хөлсийг 30/70 хувиар тохирч хувааж төлж байсан ба одоо ч ийм маягаар сар бүрийн төлбөр төлж байгаа. Бидэнд СӨХ-ны төлбөр төл гэж хэлээгүй. Харин 2016 оны 05 дугаар сард СӨХ-ны байцаагч нар ирж асуугаад байрны эзэн болох Я.Норовцэрэн гуайг лавлаж асууж байсан. Би Норовцэрэн гуайтай уулзаж түрээсийн төлбөр өндөр байна, жаахан буулга гэсэн үндсэн дээр 250 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон. Энэ үед мөн нөгөө гэрээний асуудал яригдаагүй. Одоогоор манай талаас төлөгдөөгүй байгаа 2016 оны 2 сар үлдэгдэл 70 000 төгрөг, 4сар үлдэгдэл 10 000 төгрөг, 5, 6 сарын үлдэгдэл 250 000 төгрөгх2=500 000 төгрөг, 8 сарын үлдэгдэл 60 000 төгрөг, нийт 640 000 төгрөг хийгдээгүй байгаа. Энэхүү төлбөрийг 9 сард барагдуулна гэж тохиролцсон. СӨХн-ны төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй. СӨХ-ны төлбөрийг Норовцэрэн гуай өөрөө 2-р микрийн СӨХ-той ярьж тохиролцсоны дараа хүлээж авна. Норовцэрэн гуайн хэлж буй гэрээний маягтанд би гарын үсэг зураагүй ба надад тэр гэрээний хувь ч байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1362 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас 1 008 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 820 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхсарангаас 28 752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Энхсаран давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангахдаа 268400 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 сар хүртэл 6 сарын хугацаагаар байгуулсан байхад 2016 оны 7 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэж 160.000 гаргуулахаар шийдвэрт тусгасан.

Зохигчид хэдийгээр түрээсийн гэрээ байгуулсан эсэх талаар маргадаггүй ч нэгэнт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл хэлцлийн талаар маргадаггүй дээрх нөхцөл байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэх хууль зүйн үндэслэл биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Я.Норовцэрэн нь хариуцагч Г.Энхсаранд холбогдуулан түрээсийн төлбөр 830.000 төгрөг, алданги 268.400 төгрөг, ус цахилгаан ашигласны төлбөр 75.000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 87.360 төгрөг нийт 1.261.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас 1 008 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Норовцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Энхсаран давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангахдаа 268400 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 06 сар хүртэл 6 сарын хугацаагаар байгуулсан байхад 2016 оны 7 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэж 160.000 гаргуулахаар шийдвэрт тусгасан.Зохигчид хэдийгээр түрээсийн гэрээ байгуулсан эсэх талаар маргадаггүй ч нэгэнт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл хэлцлийн талаар маргадаггүй дээрх нөхцөл байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэх хууль зүйн үндэслэл биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

2015 оны 12 дугаар сарын 01 ний өдөр байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэгч Г.Энхсаран гарын  үсэг зурсан болох хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба анхан шатны шүүхээс тус гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн үндэслэлтэй байна.

Түрээсийн гэрээний 3 дугаар заалтад талууд алданги төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчаас алданги 268.400 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагч нь 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 250.000 төгрөг төлөхөөс 90.000 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ./х/х-ийн 34 дүгээр хуудас/,

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар хариуцагч “... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” бөгөөд энэ үүргээ  анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

      Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул хариуцагч Г.Энхсарангийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

      Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.Энхсарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.760 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхсарангийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхиусгай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.Энхсарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.760 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР