Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01395

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 17 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01395                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Б.Хишигдаваа  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах “ЭКОД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох гэм хорын хохиролд 24 975 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, У.Уламнэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “Экод ХХК” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Экод ХХК” нь Орхон аймгийн Дэнж багт байрладаг бөгөөд 2015.05.18-нд мөн 2015.05.25-ны өдөр тус тус Дулааны  цахилгаан станцын ашиглалт хамгаалалтыг хариуцдаг  дулааны  шугамны  гэмтлээс болж  ус алдан зоорийн давхарыг усаар дүүргэсэн. Иймд бидний  учирсан  хохирол болох зоорийн давхарыг засварлах, засварлахад дээр байрлах агуулах, бууз баншны үйлдвэр зэргийг нүүлгэн шилжүүлэх, буцаан байрлуулахад шаардагдах зардал болох урьдчилсан байдлаар нийт 24 975 000 төгрөгийг “ЭДЦС” ТӨХК-иас гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д шүүхэд гаргасан тайлбартаа: “...2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ус алдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг өдөр манай шугамнаас ус алдаагүй болно. “Экод” ХХК-ийн зоорь ус алдсанаас болж суулт өгсөн, 24 975 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экод ХХК” нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохирол 24 975 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...манай компани “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас гэм хорын хохиролд 24 975 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба одоо мэргэшсэн төсөвчний гаргасан тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 15 451 980 болгон бууруулж байна” гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн үнийн дүнг 15 451 980 төгрөг гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дулааны  цахилгаан станцын ашиглалт хамгаалалтыг хариуцдаг  дулааны  шугамны  гэмтлээс болж  ус алдан зоорийн давхарыг усаар дүүргэсэн. Иймд бидний  учирсан  хохирол болох зоорийн давхарыг засварлах, засварлахад дээр байрлах агуулах, бууз баншны үйлдвэр зэргийг нүүлгэн шилжүүлэх, буцаан байрлуулахад шаардагдах зардал болох урьдчилсан байдлаар нийт 15 451 980 төгрөгийг хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...”Экод” ХХК-ийн зоорь ус алдсанаас болж суулт өгсөн, хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ”Экод” ХХК-ийн зоорь луу ус алдсанаас ”Экод” ХХК-нд хохирол учирсан нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн төсөвчний гаргасан урьдчилсан тооцоолол нь ”Экод” ХХК-нд 15 451 980 төгрөгийн хохирол бодитой учирсан болохыг нотолж байгаа баримт биш тул уг баримтыг үндэслэн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 14/07/029/174 тоот дүгнэлтэнд “...”Экод” ХХК-ийн барилгын зоорийн байгууламжид удаа дараа ус алдсан болон тухайн орчны газрын чийгшилийн хэмжээг тогтоох боломжгүй.Тус зоорийн байгууламжийн гадна, дотор хаалга, дулаалгатай модон дүүжин тааз үжирч муудсан байгаа нь нэг удаагийн ус алдалтаас шалтгаалаагүй олон жилийн ашиглалтын явцад үүссэн гэж үзэж байна” гэж дурьдсан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа нэхэмжлэгчид учирсан хохиролын хэмжээ болон ус алдсан шалтгаан, ус алдсанаас газарт чийгшил өгсөн эсэх, газрын чийгшлийн хэмжээ зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч “Нью дийл аудит” ХХК, “Бэйкер тилли далайван аудит” ХХК, мэргэшсэн төсөвчин О.Сайнзаяа нар дээрхи асуудлаар дүгнэлт гаргах боломжгүй талаараа шүүхэд хариу ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан фото зургаас нэхэмжлэгч ”Экод” ХХК-ийн эзэмшлийн зоорь ус алдахаас өмнө нь ямар байсан, ус алдсаны дараа ямар болсон нь тодорхойгүй байх тул дээрхи нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Дээрхи Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 14/07/029/174 тоот дүгнэлт болон шинжээчдийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.Гэвч нэхэмжлэгч ус алдсанаас шалтгаалан өөрт учирсан хохиролыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ”Экод” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ”Экод” ХХКомпаний “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 15 451 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Булган Орон Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                   ШҮҮГЧИД                                       Д.АРИУНЦЭЦЭГ

 

Б.ХИШИГДАВАА