Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 459

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0459

     Улаанбаатар хот

                                                 “Ч.Б” ХХК-ийн гомдолтой

                                                захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ч.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч.Б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр: “Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Монгол банкны ахлах хянан шалгагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050020 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ч.Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “ ... “Ч.Б” ХХК нь Монголбанкны ахлах хянан шалгагч Ч.Д-д холбогдуулан тус банкинд ногдуулсан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0050020 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг дараах үндэслэлээр гаргасан. Үүнд:

1. Зөрчилд тооцож буй эс үйлдэхүй болох харилцагчийн гүйлгээ болон төлбөр тооцоог саатуулсан нь холбогдогч “Ч.Б” ХХК-иас шууд шалтгаалсан буюу өөрийн хүсэл зоригоос хамааралтайгаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Монголбанкнаас “Ч.Б” ХХК-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэрийн хүрээнд гарч буй үр дүн болох юм. Харилцагчийн гүйлгээ, төлбөр, тооцоог саатуулсан эс үйлдэхүйн шалтгаант холбоо дараах байдлаар тодорхойлогдоно.

Монголбанкны зүгээс “Ч.Б” ХХК-ийг өөрийн хөрөнгөө нийт 37,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгасны дагуу “Ч.Б” ХХК нь холбогдох хууль тогтоомжид тодорхойлсон шаардлагыг хангах хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн.

Тус банкны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбогдуулан гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт мэдээллийг Монголбанк хүлээн авч, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуулийн 19 дүгээр зүйл, 20.1.5, 20.1.7, 20.3-т заасан шаардлага, 361 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан, баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж заасны дагуу холбогдох зөвшөөрлийг дараах байдлаар олгосон. Үүнд:

1. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-1/1382 дугаар албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 7,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

2. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/107 дугаар албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 2,016 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

3. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Н/86 дугаар албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

4. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Н/201 дүгээр албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

5. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Н/01 дүгээр албан бичгээр хувь нийлүүлсэн хөрөнгийг 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,

Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч нь А-1/107, Н/86, Н/01 дүгээр албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлүүдийг бүхэлд нь, А-1/1382 дугаар албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 6,2 тэрбум төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон болохыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Н/213, Н/214, Н/215, Н/216, Н/217 дугаар “Зөвшөөрөл цуцлах тухай” албан бичгүүдээр мэдэгдсэн бөгөөд уг нөхцөл байдалтай холбогдуулан 2019 онд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг 34,3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/227 дугаар албан бичгээр даалгасан.

Мөн уг шийдвэр, даалгавруудын биелэлтийг хангах зорилгын хүрээнд тус банкинд Монголбанкны хянагчаар нэр бүхий хянан шалгагч нарыг томилох тухай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалыг гаргасан болно.

Монголбанкнаас “Ч.Б” ХХК-д хийсэн гэх “Магадлан баталгаажуулах аудитын үр дүн” нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д “Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж заасан нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрүүдээ гаргасан байна.

Монголбанкны шийдвэрийн үндэслэлд дурдагдсан “Магадлан баталгаажуулах аудит” хийсэн байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд уг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үндэслэл болгож Монголбанк нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь хуульд нийцээгүйн дээр “шинэ нөхцөл байдал бий болсон” гэж үзсэн Монголбанк хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/49 дүгээр тушаалаар “Ч.Б” ХХК-д тухайлсан 10 үүрэг, даалгаврыг ногдуулж “Ч.Б” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг алдагдуулсан. Тухайлбал шийдвэрийн 1.7-д “Тусгай  нөхцөлтэй буюу харилцах болон хадгаламжийн дансыг шинээр нээх, татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг хориглох”, 1.8-д “Үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэхийг хориглох” гэж заасан нь “Ч.Б” ХХК-д шууд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Учир нь Арилжааны банк нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд болох бөгөөд дотогш чиглэсэн мөнгөн урсгалыг хааж буй үйлдэл нь банкны үндсэн үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлахын сацуу банкийг санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шууд оруулж байгаа тул зөрчилд тооцож шийтгэл ногдуулсан нь хуульд заасан үндэслэлийг агуулаагүй.

2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалаар Монголбанкнаас “Ч.Б” ХХК-д хянагч томилсон, өнөөдрийг хүртэл Монголбанкны хянан шалгагч Ч.Д нь тус банкинд байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа.

Хянагч гэдэг нь Төв банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар томилогдож үйл ажиллагаа явуулж, тус хуулийн 251-д заасан бүрэн эрх болох банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкинд тайлагнах, Банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах болон бусад эрхийг хэрэгжүүлдэг этгээд.

“Ч.Б” ХХК-ийн хувьд харилцагчийн гүйлгээг саатуулсан эс үйлдэхүй гаргахдаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгагүй, санхүүгийн хүндрэлд нэгэнт орсон байсан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хянагч нь “Ч.Б” ХХК-ийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байсан, хүндрэлтэй байгааг нэгэнт мэдэж байсан.

Тухайн хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа хянагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг Төв банкны тухай хуулийн 251 дүгээр зүйлд “Банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах” гэж тодорхойлсон байхад хянагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй нь харагдаж байна.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн “В.Х” ХХК-ийн саатуулсан гүйлгээнээс үзвэл 2019 оны 12 дугаар сард хийгдсэн гүйлгээ буюу өмнө нь хийгдсэн гүйлгээ. Тухайн гүйлгээнүүдийг банкнаас хэсэгчлэн гүйцэтгэж байсан бөгөөд нийт 10 сая ам.долларын гүйлгээнээс хянагчаас шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр төлбөрийг гүйцэтгэж, 4,2 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа.

Хянагч нь уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, ямар нэгэн шаардлага хугацаатай үүрэг даалгавар өгсөн зүйлгүй хожим 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шууд торгуулийн арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

“Ч.Б” ХХК-иас үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хайн бүхий л талаар ажиллаж байх бөгөөд иймдээ ч 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 06-07 дугаар сар хүртэл Монголбанкнаас дараагийн шатны арга хэмжээ авч хэрэгжүүлэлгүй, харин ч дахин санхүүжүүлэхээр холбогдох шаардлагуудыг хангуулан ажиллаж байгаа.

Арилжааны банкны үндсэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ““Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд” гэж тодорхойлсон.

            “Ч.Б” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох байтал уг үйл ажиллагааг буюу орж ирэх мөнгөн урсгалыг Монголбанкнаас шууд хязгаарласан бөгөөд шүүхэд гарган өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/49 дүгээр “Ч.Б” ХХК-д авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “байгууллага болон төрийн өмчит компанийн харилцах, хадгаламжийн үлдэгдлийг өсгөхгүй байх, тусгай нөхцөлтэй харилцах хадгаламж шинээр татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг” хориглосон байгаа нь зөрчил гарах үндэслэл болж байна.

            3. Зөрчил ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-д заасныг баримталж 100 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өөрөөр хэлбэл Банкны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан.

            Банкны тухай хуулийн зорилго, зорилтыг харвал тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Үүнээс үзвэл банк байгуулах зөвшөөрөл олгох зэрэг ерөнхий зохицуулалттай хууль болж байна.

            Түүнчлэн тус хуулиар төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж өгөөгүй бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар “Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гээд тухайлан тодорхойлж өгсөн. Уг хууль нь банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болох юм.

            Мөн Банкны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхдээ Зөрчлийн тухай хуулийг баримтлах талаар зохицуулалт огт байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө буюу хуульд өөрчлөлт орохоос өмнө “Банк хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол үйл ажиллагаанаас олсон орлогыг хураан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус хуулийн 46 дугаар зүйлд заасан бөгөөд одоогоор хүчингүй болсон зохицуулалт.

            Төлбөр тооцооны асуудлыг тухайлан тодорхойлсон хууль буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зорилтоос харвал тус хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж нарийвчлан заасан.

            Мөн уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж нарийвчлаад хариуцлагыг нь тодорхойлсон.

            Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлд мөн адил “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих” гээд нарийвчлан тодорхойлсон.

            Хадгалагч буюу банкнаас хууль зөрчих үндэслэлүүдийг нэг бүрчлэн тодорхойлсон бөгөөд 11.8 дугаар зүйлийн 3.4-т “Төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тухайн өдөрт нь багтаан гүйцэтгэх үүргийг зөрчиж бүрдүүлбэр дутуу төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийсэн, эсхүл төлбөр тооцооны баримтыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нарийвчлан зохицуулалт болж байна. Мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй байна.

            4. Зөрчлийн хэрэгт холбогдуулж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийтгэл ногдуулсан. Гэсэн хэдий ч нотлох баримтаар авагдсан гэрчийн мэдүүлгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шийтгэл ногдуулсны дараа авсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ ногдуулсны дараа мэдүүлэг авсан нь зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

            Дээрхээс үзвэл шийтгэл ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн болох нь илт байгаа тул анхан шатны шүүхэд дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

            Гэсэн хэдий ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д заасныг хэрэглэх боломжгүй, хохирол, төлбөрийг тухайн үед гаргуулах боломжгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ” гэснээс өөрөөр ямар нэгэн тайлбар дүгнэлт хийгээгүй буюу нэхэмжлэлд дурдсан, шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, баримтуудад дүгнэлт огт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй болно.

            Иймд шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь илт байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Давж заалдах гомдлын үндэслэлээ “...“Ч.Б” ХХК-ийн харилцагчийн гүйлгээ, төлбөр тооцоог саатуулсан эс үйлдэхүй нь Монголбанкнаас “Ч.Б” ХХК-д хэрэгжүүлж буй удаа дараагийн хууль бус шийдвэртэй шалтгаант холбоотой” гэх агуулгаар тайлбарлажээ.

Тодруулбал, ““Монголбанкны Ерөнхийлөгч 2017 оны А-1/1382 дугаар албан бичгээр /7,9 тэрбум төгрөгөөр/ 2018 оны А-1/107 дугаар албан бичгээр /2,016 тэрбум төгрөгөөр/, 2018 оны Н/86 дугаар албан бичгээр /15 тэрбум төгрөгөөр/, 2018 оны Н/201 дүгээр албан бичгээр /8 тэрбум төгрөгөөр/, 2019 оны Н/01 дүгээр албан бичгээр /4 тэрбум төгрөгөөр/ тус тус хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгосон атлаа А-1/107, Н/86, Н/01 дүгээр албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлүүдийг бүхэлд нь, А-1/1382 дугаар албан бичгээр мэдэгдсэн зөвшөөрлөөс 6,2 тэрбум төгрөгт холбогдох хэсгийг 2019 оны Н/213, Н/214, Н/215, Н/216, Н/217 дугаар албан бичгүүдээр цуцалж, 2019 онд багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг 34,3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/227 дугаар албан бичгээр даалгасан.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны  Н/49 дүгээр тушаалаар тусгай нөхцөлтэй буюу харилцах болон хадгаламжийн дансыг шинээр нээх, татан төвлөрүүлэх, үлдэгдлийг нэмэхийг хориглох, үндсэн болон биет бус хөрөнгийг нэмэгдүүлэхийг хориглох гэх тухайлсан 10 үүрэг, даалгаврыг ногдуулж, дотогш чиглэсэн мөнгөн урсгалыг хаасан нь банкны үндсэн үйл ажиллагаа эрхлэх боломжийг хязгаарлаж, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд шууд оруулж байгаа тул зөрчилд холбогдох хуулийг буруу хэрэглэн  шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргажээ.

Гомдолд дурдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалуудын үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх Монгол банкны ахлах хянан шалгагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050020 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдолтой зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд гомдлын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н/48 дугаар тушаалаар дээр дурдсан шийдвэр, даалгавруудын биелэлтийг хангуулах зорилгоор “Ч.Б” ХХК-д Монголбанкны хянан шалгагч Ч.Д-ыг томилон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үйл баримттай талууд маргаагүй.  

Ч.Д 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0050020 дугаар шийтгэлийн хуудсаар “Ч.Б” ХХК-ийн харилцагчийн төлбөр тооцоог саатуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт заасныг үндэслэн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Төрийн сангийн 100900000605 тоот дансанд бэлэн бусаар төлөх албадлагын арга хэмжээ авч, шийтгэлийн үнийн дүнг хэзээ барагдуулах хоног, хугацааг тусгайлан заагаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.3-д “Банкны тухай хууль зөрчих”, мөн зүйлийн 9-д “Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төлбөр тооцооны асуудлыг  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар тусгайлан зохицуулсан байхад Банкны тухай хуулийг зөрчсөн Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь буруу” гэх гомдол үндэслэлтэй байна.

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар “...иргэн, хуулийн этгээдээс банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулах, хоорондын төлбөр тооцоогоо банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэх, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах”-аар хуульчилж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 11.8-д “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих”, 3.4-д “Төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тухайн өдөрт нь багтаан гүйцэтгэх үүргийг зөрчиж ... , эсхүл төлбөр тооцооны баримтыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Үүнээс дүгнэхэд тус банкны харилцагчийн төлбөр тооцоог саатуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.8 дүгээр зүйлийн 3.4-т зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.

Гэтэл хариуцагч Банкны тухай хууль зөрсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9-д “Төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримталж 100 сая төгрөгөөр торгууль ногдуулжээ.

Энэ нь захиргааны гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа хууль ёсны зарчимд нийцсэн байх ёстойг, тухайлбал хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна. Тодруулбал, захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн байхаас гадна хуульд заасан үүргээр, эсхүл тусгайлан олгогдсон эрхээр хэрэгжих ёстой.

Хэдийгээр Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг эрх зүйн нөлөөллийн хүчин чадлын хувьд дээд доод гэж ангилах боломжгүй ч энэ тохиолдолд тусгайлсан зохицуулалт бүхий Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь ерөнхий зохицуулалттай Банкны тухай хуулийн дээр эрэмбэлэгдэнэ.  

Иймд анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д заасныг хэрэглэх боломжгүй, хохирол, төлбөрийг тухайн үед гаргуулах боломжгүй байсан учир Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй ...” гэж дүгнэлт хийсэн нь нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй, Зөрчлийн тухай хуулийн  1.2 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэснийг зөрчсөн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй...” гэх “Ч.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх боломжгүй.

Түүнчлэн Зөрчлийн хэрэгт холбогдуулж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шийтгэл ногдуулсан атлаа шийтгэл ногдуулсны 1 хоногийн дараа буюу 28-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар[1] нотлогдож байх тул зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагчийн “...өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 3.4-д заасныг үндэслэж 3 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авахдаа хохирлыг нь тооцож харилцагчид олгох албадлагын арга хэмжээ аваагүй, зөрчил хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль буруу хэрэглэсэн гэх агуулгаар миний нэр дээр Прокурорын газраас, Монголбанкны Ерөнхийлөгчөөс гомдол ирсэн. Гүйлгээ 60, 70 хоног саатаад 20, 30 тэрбум төгрөгт ямар хохирол гарсан бэ гэдэг асуудлыг нэг бүрчлэн тогтоох асуудал гарахаар байсан, хэн ч юу ч нэхэмжилж магадгүй гэдэг болгоомжлол байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 100 сая төгрөгөөр торгосон...” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, мөн  хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 1.5 дугаар зүйлийн 5-д “Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно” гэж тус тус зааснаас үзэхэд хэд хэдэн зөрчил гаргасныг үргэлжилсэн байдлаар авч үзэж хамтатган шийтгэл оногдуулах хууль зүйн зохицуулалтгүй байна.

Үүнээс дүгнэхэд хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн зорилго, агуулгад нийцээгүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй байна.

Мөн зөрчлийн хэрэгт авагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд[2]  “... дор дурдсан зөрчлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт илрүүлж, ... тэмдэглэл үйлдэв. 1. Банк 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар 110 гүйлгээнд хамаарах 31,595.0 сая төгрөгийг банк 3:00 цагаас 47 хоногтоо саатуулсан нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан ... шаардлагыг биелүүлээгүй” гэжээ. Тэмдэглэлээс дүгнэхэд Зөрчлийн хэрэг нээх үед тус банкинд гүйлгээ 47 хоногийн өмнөөс эхэлж саатсан, энэ үед хариуцагч Ч.Д тус банкны үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байжээ.

Мөн хохирогч “В.Х” ХХК-ийн саатуулсан гүйлгээ нь 2019 оны 12 дугаар 26-ны өдөр хийгдсэн бөгөөд нийт 10 сая ам.долларын гүйлгээнээс хариуцагчаас шийтгэл ногдуулах хүртэл хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр хэсэгчлэн 5.8 сая ам долларыг шилжүүлж 4,2 сая ам.долларын үлдэгдэлтэй байсан нь Зөрчлийн хэрэгт хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[3] болон тус компаниас Монгол банкны Ерөнхийлөгчид гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 08/20-06 дугаар  албан бичгээр нотлогдож байна.   

Иймд зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд “... дор дурдсан зөрчлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт илрүүлж...” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хохирогч “В.Х” ХХК-ийн дээрх гүйлгээ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс саатсан зөрчлийг хариуцагч тухайн үед тус банкны үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байсны хувьд мэдэх боломжтой байжээ гэж дүгнэхээр байна.    

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Ч.Б” ХХК-ийн хувьд харилцагчийн гүйлгээг саатуулсан эс үйлдэхүй гаргахдаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгаагүй, санхүүгийн хүндрэлд нэгэнт орсон байсан, Монголбанкны хянагч банкны үйл ажиллагаанд байнга хяналт тавьж байсан, хүндрэлтэй байгааг мэдэж байсан, Төв банкны тухай хуулийн 251 дүгээр зүйлд “Банк хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах” гэж тодорхойлсон байхад хянагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй, анхан шатны шүүхээс гомдлын тайлбар, баримтуудад дүгнэлт огт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй...” гэх гомдлын тухайд.

Хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгаврыг хэзээ өгч, биелэлтийг хэрхэн хангуулж байсан талаар тодруулахад Ч.Д нь  “... хэргийн материалд өнөөдрийн байдлаар тэр талаарх баримт байхгүй, нэмэлтээр гаргаж өгч болохоор бол гаргаж өгөх боломжтой“ гэх тайлбарыг хийсэн.

Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, тодруулах үүрэгтэй боловч энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах шаардлагагүй, энэ талаарх нотлох баримт байгаа эсэхээс үл хамаарч хэрэгт авагдсан бусад баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр нь  хууль ёсны зарчмыг зөрчсөн тохиолдолд захиргааны шүүх засаж залруулах үүрэгтэй бөгөөд  хариуцагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудас нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг үндэслээгүй, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй, захиргааны актын материаллаг шаардлагыг хангаагүй, эрх зүйн зөрчилтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...анхан шатны шүүхэд “Ч.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдсонтой холбоотойгоор итгэмжлэлээ сольж өгөхдөө улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хамт өгсөн боловч хэрэгт авагдаагүй учир дахин өгч байна” гэсэн тухайд.

 Тэрээр энэ талаар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдаагүй, мөн “Ч.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон үйл баримттай талууд маргаагүй, гомдол гаргагчаас тус компанийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр томилогдсон гүйцэтгэх захирал Э.Г-оос итгэмжлэлээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон байх тул үүнийг гомдлын үндэслэл, агуулгаар бус нэмэлт тайлбар утгаар ойлговол зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Ч.Б” ХХК-ийн “Монгол банкны ахлах хянан шалгагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050020 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч.Б” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж, гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                        А.САРАНГЭРЭЛ     

                            ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

                            ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

 


[1] Зөрчлийн хэргийн 14 дэх тал

[2] Зөрчлийн хэргийн 2 дахь тал

[3] Зөрчлийн хэрэг 15 дахь тал