Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 11

 

 

  “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1395 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ТӨХК-д холбогдох

“24.975.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, У.Уламнэмэх, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч: Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э ХХК нь Орхон аймгийн Дэнж багт байрладаг бөгөөд 2015.05.18-нд мөн 2015.05.25-ны өдөр тус тус Дулааны цахилгаан станцын ашиглалт хамгаалалтыг хариуцдаг дулааны шугамны гэмтлээс болж ус алдан зоорийн давхарыг усаар дүүргэсэн. Уг байдал нь удаа дараа давтагдаж байгаа бөгөөд анх 8 жилийн өмнө ус алдаж газарт чийгшин суулт өгч дээр байрлах агуулах, иргэний түрээсэлдэг бууз баншны үйлдвэр нурахад хүрээд байна. Иймд бидний учирсан хохирол болох зоорийн давхарыг засварлах, засварлахад дээр байрлах агуулах, бууз баншны үйлдвэр зэргийг нүүлгэн шилжүүлэх, буцаан байрлуулахад шаардагдах зардал болох урьдчилсан байдлаар нийт 24 975 000 төгрөгийг ЭДЦС ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:

Манай компани Э ТӨХК-иас гэм хорын хохиролд 24 975 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба одоо мэргэшсэн төсөвчний гаргасан тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 15 451 980 болгон бууруулж байна гэжээ.

Хариуцагч Э ТӨХК-д шүүхэд гаргасан тайлбартаа:

...2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ус алдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг өдөр манай шугамнаас ус алдаагүй болно. Э ХХК-ийн зоорь ус алдсанаас болж суулт өгсөн, 24 975 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1395 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХКомпаний Э ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 15 451 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс давж заалдсан гомдолдоо:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “.....15.451.980 төгрөг болгон бууруулж байна” гэсэн тайлбарын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 15.451.980 төгрөг болгох үндэстэй байна гэсэн байх боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа тухай албан ёсоор мэдэгдээгүй зөвхөн “ЭВЛЭРЭН ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖТОЙ ГЭВЭЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫГ МЭРГЭШСЭН ТӨСӨВЧНИЙ ГАРГАСАН 15.450.980 ТӨГРӨГ БОЛГОН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ” гэх тайлбарыг шүүх бүрэлдэхүүнд удаа дараа тайлбарласан боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт “.....15.451.980 төгрөг болгон бууруулж байна” гэж тусгасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд шинжээчийн дүгнэлт болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт зэргийг ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд боломжгүй гэсэн дүгнэлтүүдийг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй болно.

Анх тухайн зоорийг манай байгууллага бус хуучин цэргийн анги барьж байгуулж “Э” ХХК нь худалдан авч ашиглан тухай бүрт засвар үйлчилгээг хийлгэн явж байсан бөгөөд тухай бүрт нь зургаар баримтжуулах шаардлагагүй байсан юм. Шүүхэд уг баримтыг нотлох боломжгүй, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тодорхой шинжээчийн дүгнэлт ирээгүй болно.

Нэхэмжпэгч тал шүүхэд гарган өгсөн төсвөөр нийт учирсан хохирлыг барагдуулахаар засвар үйлчилгээ хийлгэх төсөвт өртөгийг тодорхойлсон мөн өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч тал манай шугамнаас ус алдсан нь үнэн гэдэг тайлбарыг өгч байсан боловч шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад бус шийдвэрийг урьдчилан гарган орж ирсэн нь шүүх хуралдааны дунд хариуцагч, нэхэмжлэгч талд ямар нэг тайлбар хийх боломжоор хангаагүй нь зөвхөн нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбар зэргийг л сонсон шууд нотлох баримт шинжлэн судласан нь шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.5-д заасан эрхийг тус тус эдлүүлэлгүй мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжпэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасныг тус тус зөрчин шийдвэрлэсэн байна, мөн уг хуулийн 6 дугаар зүйлд заагдсан “мэтгэлцэх зарчим”, 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасныг мөн шүүх бүрэлдэхүүн хангаагүй байгаа нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зохих хэсгээс татгалзсан тохиолдолд /шийдвэрт татгалзсан гэж буруу тайлбар оруулсан тул/ тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг буцаан олгох ёстой боловч анхан шатны шүүх тухайн ажиллагааг хийгээгүй байгаа нь мөн процессийн ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл болох юм.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1395 дугаар шүүхийн шийдвэр хууль бус бөгөөд шүүх шүүн таслах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулаагүй илт нэг талыг баримталсан, шүүх бүрэлдэхүүн нь урьдчилан шийдвэрийг гаргаж шүүх хуралдаанд орж ирсэн байх тул илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь Э ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 24.975.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа төсөвчний гаргасан тооцоонд үндэслэн 15.451.980 төгрөг болгон бууруулсан байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь Э ТӨХК-ийн ашиглалт хамгаалалтыг хариуцдаг дулааны шугамны гэмтлээс болж ус алдсан зоорины хэсэгт ус дүүргэснээс зоорийг засварлах, түүний дээр байрлах агуулах, бууз баншны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх буцаан байршуулах зэрэгт гарах зардалд мэргэшсэн төсөвчний хийсэн тооцооллоор 15.451.980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ДЦС ТӨХК нь манай шугамны гэмтлээс болж Э ХХК-ийн зооринд ус алдах, хохирол учирсан болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлэн үнэлэлт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн эзэмшиж ашиглаж байгаа дулааны шугамны гэмтлээс болж зоорийн хэсэг рүү ус алдаж гэм хор учруулсан болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгчид учирсан хохирол, түүний хэмжээ, ус алдсан шалтгаан нөхцөл, ус алдсанаас газарт чийгшил өгсөн, суулт үүссэн эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж тогтоолгоогүй, дулааны шугамны гэмтлээс болж ус алдсан эсэх нь тодорхойгүй учраас нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн төсөвчний гаргасан тооцооллоор 15.451.980 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах, үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг нотлох баримтаар нотолж шүүхэд гаргаж ирүүлээгүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр дугаар сарын 17-ний өдрийн 1395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМ