Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 552

 

 

 

   О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Пүрэвсүрэн,

ялтан О.Дарам, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

ялтан Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Отгонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох 2015 2601 2610 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хиад боржигон овгийн Очиржанцангийн Дарам, 1953 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ЭМЯ байрны 1 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод оршин суух,

1986 онд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 1987 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн 5 дугаар зүйлийн Б-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 21 хоног хорих ялын 1/3 хувь болох 11 сар 17 хоногийн хорих ялыг өршөөн хасч, 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 28 хоногийн хорих ялыг хөдөлмөрт татан оруулахаар тэнсэн суллагдсан /РД:УУ53102512/

2. Боржигин овгийн Юндэнгийн Саясүх, 1963 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Аэродромын 1-1 тоотод суух албан ёсны хаягтай, ял шийтгэлгүй. /РД:ЧМ63062617/

О.Дарам нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоот гэртээ согтуурсан үедээ төрсөн дүү О.Ламжавыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр “дэрэн доороос тамхи авах гэлээ” гэх шалтгаанаар зодож алсан гэмт хэрэгт,

Ю.Саясүх нь тэднийг салгах зорилгоор хохирогч О.Ламжавыг баруун гарнаас нь угз татан нүүрэнд нь 2 удаа цохиж, дарж хэвтсэнээс болж цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Дарамын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Ю.Саясүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарамыг хохирогчийг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Юндэнгийн Саясүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад зааснаар О.Дарамыг 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ю.Саясүхийг 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Дарамд оногдуулсан 15 (арван тав) жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Саясүхэд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дарамын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 (таван зуун гучин зургаа) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Саясүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногтой тэнцүүлж, түүнд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ю.Саясүх энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дарамаас 2.491.500 (хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуу) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад олгуулахаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч О.Ламжавын өмсөж байсан гэх ногоон эрээн шоотой цамц, саарал футболк, хар эрээн турсик, саарал ноосон цамц, хар өнгийн хуучин даавуун өмд, хар өнгийн даавуун халаастай өмд, хар ногоон өнгийн юүдэнтэй куртик, хүрэн өнгийн сүлжмэл тэлээ, хөх өнгийн куртикийг болон амь хохирогч О.Ламжав болон шүүгдэгч О.Дарам нарын хэрэглэж байсан гэх 6 хос 12 ширхэг гутлыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, амь хохирогч О.Ламжавын эмнэлэгт үзүүлж байсан гэх 167 хуудас өвчний түүх бичсэн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.Саясүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Дарамын эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ю.Дарам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад талийгаач дүү Ламжав, Ю.Саясүх бид гурав унтсан. Өглөө гэнэт миний хөнжлөөс хүн татахаар нь сэрээд хартал Ю.Саясүх “Бат ахын хоолой хачин дуугараад, хахаад байх шиг байна та босч ирээд үз дээ” гэсэн. Энэ үед 8 цаг өнгөрсөн байсан. Босоод харахад хамар  дээрээ шалбарсан байсан. Тэгэхээр нь  энэ яагаад ийм болсон юм гэхэд Ю.Саясүх “мэдэхгүй шөнө 12 цагийн үед Бат ах орж ирээд гутал, өмдөө тайлаад наашаа алхсанаа уначихсан. Босохгүй болохоор нь би даахгүй чирээд гудсан дээр хэвтүүлтэл хөнжил доор нь орсон байсан учир татаж байж талыг нь гаргаад дээрээс нь дарж хэвтэж байгаад унтуулсан” гэсэн. Ингээд түргэн дуудахад түргэн ирээд нас барсан байна, дараагийн ажлаа бод гэсэн. Үүний дараа миний цусны даралт унасан уу, яасан юу ч мэдэхгүй болсон. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Ямар ч гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн шалтгаан нөхцлийг заавал, эхлээд тогтоодог. Үүний дараа ял сонсгож яллагдагчаар татдаг. Гэтэл ...2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн яллах дүгнэлтэд “дүү О.Ламжавтай дэрэн дотроос нь тамхи авах гэлээ гэх шалтгаанаар маргалдсан” гэж, Ю.Саясүхийн худал мэдүүлгийг шалтгаан нөхцөл болгосон байна. Би ганц ширхэг тамхи авах гэсэн шалтгаанаар амь насыг нь бүрэлгэх болж таараад байгаа юм. Ийм учраас зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шалтгаан нөхцлийг ерөөсөө тогтоогоогүй. Яагаад гэвэл би гэмт хэрэг үйлдээгүй. 

2. Гэрч, төрсөн дүү О.Цэцэгмаагийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийн талаар. “Дарам ах хүүхдээсээ салаад удаж байна” гэдгийг би үгүйсгэж байна. ... Халдвартын эмнэлгийн баруун талд байдаг хорооны конторт төрийн бус байгууллага байдаг бөгөөд тэнд гэр бүл салалтын үнэмлэх өгдөг гэж дуулаад бид 2 очиж 2 үнэмлэх авсан. Үүнийг гэр бүл салсан гэж үзэхгүй. Хуулиараа бол шүүхээр орж салдаг. Цэвэлмаа байр авч өгөөд тэр хоёр хамт амьдардаг гэж мэдүүлсэн, энэ нь Цэвэлмаа авч өгсөн байр биш, хуучин нэг өрөө байраа зараад “Залуус” хороололд 1 өрөө шинэ байр авсан. 

Миний дүү О.Цэцэгмаагийн энэхүү худал мэдүүлэг өгсөн нь түүнийг хүний үгэнд оромтгой, хөнгөн хийсвэр зантайг Цэвэлмаа мэддэг учир гуйж, айлган дарамтлаж мэдүүлгийг нь зааж өгсөн юм. Энэ нь гэрчийн мэдүүлэгт тооцогдохгүй. Яагаад гэвэл гэрчээр өөрийн хүсэлтээр мэдүүлэг өгвөл тухайн гэмт хэрэг хаана, хэдийд гарсан, түүнийг өөрийн нүдээр харсан эсэх, яагаад гэмт хэрэг гарах болсон талаар үнэн мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэдийгээр Цэцэгмаагийн худал мэдүүлэг нь гэмт хэрэгтэй холбоогүй боловч миний нэр төрийг гутаан доромжилж гүтгэлгийн чанартай байгаа учраас зөвшөөрөхгүй байна.

3. Гэрч Г.Цэцэгээ, Чулуунбат нарын мэдүүлгийн талаар.

Гэрч Г.Алтанцэцэг нь О.Цэвэлмаагийн ятгалга, дарамт, гуйлтаар өөрийн хүүгийн үйлдлийг миний нэрээр сольж мэдүүлсэн. Учир нь Дэглэг нь “Хүчит Шонхор” захад тэрэг түрдэг байсан. Орой болгон согтуу ирдэг. Заримдаа дүү бид 2 дээр орж ирээд дэмий юм их яридаг. Дэглэг нь нүдний хараа маш муу, чих нь дүлий хүн юм. Заримдаа бид 2 сэмээрхэн нуугдаж зугатаад гараад явдаг байсан. Чулуунбат гэх гэрчийг би огт танихгүй. Аль 2008-2009 оны үеийн юм зохиож ярьж байсан. Би Чулуунбатыг гэрчилснийг мэдээгүй. Бас Цэвэлмаа миний эсрэг мэдүүлэг өгсөн, гэрч эрж хайж яваад Чулуунбат, Цэцэгээгийн хүү Ганболд нарыг олсон юм шиг байгаа юм. Чулуунбатад гэрчээр байцаагдах газрыг зааж өгөөд тиймэрхүү мэдүүлэг өгөхийг зааж өгсөн юм шиг байгаа юм. Магадгүй Цэвэлмаа өөрөө дагуулаад Чулуунбат гэгчийг Цагдаагийн газар хүргэсэн байж болно. Иймд дээрх Цэцэгээ, Цэвэлмаа, Чулуунбат нарын мэдүүлгийг хуульд заасны дагуу хүчингүй болгож, дахин гэрчээр байцаахгүй хууль ёсны арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж байгаа Цэвэлмаагийн мэдүүлгийн талаар. “...Урд өдөр нь Дарам над руу 16 цагийн орчим утсаар ярисан... тэгэхэд архи уучихсан согтуу байсан, яасан юм гэхэд Дарам ах архи уусан, гэдгээ тодорхой хэлэхгүй байсан.” гэсэн мэдүүлэг байна. Би энэ өдөр 12 дугаар сарын 14-ний өглөө талийгаач дүүд бууз жигнэж өгөөд эхлээд Шар хадны эцэс орж Самдагбазар гэдэг жолооч байсан нутгийн ахтай, мөн танилцсан Хятад өвгөнтэй, Дашчойлин хийдийн хамба лам Дамбажав гуайтай уулзахаар очсон боловч бүгд гэртээ болон ажил дээрээ байгаагүй. Танихгүй нэг ламд өөрийн талийгаач ханийнхаа тухай болон биеийн эрүүл мэндийн талаар асууж яриад бичүүл гэсэн номыг бичүүлээд Улаанбаатар их сургуулийн урдаас автобусанд суугаад 5 шард бууж цааш 1 буудал алхаад байшинд очиход 14 цаг өнгөрсөн байсан. Талийгаач дүү бид 2 үлдээсэн буузаа халааж идээд тамхи татаад сууж байхад Ю.Саясүх орж ирсэн. Би нэг ч удаа Цэвэлмаатай утсаар ярьж байгаагүй, ярих шаардлага гардаггүй байсан.

Яг хэд гэдгийг нь хэлэхэд хэцүү, хааяа очиход энд тэнд хөхөрсөн, няцарсан байдаг байсан гэсэн мэдүүлэг байна. Цэвэлмаа байранд 5 удаа ирсэн. ...Харин утсаар над руу “Бат согтуу байна, одоо энэ байр чинь архины өрөө болох нь нэг тортой юм аа хөргөгчинд чинь хийсэн, Батыг битгий оролдоорой, ах ирээд үзэг гээд үлдээлээ, та наад ажлаасаа гармаар юм” гэсэн. Өөрөөр ерөөсөө ирж байгаагүй. Тэгтэл ирэх болгонд нь талийгаачийг хөхөрч, няцартал зодсон байдаг, утсаар ярихад нь би согтуу байдаг. Залуус хороололд 5 удаа ирсэн, атлаа бүх хүнийг таньж мэддэг болсон Дарамаас өөр архи ууж, хүн зоддог хүн байхгүй болсон байх юм. Залуус хороолол 1450 айлтай гэдэг, би 2 жил энд амьдрахдаа 4-5 хүнтэй танилцсан, өөр таних хүн байхгүй.

О.Цэвэлмааг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хууль бус үйлдэл болжээ. О.Цэвэлмаа нь талийгаачийн төрсөн дүү боловч ахынхаа талаар мэдэх зүйл байхгүй учраас өөрийн хувийн санаа,зорилгоор хохирогчийн төлөөлөгчөөр тогтоолгосон гэж үзэж байна. Миний төрсөн дүү О.Цэвэлмаа нь яагаад миний эсрэг зан үйл гаргаж байна вэ гэдгийг 1 жил 7 сар хоригдохдоо их бодлоо. Эцэст нь Залуус хорооллын 1 өрөө байрыг өөрийнх нь нэр дээр болгосоор байтал нэгийг нь шороонд булж, нөгөөг нь шоронд хийвэл үг дуугүй минийх болно. Тэгэхгүй бол анх байрны гэрчилгээ авахдаа болзолтойгоор авсан учир Дарам байрнаас гарахгүй гэж бодсон гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Тэрчлэн Ю.Саясүхийн архины талаар худал мэдүүлсэн болон хохирогчийг архи уухгүй бол зоддог байсан гэсэн мэдүүлгийг /худал/ үндэслэл болгоод байгаа юм.

Шийтгэх тогтоолд ... согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов ... гэснийг мөн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрвээ тухайн үед би согтуу байсан бол драгер үлээлгэх, эсхүл цус шээс, өтгөний шинжилгээ авч согтуурлын хувийг тогтоох байсан. Тэгтэл ямар ч шинжилгээ аваагүй байж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа юм.

5. Шинжээчийн дүгнэлтийн талаар. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэргийг урдчилсан мөрдөн байцаалтад буцаасан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд “талийгаачийн цогцост дахин задлан шинжилгээг бүрэлдэхүүнтэй гаргуулах, миний өргөдөлд нэр заан дурдсан 8 хүнийг хууль ёсны гэрчээр байцаах заалт орсон. Шүүхийн дээрх тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байтал дахин задлан шинжилгээ хийгээгүй учраас дахин задлан шинжилгээг  шинжээчээр томилогдсон, бүрэлдэхүүнтэй шинжээчээр дүгнэлт гаргуулах, 8 хүнийг гэрчээр байцаах заалттай байтал, 3 хүнийг нь огт байцаагаагүй ба Ю.Саясүхийг манай гэрээс хоёр удаагийн үйлдлээр 854.000 төгрөг хулгайлсныг харсан Даваанямыг гэрчээр байцааж өгөхийг хүссэн өргөдөл, өөрөө бичсэн мэдүүлгийг хүлээн авсан атлаа гэрчээр байцаагүй. Мөн Давааням нь манайд 4 сар шахуу намайг асарч эмчилж байсан учир, намайг дүүтэйгээ хэрхэн харьцаг байсныг нүдээр харсан. Хамт байсан хүний хувьд үнэнгээр гэрчлэх учир түүнээс байцаалтыг авахыг хүсч байна. Шинжээчийн ...зургаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй болно.

6. Ю.Саясүх нь хохирогч дүү Ламжавыг зодсон, хавиргыг нь хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд намайг унтаж байхад Ламжавыг Ю.Саясүх зодсон нь тогтоогдсон. Гэтэл шүүх Саясүхийн мэдүүлэг огт нотлогдоогүй байгааг анхаарч дүгнэлт хийгээгүй, түүний сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй, худал байхад шүүх Саясүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж тэнсэн хянан харгалзсан нь Эрүүгийн хэргийн зүйл ангийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Саясүх нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ талийгаач дүү матраасан дээр над руу харж суугаад баруун гараа өргөдөг ба гэрт өмсдөг гутлаа бариад баруун, зүүн мөр рүү нь цохидог гэж байсан. Дараагийн шүүх хуралдаанд талийгаач дүү “пизда Дарам, Дарам пизда” гэснээс болж би сэрээд зодолддог, сүүлдээ ширхэг талх авснаас болсон гэдэг. Бүр сүүлдээ матрасан дээр хоёулаа зогсоод барьцалдаад зууралдан зодолддог гэж зөрүүтэй олон мэдүүлгүүд өгсөн байгаа.

7. Би 2015 оны 12 дугаар сарын 14-ний 21 цагаас 15-ны өглөөний 8 цаг өнгөртөл унтсан байсан учир гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг мэдэхгүй, энэ хэргийн үйл ажиллагааг харсан гэрч, хохирогч мэдэх хүн байдаггүй, харин худал гэрчилсэн гэрч, болон хохирогчийн төлөөлөгчийн худал мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх ёсгүй. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Ийм учраас би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсгийг болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг надад тулган хүлээлгэх гээд байгаа ч би гэмт хэрэг үйлдээгүй. Унтаж байсан учир цаг хугацааны, санаа бодол, гэмт хэргийн бүрэлдэхүүнээрээ ч надад таарч тохирохгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Харин дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан зүйлчлэл нь Ю.Саясүхийн үйлдэл, шалтгаан нөхцөл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөнтэй тохирч байна.

 Онц, ноцтой дээрх хэргийг намайг үйлдсэн гэх шууд ба шууд бус нотлох баримт, үйлдэл эс үйлдэхүй тогтоогдоогүй ...учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр цагаатгаж өгөхийг хүсч байна. Би унтсан байсан учир гэмт хэрэг үйлдэх ямар ч санаа байгаагүй.

8. Шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэгт надаас 2.450.000 төгрөг гаргуулж О.Цэвэлмаад олгуулахаар заасан. О.Цэвэлмааг төрсөн цагаас нь үйлчилж, 1971-1977 он хүртэл 6 жил бүрэн хувцаслаж байсан, том охиныг нь төрсөн өдрөөс эхлээд 2 өрөө байрныхаа 1 өрөөг суллаж байлгасан. Байр, цахилгаан, дулааны мөнгийг би өөрөө хариуцдаг байсан. Хоол унд, угаах, цэвэрлэх зэрэг зүйлээр бүрэн хангаж байсан учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тэр үеийн төгрөгийн ханш одоогийн төгрөгийн ханшнаас 1000 дахин дээгүүр байгаа учир 2.450.000 төгрөгийг О.Цэвэлмаагаас нэхэмжилж байна.

9.Сонгинохайрхан дүүргийн прокурор Отгонбатад “хяналтын прокурор О.Пүрэвсүрэнг сольж өгөх” талаар үндэслэл бүхий өргөдлийг 2016 оны 12, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрүүдэд гаргасан. Одоо хүртэл хариу өгөөгүй.

Мөрдөн байцаагч ...х/ч Саранчимэг нэг ч удаа байцаалт аваагүй. Харин худал мэдүүлэг өгөөд байдаг Саясүхээс олон удаа мэдүүлэг авсан. Дээрх байцаагч нар мэдүүлэг авдаггүй байсан нь санаатайгаар мэдүүлэг авахаас татгалздаг, зайлсхийдэг байсан гэж үзэж байна.

Мөрдөн байцаагч Уртнасан нь 2 удаа намайг батлан даалтад гаргах гэсэн боловч прокурор О.Пүрэвсүрэн зөвшөөрөөгүй гэсэн. 3 дахь удаа ирэхэд нь өмгөөлөгч Ганбат ирсэн.

...Цэвэлмаа нь заавал намайг шоронд явуулах онцгой хүсэлтэй хүн гэдэг нь харагдаж байна.

...Эцэст нь та бүхэн миний хүсэлт, гомдлыг хуулийн дагуу ёсоор болгон, үнэн мөнийг олж өгнө гэдэгт итгэж байна гэв.

Ялтан О.Дарамын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар болон бүлэглэн үйлдсэн гэсэн үндэслэлээр шалгагдаж байсан сэжигтэн, яллагдагч Ю.Саясүхийн мэдүүлэгт үндэслэн талийгаачийг О.Дарам дэрэн доороос тамхи авах гэлээ гэх шалтгаанаар зодож амь насыг нь хохироосон гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

О.Дарам маш олон жил дүүгийнхээ асаргаа, сувилгааг хариуцаж ирсэн. Энэ нөхцөл байдлаас харахад тамхи харамлах нөхцөл байхгүй. Дэрэн доор нь тамхи байсан, эсэх нь ч мөрдөн байцаалтаар огт тогтоогдоогүй.

Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох асуудлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хохирогчийн толгойн тус газар тархины хоёр төрлийн гэмтэл үүссэн. Үүний нэг нь цусан хураа бөгөөд энэ нь доргилтоос үүсдэг гэмтэл юм. Мөн гавлын ясны хугарал гэх гэмтэл үүссэн. Анхны шинжээчийн дүгнэлтэд 2.2 см дугуй хэлбэртэй цөмөрсөн хугарал үүссэн гэсэн. Энэ гэмтлийг дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр мөн цөмөрсөн хугарал гэж үзсэн. Энэ цөмөрсөн хугарал ямар багаж, зэвсгийн үйлчлэлээр үүсэх вэ гэдэг асуудалд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр үүснэ. Өөрөөр хэлбэл том гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсэхгүй. Гэтэл Ю.Саясүхийн мэдүүлгээр гутлаар үүсгэсэн гэж үзсэн. Гэтэл цөмөрсөн гэх хугарлын хувьд гутлаар үүсэх боломж нь эргэлзээтэй. Гавлын яс нь харьцангүй хавтгай яс юм. Бүтэн байсан яс цөмөрсөн байвал цөмөрсөн хэсэг нь үлдэх байсан. Гэтэл энэ яс нь байгаагүй. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй.

Хохирогчийн нүүрэн тус газар Ю.Саясүх гараараа цохиж, дараа нь дарж хэвтсэн. Дарж хэвтэхэд хохирогчийн цээжний 6, 7 дугаар хавирга шууд шугаман хугарсан гэж шинжээч дүгнэлт гаргасан. Дарагдсан үед хугарсан хугаралын тухай шинжээч дүгнэлт хийгээгүй байхад шүүх дарсны улмаас үүссэн шахагдсан, нумарч хугарсан хугарал гэж дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүй.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд “шууд хугарал” гэж шууд цохих хүчний үйлчлэлээр үүсэх хугаралын талаар дүгнэлт гаргасан. Гэтэл Ю.Саясүхийн “би болиулах гээд дээрээс нь дараад хэвтсэн чинь хавирга нь хугарсан” гэж мэдүүлсэн мэдүүлэгтэй, шинжээчийн дүгнэлт зөрж байна.

Хохирогчийн биед нэг цаг хугацаанд үүссэн гэх гавал тархины гэмтлийг О.Дарамыг учруулсан гэж ялгаж, салгаж байгаа нь үндэслэлгүй. Энэ зөрүүтэй асуудлын улмаас мөрдөн байцаалтын шатанд шинжилгээг дахин хийлгэх асуудал тавигдсан боловч цогцосыг дахин шинжлэх боломж олдоогүй. Шинжээч нар материалаар дүгнэлт гаргасан. Тэдгээр эмч нар цөмөрсөн хугарал гэж үзсэн цоорхойг “хуучин хагалгаа хийхэд цоолсон цооног байна” гэсэн байдлаар дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн гэм буруутай асуудлыг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулахад нөлөөлсөн дээрх ноцтой зөрүүтэй байдлуудад шүүх бодитой дүгнэлт хийгээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.  

Ялтан Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Отгонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн талаар нотлогдвол зохих  байдлыг хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр талийгаач гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон. Мөн энэ гэмтэл нь толгойнд хэд хэдэн удаа цохисны улмаас үүссэн нь давхар нотлогддог. Шүүгдэгч Ю.Саясүхийн хувьд О.Дарам, талийгаач нарын хоорондын зодооныг салгах зорилгоор талийгаачийг нэг удаа цохиж, дээр нь дарж хэвтсэнээс болж тухайн гэмтлийг үүссэн гэж үзэж байна. Энэ нь шинжээчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мэдүүлэг зэргээр давхар нотлогддог. Шүүгдэгч О.Дарам, Ю.Саясүх нарт холбогдох хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдээр нотлогдсон. Мөрдөн байцаалтад ямар нэгэн байцаан шийтгэх ажиллагааны ноцтой зөрчил гараагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн тархинд үүссэн гэмтэл нь гараар цохих, эсхүл нүүрнийх нь урдаас цохиход үүсэхгүй гэдгийг нотолсон. Иймд ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр баталж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би амь хохирогч болон шүүгдэгчийн төрсөн нь дүү мөн. Ялтан О.Дарам бидний хооронд ямар нэг өс хонзон байхгүй. Харин эцэг, эхийг амьд байх үед О.Дарам тэднийг яаж дарамталж байсан гэх нөхцөл байдал болон О.Дарамын хувийн зан байдлын талаар хэргийн материалд тодорхой байгаа. Амь хохирогч ганц бие хүн. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу хангалттай хийгдсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдаж, шүүх хуралдаанаар хэргийг 3 удаа хэлэлцсэн.

Өмнөх шүүх хуралдаан болсны дараа О.Дарам “О.Цэвэлмаа чиний сэтгэл ханав уу” гэж намайг заналхийлсэн. Энэ заналхийлэл нь биелэгдэх боломжтой. Учир нь О.Дарам миний талийгаач ахыг “чамайг хүнд зодуулаад хагалгаа хийлгэсний дараа би анхны тусламж үзүүлж байсан юм чинь чамайг алсан ч яадаг юм” гэж заналхийлж байсан бөгөөд энэ заналхийлэл нь биелсэн. О.Дарамын дараагийн заналхийлэл над руу чиглэж байна. Би нөхөр, хүүхэдтэй хүн. О.Дарам өөрөө надад энэ гэм хорыг учруулахгүй юм гэхэд бусдаар учруулж болзошгүй тул би үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах гэж хэлж байна.

Би О.Дарамын ярьж буй энэ орон сууцанд ямар ч сонирхол байхгүй. Энэ орон сууц нь эцэг, эхээс минь улбаатай орон сууц юм. Миний эцэг, эх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололын 10 дугаар байранд амьдардаг байх үед О.Дарам “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршоонд тухайн байрыг зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадахгүйгээс болж шийдвэр гүйцэтгэлийн шатанд очиж, дуудлага худалдаанд орж миний эцэг, эх, тахир дутуу ах минь гудамжинд гарах нөхцөл байдалд хүрсэн. Энэ үед би найз нөхөд, ах дүүгээсээ тусламж авч хүүтэй зээл авч байрыг зээлээс чөлөөлсөн. Ингээд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн учир байрыг зарахаас өөр аргагүй болсон. Гэхдээ би эцгийгээ амьд байх үед байраа зараагүй, зээлийг нь төлөөд явж байсан. Эцэг минь “биднийг амьд байх үед байрыг барьцаанд тавиад, орох оронгүй болох шахлаа. Иймд энэ байрыг чиний нэр дээр болгоё” гэж надад хэлээд байрыг миний нэр дээр болгосон. Би хуульч хүний хувьд, эцэг эхээс хүмүүжүүлсэн хүмүүжлийн хувьд энэ байранд шунах сэтгэл надад байхгүй.

Талийгаач ах минь хэдийгээр 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан байсан боловч хэнд ч гэм хоргүй хүн байсан. Энэ хүний амьд явах эрхийг зөрчсөн гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоож, гэм бурууд нь шүүх ял шийтгэл оногдуулсан. Миний талийгаач ах өнөөдөр босоод ирэхгүй тул надад хууль хяналтын байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлж, эцсийн шийдвэр гарсан шүү дээ гэдэг зүйл надад үлдэх нь чухал байна. Иймд шударга шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул түүнийг хэвээр үлдээх саналтай байна. Ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ю.Саясүхийн учруулсан хүндэвтэр гэмтэл нь хохирогчийн хавирганд учирсан гэмтэл юм. Хохирогчийн 4, 5 дугаар хавирга нь өвчүүтэй хэсгээрээ, 6, 7 дугаар хавирга нь суганы хэсгээр хугарсан. Иймд хоёр хэсэгт нь цохилтын хүч үйлчилсэн гэх зүйл тогтоогдоогүй тул шинжээч эмч даралтын хүчний улмаас шугаман хугарал үүссэн гэж үзсэн.

 Толгойн гэмтлийн хувьд шинэ хугарал нь хуучин цооногоос урд, доод хэсэгт байна. Мөн түүнээсээ салаалан шугаман хугарсан. Тархи, дагз нэлэнхүйдээ олон газраа цусан хураа, цус харвалт, эдийн няцралтай гэж байгаа. Иймд энэ нь Ю.Саясүхийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэхгүй байна. Учир нь Ю.Саясүх хохирогчийн нүүр лүү 2 удаа цохисон гэж байгаа тул дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд Ю.Саясүхийн үйлдлээс болсон. Мөн хохирогчийн хамарны нурууны зулгарал Ю.Саясүхийн үйлдлийн улмаас үүссэн байж болно. Ю.Саясүх “Гараас нь татаж унагаад талийгаачтай ноцолдоод дээр нь дарсан” гэдэг тул хохирогчийн бугалга, бугуйны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байж болно гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар зөвхөн хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ялтан Ю.Саясүх нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод ялтан О.Дарам, амь хохирогч О.Ламжав нар зодолдоход хохирогч О. Лхамжавын баруун гарнаас нь угз татан нүүрэнд нь хоёр удаа цохиж, түүний цээжин  дээр  дарж хэвтсэнээс болж цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Ю.Саясүх /1хх-137-138, 139-140, 141-142, 2хх-47-60, 103, 206-208, 3хх-204/, шинжээч эмч Н.Содбилэг /2хх-189/, Г.Энхбаатар /2хх-201-202/, Ц.Ганболд /2хх-203-204/ нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-9, 13/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-10-11/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар,

Ялтан О.Дарам нь 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоот дахь гэртээ согтуурсан үедээ төрсөн дүү О.Ламжавыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр “дэрэн доороос тамхи авах гэлээ” гэх шалтгаанаар зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ялтан Ю.Саясүх /1хх-137-138, 139-140, 141-142, 2хх-47-60, 103, 206-208, 3хх-204/, мөрдөн байцаалтад гэрч Н.Батмөнх /1хх-53-54/, Б.Өлзийжаргал /1хх-55-56/, шинжээч эмч Г.Энхбаатар /2хх-201-202/, Ц.Ганболд /2хх-203-204/ нарын өгсөн мэдүүлгүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх-18-20/, түүнд хавсаргасан гэрэл зургийг үзүүлэлтүүд /1хх-21-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1239 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-70-72, 2хх-172-175/-үүд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Ялтан Ю.Дарамын “...та бүхэн миний хүсэлт, гомдлыг хуулийн дагуу ёсоор болгон, үнэн мөнийг олж өгнө гэдэгт итгэж байна.” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

мөрдөн байцаалтад Ю.Саясүхийн өгсөн: “....22 цагийн үед ... Дарам пизда, пизда Дарам гээд Ламжав бархирч байхад нь сэрээд харахад матрас дээр хажуу тийшээ хоёулаа харчихсан барьцалдсан...пис пас хийгээд хоорондоо зодолдож байсан. Тэр үед гэрэл асаагаагүй, гаднаас цонхоор орж ирж байгаа гэрэлд өөд өөдөөсөө цохилцоод зодолдож байсан. Хөл гараараа савчаад л цохилцоод байсан. Хэн нь хэнийгээ хаана цохиж байгааг нарийн хэлж мэдэхгүй байна. Гаднаас орж ирж байгаа бүдэг гэрэлд тийм дүр зураг харагдсан ... ” /1хх-141-142/,

2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт Ю.Саясүхийн өгсөн: “...Намайг хаалга түгжээд эргэх хооронд энэ хоёр матрасан дээр зууралдчихсан, Дарам ах гэрт өмсдөг гутлаараа талийгаачийг цохиод байсан. ... үүрээр хөлс хайраад байхаар нь сэрээд хэвтэж байсан чинь талийгаачийн хоолой сонин болоод байхаар нь “Батаа чи бөөлжсөндөө хахаж байгаа юм уу” гэж хэлээд хажуу тал руу нь эргүүлж тавиад утасны цагаа харахад өглөөний 6 цаг болж байсан. ... талийгаач нэг сонин хэвтээд байхаар нь талийгаачийг дуудсан чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь Дарам ахыг дуудаж сэрээсэн. Тэгээд Дарам ах талийгаачийн хөл, гэдсийг нь барьж үзсэнээ бүлээн байна гээд тамхи үлээж үзсэнээ их сул амьсгалж байна гэж хэлэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудъя гэж хэлсэн. ... Дарам ахаар түргэн тусламж дуудуулсан. Тэгээд түргэний эмч ирээд үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед Дарам ах цагдаа нар ирнэ, дүүгээ зодож дарамталдаг гэж хэлж болохгүй шүү гэж хэлж байсан...” /3хх-204/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Батмөнхийн өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 14-ний орой ... 23 цаг 50 минутын орчим 80 тоотын хөл муутай хөгшин дээгүүрээ цамцтай, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй хаалгаа 10 минут орчим хол хол зайтай нүдээд зогсож байхаар шагайж харчихаад буцаад орсон. Тэр үед “Ормоор байна” гэж хашгирч байсан...” /1-53-54/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийжаргалын өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад 80 тоотын хаалгыг согтуу хүн “Би гэртээ орьё” гээд 5 орчим минут нүдээд байсан. Дараа нь хаалга онгойх чимээ гараад, дотогш ороод “Миний эцэг, эхийн буян” гэж орилж байгаад тэгс хийгээд чимээгүй болсон. Сөрж нээх хүн орилж хашгирах, чимээ гараагүй, түг, түг хийх чимээ гараад чимээгүй болсон...” /1хх-55-56/,

мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: “...талийгаачийн толгойн баруун чамархайн яснаас хугарал эхэлсэн байгаа тул дээрх гавал тархины гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Энэ нь гараар цохих, гутлаар цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүсэх боломжтой. Нүүрэнд цохих үед баруун чамархайд хугарал үүсэхгүй. Талийгаачийн цээжинд 4, 5-р хавиргууд өвчүүний ойролцоо шугамаар, 6, 7-р хавирга суганы урд шугамаар шугаман хугаралтай байсан байна. Зурагнаас харахад эдгээр 4 хавирга нь цээжний баруун талд зэргэлдээ 2 шугамаар ташуудуу хугарсан байсан. Энэ хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх, дэвсэх үед ихэвчлэн үүсэх боломжтой байдаг. Талийгаач өмнө нь тархины хагалгаанд орсон цооногтой байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цооногоос өөр газарт шинэ хагарал үүсэж, үүнээс болж үхэлд хүргэсэн. Талийгаач тархиндаа авсан гэмтлийн улмаас тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой...” /2хх-201-202/,

мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: “...талийгаачид баруун зулай, чамархайд шугаман хугарал үүссэн байсан. Мөн цөмөрсөн хугарал байсан. Эдгээр нь хүч үйлчилсэн газраа үүсдэг тул толгойд цохиход өөрөөр хэлбэл, хүч үйлчилсэн газартаа л үүсдэг. Иймээс нүүрэнд эгц урдаас гараар цохиход үүсэхгүй. Талийгаачийн баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугаралууд нь өөр өөр шугамаар хоёр хоёроороо хугарсан байна. Энэ нь шууд хүч үйлчлэхэд үүснэ. Дарах, өвдөглөх, цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой байдаг. Талийгаачид гавал ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал зэрэг гэмтлүүд үүссэн, мөн баруун талын дөрвөн хавирга хугарсан зэргээс үзэхэд идэвхитэй үйлдэл хийгээд яваад байх боломж багатай. Харин ганц тархины цусан хураа үүссэн бол цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хийх боломжтой байдаг. Яг энэ тохиолдолд амь хохирогчид дөрвөөс багагүй гэмтэл, тархи хавиргандаа авсан гэмтлүүдээс харахад идэвхитэй үйлдэл хийх боломж бага. Хатуу хальсан доорх цусан хураа эд эсийн шинжилгээ хийхэд фибрингүй, шинэ улаан эсийн масс харагдана гэсэн байсан. Энэ хугацаагаар нь авч үзвэл 4-6 цагийн өмнө үүссэн байна...” /2хх-203-204/ гэсэн мэдүүлгүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-16-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /1хх-18-20/, түүнд хавсаргасан гэрэл зургийг үзүүлэлтүүд /1хх-21-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1239 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-70-72, 2хх-172-175/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  ялтан О.Дарам нь согтуурсан үедээ төрсөн дүү О.Ламжавыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон талаархи анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх О.Дарам, Ю.Саясүх нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба О.Дарамд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон гэж үзнэ.

 Харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

       Иймд О.Дарамд холбогдох 2002 оны Эрүүгийн хуульд заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсон ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ялтан О.Дарамыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

         Ялтан О.Дарамын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

         Харин ялтан Ю.Саясүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 536 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь хуульд нийцсэн боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн тус Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Саясүхийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ю.Саясүхийн цагдан хоригдсон 536 хоногийн нэг хоногийг торгох ялын нарван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийт 8.040.000 /найман сая дөчин мянган/ төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг торгох ялыг бүрэн эдэлсэнд тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан О.Дарамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.